Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 109/ШШ2022/0001

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай


             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Д.М
Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/14 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа, хариуцагч талаас эвлэрлийн гэрээ өгөх байх гэв. 
Хариуцагчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын албан тооттой нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Б болон хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга өмгөөлөгч миний бие харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн Д.М-аас Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/14 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. 

Уг хэргийн маргаан бүхий актын тухайд, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/14 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2., Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2., Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5., Нийтийн албанд ажиллах хугацаандаа Нийтийн албанд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3., 29.2.4. дэх хэсэгт заасныг үндэслэн Хануйн бага сургуулийн захирал Д.М-ыг үндсэн байгууллагад нь албан тушаал бууруулж, Хануйн бага сургуулийн захирлын ажлыг Бага сургуулийн багш /Ө.О/-д түр хавсруулж, Д.М-д ажилласан хугацааны ээлжийн амралтыг олгохыг Хануйн бага сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгож, Д.М-ыг тохирох албан тушаалд томилохыг Хануйн бага сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгчид зөвшөөрч, Хануйн бага сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэж буй Ө.Оюунгэрэлд холбогдох Засгийн газрын тогтоолын дагуу цалинг тооцож олгохыг нягтлан бодогчид зөвшөөрч, Хануйн бага сургуулийн захирлын ажлыг, ажлын хэсэг байгуулан хүлээлцэхийг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгож, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу Хануй бага сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах арга хэмжээг авч ажиллахыг Засаг даргын Тамгын газрын даргад үүрэг болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч Д.М нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 700 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчийг шүүхэд бүрэн төлөөлөх /” ... эвлэрэх ....”/ эрхийг Г овогт М-ийн Б-д олгосон байна. /х.х-н 190/

Шүүхээс хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нараас эвлэрсэн талаар тайлбар гаргаж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. 
Тодруулбал, “ ... нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Нэхэмжлэгч Д.М-ыг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй бага сургуулийн захирлаар томилон, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус сургуулийн захирлаар ажиллуулахаар хугацаатай үр дүнгийн гэрээ байгуулахаар, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Д.М нь үл маргах журмаар Өндөр-Улаан сумын Хануй бага сургуулийн захирлын ажлаа хүлээлгэж өгөхөөр,

2. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын үндсэн цалингийн 60 хувийг, 2021 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын хамт нийт 2.847.000 /хоёр сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.М-д 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон болно. Нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг дуусталх хугацааны цалинг нэхэмжлэхээс татгалзахаар,

3. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.М-ын 2021 оны 12 дугаар сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос 444.478, даатгуулагчаас 408.874 төгрөг, нийт 853.352 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлсэн. Уг 853.352 төгрөгийг 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад оногдох хувь хэмжээгээр хуваан Д.М-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр,

4. 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар тус тус харилцан тохиролцов” гэжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “ ..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” , 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.3. дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад эвлэрвэл энэ тухай хуралдааны тэмдэглэлд тусгана.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ..., нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан. 
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нарыг дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч нарыг эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2., Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга Ю.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М нартай “ ... 1. Нэхэмжлэгч Д.М-ыг 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй бага сургуулийн захирлаар томилон, 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд тус сургуулийн захирлаар ажиллуулахаар хугацаатай үр дүнгийн гэрээ байгуулахаар, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Д.М нь үл маргах журмаар Өндөр-Улаан сумын Хануй бага сургуулийн захирлын ажлаа хүлээлгэж өгөхөөр, 2. Хариуцагч Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.М-ын ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудын үндсэн цалингийн 60 хувийг, 2021 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын хамт нийт 2.847.000 /хоёр сая найман зуун дөчин долоон мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Д.М-д 2021 оны 12 сарын 24-ний өдөр олгосон бөгөөд нэхэмжлэгч Д.М нь 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийг дуусталх хугацааны цалинг нэхэмжлэхээс татгалзахаар, 3. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Д.М-ын 2021 оны 12 дугаар сарын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд ажил олгогчоос 444.478, даатгуулагчаас 408.874 төгрөг, нийт 853.352 төгрөгийг нийгмийн даатгалын санд шилжүүлсэн бөгөөд уг 853.352 төгрөгийг 2021 оны 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад оногдох хувь хэмжээгээр хуваан Д.Мын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхээр, 4. 2022 оны 2 дугаар сарын 3-ны өдрөөс тус сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлэх ажлыг зохион байгуулах ...” дээрх нөхцөлөөр эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                              

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА