Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2025/0288

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д г т (М)” ХХК-ийн

Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

 

Нэхэмжлэгч: “Д г т (М)” ХХК

Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Я, Х.Н

 

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1047 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, Д.Х    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2023/1084/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д г т (М)” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Я, Х.Н нарт холбогдуулан “...татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1047 дугаар шийдвэрээр: “Д г т (М)” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож /гэж/ шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй ба нотлох баримтыг дутуу цуглуулж бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангаагүй, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянахдаа хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.

3.2. Тухайлбал, ярилцлагын тэмдэглэл, гардуулсан баримт, эрсдэлийн үнэлгээ өгөх хуудас, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн шинжтэй үйлдэл эс, үйлдэхүй илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, орчуулагч хэлмэрч томилсон тухай тогтоол зэрэг ерөнхий захирал, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч гэх мэт этгээдүүдийг дурдсан боловч нэг ч гарын үсэг зурж баталгаажуулсан, танилцуулсан баримтгүй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн болохыг харуулж байна. Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан чиг үүргийнхээ хүрээнд уг асуудлыг хянаж дүгнэлт хийгээгүй бөгөөд манай зүгээс гаргасан зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагааны архивын хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг ийнхүү хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчиж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

3.3. Нэхэмжлэгчийн материалтай танилцах, хүсэлт тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх зэрэг эрхийг эдлүүлээгүй, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн гадаад улсын иргэн гүйцэтгэх захиралд орчуулагчтай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг эдлүүлээгүй, өгсөн мэдүүлэг болон бусад баримт материалтай танилцах зэргээр эдлэх эрхийг эдлүүлээгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байгаа асуудалд анхан шатны шүүхээс дүгнэлт огт хийгээгүй нь хуульд нийцэхгүй.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг 7.1-7.3-т дүгнэхдээ “... П д т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг М Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 375 дугаар тогтоолд Бүтээгдэхүүн хувааг гэрээ нь олон улсын нийтийн эрх зүйн гэрээ биш тул дотоодын хууль тогтоомжоос дээгүүр хэрэглэгдэхгүй талаар дурдаад ... Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй” гэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь дээрх дурдсан “П д т” ХХК-ийн байгуулсан гэх Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь хэзээ байгуулагдсан, ямар агуулгатай гэрээ болохыг дурдаагүй, хэрэгт авагдаагүй, мөн уг захиргааны хэрэгт хамааралгүй өөр компанийн байгуулсан гэрээг ийнхүү манай компанитай байгуулсан гэрээтэй адилтгаж үзэх боломжгүй.

3.4. Мөн анхан шатны шүүхээс ийнхүү дүгнэхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль /2000 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1-т тус тус заасныг үндэслэсэн байх ба энд зааснаар буюу мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ...0.6-10 хувиар тооцож ногдуулна” гэж заасан хувь хэмжээг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх хульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байхад юунд үндэслэн анхан шатны шүүхээс нөхөн төлүүлэх татварын хувь хэмжээ, болон торгуулийн хэмжээг үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй, хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

3.5. Манай компанийн зүгээс зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны архивын хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч хэрэгт хамааралгүй гэж үзээд гаргуулахаас татгалзаж шийдвэрлэсэн хэрнээ  хэрэгт огт байхгүй баримтыг байгаа мэтээр дүгнэж, Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдсан асуудлыг шууд хуулбарлан авч, шүүх өөрөө уг асуудлыг шалгаж тогтоосон мэтээр дүгнэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

3.6. Хэрэгт болон нотлох баримтын шүүхийн архиваас татсан хэргийн материалуудаас үзэхэд нотлох баримтаар татсан хэргийн 1 дүгээр хавтасны 118 дугаар талд зайлшгүй шалгаж тодруулах ажиллагааг явуулаагүйгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсан зөрчил илэрсэн талаар дурджээ. Үүний дагуу Татварын маргаан таслах зөвлөлөөс шийтгэлийн хуудсыг 2022 онд түдгэлзүүлж, дээд шатны татварын байгууллагаас дахин хяналт шалгалт хийхийг даалгаж шийдвэрлэж, нэмэлт хяналт шалгалтыг явуулж, нэмэлт нотлох баримтыг цуглуулж бүрдүүлсний үндсэн дээр маргаан бүхий Татварын улсын байцаагч нарын 0297788 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээлээ гэсэн шийдвэрийг 2023 онд Татварын маргаан таслах зөвлөлөөс дахин гаргасан байдаг.

Гэтэл уг захиргааны хэргээр 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэлтэй эсэхийг шүүхээс хянаж дүгнэсний үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой байтал анхан шатны шүүх энэхүү шийтгэлийн хуудастай холбоотой нотлох баримт цуглуулах ажиллагааг бүрэн хийлгүйгээр, гагцхүү урьдчилан шийдвэрлүүлэх журмаар манай зүгээс гомдол гаргасны үндсэн дээр гаргасан Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд баримтаар тогтоогдлоо гэсэн байгааг хуулбарлан авч шийдвэрийн үндэслэх хэсэгт оруулан дүгнэж, шүүхээс өөрөө шалгаж тогтоосон мэтээр дүгнэж байгаа нь нэхэмжлэгч компанийн М Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөө болон М Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэт маш олон хуульд заасан шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг эрхүүдийг маш ноцтой зөрчиж байна. Татварын улсын байцаагч нарын зүгээс ч энэ талаарх нотлох баримтыг цуглуулаагүй болох нь нотлогдож байхад шүүхээс ийнхүү дүгнэх боломжгүй юм.

 3.7. Шүүхийн шийдвэрт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтүүдийг ямар шалтгаанаар хүлээж аваагүй талаараа огт дүгнээгүй байх ба бодит байдал дээрээ үнэхээр гадаад улс руу явсан эсэх, шүүх хуралдаан давхацсан эсэхийг шалгаж үзэлгүйгээр нэхэмжлэгч компанийн өмгөөлүүлэх эрх болон төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхүүдийг ноцтой зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг зөрчиж байх тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-т заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.

3.8. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч компанид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ч тэр, шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч тэр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь яг юунд, ямар баримтуудад үндэслэсэн болохыг танилцах боломжийг олгохгүй, энэхүү эрхийг нь хязгаарласан, цаашлаад анхан шатны шүүхээс ч энэ боломжийг олгоогүй, энэ талаарх эрхийг эдлүүлээгүй. мөн татварын хяналт шалгалтын явцад нотлох баримтыг дутуу цуглуулж бүрдүүлсэн асуудал байгаа нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байхад анхан шатны шүүх тэрхүү нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүйгээр, түүнийг хуульд зөрчин зөвтгөн дүгнэж байх ба хамгийн гол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон шүүхээс нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй байгааг анхаарч үзэхийг хүсч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.4-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 128/ШШ2024/1047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлаж хэрэглээгүйн зэрэгцээ хэргийн оролцогчийн эрхийг хангалгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана: 52.2.4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” хэмээн зохицуулснаас гадна,

мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

4. “Д г т (М)” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.Янжмаа, Х.Наранчимэг нарт холбогдуулан “татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.

4.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “… Засгийн газрын 1997 оны 47 дугаар тогтоолоор баталсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай компани бүх төрлийн татвараас чөлөөлөгдөнө, ... шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, холбогдогчийн эрхийг хангаагүй, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, ... Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахиж хяналт шалгалт хийхийг даалгасан атлаа 2023 оны 10 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй” гэх зэргээр тодорхойлж маргасан.

4.2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь М Улсын Засгийн газар болон хуулийн этгээдийн хооронд байгуулсан иргэний эрх зүйн харилцаанд хамаарах гэрээ тул М Улсын Олон улсын гэрээ гэж үзэхгүй, уг гэрээгээр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

5. Гэтэл анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Олон улсын гэрээ мөн эсэхийг шүүх /хэдийнэ/ дүгнэсэн тул уг гэрээний дагуу татвараас чөлөөлөгдөнө гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, ...компанийн санхүүгийн тайланд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд данс бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээнд үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах, мөн шийтгэлийн хуудаст дурдсан бусад зөрчилд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

5.1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.1-т “ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх”, 2.2-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, 2.3-т “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах”, 2.4-т “тайлбар гаргах”, 3.4 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүх М хэл мэдэхгүй, ... оролцогчийг орчуулагч, хэлмэрчийн тусламж авах боломжоор хангах үүрэгтэй”, 4.8 дугаар зүйлийн 14-т “Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна”, 4.13 дугаар зүйлийн 2-т “Тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан, ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Тэмдэглэл хэд хэдэн хуудастай бол ажиллагаанд оролцсон хүн хуудасны нүүр тус бүрд гарын үсэг зурна”, 4-т “Ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурахаас татгалзсан, эсхүл баталгаажуулах боломжгүй бол шалтгааныг тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан.

Гэвч хэрэгт авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэгт хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, орчуулагч, хэлмэрч томилох тухай тогтоол үйлдсэн гэх боловч хэнийг томилсон болох, түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсны үндсэн дээр холбогдогчоос тайлбар мэдүүлэг авсан эсэх нь тодорхойгүй бөгөөд гомдол гаргагчаас шаардлагын үндэслэлдээ тодорхойлон маргаж байхад холбогдогчийн энэ эрхийг бодитоор хангасан эсэх, энэ нь түүний гаргасан зөрчил, түүнд ногдуулсан хариуцлагыг үгүйсгэх үндэслэл болох эсэх талаар анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэх шаардлагатай. 

5.2. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Д г т (M”) ХХК-д торгууль, хохирол, нөхөн төлбөрт нийтдээ 4,497,238,296.8 төгрөгийн хариуцлага хүлээлгэсэн.

 Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд, “Д г т (M)” ХХК-иас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022  оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор  “... тухайн 4 төрлийн оффисын барилга болон гарааш нь улсын бүртгэлд бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан эсэх, бүртгэгдсэн бол тухайн улсын бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээг харгалзахгүйгээр шууд данс бүртгэлд бүртгэгдсэн үнэлгээгээр зөрчилд тооцсон нь дээрх хуулийн зарчимд нийцэхгүй байна. ...Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.4.2, 6.4.4-т заасан татварын хяналт шалгалтын явцад оршин суугч бус этгээдийн үзүүлсэн ажил үйлчилгээний гэрээ, хэлцэлтэй холбоотой баримтыг татвар төлөгчөөс шаардах, гаргуулах, баримтжуулах үүргээ татварын улсын байцаагчид хэрэгжүүлээгүй байна. ...татварын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад дээр дурдсан компаниуд нь “Д г т (М)” ХХК-д ямар төрлийн ажил, үйлчилгээг шууд эсхүл төлөөний газраар үзүүлсэн эсэх талаарх баримтыг шалгаж тодруулаагүй, энэ талаарх баримтыг татвар төлөгчөөс шаардаж гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн ... “Д г т (М)” ХХК нь 2013-2016 онд хятад ажилчдын болон гадаадын /Expat/ ажилчид нь М Улсад тухайн жилд нийт 183 өдрөөс илүүгүй, эсхүл түүнээс дээш хугацаагаар ажилласан эсэх талаар нотлох баримт байхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулаагүй ...” гэж дүгнэн, маргаан бүхий 210297788 дугаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаасан.

Гэтэл тус Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолоор маргаан бүхий 210297788 дугаар шийтгэлийн хуудсыг дахин хянаж, хэвээр үлдээжээ.

Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т “Маргаан таслах зөвлөл гомдлыг хэлэлцэх явцад доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсвэл 3 хүртэл сарын хугацаагаар актыг дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж, гомдол бүхий нөхөн ногдуулалтын актыг нэг удаа түдгэлзүүлж болно”, 47.12-т “Татварын алба шинэ акт гаргах бол өмнө гаргасан нөхөн ногдуулалтын акт хүчингүй болох бөгөөд энэ хуулийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж зааснаас үзэхэд Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 08 дугаар тогтоолын дагуу дахин шалгалт явуулсан бол нэхэмжлэгч түүний үр дүнд гарсан шинэ акттай маргах, харин шинэ акт гаргаагүй бол Маргаан таслах зөвлөл дахин хянах үр дагавартай.

Энэ тохиолдолд татварын байгууллага дахин хяналт шалгалт явуулсан эсэх, Маргаан таслах зөвлөл ямар үндэслэлээр маргаан бүхий 210297788 дугаар шийтгэлийн хуудсыг дахин хянаж, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолыг гаргасан болох нь тодорхойгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд ямар нэг тайлбар хэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан энэ үйл баримтад холбогдох баримтыг анхан шатны шүүх цуглуулаагүй нь буруу болжээ. 

Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10 дугаар тогтоолд “... Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 08 дугаар тогтоолоор маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд хүргүүлсний дагуу Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын томилолтоор татварын хянан шалгалтыг явуулахад шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчил тус бүрээр татварын албаны болон татвар төлөгчөөс ирүүлсэн баримт материалыг шалгаад зөрчил болон төлбөрийн дүн үнэн зөв, анхан шатны баримтаар нотлогдсон тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-д заасан хугацаанд шинэ акт гаргаагүй тухай тайлбар, хариуг Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/2504, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/2671 тоот албан бичгээр ирүүлсэн” гэж дурдсан байх боловч эдгээр бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

5.3. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022  оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлэх үндэслэл болсон нөхцөл байдалд хамаарах баримтууд хийгээд маргааны үйл баримтын хүрээнд, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн засаг захиргааны нэгжид байрлах үл хөдлөх эд хөрөнгийн татварын хэмжээг хэрхэн тогтоосон талаарх бичгийн нотлох баримтуудыг цуглуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэрт тавигдах “хууль ёсны байх” шаардлагын хувьд, анхан шатны шүүх нь М Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3, 26 дугаар зүйлийн 3, 50 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, М Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт тус тус заасанчлан М Улсын Үндсэн хуульд нийцсэн, албан ёсоор нийтлэгдсэн хууль, нэгдэн орсон буюу соёрхон баталсан хууль хүчин төгөлдөр болсон М Улсын Олон улсын гэрээг маргааны үйл баримттай холбогдуулан тайлбарлан хэрэглэсэн байх агуулгаар тодорхойлогддог.

Гэтэл анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэл болгож ямар нэг хуулийн, аль нэг зүйл заалтыг баримтлаагүй энэ тохиолдолд хуулийг /тайлбарлаж/ хэрэглэсэн буюу “тогтоох хэсэгт, хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой заах” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх тул шийдвэрийг хууль ёсны гэж үзэхгүй.

6. Мөн анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.2. … шүүх хуралдаанд оролцох; 20.1.3. … шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно”, 30.3-д “Өмгөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 30.3.5.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хэргийн оролцогч, бусад оролцогчид асуулт тавих, үйлчлүүлэгчийнхээ гаргаж байгаа мэдүүлэг, тодорхойлолтод тайлбар хийх”, 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус зааснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, тайлбар гаргах, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй эдлүүлбэл зохих хэргийн оролцогчийн эрх бөгөөд энэ агуулгаараа шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрт шууд нөлөөлнө.

6.2. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгчээс тус шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4726 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан, ... уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 14 хоногийн өмнө мэдэгдсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гадаад улсад зорчих болсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр тус тус шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10388 дугаар захирамжаар хэрэг үүсгэсэн, 128/2023/1084/з индекс дугаартай уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удааширсан эсэх асуудлыг дүгнэхэд, өмнө нь шүүхээс буцаасан “Д г т (М)” ХХК-ийн нэхэмжлэлтэй 128/2023/0400/з индекстэй захиргааны хэрэгт явуулсан хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг оруулан тооцохгүй.

6.3. Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг анх 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр товлон зарлаж, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид хэргийн оролцогч гомдол гаргасан гэх үндэслэлээр хоёр удаа, хурал давхацсан гэх үндэслэлээр нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Харин 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:30 цагт зарласан шүүх хуралдааны товыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2024 оны 12 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд холбогдох баримтыг хавсаргасан хүсэлтийг бичгээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхийн цахим шуудангаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тус тус анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, хавсаргасан баримтыг ямар үндэслэлээр хүлээж аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь тодорхой бус, шийдвэрт энэ талаар тодорхой тайлбарлаагүй бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдийг төлөөлж буй бүх төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй шалтгаанаа нотолсон баримтыг ирүүлж, биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлсэн, нөгөөтээгүүр хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэснийг хэргийн оролцогчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлосон тухай шүүгчийн захирамж, тов мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэх хуудсаар л товлон зарласан зэрэг нь шүүх хуралдааныг долоогоос доошгүй хоногийн өмнө товлон зарлах, шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж буй асуудлаар захирамж гаргахтай холбоотой  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, нотлох баримтыг нөхөн бүрдүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2024/1047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ШҮҮГЧ                                                              Г.МӨНХТУЛГА

 

 

            ШҮҮГЧ                                                              Г.БИЛГҮҮН

 

 

            ШҮҮГЧ                                                        З.ГАНЗОРИГ