Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 00296

 

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2019/00296

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Насны дурсамж хоршоонд холбогдох “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 838,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 153/2019/00171/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Нийгмийн даатгалын шимтгэл“ гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг хэлнэ гэж заажээ. Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тусгасан.

Гэтэл харилцагч "Насны дурсамж” хоршоо нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөөгүй, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 838,000 төгрөгийн өр үүсгэж нийгмийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч “Насны дурсамж” хоршооноос нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 838,000 /найман зуун гучин найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үүжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Насны дурсамж хоршоонд холбогдуулан 838,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Насны дурсамж ХХК нь 838,000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн тайлбараа 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Насны дурсамж хоршоод холбогдуулан 838,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Насны дурсамж хоршоо нь 838,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Насны дурсамж хоршоо нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ