Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/360

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Буянбадрал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа, Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 1905022301424 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхийн багш мэргэжилтэй, “*******” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 4, ээж, дүү нарын хамт С*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-р байрны гадна, автомашины зогсоол дээр 2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө хохирогч *******ыг тонгойгоод сууж байхад нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний алиманд нэвтэрсэн шарх, зклерын урагдал, нүдний агууламж гоожиж гарсан шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараах байдал, зовхинд хаван цус хуралт хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзуудын хамт байсан бөгөөд 3-4 залуучууд ирээд маргалдаж эхэлсэн. Тэгээд бид нар хоёр тийшээ салж байхад манай найзуудаас нэг нь нөгөө залуучуудыг цохиод зодооныг эхлүүлсэн. Тэгээд араас хэл амаар доромжлоод байхаар нь би уур хүрээд нэг удаа өшиглөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлыг төлж барагдуулах болно. Хохирогч *******аас уучлал гуйж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Одоо миний нэг нүд протезтэй, байнгын эмчийн хяналтад байдаг. Үсчний ажил эрхэлдэг бөгөөд өдөрт хагас цагаар ажлаа хийж байгаа. 3-4 жилд протезоо 1 удаа сольдог. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр найз Одбаяр, Хосоо, Түвшээ нарын хамт ажлынхаа ойролцоо ууж байгаад өөрийн найз Санчир, Хонгор нарыг авхуулахаар дуудсан. Тэгээд Санчир, Хонгор Одбаяр бид 4 Баянгол дүүргийн 3-р хороо, 38-р байрны гадна ирэхэд сааданд хэдэн залуучууд орилолдоод байхаар нь Одбаяр бид 2 шаардлага тавьсан. ...хоёр залуу ирээд “уучлаарай, одоо ингээд гарлаа” гэхэд араас үлдсэн залуучууд нь ирээд Одбаярыг хар хувцастай залуу цохиод бид 2 руу дайрч зодсон. ...хэсэг хугацааны дараа зодохоо болиход нэг залуу ирээд миний нүдийг өшиглөөд би ухаан балартаад нэг мэдсэн Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. ...газар сууж байхад бараан хувцастай залуу ирээд баруун нүд рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

Хохирогч *******ын дахин өгсөн:

“...Тэр залууд өшиглүүлэхээс өмнө миний нүд зүгээр байсан. Тэр залуу миний нүдийг өшиглөх үед би манараад ухаан алдсан. Тэгээд нэг мэдсэн чинь Гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. ...бөөн зодоон болж анх зодуулж байхад миний шүднүүд зүгээр байсан. Харин сүүлд тэр залууд өшиглүүлэх үед миний үүдэн 3 шүд унасан. Өмнө нь зодоон болж байхад намайг хэн цохиж байсан талаар мэдэхгүй байна. Харин сүүлд газарт сууж байхад тэр залуу /намайг өшиглөсөн/ өшиглөж миний нүд болон шүдийг унагааж надад хохирол учруулсан. Миний баруун нүд сохорсон, урд талын дээд 3 шүд унасан, хамрын дээд талд оёдол тавиулсан, зүүн талын чамархай хэсэгт 1 оёдол тавиулсан. Ийм хохирол гэмтэл учирсан. Гомдолтой байна. Энэ гэмт хэргийн улмаас баруун нүдээ авхуулсан, одоо протезтэй байгаа, дээд талын үүдэн гурван шүд унаж, хиймэл шүд хийлгэсэн. ...Би нүдээ шинээр хийлгэж, шүдээ суулгадаг инфлант шүд хийлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 73-75, 78 дахь тал/,

Гэрч :

“...тухайн үед нөгөө залуутай Шинэхүү зууралдчихаад тавихгүй байсан. Тэр үед Нямжаргал Шинэхүүг салгах гэж оролдож байсан. ...арай гэж Бямбадаш бид 2 Шинэхүүг салгаж авсан. Гэтэл Шинэхүү гараас мултраад буцаж очоод нөгөө талын залууг нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид нар гэр зодоон болсон газраас явцгаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

Гэрч :

“...Би хамгийн сүүлд Шинэхүүг өөрийн найз Алтангэрэлийн хамтаар салгаад аваад явж байхад Шинэхүү гараас мултраад гүйж нөгөө талын залууг өшиглөхөд тэр залуу газарт унасан. Тэр залууг газарт унахад Шинэхүүг Алтангэрэлийн хамтаар би салгаж авч явсан. Тэгээд тэндээс зодоон нэг мөсөн дууссан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Гэрч :

“...Би мэдэж байгаа хийсэн хэрэгтээ ******* их харамсаж байгаа, ахиж ийм зүйл хийхгүй гэж хэлж ярьж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/,

Шинжээч эмч С.Одончимэгийн:

“...хатуу мохоо зүйлийн болон цохиулснаас үүсэх боломжтой. Хэдэн ч удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд 1 удаагийн цохилтын үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 133 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 6119 дугаартай шинжээчийн:

“...*******ын биед баруун нүдний алиманд нэвтэрсэн шарх, склерын урагдал, нүдний агууламж гоожин гарсан шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараах байдал, зовхинд хаван цус хуралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ШЭГЗТЖ-н 31.1-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварыг 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 129 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэсэгчлэн дахин үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 41-50, 51-54 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 55-65 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 605 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын:

“...******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь өөрийн хийж буй үйлдлийг сэтгэцийн хувьд ойлгон удирдах чадвартай байна. ******* нь сэтгэцийн байдалд хэргээс шалтгаалан өөрчлөлт орсон гэх шинж, баримт үгүй байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай болон эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед нь халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийн зүгээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх хүсэлтэй байх тул хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн тухайд маргахгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2019 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 38-р байрны гадна, автомашины зогсоол дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ыг тонгойгоод сууж байхад нь нүүрэн тус газар нь нэг удаа өшиглөж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний алиманд нэвтэрсэн шарх, зклерын урагдал, нүдний агууламж гоожиж гарсан шарх, шархыг цэгцлэх мэс ажилбарын дараах байдал, зовхинд хаван цус хуралт хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч Б.Алтангэрэл, гэрч М.Бямбадаш, гэрч Ж.Гэрэлт нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний 6119 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт нийт 889.960 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******ад нийт 14.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “Миний үйлчлүүлэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар онцгой нөхцөл байдалд түүний эрүүл мэндийн байдлыг тооцож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж торгох ял оногдуулж өгнө үү, хорих ял оногдуулахаар бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү “Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэм буруугийн хувьд маргаагүй, мөн түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “торгох ял оногдуулж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтүүд тус тус гаргасныг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын баруун нүд хараагүй болсон. Тэрээр энгийн хөдөлмөрийн чадвараа 65% алдсан зэрэг учирсан хохирол, хор уршиг ихтэй гэж шүүх дүгнэсэн тул шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй.

Түүнчлэн хорих ялыг хөнгөрүүлэх журмыг зохицуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд дээрх зохицуулалтуудыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуулийн дээрх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Иймд шүүхээс шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу түүний эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.2 дахь хэсэгт “...өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй”, 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна”, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч ******* нь өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамаарагдаж байгаагүй, хохирогчид учирсан гэмтгэлтэй холбоотой гарсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, мөн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч *******г Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ... гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан ... хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу *******д оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялыг эдэлсэнд тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905022301424 дугаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ