Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/358

 

 

 

 

 

 

     2023           05            02                                          2023/ШЦТ/358

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: М.Амарзаяа   

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***н ***д холбогдох 2305010640766 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *** оны 8 дугаар сарын 29-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, *** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо *** хороолол *** байрны *** тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***н *** /РД:***/   

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ***ийн нүүр болон нуруу, дал хэсэгт нь алгадаж цохиж, өшиглөж, гар утас шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун бугалга, баруун зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *** нь “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ***ийн нүүр болон нуруу, дал хэсэгт нь алгадаж цохиж, өшиглөж, гар утас шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун бугалга, баруун зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “...Гэм буруу дээрээ маргахгүй..” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305010640766 дугаартай хэргээс:

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 03 дугаар сарын 04-ний 02 цаг 38 минутад ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ийн хохирогчоор өгсөн “... 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ нөхөр ***, хүүхдүүд болох ***, *** болон дүү *** нарын хамт байсан. Манайд хүргэн ***ын хүүхдүүд болох ***, *** нар цагаан сараар ирээгүй гээд ирж золгоод явсан. Гэтэл *** ***ад дургүй гэх шалтгаанаар ***ын хүүхдүүд яах гэж манайд ирдэг байна гэж уурлан 0.75 литрийн виски байсныг ганцаараа уусан. Тэгээд 23 цагийн үед гэрийн ойролцоох дэлгүүрээс Сэнгүр пиво 3 шилийг авч гэрт орж ирсэн. Дараа нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь би ***ыг “Ууж идсэн зүйлээ аятайхан шингээж чадахгүй” гэж хэлэхэд миний нүүрний 2 талын шанаа хэсэгт, зүүн гар руу цохиж байснаа өөрийнхөө өмдний халаасанд байсан гар утсаа миний нүүр рүү шидсэн. Би нүүрээ дараад буйдан дээр сууж байтал миний баруун чих рүү гараа атгаж байгаад цохисон. Баруун бугалга хэсэгт цохиж, зүүн гуя руу өшиглөсөн. Хажууд миний 2 хүүхэд, дүү *** нар байсан бөгөөд охин *** цагдаад дуудлага өгсөн. *** бид хоёр хамтран амьдраад 17 жил болж байна. 2021 оны 8 дугаар сард Завхан аймагт байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, нүүр рүү өшиглөж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч ***гийн өгсөн "... аав *** нь ***, *** нарын аав ээжид дургүй байдаг. Урьд нь Японд хамт ажиллаж байхдаа хоорондоо нэг зүйлээс болоод зодолдож байсан гэсэн. Ээж усанд орж дуусаад том өрөө рүү ортол аав ээж рүү уурлаж орилоод байсан чинь дүү сэрсэн. Дүүг сэрэнгүүт аав жижиг өрөөнд дагуулаад ирсэн чинь ээж аавын араас дагаад жижиг өрөө рүү орсон. Тэгтэл ээж рүү хуруугаараа чичилж байгаад ээжийн хүзүү хэсгээс гараараа татаж байгаад том өрөө рүү дагуулаад орсон. Тэгээд ээжид “Та нар намайг удмаараа доромжиллоо” гэж хэлсэн. Тэгээд аав ээжийг том өрөөнд дагуулж орсны дараа ээж “Ээжээ, ээжээ” гээд орилоод байсан. *** эгч унтаж байгаад ээжийг орилох үед босож ирээд том өрөө рүү орсон. Удалгүй том өрөөнд тас няс хийгээд дуугараад *** эгч “Та болиоч” гээд орилж байсан. Аав *** эгчийг салгахаар нь гэрийн үүд рүү очиж гадуур куртикээ өмсөөд гэрээс гараад явсан. Аав буцаж орж ирээд том өрөө рүү ороод ээжийн чих рүү, толгой руу нь цохиж байснаа хөл руу нь өшиглөсөн. Өмнө нь манай гэр Завхан аймагт байхад аав ээжийг зодож байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***гийн гэрчээр өгсөн "... Том өрөөнд *** эгч рүү “Танай хамаатнууд намайг доромжиллоо” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгсэн чинь том өрөөнөөс *** эгч “Аллаа” гээд орилсон. Би тухайн үед жижиг өрөөнд унтаж байсан. Эгч “Намайг аллаа” гээд жижиг өрөө рүү гүйгээд ороод ирсэн. Би эгчийг жижиг өрөө рүү гүйгээд ороод ирэхээр нь хувцсаа өмсөөд том өрөө рүү гайхаад орсон. Намайг том өрөө орох үед эгч надтай хамт том өрөөнд орсон. Тэгтэл *** ах *** эгчийн толгой руу гараа зангидсан байтал цохисон. Эгчийг цохихоор нь би ах эгч хоёрын дундуур ороод тэр хоёрыг болиулах гэж оролдсон. Тэгсэн чинь *** ах түрийвчээ гаргаж ирээд мөнгөө *** эгч рүү шидсэн. Дараа нь түрийвчээрээ *** эгчийн зүүн талын дал руу нэг удаа ороолгосон. Тэгснээ “Чамаас саллаа” гээд гараад явсан. Удалгүй цагийн дараа орж ирээд эгчийг “Түрийвчин дэх мөнгийг авсан” гээд уурлаад байсан. “Би аваагүй ш дээ, чи над руу шидээд байсан” гэж хэлэхэд *** эгчийг буйдан руу унагаагаад дээр нь гарч сууж байгаад эгчийн хоолойг боох гэж оролдсон. Би *** ахыг салгах гээд гараас нь татаад дийлэхгүй байсан. *** ах буйдангаас босож ирээд гэрээсээ гараад явсан. Дахин орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3395 дугаартай шинжээчийн “... ***ийн биед тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун бугалга, баруун зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45 тал/,

 

Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /хх-ийн 49-54 тал/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 55-58 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын яллагдагчаар өгсөн “... гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Доржсэмбийн биед халдаж цохисон. Толгой биеийнх нь дал хэсэгт, зүүн талын хэсэгт нь нэг нэг удаа цохиж халдсан. Одоо уг гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч ойлгосон. Дахин уг үйлдлийг гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, Баянгол дүүргийн *** хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн биед “нүүр болон нуруу, дал хэсэгт нь алгадаж цохиж, өшиглөж, гар утас шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун бугалга, баруун зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий гэмтлийг учруулсан болох нь хэргийн 44-45 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3395 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ, хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, хохирогч ***ийн мэдүүлэг, гэрч ***гийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***ийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3395 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 3395 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүгдэгч *** болон хохирогч ***э нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 103 тал/, охин ***ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 104 тал/ зэрэг баримтаар болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д  заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ***ын “...2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн *** хороо *** байрны *** тоотод үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ***ийн нүүр болон нуруу, дал хэсэгт нь алгадаж цохиж, өшиглөж, гар утас шидэх зэргээр зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун чихний дэлбэн, баруун бугалга, баруун зүүн дал, зүүн гуянд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн...” гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч ***э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан /хх-ийн 107 тал/ болохыг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 108 тал/,

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ***д танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***н ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ