| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00306/И |
| Дугаар | 00610 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 00610
| 2019 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 153/ШШ2019/00310 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 48 айлын орон сууц, 03-33 тоотод оршин суух, ... дугаарын регистртэй, Ш бургууд овогт З-ийн Лд холбогдох төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,237,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагч З.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжавын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/251 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273 дугаар зүйлийн 273.1-т заасан Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хариуцагч З.Лгээс Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан дараах хохиролыг нэхэмжилж байна. Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаар төлбөрийн хүсэлтээр байгууллагын данснаас 2 сая төгрөгийг ном хэвлүүлэх болзолт уралдааны урьдчилгаа гэж Монгол дата Бейс ХХК-д шилжүүлжээ. Ингэхдээ З.Л нь байгууллагынхаа ажилчдын дунд ном бичих уралдааны удирдамж баталж, улмаар уг уралдаандаа өөрийн бичсэн номоо шалгаруулжээ. Ном хэвлүүлэх ажлын гэрээг бичгээр байгуулаагүй, хэдэн ширхэг номыг хэдэн төгрөгийн үнээр хэвлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг тохироогүй атлаа байгууллагын данснаас 2 сая төгрөгийг зарлагджээ. Уг 2 сая төгрөгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн ойжуулалтын ажлын санхүүжилтээс шилжүүлжээ. Энэ нь төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах заалтыг зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулсан үйлдэл болжээ. Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 160 дугаар төлбөрийн хүсэлтээр 1 ширхэг сэтгүүлийн үнэ гэх нэрийдлээр 2105000 төгрөгийг Эхлэх Ховд төрийн бус байгууллагад шилжүүлжээ. Ингэхдээ ямар сэтгүүлийг хэзээ худалдан авах талаар бичгээр гэрээ байгуулаагүй атлаа 1 ширхэг сэтгүүлийг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэ буюу 2105000 төгрөгөөр худалдан авчээ. Улмаар уг сэтгүүлийг 1 ширхэгийг нь 2105000 төгрөгөөр зарлагдсан атлаа мөнгийг байгууллагын дансанд оруулалгүйгээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулжээ. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахад дарга З.Л нь 200 литр шатахуун зарлагдаж, Ховд аймгийн Дөргөн сум руу явжээ. Ингэхдээ албан ажлаар бус хувийн ажилд 351610 төгрөгийн үнэ бүхий 200 литр шатахууныг зарцуулж, итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлжээ. Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалтад Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга багтаагүй байна. Ийм байхад З.Л нь 2014-2016 онуудад өөрийнхөө хувийн гар утасны ярианы төлбөрт 780950 төгрөгийг байгууллагынхаа данснаас төлүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ. Иймд З.Лгээс 5237560 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч З.Л шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюушийн 35/02/27, 35/02/28, 35/02/29, 35/02/06 тоот актад үндэслэж байгаа бөгөөд тухайн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.1.7, 47.2, 47.3, 47.4-ийг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.9.3, 5.10-ыг хэрэгжүүлээгүй. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Санхүүгийн дотоод аудитын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, 6.2.5, 6.3.1, 6.3.3, 6.3.4, 6.3.5-д заасныг зөрчсөн мөн Прокурорын тухай хуулийн 4.1, 2 дугаар бүлгийн 11.1, 11.1.1, 11.2.5-ыг хэрэгжүүлээгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хэрэгтэй холбогдуулаад Ховд аймгийн Засаг даргын шийдвэр гарч 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Энэ талаар миний бие Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхээс намайг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажилд эгүүлэн томилсон. Маргааш нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Засаг даргаас Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын санхүүгийн үйл ажиллагаа болон Ховд аймгийн Байгаль хамгаалах газрын санхүүгийн үйл ажиллагааг шалгуулахаар захирамж гаргасан. Мөн энэ талаар санхүүгийн үйл ажиллагааг шалгуулахаар Ховд аймгийн Засаг даргын санхүүгийн дэргэдэх хүмүүс бүрэлдэхүүнтэй шалгаад намайг 6 зүйлээр гүтгэсэн байдаг. Надад нийт 4 төрлийн акт тавигдсан бөгөөд сэтгүүлийн үнэ 2 сая, номны үнэ 2 сая төгрөгийн аудит тавигдсан. Санхүүгийн үйл ажиллагааг шалгахаар аудит гарсан боловч Байгаль орчины газрын 2014, 2015 оны материал шалгасан байгаа. Ховд аймгаас шалгахдаа гэрчилгээ олгоод, дугаарын хамт Ховд аймгийн Үндэсний аудитын газраас шалгасан материал нь аудит Галбадрахын шийдвэрээр цуцлагддаг. Гэтэл дотоод аудитын газрын дарга зөрчөөд тавигдсан байдаг. Энэ нь хууль бус актууд бөгөөд жилийн төлөвлөгөө нь жилийн эцсээр гараа баталгаажсэн байх шаардлагатай байтал албан бланкгүй гарын үсэг зурагдсан байдаг. Ховд аймгийн Засаг дарга батламжлах ёстой байсан. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхэд хандаж шүүгчийн захирамж гараад хэрэг түдгэлзсэн. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Шатахууны үнэ төлүүлэх тухай 35/02/27 дугаар, Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай 35/02/28 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгосон.Яагаад хүчингүй болоод байсан гэхээр 351,610 төгрөийн актыг тавихдаа хүснэгтээр харуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг дарга нь хариуцагч З.Лд холбогдуулан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,237,560 төгрөг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хариуцагч З.Л нь “....нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 4.2.7, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.1.7, 47.2, 47.3, 47.4-ийг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.1.7, 5 дугаар зүйлийн 5.9.3, 5.10-ыг хэрэгжүүлээгүй. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт Санхүүгийн дотоод аудитын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1, 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.1, 6.2.5, 6.3.1, 6.3.3, 6.3.4, 6.3.5-д заасныг зөрчсөн мөн Прокурорын тухай хуулийн 4.1, 2 дугаар бүлгийн 11.1, 11.1.1, 11.2.5-ыг хэрэгжүүлээгүй, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...“ гэж маргав.
Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
а. Хариуцагч З.Л нь “ Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217 дугаар төлбөрийн хүсэлтээр байгууллагын данснаас 2 сая төгрөгийг ном хэвлүүлэх болзолт уралдааны урьдчилгаа гэж Монгол дата Бейс ХХК-д шилжүүлжээ. Ингэхдээ З.Л нь байгууллагынхаа ажилчдын дунд ном бичих уралдааны удирдамж баталж, улмаар уг уралдаандаа өөрийн бичсэн номоо шалгаруулжээ. Ном хэвлүүлэх ажлын гэрээг бичгээр байгуулаагүй, хэдэн ширхэг номыг хэдэн төгрөгийн үнээр хэвлүүлэх, ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг тохироогүй атлаа байгууллагын данснаас 2 сая төгрөгийг зарлагдсан...” гэсэн байна.
Монгол улсын сангийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 21-ний 13-2/4363 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 48.3.33 тоотод оршин суугч иргэн З.Л танаа “Гомдолд хариу өгөх тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 41-43 дугаар хуудас/, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон зохигчийн тайлбараар Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюушийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаартай номын үнэ төлүүлэх тухай актыг хүчингүй болгосон болох нь тогтоогдож байна.
б.Хариуцагч З.Л нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 160 дугаар төлбөрийн хүсэлтээр 1 ширхэг сэтгүүлийн үнэ гэх нэрийдлээр 2,105,000 төгрөгийг Эхлэх Ховд төрийн бус байгууллагад шилжүүлжээ. Ингэхдээ ямар сэтгүүлийг хэзээ худалдан авах талаар бичгээр гэрээ байгуулаагүй атлаа 1 ширхэг сэтгүүлийг зах зээлийн ханшнаас хэт өндөр үнэ буюу 2105000 төгрөгөөр худалдан авчээ. Улмаар уг сэтгүүлийг 1 ширхэгийг нь 2105000 төгрөгөөр зарлагдсан атлаа мөнгийг байгууллагын дансанд оруулалгүйгээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан...”, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахад дарга З.Л нь 200 литр шатахуун зарлагдаж, Ховд аймгийн Дөргөн сум руу явжээ. Ингэхдээ албан ажлаар бус хувийн ажилд 351610 төгрөгийн үнэ бүхий 200 литр шатахууныг зарцуулж, итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг хувьдаа завшиж, үрэгдүүлсэн...” гэсэн байна.
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Шатахууны үнэ төлүүлэх тухай 35/02/27 дугаар, Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай 35/02/28 дугаартай актуудыг тус тус хүчингүй болгосон байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
в. Хариуцагч З.Л нь “...2014 оноос 2016 онуудад өөрийнхөө хувийн гар утасны ярианы төлбөрт 780950 төгрөгийг байгууллагынхаа данснаас төлүүлж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан...” гэжээ.
Монгол улсын Засгийн газрын 1999 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 84 дугаартай “Үүрэн телефон хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт, зардлын норматив батлах тухай” тогтоолыг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 141 дугаартай “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолоор хүчингүй болгосон байна.
Хариуцагч З.Л нь байгууллагын суурин телефоны дугаарыг хаалгаж, өөрийн 99008303 дугаарын утас ашиглаж байсан бөгөөд энэ нь Монгол улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаартай “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол, Ховд аймгийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/456 дугаар захирамжаар төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлснийг биелүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Ховд аймгийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/251 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 дугаартай ажлаас чөлөөлж ажилд томилох тухай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 47 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0103 дугаартай магадлал, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 38 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2018/0450 дугаартай магадлал, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6 дугаартай шийдвэр болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр хариуцагч З.Лд тавигдсан Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюушийн актууд нь хүчингүй болсон байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй З.Лд холбогдох төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,237,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШЗ2017/01466 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь заалт болох “Хариуцагч Зинамэдэрийн Л /ПЮ57041865/-ийн Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитал банк, Голомт банкны дансийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 5,237,560 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” хүчингүй болсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ховд аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй З.Лд холбогдох төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 5,237,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШЗ2017/01466 дугаартай шүүгчийн захирамжийн 3 дахь заалт болох “Хариуцагч Зинамэдэрийн Л /ПЮ57041865/-ийн Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитал банк, Голомт банкны дансийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 5,237,560 төгрөгийн хэмжээнд битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсугай” хүчингүй болсон болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ