Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/522

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

Улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Ө.Г******,

гэрч Д.Г******, Б.Ц******,

шүүгдэгч Б.М****** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000494 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “****** ******” ХХК-д ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

Б****** овогт Б******ийн М******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М****** нь 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ө.Г******ыг “...танай дүү манай дүүг дээрэлхдэг” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед нь зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эмзэглэлтэй, зүүн нүдний гадна буланд өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 354 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Б.М******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Манай дүүг удаа дараа дээрэлхдэг байсан. Би цохиогүй. Хохирогч надаас хохирол төлбөр нэхэмжлээгүй. Ногоон эрээн ажлын хувцастай байсан. 7-уулаа очсон. Асуудлыг нь шийдэх гэж очсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Ө.Г******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө “дүүгээ аваад гараад ир” гээд шүүгдэгч хэлсэн. Манай дүүг зодсон байна гэсэн. Гарахад 6-7 хүн зогсож байсан. Манай дүү “чамайг зодсон юм уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Жоохон хүүхэдтэй юм ярьж байхад миний зүүн тал руу цохисон. Тэгээд манай ээж гарч ирсэн. Намайг цохисон талаар манай ээж хараагүй. Дүү харсан. Бусад хүмүүс харсан. Манай ээж дүү рүү дайрч байсан. Ээжийн гарыг цохиод байхаар нь хүрз аваад гараад иртэл машиндаа суугаад хөдөлж байхад нь арын шилийг нь хүрзээр цохисон. Шүүгдэгчийг ихэртэй нь андуураагүй. Хувцсаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Гэрч Д.Г******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шөнө хүүхдүүд ирсэн. Хаалга цохиод байхаар нь ах нь гарсан. Араас нь гарахад манай хүүтэй маргалдаад 5-6 хүн байсан. Гарч ирэхэд 7 хүн байсан. Намайг гарч ирэхэд хүү гэмтээгүй байсан. Манай хүү рүү дайраад байхаар нь би өмөөрсөн. Намайг хараагүй байхад миний хүүг цохисон. Намайг 2-3 хүн хоргоосон байсан. Нэг мэдэхэд цохисон байсан. Гараараа цохисон байх. Машины шил хагарахаас өмнө цохиулсан. Хүмүүс ирэхээс өмнө нь гэмтэл учирсан байгаагүй. Хүмүүстэй маргалдаж байхад харах орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Г****** гэртээ байхдаа гэмтээгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Гэрч Б.Ц******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч хохирогчийг цохисон эсэх талаар харсан зүйл байхгүй. Машинаасаа буугаад харахад гэмтэл авсан байсан. Хэл амаараа ойлголцож болохгүй байсан учир бөөндөө явсан. Хохирогчийн биед хэн гэмтэл учруулсныг би хараагүй. Эхлээд дүүг нь дуудаж гарч ирээд уулзаж байхад араас нь ах нь ээжтэй нь гараад ирсэн. Хохирогчийн биед халдсан зүйл хараагүй. М****** хохирогчийн зүүн талд нь байсан.  Г****** гарч ирэхэд нүүрэнд нь шарх харагдаагүй. Цус гарсан шарх байгаагүй. Ажлаасаа явж байсан учир ажлынхаа хувцастай байсан. Гадуураа цагаан өнгөтэй бомбертой байсан. Ажлаас нь Ажлаас нь цулгуй цагаан, цэнхэр өнгийн хувцас өгдөг. Өөр ногоон эрээн хувцастай хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогч Ө.Г******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ амарч байхад манай хашааны хаалгыг нүдээд байхаар нь цонхоороо хараад “хэн бэ” гэхэд “дүүгээ аваа гараад ир пизда минь” гэхээр нь би “яасан гэнээ” гэж асуухад “дүүгээ аваад гараад ир, манай дүүг зодсон байна” гэхээр нь би дүү Баянсайханыг аваад хашааныхаа гадаа гарахад миний үеийн 2 эрэгтэй, 1 эмэгтэй болон бусад нь жоохон хүүхдүүд байсан. Нөгөө хүүхдээс “манай дүү чамайг зодсон юм уу” гэж асуухад тэр хүүхэд “цохиогүй” гээд хариулахаар нь би “цохиогүй юм бол тэгээд яасан юм бэ” гэж ярилцаад зогсож байтал миний зүүн талд зогсож байсан надаас намхан 165-170 см өндөртэй саарал өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн малгайтай цамцтай залуу нь миний зүүн талын нүд рүү 1 удаа цохиж авахаар нь би зайгаа бариад “манай дүү та нартай ямар ч асуудал гаргаагүй байхад та нар яагаад намайг цохиж байгаа юм” гэхэд тэнд байсан хүмүүс дүү бид хоёрыг хэл амаар доромжлоод, “ална тална” гээд дайраад байсан. Тэр үед манай ээж гэрээс гарч ирээд нөгөө хүүхдүүдийг загнаад байхад тэнд байсан эмэгтэй хүн болон хажууд байсан эрэгтэй хүн манай ээжийг хараагаад орилоод хэрүүл маргаан үүсгээд ээжийг доромжлоод байхаар нь миний уур хүрсэн. Би уурандаа хашаа руу ороод модон иштэй хүрз авч гарч ирээд нөгөө хүмүүсийг машиндаа суугаад дөнгөж хөдлөхөөр нь би хүрзээр тухайн машины хойд талын цонхыг шилийг цохиж хагалсан. Тэгсэн чинь тэд нар бүгдээрээ машинаасаа бууж ирсэн. Би уурлаад “та нар яагаад намайг цохиж байгаа юм, гэр бүлийг минь яаж байгаа юм” гээд нөгөө хүмүүс рүү уурлаад байхад тэр хүмүүс намайг ирж хойноос тэвэрч аваад гар өчөөд доошоо суулгаад босгохгүй байсан. Тэрнээс хойш зодоон болсон асуудал байхгүй, хоорондоо маргалдаад байж байтал цагдаа нар ирсэн юм. ...Миний зүүн талын нүдний орчим хавдаж сэтэрсэн. Цус гарсан. Өвчтэй байсан. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь хуудас),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2360 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ө.Г******ын биед зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эмзэглэлтэй, зүүн нүдний гадна буланд өнгөц шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь хуудас),

            - Гэрч Д.Г******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 00 цагийн үед хоёр хүүтэйгээ хамт гэртээ байж байхад хашааны гадна 6-7 хүн гарч ирээд хашааны хаалга нүдээд манай бага хүү ******ыг дуудаад “гараад ир, ална” гээд орилоод байхаар нь манай дунд хүү Г****** түрүүлж гараад, араас нь манай бага хүү Баянхсайхан гарсан. Би санаа зовоод удалгүй араас нь гарахад манай хашааны гадаа 6-7 эрэгтэй хүүхэд, 1 эмэгтэй хүүхэд манай дунд хүү Г******тай маргалдаад, хэл амаар доромжлоод байхаар нь би очоод уурлаад "харанхуй шөнө юу хийж байгаа юм, зайлцгаа” гэж хэлсэн чинь жирэмсэн эмэгтэй “чи юу вэ, дуугүй бай” гэх зэргээр дуудаад, тэр эмэгтэй нөхөртэйгөө хамт над руу дайраад, хэрүүл үүсгээд, маргалдсан. Би тэр үедээ уурлаад, хүүхдүүдээ өмөөрөөд “зайлцгаа” гээд орилсон. Тэр хооронд миний дунд хүү Г****** хашаа руу ороод, модон иштэй хүрз аваад, гарч ирээд, нөгөө хүмүүсийн унаж явсан машины хойд талын цонхыг цохисон. Тэр үед би хүү Г******ын зүүн талын нүднээс цус гарсан, цохиулсан байсныг харсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь хуудас),

            - Гэрч Б.Ц******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр манай нөхрийн дүү ****** нөхөр лүү залгаад “ахаа сургууль дээр намайг дээрэлхээд ах нараа дагуулаад ир, зодолдъё” гээд байна гэсэн. Өмнө нь ч бас “энэ хүүхэд дээрэлхээд дарамталдаг” гэж ярихад бид нар тоодоггүй байсан. Удаа дараа ийм зүйл яриад байхаар нь ямар ч байсан ажлаа тараад тэр хүүхдийн эцэг, эхтэй нь очиж уулзъя гэж бодоод тухайн өдрийн орой нь нөхөр ******, ихэр нь М******, нөхрийн дүү ****** болон тэр хүүхдийн гэрийг мэддэг гэх 3 хүүхдийг дагуулж, гэрийг нь заалгаж очсон. Хашааных нь гадаа очиж манай дүүг дээрэлхдэг гэх хүүхдийг дуудсан. Тэр хүүхэд ахтайгаа хамт гарч ирсэн юм. Тэгээд ахтай нь уулзаад байж байтал тэр ах нь гэх залуу манай дүү рүү “манай дүү чамайг ингэсэн юм уу, тэгсэн юм уу” гээд хэрүүл хийгээд, ахтай нь хэл амаа ойлголцож чадахгүй байж байтал хашаанаас нь ээж нь гарч ирээд “орой үдэш юу хийж байгаа юм, золбин юмнууд зайлцгаа” гээд бид нар луу дайрахаар нь би “танай хүүхэд манай дүүтэй ийм асуудалтай болсон юм байна, тэр талаар ярилцах гэж ирлээ, зодоон хийх гэж ирээгүй” гэсэн боловч тэр хүн бид нарын үгийг ойлгохгүй орилж, хашигараад байхаар нь бид нар хэл амаар учраа олохгүй юм байна гэж бодоод машиндаа ороод суугаад хөдлөх гэж байтал машины хойд талын цонх нь хагарчихаар нь буугаад харсан чинь нөгөө ах гэх залуу манай нөхрийн машины цонхыг хүрзээр цохиж хагалаад, өөрөө гартаа хүрзний хугарсан модон иш бариад дайраад байхаар нь манай нөхөр очиж хойноос нь тэвэрч аваад доошоо суулгаад аав, ээжийгээ дуудсан юм. Манай аав ээж ирж байж нөгөө хүмүүс нь гайгүй тайвширсан юм. ...Би буугаад харахад тэр залуугийн зүүн талын нүд талаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 73-76 дахь хуудас), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол (улсын яллагч шүүх хуралдаанд гаргаж өгсөн) иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 53 дахь хуудас) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.М****** нь 2023 оны 02 дугаар сарын 07-08-нд шилжих 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт “танай дүү манай дүүг дээрэлхдэг” гэх таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ө.Г******ын нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед нь зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эмзэглэлтэй, зүүн нүдний гадна буланд өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна

- Хохирогч Ө.Г******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө “дүүгээ аваад гараад ир” гээд шүүгдэгч хэлсэн. Манай дүүг зодсон байна гэсэн. ...Жоохон хүүхэдтэй юм ярьж байхад миний зүүн тал руу цохисон. ...Шүүгдэгчийг ихэртэй нь андуураагүй. Хувцсаар нь таньсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 7 дахь хуудас),

- Гэрч Д.Г******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гарч ирэхэд хүү гэмтээгүй байсан. ...Намайг хараагүй байхад миний хүүг цохисон. Намайг 2-3 хүн хоргоосон байсан. Нэг мэдэхэд цохисон байсан. Гараараа цохисон байх. ...Хүмүүс ирэхээс өмнө нь гэмтэл учирсан байгаагүй. Хүмүүстэй маргалдаж байхад харах орчин хязгаарлагдмал харанхуй байсан. Г****** гэртээ байхдаа гэмтээгүй... ..Г******ын зүүн талын нүднээс цус гарсан, цохиулсан байсныг харсан юм...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 17-18 дахь хуудас),

- Гэрч Б.Ц******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Шүүгдэгч хохирогчийг цохисон эсэх талаар харсан зүйл байхгүй. Машинаасаа буугаад харахад гэмтэл авсан байсан. ...Хохирогчийн биед хэн гэмтэл учруулсныг би хараагүй. ...Г****** гарч ирэхэд нүүрэнд нь шарх харагдаагүй. Цус гарсан шарх байгаагүй. М****** хохирогчийн зүүн талд нь байсан. Ажлаасаа явж байсан учир ажлынхаа хувцастай байсан. Гадуураа цагаан өнгөтэй бомбертой байсан. Ажлаас нь цулгуй цагаан, цэнхэр өнгийн хувцас өгдөг. Өөр ногоон эрээн хувцастай хүн байгаагүй... ...Би буугаад харахад тэр залуугийн зүүн талын нүд талаас цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл, хавтаст хэргийн 21 дэх хуудас),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2360 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “Ө.Г******ын биед зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эмзэглэлтэй, зүүн нүдний гадна буланд өнгөц шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь хуудас) зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаанд хохирогч Ө.Г******, түүний эх гэрч Д.Г******, шүүгдэгч Б.М******, түүний бэр гэрч Б.Ц****** болон бусад этгээдүүд байсан бөгөөд тэдний мэдүүлгийг өөр хооронд нь харьцуулан дүгнэхэд тухайн маргаан үүсэхээс өмнө хохирогчийн нүүрэнд гэмтэл учраагүй, тухайн цаг хугацаанд гэмтэл учирсан болох нь гэрч Д.Г******, Б.Ц****** нарын мэдүүлгээр, харин хохирогчийн “шүүгдэгч намайг 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг нь шинжээчийн “1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

Тухайлбал, хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүгдэгчийн гараараа нүүрэн тус газар нь цохисон үйлдлийн улмаас үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан бөгөөд дээр дурдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь агуулгын хувьд зөрүүгүй, харилцан хэргийн үйл баримтыг нотолсон төдийгүй, шүүгдэгчийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, тухайн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тогтооход хангалттай гэж дүгнэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Харин шүүгдэгч Б.М******ийн “Хохирогчийг цохиогүй” гэсэн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдоогүй, үгүйсгэгдсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.М******ийн хохирогч Ө.Г******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.М******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ө.Г****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй болохыг тэмдэглэж, шүүх хуралдаанд “Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М******ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.М******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

хохирогч “Торгох ялыг багасгаж өгнө үү”,

шүүгдэгч “Торгох ялын хэмжээ их байна. Хугацааг уртаар тогтоож өгвөл төлөх боломжтой” гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Б.М******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэм буруутай үйлдлээ ухамсарлаагүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Б.М******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Б.М******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.М******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б******ийн М******ийг Эрүүгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.М******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М******д оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М****** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            5.Хохирогч Ө.Г****** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М******д сануулсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М****** нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР