Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00311

 

  2019 оны 06 сарын 19 өдөр

       Дугаар 153/ШШ2019/00311

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Дуут сум Хөх бэлчир, 2-р багт оршин суух, ... дугаарын регистртэй, С овогт Ж-ын Оийн хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагч Ж.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.О нь  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1967 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт төрсөн. 1984 онд Ховд аймгийн Дуут сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. 1984 оны 6 дугаар сараас 1990 оны хооронд “Социализм зам нэгдэл’’-д малчнаар ажиллаж байсан. 1991 оноос 1996 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт аав ээжийнхээ хамт мал маллаж байсан. 1990 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүү О.Алтанхуяг, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүү О.Ариунболд нар төрсөн. Миний бие 1996 онд нөхөр Т.Цэнгэлтэй гэр болсон бөгөөд албан ёсны гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ аваагүй. Бид хамт амьдраад 23 жил болж байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. "гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ гэжээ. Миний бие Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны 10 дугаар сард 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын "Социализм зам нэгдэл"-д малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож, 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуустал тэтгэврээ авсан. 2019 оны 4 дүгээр сард Ховд аймгийн Дуут сумын нийгмийн даатгалын байцаагч н.Байгалсүрэн дуудаад очиж уулзахад миний тэтгэврийн мөнгийг олгохгүй 5 дугаар сараас эхлэн зогсооно гэсэн. Тэгээд Ховд аймгийн Нийгмийн даатгалын байцаагч, болон даргатай нь уулзахад “...нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгалт ирээд тань дээр зөрчил илэрсэн. Та 1996 онд Т.Цэнгэлтэй гэр бүл болсон гэж хэлсэн боловч энэ талаар гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна. Иймээс таны тэтгэврийг олгохгүй, та Т.Цэнгэлтэй хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгоод ирвэл тэтгэврийг чинь нөхөн олгоно гэсэн. Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Гэрлэлт бүртгэлгүй тухай 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн лавлагаа авсан. Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ байхгүйгээс болоод миний бие тэтгэврээ авч чадахгүй хохироод байна. Иймд нөхөр Т.Цэнгэлтэй 1996 оны 10 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.О нь нөхөр Н.Цэнгэлтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ж.О нь Т.Цэнгэлтэй 1996 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь

- Ховд аймаг Дуут сум Хөх бэлчир багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 25 дугаартай албан бичиг

- Ховд аймаг Дуут сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1/107 дугаартай албан бичиг

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 126/001616 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/101414 дугаартай ”Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 126/001615 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”,

-Гэрч Д.Батдолгорын .......1958 онд Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадад төрсөн. 1962 оноос 1966 онд Ховд аймгийн Дуут сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгссөн. 1966 оноос 1978 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байгаад 1978 оны 01 дүгээр сард нөхөр Мөнхжаргалтай гэр бүл болсон. Нөхөр хүүхдийн хамт 1978 оноос хойш өдийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт мал маллаж байна. Ж.Оийн талаар бага байх үеэс нь мэднэ. Жаргал гэдэг айлийн 4 дэхь охин. Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн Бугат гэдэг газар нутагладаг байсан. 1996 оны 10 дугаар сард Түвшинхүүгийн Цэнгэл гэдэг хүнтэй суусан. Т.Цэнгэлтэй суухаас өмнө 2 хүүхэдтэй байсан. Т.Цэнгэл гэдэг хүн Мөнххайрхан сумын уугуул хүн. 1996 онд Ж.Отэй гэр бүл болоод өдийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт амьдарч байгаа хүн. Гэр бүл болоод хүүхэдтэй болоогүй...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Н.Нанзаддоржын “...1964 онд Ховд аймгийн Дуут сумын 3 дугаар бригадад төрсөн. 1972 оноос 1982 онд Ховд аймгийн Дуут сумын сургуулийг 8 дугаар анги төгссөн. 1982 оноос 1984 он хүртэл Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд тракторын жолоочоор төгсөөд 1984 оноос 1987 он хүртэл цэргийн алба хаасан. 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Эрчим хүчинд ажиллаж байгаад 1992 оноос өдийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын мал эмнэлэгт ажиллаж байна. Ж.Оийн талаар бага үеэс нь мэднэ. Жаргал гэдэг айлийн 4 дэхь охин. Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн Бугат гэдэг газар нутагладаг байсан. 1983 онд Ховд аймгийн Дуут сумын сургуулийг 8 дугаар ангийг төгсөөд хөдөө аав ээжийн хамт мал маллаж байгаад 1996 оны 10 дугаар сард   Түвшинхүүгийн Цэнгэл гэдэг хүнтэй суусан. Т.Цэнгэлтэй суухаас өмнө 2 хүүхэдтэй байсан. Т.Цэнгэл гэдэг хүн Мөнххайрхан сумын уугуул хүн. 1996 онд Ж.Отэй гэр бүл болоод өдийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт амьдарч байгаад хүн. Гэр бүл болоод хүүхэдтэй болоогүй...” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Т.Цэнгэлийн “...1996 оноос өдийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт мал маллаж амьдарсан. Ж.Отэй гэр бүл болоход тэрээр 2 хүүхэдтэй байсан бөгөөд бидний хамтын амьдралын явцад хүүхэдтэй болоогүй. Гэтэл биднийг 1996 онд гэр бүл болсоныг тухайн үеийн Засаг даргын Тамгын газрын дарга та хоёрын гэрлэлтийг бүртгэсэн. Тэгээд аймаг руу явуулж баталгаажуулаагүй учир Ж.О тэтгэврээ авч чадахгүй хохироход хүрээд байна. Улсын бүртгэлийн хэлтэс дээр очиход бид нарыг 1996 онд гэр бүлээ батлуулснаа шүүхээр тогтоолгоод ир гэсэн. Тиймээс эхнэр минь шүүхэд хандсан ...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Сая овогт Жаргалын О /..../, Б-н овогт Т-н Цэнгэл /..../ нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч  Ж.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ