Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/74

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                       

 

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

 Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

 Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням,

 Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч 2023 оны 04 сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Д

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглан залилах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод байрлаж байхдаа О.Гтай цахим хэрэгсэл буюу We (ви) чат ашиглан харилцаж "юань сольж” өгнө гэж хуурч, цахим орчинд, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .... тоот данс руу шилжүүлэн авсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч О.Ггийн мэдүүлэг /хх-ийн 6-7/, Б.Дын эзэмшлийн Хаан банкны .... тоот данс руу  .... тоот данснаас "...." гэх утгатай 1,000,000 (нэг сая) төгрөг шилжүүлсэн" талаарх болон бусад гүйлгээний талаарх дансны дэлгэрэнгүй хуулга /хх-18-22/, хохирогч О.Ггийн эзэмшлийн Хаан банкны .... тоот данс pyy 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 (нэг сая) төгрөгийг шилжүүлсэн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх-8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт ял шалгах хуудас, хохирогчийн төлбөр хүлээн авсан талаарх хүсэлт, шүүгдэгч Б.Дын хүсэлт болон улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл /хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт/ хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх шинжүүдийн аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Шүүгдэгч Б.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцсэн ба хохирогч О.Гг юань солиулахаар чат оруулсныг ашиглан “юань байна, сольж өгнө” гэж чат бичин хуурч,  цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан үйлдэлд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч О.Гд 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-8/ болох нь мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Шүүгдэгч Б.Дд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Б.Дд танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд шүүгдэгч  Б.Дд Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглан залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  сануулсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.АДЪЯАСҮРЭН