Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01559

 

..........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00682 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 761 дүгээр магадлалтай,

..........ын нэхэмжлэлтэй

.........., ..........нарт холбогдох

52,873,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч ..........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Д.Наран.......... нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .........., түүний өмгөөлөгч Ж.Майзориг, хариуцагч Д.Бат-Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагч ..........ийн өмгөөлөгч Д.Наран.........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... миний түрээслэн ажиллуулдаг дэлгүүрээр үйлчлүүлдэг ..........гэх эгч надад манай хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулаад их мөнгөтэй болох боломж байна гэж хэлээд танилцуулга өгсөн. Багын найз .......... хөрөнгө оруулалтын санг Монголд оруулж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж байсан. Би 2017.11.18-ны өдөр .......... гэх хүн дээр очиж Хөрөнгө оруулалтын санд данс нээлгэж 90 евро буюу 260,100 төгрөг бэлнээр өгсөн. 2017.12.09-ний өдөр 21,870 евро буюу 63,000,000 төгрөг бэлнээр .........., ..........нарт өгч 21,870 еврогийн багцад хамрагдаж хөрөнгө оруулалт хийсэн юм. Мөн өдрөө 100,660 төгрөг, 2017.12.16-ны өдөр 1,148,000 төгрөг, 2018.02.11-ний өдөр 796,500 төгрөг тус тус өгсөн. Ингээд би 5 удаа нийт 65,305,260 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болно. Энэ хөрөнгө оруулалт нь 7 хоног бүр ашгаа өгнө гэсэн. Тэд надад хөрөнгө оруулалтын ашиг гэж .........., ..........нар өөрсдийн данснаас 2018.03.10-ны өдөр 2,500,000 төгрөг, 2018.03.25-ны өдөр 533,700 төгрөг, 2018.03.26-ны өдөр 533,700 төгрөг, 2018.04.02-ны өдөр 2,964,000 төгрөг, 2018.04.09-ний өдөр 5,900,000 төгрөг нийт 12,431,400 төгрөг ашиг гэж надад өгсөн. .........., ..........нар нь өнөөг хүртэл миний хөрөнгө оруулаад үлдсэн 52,873,860 төгрөгийг өгөөгүй намайг хохироосоор байна. Би байр авахаар цуглуулж байсан мөнгөө тэдэнд өгч мөнгөө хурдан өсгөж авна гэж бодоод хөрөнгө оруулсан юм. Би .......... ..........нараас болж маш ихээр хохирч, одоо айлын байр хөлсөлж амьдарч байна. Иймд надаас хөрөнгө оруулалт нэрээр мөнгө авч 7 хоног бүр ашиг өгнө гэж худал хэлж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан үндсэн мөнгө 65,305,260 төгрөгөөс надад өгсөн 12,431,400 төгрөгийг хасаад үлдсэн 52,873,860 төгрөгийг гаргуулан өгнө үү. 2017 онд ..........хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулсан. Улмаар хэд хэдэн удаа сургалтад суугаад ашигтай гэж ойлгоод 63 орчим сая төгрөгийг хариуцагч нарт өгөөд элсэж орсон. Эргээд ороход сайт дээр данс нээгдсэн байна гэсэн. Дараа нь дахиад 2 удаа дахиж хөрөнгө оруулсан. Түүний дараа бэлэн мөнгө авахгүй багцаа өсгөөд яв гэснээр нь явсан. 2018.03 сард мөнгө авъя гэхэд боломжгүй гэсэн. Ингээд 4 сар хүртэл 12 сая орчим төгрөг авсан. Үүнээс хойш элсэлт байхгүй гээд мөнгө өгөөгүй. Үүнээс болоод маргаан үүссэн. Тэгээд 8 сар хүртэл хүлээ гэсэн боловч өгөөгүй. Улмаар 2018.11 сард цагдаад гомдол гаргасан. Асуудал шийдэгдэхгүй удаад байсан тул 2019.10 сард иргэний журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Цагдаад өгсөн гомдлоо хүсэлт өгөөд татаж авсан. Тэр үед хариуцагч нарыг байцаасан. Нийт 12,431,400 төгрөгийг ашиг гэж авсан. Үлдэгдэл 52,873,860 төгрөгийг аваагүй байгаа. Би анх өөртөө байсан бүх мөнгөө өгсөн. Жилийн дотор 3 дахин өсдөг гэж хэлж байсан. Алдах юм байхгүй гэж хэлж байсан. Хурдан байр авна гэж итгээд өгсөн. Үүнээс хойш 2 жил гаран эрхэлсэн ажилгүй байна. Эргэлтийн мөнгөгүй болсон. Мөнгийг өгөхийн тулд машинаа зарах зэргээр бүх хөрөнгөө зарцуулсан. Дэлгүүр ажиллуулж байсан бараагаа хүртэл зарсан. Намайг сайн дураараа элссэн гэж байна. Гэтэл би сайн дураараа биш энэ хүмүүсийн заавраар элссэн. Учир нь надад ирж элсэхийг санал болгосон. Сайн дураараа байсан бол би өөрөө хайж олох байсан. Хариуцагч нар л амласан ба бид компани төлөөлж сууж байна гээд элсүүлсэн. Би сайн дураараа мөнгө өгөөгүй. Данс нь хуурамч байсан. Одоо хаагдсан. Уг дансанд орлого зарлага хийх боломжгүй. Анх элсэхэд энэ талаар хэлээгүй. Анх банкны системтэй холбогдоно гэсэн боловч тэгээгүй. Хариуцагч нар хүн элсүүлээд тэрүүгээр ашиг өгдөг гэдгийг хэлээгүй. Би мөнгөө авъя гэхэд хүн элсүүлээд ав л гэж байсан. Сургалтаар баталгаатай сан мөнгийг чинь компани өсгөөд 7 хоног болгон ашиг өгнө гэсэн. Бид компанийг төлөөлөөд сууж байгаа юм гэсэн. Сургалт гэдэг нь ийм л зүйл байсан. Хариуцагч нар нь цагдаа дээр мөнгө авснаа хэлдэг. Иймд мөнгөө буцааж шаардах эрх үүссэн. Хариуцагч нар нь мөнгийг гадаад улс уруу шилжүүлсэн гэсэн боловч ийм баримт гаргаж өгсөнгүй, татгалзлын үндэслэлээ нотолж чадсангүй. Яриад байгаа сайт нь ямар нэг байдлаар банкны системтэй холбогдоогүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д үндэслэлгүйгээр мөнгө олж авах нь харилцаа үүснэ гэсэн. Иймд үлдэгдэл мөнгийг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэлийг хангаж, мөнгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч .......... шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ..........ын 2019.10.28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай найз ..........нь .......... гэх хүнд Kabo Bepge гэдэг улсын Five winds Asset Management нэртэй хөрөнгө оруулалтын сангийн талаар танилцуулж мэдээлэл өгсөн. .......... гэх хүн над дээр ирж хөрөнгө оруулалтын сангийн талаар мэдээлэл авч өөрөө л санал шийдвэрээ гаргаж тус санд данс нээлгэсэн. 2017.12.09-ний өдөр .......... нь 63,000,000 төгрөгийг авчраад нээлгэсэн дансандаа шилжүүлэх гэсэн юм би энэ компанид 21,870 еврогоор хөрөнгө оруулалт хийж байна гэсэн. Хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг нь ..........ын дэргэд нүдэн дээр нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management нэртэй хөрөнгө оруулалтын санд нээсэн өөрийн дансанд нь шилжүүлсэн. Данс нээх ажлыг ..........нь хариуцаж хийж байсан, дараа нь Г.Чимэдлхам нь би одоо өөрөө хийгээд сурчихсан ойлгосон та надруу ороод байх шаардлагагүй би нууц кодоо солиод өөрөө юм аа хийж байгаа одоо танд хамаагүй болсон гэж хэлсэн. .......... нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management хөрөнгө оруулалтын сангийн компани хаагдсан гээд тухайн хөрөнгө оруулалтын сангийн дансанд шилжүүлсэн мөнгөө бид хоёроос нэхээд байгаа. Бид хоёроос нэхэх ямар ч үндэслэл байхгүй. Тухайн мөнгө төгрөг ашиг орлого нь Kabo Bepge гэдэг улсын Five Winds Asset Management компаниас интернетээр шилжээд ирэхээр нь бид нар ..........д өгдөг байсан. Бид нар энэ мөнгийг аваагүй, хувьдаа авч залилж мэхэлсэн зүйл байхгүй, бид нарын буруу биш. Прокурорын байгууллага хариуцагч нарыг мөнгө авсан нь тогтоогдоогүй, ашиг авсан байна гэдэг. Гэтэл энд өөр зүйл ярьж байна. Прокурорын тогтоолд гомдол гаргаагүй. Энэ нь тогтоолыг зөвшөөрсөн байна. Хөрөнгө оруулалтын хуулиар иргэн хөрөнгө оруулалт авах боломжгүй юм. Хөрөнгө оруулалтын сан нь ашгаас гадна эрсдэл байдаг. Үүнийг хөрөнгө оруулагч өөрөө л хариуцах ёстой. Өөрөө итгэж хөрөнгө оруулалтын санд оруулсан эрсдэлээ өөрөө л хариуцах ёстой. Тийм учраас ..........ын 2019.10.28-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бат-Оюуны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь цуглуулсан мөнгөө оруулаад авч чадахгүй байгаад харамсалтай байна. Хариуцагч ..........нь танилцуулга өгсөн байгаа нь заавал ор гэсэн үг биш. Танилцуулга өгснөөс хойш нэхэмжлэгч өөрөө сургалтад суугаад судлаад сайн дураараа элссэн байна. Иймд үүссэн харилцааг зөв тодорхойлох хэрэгтэй. Энэ нь нэхэмжлэгчид дараагийн удаа асуудлаа шийдвэрлэхэд тустай. Хариуцагч ..........нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөнгийг хүлээж аваагүй, ямар нэг үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэл дээр ..........т өгсөн гэсэн боловч одоо Д.Бат-Оюунд өгсөн гээд байна. Прокурорын тогтоол дээр ..........аваагүй гэсэн. Мөнгө өгсөн гэдгээ баримтаар нотлохгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул Д.Бат-Оюунд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00682 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч .........., ..........нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хувь тэнцүүлэн нийт 52 873 860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422 320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 761 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2020/00682дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч ..........ээс 52 873 860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ..........д олгож, хариуцагч Д.Бат-Оюунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ..........ээс 422 320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чимэдлхамд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 422 320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ..........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, түүний өмгөөлөгч Д.Наран.......... нар хяналтын гомдолдоо: Магадлал нь Иргэний Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. .......... нь ..........аас 65,305,260 төгрөгийг тоолж хүлээн аваагүй бөгөөд энэ талаар шүүхэд гаргасан гэрчүүдийн тайлбараар нотлогддог. ..........ын шүүхэд гаргасан үнийн дүн 52,873,860 төгрөг ба Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2019.11.04-ний өдрийн 2466 дугаар тогтоолд өөр үнийн дүн байдаг. 2. Мөн 2466 дугаар прокурорын тогтоолд ..........ыг өөрийн хүслээр хөрөнгө оруулалтын санд сайн дураараа хөрөнгө оруулан ашиг авсан талаар дурьдсан байдаг. ..........ын авсан 12,431,400 төгрөгийг .......... түүнд өгөөгүй, харин Д.Бат-Оюуны ХААН банкин дах 5003377717 тоот данснаас ..........ын дансанд 5 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн байдаг. 3. ..........ийг “татгалзлалаа нотлоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэрчүүдийн болон ..........ын шүүхэд гаргаж өгсөн баримт тайлбар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 52,873,860 төгрөгийн шаардлагаа нотлоогүй. 4. ..........ын хөрөнгө оруулалтын санд сайн дураар,өөрийн хүслээр үйл ажиллагаанд оролцсон талаар шүүхэд өгсөн түүний тайлбараар нотлогддог. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа болно. 5. Нэхэмжлэгчийн шүүхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж авсан гэж “52,873,860” төгрөгийн шаардлага гаргасан байхад давж заалдах шатны шүүх “65,305,260 төгрөг” гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. 6. .......... нь ..........д хөрөнгө оруулалтын талаар ярьж зөвлөөгүй, данс нээж өгөөгүй, .......... Кабо Верде гэх улсад байх хөрөнгө оруулалтын сангаас ашиг олох зорилгоор мөнгөө сайн дураар шилжүүлэн сургалтанд сууж өөрийн нууц үгээр данс нээлгэн гүйлгээнд оролцож еврогоор арилжаанд оролцохын тулд иргэдээс евро худалдан авч гүйлгээ хийсэн байдаг. Ашиг ч авсан байдаг. Түүний энэхүү сайн дурын үндсэн дээр оролцсон үйл ажиллагааны эрсдэл, алдсан мөнгийг .......... хариуцах үндэслэлгүй. “Хөрөнгө оруулалт” нь үр өгөөж хүртэнэ гэж итгэсний үндсэн дээр тухайн иргэний өөрийнх нь хүслээр мөнгөн хөрөнгөө ашиг авчрах зүйлд зарцуулахыг ойлгох бөгөөд ..........ын үйлдэл нь үүнтэй холбоотой. Тэрээр эрсдлээ өөрөө хариуцах ёстой. Хөрөнгө оруулалт нь заавал амжилттай байх баталгаагүй байдаг. 7. .......... нь эрүүгийн журмаар .........., ..........нарыг шалгуулахаар цагдаад хандсан ба “эрүүгийн хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр өргөдлийг хаасныг зөвшөөрч гомдол гаргалгүй иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт “эрүүгийн хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн материалаас давж заалдах шатны шүүх ..........ийг хариуцах талаар “нотлогдсон” гэж хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч .......... нь хариуцагч .........., ..........нарт холбогдуулан 52,873,860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, “...нэхэмжлэгч өөрөө мөнгөө хөрөнгө оруулалтын санд оруулж, ашгаа авч байсан, мөнгийг  аваагүй...” гэсэн үндэслэлээр маргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...хариуцагч нар гадаадын хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө оруулбал 7 хоног бүр ашиг өгдөг, мөнгө хэд дахин өсдөг гэсэн тул би байр авах гэж байсан 65,305,260 төгрөгөө хариуцагч нарт өгсөн, ...хэд хэдэн удаа сургалтад суугаад ашигтай гэж ойлгоод элсэж орсон, ...ашиг гэж 12,431,400 төгрөгийг өгсөн, 2018.03 сард мөнгөө авъя гэхэд хүн элсүүлээд мөнгөө ав гэдэг..., мөнгөө хариуцагч нарт өгсөн тул үлдэх мөнгөө гаргуулна...” гэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч ..........ээс 52,873,860 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Хариуцагч Д.Бат-Оюунд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй.

Хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, гадаадын санд хөрөнгө оруулах, ашиг авах үйл ажиллагаанд хамтран оролцох тухай талуудын тохиролцоо байх боловч ямар улсын, ямар зориулалттай сан, яагаад мөнгө оруулахаар ашиг өгдөг, ашиг өгөх ямар үндэслэл байдаг, яагаад хүн элсүүлдэг нь тодорхой бус, уг ажиллагаа нь санхүүгийн ямар төрөл, хуульд нийцсэн эсэх нь тогтоогдоогүй байхад хөрөнгө оруулах шийдвэр гаргасан талуудын тохиролцоог ямар нэгэн үүрэг үүсгэсэн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна. Хариуцагч .......... нь үнэн зөв мэдээлэлгүй байж хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулбал мөнгө өсдөг талаар нэхэмжлэгчид мэдээлэл өгсөн, нэхэмжлэгч өөрөө шийдвэр гаргаж, мөнгийг ..........т хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчээс хариуцагч ..........т хөрөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй юм.

.......... нь ..........ын өгсөн мөнгийг гадны хөрөнгө оруулалтын санд шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргасан /хх-11,116/, уг баримтыг хуурамч гэдгийг тогтоосон баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч .......... нь энэ зохицуулалтын дагуу хариуцагч ..........ээс мөнгөө буцаан шаардах эрхтэй боловч үүнээс өөрийн зүгээс бий болгосон эрсдлийг өөрөө хариуцах ёстой байна. Өмчлөгч нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас өмчлөлийн зүйл гэмтсэн, устсаны эрсдлийг хүлээхээс гадна өөрийн үйлдлийн улмаас үүсэх хариуцлагаа ч хүлээдэг.

2017.11.18-2018.02.11-ний хооронд .......... нь ..........аас нийт 64,950,000 төгрөгийг хүлээн авсан нь тогтоогдсон боловч .......... нь хөрөнгө оруулалтын сангийн сургалтад сууж, хөрөнгө оруулах, ашиг авах журмыг мэдэж танилцсан, хөрөнгө оруулах шийдвэрээ өөрөө гаргасан, улмаар ашиг гэж 12,431,400 төгрөгийг авсан үйл баримтаас үзвэл үйл ажиллагаанаас үүссэн эрсдлийн зарим хэсгийг хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэв.

Дээрх хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн шилжүүлсэн 52,873,860 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгч өөрөө хариуцах, тал хувийг буюу 26,436,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэж, магадлалд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 761 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...52 873 860...” гэснийг “...26,436,930...” гэж, “...нэхэмжлэлийн шаардлагыг гэсний дараа болон үлдэх 26,436,930 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус” гэж, “...422 320...” гэснийг “...290,134...” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 422,320 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.БАНЗРАГЧ

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                            П.ЗОЛЗАЯА

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД