| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0007/э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2017-01-11 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Б.Уранчимэг, шүүгдэгч Н.Алтаншагай, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, хохирогч Н.Тулга, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Норовцэмбэлийн Алтаншагайд холбогдох эрүүгийн 201625032025 дугаартай, 186/2017/0007/э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Хос шагай” салонд үсчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, 11-83 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Монгол овогт Норовцэмбэлийн Алтаншагай /РД:ШЕ84051093/,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Алтаншагай нь 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фейс” баарны ойролцоо иргэн Н.Тулгыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүнийг зодож биед нь эрүү ясны ооч болон зүүн булангийн зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүү, зүүн хацарын зөөлөн эдийн няцрал, буйлны цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Н.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвдагва арслангийн цолны найранд уригдаж очсон. Ингээд тэнд байсан хүмүүст намайг үсчин хийдэг 2015 онд дэлхийн аваргаас медаль авсан, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон гэж танилцуулсан. Тэгээд би арсланд бэлгээ өгөөд суухад хэдэн залуучуудтай танилцсан. Хохирогч Тулга намайг чи үсчин хийдэг юм уу гэхэд тийм гэсэн. Тэгээд тэндээсээ гараад Батсуурь арслан бүгдээрээ 1 газарт орж сууя гэхээр нь Фэйс нэртэй бааранд орцгоосон. Тухайн үед 20 гаруй залуучууд байж байсан. Батсуурь арслан дахиад бүгдийг нь танилцуулаад байж байхад хохирогч Тулга намайг чиний үсчин хийдэг гэж юу байдаг юм, монголд ер нь дэлхийн тэмцээнд медаль авсан үсчин байдаг юм уу, хамгийн мундаг нь Матрекс салоны үсчид байдаг, чи тэд нарыг барах уу гээд байхаар нь би тухайн үед дуугүй л байсан. Дуучин Болд хажуу талаас хохирогчийг чи болиоч, хүн болгонтой маргалдаад байх юм гэсэн. Тэгээд би хуучин ажлынхаа хүмүүстэй тааралдаад буцаад орох гэхэд баарны үүдэнд хамгаалагчтай муудаад зогсож байсан. Тэгээд би хажуугаар нь орох гэхэд дахиад намайг хэл амаар доромжлоод байхаар нь би тэсэлгүй 1 удаа эрүүн тус газар нь цохиод авсан, би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм алдаа зөрчил гаргахгүй гэв.
1.2. Хохирогч Н.Тулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвдагва арслангийн найран дээр очсон. Би тухайн үед Алтаншагайтай танилцсан зүйл байхгүй. Тэгээд найз нартайгаа яриад бааранд оръё гээд орсон, тэнд мөн Алтаншагайтай маргалдсан зүйл байхгүй. Харин үсчин хийх гоё юм байна гэж хэлж байсан. Харин Алтаншагай бусад нь суганы үс гэх мэтээр хэлж байсан. Намайг хамгаалагчтай ярьж байхад Алтаншагай цохьсон. Хамгаалагч нь Алтаншагайгийн багын найз нь байсан. Тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд намайг хэвт гэсэн. Дараа нь шүүх эмнэлэг дээр гэмтлийн зэрэг тодорхойлуулсан гэв.
Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Тулгын:..Би 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр найз Пүрэвдагвын найран дээр очсон. Ингээд уг найр шөнө 12 цагийн орчимд өндөрлөсөн. Тэгээд бүгд л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир такси бариад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фейс баар орохоор болсон, тэгтэл намайг зодсон, Шагай нь дуучин Болдтой хамт явж таараад бид нартай нийлээд Фейс бааранд очихоор явсан. Ингээд фейс бааранд ороод вип өрөөнд орж суугаад Алтаншагай болон Болд нартай танилцсан. Алтаншагай нь үсчин мэргэжилтэй дэлхийн аваргын медальтай сайн залуу гэж танилцуулж байсан. Ингээд би гадаа гарч тамхи татсан тэгэхдээ яг хэн хэнтэй хамт тамхи татсан болохоо санахгүй байна ингээд тамхиа татаж дуусгачихаад эргээд бааранд орох гэтэл баарны хамгаалагч нь намайг оруулахгүй таксаа үзүүл гээд байсан. Тухайн үед би дээгүүрээ куртик өмсөөгүй дотор сууж байна гэж хэлэхэд оруулахгүй намайг чи юу яриад байгаа юм бэ ахын дүү гэхээр нь би зөрүүлээд юу гэнээ хоёулаа гараад уулзья гэж хамгаалагч залууд хэлсэн. Тэгээд баарны гадна талд тэр залуутай юм ярьж байхад Алтаншагай нь хажуу талаас чи муу юу гээд байна вэ гэж хэлчихээд шууд миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний эрүү сонин болоод юм ярьж чадахгүй байсан тэгээд шууд бие засах өрөө орчихоод гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхээр болоод Ука бид хоёр эмнэлэг орсон. Би тухайн үед миний эрүү мултарчихаад эвгүй болчихлоо л гэж бодоод эмнэлэг орчихоод буцаад ирье гэж бодоод явсан гэтэл эмнэлэгт үзүүлэхэд миний эрүү хугарсан гэмтэлтэй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон гэх мэдүүлэг. /хх 10-11/,
2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Энхбатын:....2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвдагва арслангийн цолны найр болоод Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Корфрайт нэртэй рестаронд Тулга болон найзуудын хамт байж байгаад орой 12 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Фейс бааранд бөөнөөрөө орсон юм. Тухайн үед би машинаа жолоодож байсан тул архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ингээд фейс бааранд ороод бол согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн. Тэгээд Тулга бид хоёр баарнаас гарч тамхи татсан тэгтэл Тулга нь баарны хамгаалагч залуу болон тухайн найран дээр танилцсан үсчин хийдэг Алтаншагай гэх залуутай уулзаад фейс баарны үүднээс холдоод алхаад явсан тэр хооронд би тамхи худалдаж авчихаад зогсож байсан. Ингээд гэнэт хартал Тулга нь доошоо хараад нүүрээ бариад байсан тэр Алтаншагай гэх залуутай л маргалдсан юм шиг байна лээ. Тухайн үед Тулга бас хамгаалагч залуутай маргалдаад л байх шиг харагдаж байсан ямар учраас юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Алтаншагай нь Тулгыг цохьсон бололтой хоорондоо ам зөрж байсан тэгээд бааран дотор ороход Тулга нь миний эрүү сонин болчихлоо гээд эрүүгээ бариад байсан. Тэгэхээр нь Ука буюу Түвшинтөгс нь эрүүл байсан тул Тулгааг аваад эмнэлэг орчихоод ир гэж хэлээд тэр хоёрыг гаргаж таксинд суулгуулаад явуулсан юм. Эргээд Тулгатай утсаар холбогдоход миний эрүү хугарчихсан байна эмнэлэг дээр байна гэж байсан... гэх мэдүүлэг. /хх 14-15/,
2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Гэрэлбадрахын...2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Фейс бааранд хамгаалагчаар ажиллаж байсан юм. Ингээд ажиллаж байхад шөнийн 02 цагийн орчимд манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс маргаан үүсгээд байхаар нь маргаан зодоон хийж болохгүй гээд үүд хэсэгт гаргасан тэгэхэд чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү гээд миний хүзүүнээс базаад байсан, тэгснээ надтай зодоон хийнэ гээд маргаан хийгээд байсан. Тухайн өдөр манай найз Алтаншагай уг бааранд үйлчлүүлж байсан. Тэр үед найз Алтаншагай гадна байж таарсан тэр үед би дотор дахин маргаан болоод байна гэсний дагуу дотогш орчихоод гараад ирэхэд Алтаншагай руу зодуулсан гэх залуу толгойгоороо тулаад зогсож байсан гэтэл Алтаншагай нь тэр залууг цохиод авсан. Ингээд маргаан ч больсон Алтаншагайд цохиулсан залуу гэмтлийн эмнэлэг рүү явчихсан юм. Би хохирогч Тулга гэх залууг танихгүй тэр өдөр анх удаа л харсан. Харин Алтаншагайг таньдаг бөгөөд найз нөхдийн холбоотой Алтаншагайгаар үсээ засуулдаг юм. Алтаншагай нь зан байдлын хувьд төлөв даруу, нийтэч, найрсаг залуу байгаа гэх мэдүүлэг./хх 16-17/,
2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Отгонхүүгийн...Батсуурь арслан бид нарыг хооронд нь танилцуулсан, тэр үед Тулга гэх залуу маяглаад бид нарыг доош нь хийгээд байсан, ингээд Алтаншагайг үсчин хийдэг талаар хэлж танилцуулахад Тулга нь Алтаншагайг чи материксийн тэрийг таних уу, мэдэх үү, барах уу гээд л ам зөрөх гээд байсан, тэр Тулга гэх залуу хүн болгонтой л ам зөрөх гээд сонин зан гаргаад байсан, тэгтэл Алтаншагайгийн утас нь дуугараад гараад явахаар нь би тэнд танихгүй хүмүүстэй сууж байгаад караокеноос гараад машинаас утасны цэнэглэгч авах гэж байхад Алтаншагай үүдэн дээр хүнтэй утсаар яриад зогсож байсан. Тэгтэл Тулга гэх залуу нь нэг залуутай юм ярьж байснаа Шагай дээр очоод бас л юм яриад л зогсоод байсан, тэр хоёр яг юу ярьж байсан талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад тэр Тулга гэх залуу Шагайг толгойгоорооо тулаад зогсоод байсан, тэгэхээр нь би гайгүй байлгүй гэж бодоод дотогш орчихсон юм. Тэгээд байж байтал удалгүй шагай гаднаас ганцаараа орж ирэхэд Тулга нь чи намайг цохьлоо гээд эрүү амаа бариад ороод ирсэн... тэгээд түүнээс хойш өөр маргаан болоогүй гэх мэдүүлэг / хх 18-19/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13993 тоот актын:
1. Н.Тулгын биед эрүү ясны ооч болон зүүн булангийн зөрүүтэй хоёрлосон хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, буйлны цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. Ахлах шинжээч эмч Т.Амартүвшин гэсэн дүгнэлт. /хх-21/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх болон бусад нотлох баримтууд:
3.1. Н.Алтаншагайг сэжигтнээр тооцсон, яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд / хх 28-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/, Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх 36-37/, эмчилгээний баримтууд /хх 42-69/, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тодорхойлолт /хх 74-78/, Н.Алтаншагайн авч байсан шагналууд болон хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Н.Алтаншагай нь 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фейс” баарны ойролцоо иргэн Н.Тулгыг хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар түүнийг зодож биед нь эрүү ясны ооч болон зүүн булангийн зөрүүтэй хоёрлосон хугарал, эрүү, зүүн хацарын зөөлөн эдийн няцрал, буйлны цус хуралт, хагалгааны дараах байдал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Тулгын.... Ингээд би гадаа гарч тамхи татсан тэгэхдээ яг хэн хэнтэй хамт тамхи татсан болохоо санахгүй байна ингээд тамхиа татаж дуусгачихаад эргээд бааранд орох гэтэл баарны хамгаалагч нь намайг оруулахгүй таксаа үзүүл гээд байсан. Тухайн үед би дээгүүрээ куртик өмсөөгүй дотор сууж байна гэж хэлэхэд оруулахгүй намайг чи юу яриад байгаа юм бэ ахын дүү гэхээр нь би зөрүүлээд юу гэнээ хоёулаа гараад уулзья гэж хамгаалагч залууд хэлсэн. Тэгээд баарны гадна талд тэр залуутай юм ярьж байхад Алтаншагай нь хажуу талаас чи муу юу гээд байна вэ гэж хэлчихээд шууд миний нүүрэнд гараараа нэг удаа цохиод авсан. Тухайн үед миний эрүү сонин болоод юм ярьж чадахгүй байсан тэгээд шууд бие засах өрөө орчихоод гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхээр болоод Ука бид хоёр эмнэлэг орсон...гэх мэдүүлэг / хх 10-11/, гэрч Б.Баасанхүүгийн...би Алтаншагай, Тулга гэх хүмүүсийг сайн танихгүй гэхдээ тухайн өдөр манай баарны YIР өрөөнд орж үйлчлүүлж байх шиг санагдаж байсан. Бие засах өрөөнд тэдгээр хүмүүс хоорондоо маргалдсан одоо бодоход Алтаншагай, Тулга хоёр л маргалдсан юм шиг байгаа юм. Тэгээд намайг бие засах өрөөнд ороход маргаан зогсчихсон байсан. өөр надад харсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-12/, гэрч Б.Энхбатын... тэгээд Тулга бид хоёр баарнаас гарч тамхи татсан тэгтэл Тулга нь баарны хамгаалагч залуу болон тухайн найран дээр танилцсан үсчин хийдэг Алтаншагай гэх залуутай уулзаад фейс баарны үүднээс холдоод алхаад явсан тэр хооронд би тамхи худалдаж авчихаад зогсож байсан. Ингээд гэнэт хартал Тулга нь доошоо хараад нүүрээ бариад байсан тэр Алтаншагай гэх залуутай л маргалдсан юм шиг байна лээ. Тухайн үед Тулга бас хамгаалагч залуутай маргалдаад л байх шиг харагдаж байсан ямар учраас юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Алтаншагай нь Тулгыг цохьсон бололтой хоорондоо ам зөрж байсан тэгээд бааран дотор ороход Тулга нь миний эрүү сонин болчихлоо гээд эрүүгээ бариад байсан...гэх мэдүүлэг/ хх 14-15/, гэрч Л.Гэрэлбадрахын...шөнийн 02 цагийн орчимд манай бааранд үйлчлүүлж байсан хүмүүс маргаан үүсгээд байхаар нь маргаан зодоон хийж болохгүй гээд үүд хэсэгт гаргасан тэгэхэд чи намайг хэний хүүхэд гэдгийг мэдэх үү гээд миний хүзүүнээс базаад байсан, тэгснээ надтай зодоон хийнэ гээд маргаан хийгээд байсан. Тухайн өдөр манай найз Алтаншагай уг бааранд үйлчлүүлж байсан. Тэр үед найз Алтаншагай гадна байж таарсан тэр үед би дотор дахин маргаан болоод байна гэсний дагуу дотогш орчихоод гараад ирэхэд Алтаншагай руу зодуулсан гэх залуу толгойгоороо тулаад зогсож байсан гэтэл Алтаншагай нь тэр залууг цохиод авсан. Ингээд маргаан ч больсон Алтаншагайд цохиулсан залуу гэмтлийн эмнэлэг рүү явчихсан юм....гэх мэдүүлэг / хх 16-17/, гэрч Ц.Отгонхүүгийн... Батсуурь арслан бид нарыг хооронд нь танилцуулсан, тэр үед Тулга гэх залуу маяглаад бид нарыг доош нь хийгээд байсан, ингээд Алтаншагайг үсчин хийдэг талаар хэлж танилцуулахад Тулга нь Алтаншагайг чи материксийн тэрийг таних уу, мэдэх үү, барах уу гээд л ам зөрөх гээд байсан, тэр Тулга гэх залуу хүн болгонтой л ам зөрөх гээд сонин зан гаргаад байсан, тэгтэл Алтаншагайгийн утас нь дуугараад гараад явахаар нь би тэнд танихгүй хүмүүстэй сууж байгаад караокеноос гараад машинаас утасны цэнэглэгч авах гэж байхад Алтаншагай үүдэн дээр хүнтэй утсаар яриад зогсож байсан. Тэгтэл Тулга гэх залуу нь нэг залуутай юм ярьж байснаа Шагай дээр очоод бас л юм яриад л зогсоод байсан, тэр хоёр яг юу ярьж байсан талаар мэдэхгүй байна. Намайг харж байхад тэр Тулга гэх залуу Шагайг толгойгоорооо тулаад зогсоод байсан, тэгэхээр нь би гайгүй байлгүй гэж бодоод дотогш орчихсон юм. Тэгээд байж байтал удалгүй шагай гаднаас ганцаараа орж ирэхэд Тулга нь чи намайг цохьлоо гээд эрүү амаа бариад ороод ирсэн... тэгээд түүнээс хойш өөр маргаан болоогүй гэх мэдүүлэг / хх 18-19/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13993 тоот акт, шүүгдэгч Н.Алтаншагайн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.
Шүүгдэгч Н.Алтаншагай нь хэргийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Алтаншагайд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Алтаншагайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлээс хохирогч Н.Тулга нь өөрийн биед учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болох 3.143.089 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч үүнээс өмгөөлөгчийн төлбөр, шүүхэд гаргаж өгсөн баримтаас 450.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүх шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлгүй гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 3.100.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Харин хохирогч нь “Басхүү имплант” шүдний эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1117/1699 дугаар тодорхойлолтод бичигдсэн шүдний эмчилгээний төлбөр болох 12.950.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч нь 12.950.000 төгрөгийн эмчилгээг хийлгээгүй, хийгдэх шаардлагатай талаар эмнэлгийн тодорхойлолтыг авчирсныг шүүх гаргах боломжгүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Норовцэмбэлийн Алтаншагайг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтаншагайг 300 /гурван зуун/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Алтаншагай нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 цагийг ажлын нэг хоногт тооцон баривчлах ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Н.Тулга нь цаашид эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг хуулийн дагуу нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Алтаншагайд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ