| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2024/0073/з |
| Дугаар | 221/МА2025/0308 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2025/0308
И.Нын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Х.Б
Нэхэмжлэгч:И.Н
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн И.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 110/2024/0073/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэжмлэгч И.Ноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн И.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2025/0024 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан И.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн И.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Х.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчийн гаргасан “тухайн газартаа 2020 онд хашаа барьж, 2021, 2023 онд тус тус мод тарьж зөөвөрлөж усалгаа хийж байсан боловч ургаагүй тул гүний худаг гаргах шаардлагатай болсон ба худаг гаргуулахаар гэрээ байгуулсан уг газар дэд бүтэц цахилгаан байхгүй тул хувийн хөрөнгөөр подстанц барьсан хүнтэй цахилгаан шугам татахаар тохиролцсон, мөн короновируст цар тахалын улмаас улс даяар хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлын улмаас хоёр жилийн хугацаанд ойжуулалт хийж чадаагүй” гэх тайлбараас авч үзэхэд нэхэмжлэгч нь эзэмшлийн газраа 2 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй болох нь бүрэн тогтоогдож байна.
3.2. Мөн Улсын Дээд Шүүхийн захиргааны хэргийн танхимаас 2006 онд гаргасан зөвлөмжийн 5 дахь заалтын холбогдох хэсэгт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй, харин гэрээ хийгдсэн өдрөөс хойш 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болоогүй байхыг ойлгохоор тайлбарласан. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй хэмээн тайлбарласан байна.
3.3. Газрыг хашаалсан, ухсан нүх 76 ш байгаагаас 20 гаруйд нь тарьсан мод байсан нь ургаагүй байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгож шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Хэрэв нэхэмжлэгч нь эзэмшиж байсан 5 жилийн хугацаанд зориулалтын дагуу ашиглаж байсан бол байгальд ээлтэй ногоон төгөл бий болох байлаа гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар Зарлигтай холбогдуулан тайлбарлах нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн ойжуулалтын зориулалт бүхий газарт 5 жилийн хугацаанд мод ургаагүй явдал нь тогтоогдсон байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй.
Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь дүгнэж үнэлээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэрлэсэн явдалд гомдолтой байгаа бөгөөд шийдвэр нь хууль зүйн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул Баян- Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэжмлэгч И.Ноос Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамжийн И.Нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
2.1. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “…Өлгий сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар захирамжаар 2 га газрыг таримал ойн зориулалтаар авсан, 2020 оны зун 600 м бүхий хашаа татсан, 2021 оны хавар Байгаль орчны газраас 50-60 ширхэг мод, 2023 онд мод худалдан авч тарьсан, тухайн газарт дэд бүтэц байхгүй тул 2 жилийн хугацаанд саваар ус зөөж усалдаг байсан боловч ургаагүй, “Гау-Нур” ХХК-тай гэрээ байгуулж гүний худаг гаргуулахаар тохиролцож, эрчим хүчээ хөрш хашааны подстанцаас авахаар болсон, ажлын хэсгийн тайлан гарахаас өмнө Засаг даргын захирамж гарсан байсан, ажлын хэсгийн зүгээс надад мэдэгдээгүй, уулзаагүй, газартай холбоотой нөхцөл байдлыг дутуу тогтоож, тайлбар авч сонсох ажиллагаа хийлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж тайлбарлана.
2.2. Хариуцагчаас “... Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ойжуулах, таримал ой, мод үржүүлэх зориулалт бүхий газруудад нэг бүрчлэн газар дээр нь очиж зурагжуулж ажилласан ба ойжуулалтгүй, мод таригдаагүй газрын эздэд утсаар мэдэгдэж, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар тайлбарлаж сонсох ажиллагаа хийсэн, И.Н нь газартаа зөвхөн багана босгосон, хашаа татагдаагүй, худаг гаргаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй байсан тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгосон” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан.
3. Маргааны үйл баримтын хувьд;
3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/110 дугаар захирамжаар тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 8312017043 нэгж талбарын дугаартай 20000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Х-ийн Б-ы ойжуулах зориулалттай газар эзэмших эрхийг И-ын Н-д зориулалтаар нь 26 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлж, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 000031726 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.
3.2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 02-15/04/050/33 дугаар албан шаардлагаар ... газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэрчилгээнүүдийг хүчингүй болгох шаардлагыг Өлгий сумын Засаг даргад хүргүүлжээ.
3.3. Улмаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь улсын байцаагчийн дээрх шаардлагын дагуу ойжуулах, таримал ой, мод үржүүлэх зориулалтаар олгогдсон газруудыг зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн газартай танилцаж, газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох иргэн, аж ахуй нэгжийн судалгааг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж, хэрэгжүүлсэн ажлын талаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичгээр тайлан гаргажээ.
3.3. Улсын байцаагчийн албан шаардлага, ажлын хэсгээс явуулсан үйл ажиллагааны хүрээнд маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/246 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрх олгогдсон газраа хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр 32 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчид олгосон уг газар багтжээ.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч нь газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй бол түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай ба (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
5. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
6. Маргаан бүхий актад тодорхойлсон зөрчил нэхэмжлэгчийн хувьд тогтоогдсонгүй. И.Н нь тухайн газарт хашаа барьсан бөгөөд 2021, 2023 онд 50-70 ширхэг бургас, улиас тарьсан, гүний худаг гаргуулахаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан зэрэг нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Тухайлбал:
6.1. Гэрч К.Б-ын “... И.Нын эзэмшлийн 10 дугаар багт байрлах газар очсон ба очиход модон шонгуудтай, торон хашаатай байсан. Бид хоёр тухайн үед мод тарих нүх ухаад 40-50 ширхэг мод тарьсан нь үнэн болно” гэх мэдүүлэг, гэрч А.Е-ийн “... 2023 оны хаврын тариалалтын үеэр иргэн И.Н нь манай компаниас 225.000 төгрөгийн мод худалдаж авсан, 70 гаруй ширхэг улиас, бургас мод байсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Н-ын “... гэрээ байгуулсан нь үнэн...гэрээ ёсоор 26.250.000 төгрөгөөр гүний худаг гаргахаар тохиролцсон. Гэрээ хийх үед уг үнийн дүнгийн 50 хувийг бэлнээр... И.Н болон түүний ээж нь хамт байхад очиж авсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Е-ы “... 2020 онд И.Н нь тухайн газар дээр модон шонд бэхэлж өргөстэй модон, торон хашаа татсан ... 2021-2022 оны үед тухайн хашаандаа 200 гаруй мод тарьсан ... машинаар ус зөөж, тухайн моднуудаа усалдаг байсан, гэхдээ моднууд нь сайн ургаагүй” гэх мэдүүлэг болон “Г-Н” ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдөр №6 тоот ажил гүйцэтгэх гэрээ зэргээс үзэхэд, түүнийг “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж буруутгах үндэслэлгүй.
6.2. Мөн маргаан бүхий газарт 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлд “... уг газрыг хашаалсан байх ба хашаалсан талбайн баруун талын урт 207.5 м, зүүн талын урт нь 210.4 м, хойд талын өргөн нь 102 м, урд талын өргөн нь 101 м, нийт талбайн хэмжээ 21190 м.кв байна. Хашаа нь ертөнцийн зүгээр зүүн талаас орох, гарах төмрөөр хүрээлсэн торон хаалгатай, хашаалсан талбайн ертөнцийн зүгээр зүүн тал буюу хаалга байрлаж байгаа талд ухсан нүх байх ба хаалганаас урд зүг руу чиглэсэн хэсэгт 30 нүх байгаагаас 17-д нь суулгасан мод харагдаж байна. Хаалганаас хойд зүг рүү чиглэсэн хэсэгт 36 нүх байгаагаас 3-д нь суулгасан мод харагдаж байна” гэж тусгасан тэмдэглэл, түүнд хавсаргасан схем болон фото зургаас үзэхэд И.Нын хувьд олгосон газрыг зориулалтын дагуу ашиглахад чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэхээр байна.
7. Өөрөөр хэлбэл, дээрх маргаан үйл баримтын талаар анхан шатны шүүхийн “... газар эзэмших гэрээний биелэлтийг жил бүр дүгнээгүй атлаа газрыг 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл бүрдсэн гэж захиргааны байгууллага буруу дүгнэсэн, захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүйн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэх дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
8. Захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэгчид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хүрээнд, сумын Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг газар дээрх нөхцөл байдлыг шалгасан гэх боловч “хашааны шон татсан, ойжуулалт хийгдээгүй хоосон” гэх тайлбар бүхий фото зургаас өөр баримт бүрдүүлээгүй, сонсох ажиллагааны явцад И.Нын гаргасан “хашаа хамгаалалт хийж, 2 жил модоо усалсан, гүний худаг гаргуулахаар тохиролцсон” гэх тайлбарт дурдсан нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй учраас нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй гэж үзэхээр байна.
9. Уг ажлын хэсгийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тайланд “... газарт хашаа татаагүй, ойжуулах мод үржүүлэх ажиллагааг эхлүүлээгүй болон хашаа татаж ойжуулах ажиллагааг эхлүүлж худаг гаргасан газруудыг зурагжуулж судалгаа гаргасан, ... Засаг даргад танилцуулж, газар эзэмшигч нарт мэдэгдэв” гэж дурдсан боловч нэхэмжлэгчийн хувьд газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдгийг захиргааны байгууллага баримтаар нотолж тогтоосонгүй.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/246 дугаар захирамж нь уг ажлын хэсгийн тайланг үйлдэхээс өмнө гарсан бөгөөд хариуцагч татгалзлын үндэслэлээ “... зориулалтын дагуу ашиглаж мод тарьсан бол ногоон төгөл бий болох байсан, мод ургаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар нотлогдсон” гэж тайлбарлаж, давж заалдах гомдолдоо дурдаж байгааг хүлээж авах үндэслэлгүй.
10. Түүнчлэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах талаар Улсын дээд шүүхээс хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоосон.
11. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 110/ШШ2025/0024 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Х.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ