Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2022/0002

 

Хэргийн оролцогч нарын эвлэрлийг баталж, 
 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн С.Н-гийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ...нэхэмжлэгч С.Н хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э бид хоорондоо харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. С.Н миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа “Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “С.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 2 сарын цалин 1.632.686 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор гаргуулахаар харилцан тохирлоо. Энэ эвлэрлийн гэрээг бид ямар нэгэн дарамт шахалтгүйгээр сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд энэ нь бидний хэн альний эрх ашгийг зөрчихгүй гэж үзсэн гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн С.Н-гаас Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “С.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хариуцагч Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 929 дүгээр албан бичгээр Г.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 27, 28 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна. 
Уг хэргийн маргаан бүхий Б/70 дугаар тушаалын тухайд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн 42.1.8 дахь хэсэг, 43 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 242 дугаар тогтоолын 4 дэх заалтыг тус тус үндэслэн Захиргаа, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Н-г 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар эвлэрч, 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Тодруулбал, “ ... С.Н миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа “Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “С.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 2 сарын цалин 1.632.686 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор гаргуулахаар харилцан тохирлоо ...” гэх нөхцөлөөр хэргийн оролцогч нар эвлэрсэн байна. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...” 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Н, хариуцагч Архангай  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-тай “ ... С.Н миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа “Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “С.Н-г ажлаас чөлөөлөх тухай” Б/70 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 2 сарын цалин 1.632.686 төгрөгийг 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор гаргуулах ...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА