Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00312

 

2019 оны 06 сарын 19 өдөр

          Дугаар 153/ШШ2019/00312

                    Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум 10-р баг, Тахилтын 9 дүгээр гудамж 10 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Боржигон овогт Г-ийн Бгийн хүсэлттэй садан төрлийн холбоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Г.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

            Прокурор А.Анхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Г.Б нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Гомбосүрэнгийн Б нь 1946 оны 01 сарын 14-нд Ховд аймгийн Цэцэг сумын Хөндлөн гэх газарт Сэрээтэрийн Гомбосүрэнгийн 2 дахь охин болж төрсөн. 73 настай. Нөхөр, охин, зээгийн хамт нь амьдарч байна. Аав ээжээс ах дүү хоёулаа байсан. Том ах Г.Дорж 1960-аад оны үед нас барсан. Ээж В.Нохойхүү 1970-аад оны үед нас барсан. Миний бие багадаа сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. Одоо өндөр настай тэтгэвэрт байдаг. Миний аав С.Гомбосүрэн нь 1954 онд улс төрийн хэргээр баривчлагдан, Ховд аймгийн шүүхийн 1954 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйлээр 6 жил хорих ялаар шийтгүүлэн, гэртэй эргэж ирээгүй, хаана, хэдэн онд нас барсан талаар архивын баримт бичигт олдоогүй. Миний аав С.Гомбосүрэнгийн хэргийг Дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр магадлалаар цагаатгасан юм. Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн Сэрээтэрийн Гомбосүрэн нь миний төрсөн аав юм. Иймд ТЕГ-ын тусгай архивын лавлагаа, Дээд шүүхийн магадлал, Үндэсний төв архивын лавлагаа, Ховд аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн лавлагаа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын үндэсний өдөр тутмын Зууны мэдээ сонинд 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 43, 44 дугаарт хэвлэгдсэн нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн охин Б мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Анхбаяр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг дэмжиж байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн охин Б мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Баярмаа нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн охин Б мөн болох нь

            - Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 05/6214 дугаартай архивын лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас гаргасан1993 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7-9 хуудас/

- Ховд аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 452 дугаартай “Лавлагаа хүргүүлэх тухай” албан бичиг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Зууны мэдээ үндэсний өдөр тутмын сонин хуулбар /хх-ийн 11-12 хуудас/

- Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 03-10/6200 дугаартай архивын лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Ховд аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/372 дугаартай албан бичиг

- Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-1/2063 дугаартай албан бичиг

- -Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-1/2064 дугаартай албан бичиг

- Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-1/2065 дугаартай албан бичиг

- Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 03-1/2066 дугаартай албан бичиг

-Гэрч Ч.Сэсээрийн “...Ховд аймгийн Цэцэг сумын нутаг “Ангиртын гол”, ”Бага даваа” гэдэг нутгаар Бгийн эцэг, эхтэй манайх айл саахалт олон жил явсан. Бгийн аавынх нь нэрийг Гомбосүрэн, ээжийнх нь нэрийг Нохойхүү гэдэг байсан. Нохойхүүг манай нутгийнхан Жужаа гэж авгайлдаг байсан. Гомбосүрэн гуайнхтай айл саахалт байх үед би бага байсан Гомбосүрэн нь лам хүн байсан өвдөж хавдсан үед манай аав, ээж бид нарыг очиж үзүүлдэг байсан. Бгийн аав нь Ховд аймгийн Цэцэг сумын хийдэд суудаг лам байсан. Улс төрийн хилс хэрэгт баригдаад явсан гэж манай нутгийнхан ярьж байсан. Суллагдаж ирсэн гэж сонсоогүй...” гэх гэрчийн мэдүүлэг,

            - Гэрч С.Очирын “... Г.Баярмаагийн аав Гомбосүрэн гуайнхтай Ховд аймгийн Цэцэг сумын нутаг “Ангиртын гол” гэдэг газарт зундаа, ”Хайрагт” гэдэг газарт өвөлдөө манайх айл саахалт явсан. Бгийн аавынх нь нэрийг Гомбосүрэн, ээжийнх нь нэрийг сайн санахгүй байна манай нутгийнхан Жужаа гэж авгайлдаг байсан. Жужаа 1970-аад оны үед нас барсан. Гомбосүрэн нь Ховд аймгийн Цэцэг сумын Могой голын хүрээнд мяндаг цолтой лам хүн байсан гэж ярьж байсан. Би тухайн үед бага байсан болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Бгийн аав Гомбосүрэнг ногоон малгайтануудад баригдаад явсан гэж манай нутгийнхан ярьж байсан. Миний хувьд баригдаад явсныг нь хараагүй. Хэлмэгдээд сүүлд нь цагаадсан гэж сонссон. Манай нутагт Гомбосүрэнгийн талаар мэдэх өндөр настангуудаас манай эмгэн бид хоёр л байна даа. Сайн мэдэх хүмүүс нь бүгд бурхан болж дээ. Гомбосүрэнгийн ах нь бас лам хүн байсан гэсэн. Гомбосүрэн нь тийм ч том цол хэргэмтэй хүн байгаагүй...” гэх гэрчийн мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Хүсэлт гаргагч Г.Баярмаа нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн охин Б мөн болох тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д заасныг баримтлан Боржигон  овогт Гомбосүрэнгийн Б /РД:... нь хэлмэгдэгч Сэрээтэрийн Гомбосүрэнгийн охин Б мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ