Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б** овогт Б.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001123 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Б.Э нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ний өдөр Х** аймаг М** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, **4 дүгээр дамжааны оюутан гэх, ам бүл *, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Чингис Хааны Хүрээ амралтын газарт А.А-тэй согтуугаар маргалдан, түүнийг хавирч унагаад нүүрэн тус газарт цохиж хамар ясны хугарал, дух, хацар, хүзүү, даланд цус хуралт, зовхи, дух, шанаа, тохой хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Чингис хааны хүрээ амралтын газарт зуны амралтаараа тогооч хийдэг байсан. М, О бид гурав амралтын гэрт амарч байсан. М, О 2 пиво уусан. Би унтаж байгаад сэрэхэд танихгүй залуу ирсэн байсан. Намайг унтуулахгүй байхаар нь би унтмаар байна гэж хэлсэн. М такси дуудаад явуулъя гэхээр нь би таксинд суулгах гээд хамт гарахад надтай муудалцсан. 4-5 минутын дараа М гарч ирээд салгасан. М таксинд суулгая гэхэд түүнтэй хамт явахгүй гээд найз О-той такси руу явсан. А намайг заамдаж 1 удаа алгадсан, би зөрүүлээд алгадсан. Над руу дахиад дайрахаар нь би цохисон. М гарч ирээд салгасан, О, А-ийг аваад явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна гэв.

Эрүүгийн 2210000001123 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03:55:47 цагт “Би найзыгаа авах гээд ирсэн юм, тэгсэн хүмүүстэй нийлээд намайг зодчихлоо.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

2.Хохирогч А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 6, 85 дугаар хуудас),

3.Гэрч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Чингисийн хүрээ амралтын газарт цагийн ажил хийхээр 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 17 цагийн үед очсон юм. Орой 21 цагийн үед өмнө хамт цагийн ажил хийж байсан М, Э гэх хоёр залуу ажил хийхээр ирсэн. Ажилчдын амралтын байр засвартай байсан учир амрагчдын гэрт амарсан, ингээд М бид хоёр Нийслэл нэртэй 2,5 литрийн 3 сав пиво хувааж уусан, Э 1 сав пиво хувааж уучхаад унтахаар орон дээр хэвтэж байсан М бид хоёр пиво хувааж ууж байхад миний найз А.А над руу залгаад хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би Чингисийн хүрээ амралтын газарт ажиллахаар ирчихсэн байна, найзтайгаа пиво хувааж ууж байна гэж хэлсэн чинь А би очиж болох юм уу гэж асуухаар нь би тэгээ гэж хэлсэн тэгээд А.А 24 ширхэгтэй лаазтай пиво барьчихсан таксигаар хүрээд ирсэн. Би А.А-д хандаж танихгүй хүмүүс байгаа шүү хэл амаа бодож яриарай чи жоохон агсам зантай шүү гэж хэлсэн тэгээд гэрт орж А-гийн авчирсан пивоноос М, А.А бид гурав хувааж ууж байсан тэгэхэд А агсам согтуу тавих аястай болж яриа нь М бил хоёртой нийлэхээ байж томорч эхэлсэн тэгэхэд М такси дуудсан тэр үед Э босож ирээд А.А-ийг дагуулаад гарсан удалгүй гадаа зодоон болоод байгаа юм шиг дуу чимээ гарахаар нь М бид хоёр гэрээс гарахад Э, А.А хоёр бие биеийгээ заамдсан байдалтай зогсож байсан, тэгэхээр нь М бид хоёр очиж салгасан. Э, А-д хандаж би унтаж амармаар байна, чамайг яв гэж зөндөө гуйлаа чиний үг хэл чинь арай хэтэрч байна гэж хэлээд байсан. Тэгээд М-ын дуудсан такси ирчихсэн байсан би А-д хандаж такси дуудчихсан миний найз одоо явчих гэж хэлсэн А.А таксинд суугаад яваад өгсөн удалгүй цагдаа дагуулаад ирсэн. ...Би Э, М нартай Чингисийн хүрээ амралтын газар цагийн ажил хийж байхдаа танилцсан юм, А-тэй 2018 оноос хойш танилцаад харьцаж эхэлсэн ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. ...М бид хоёр гэрээс гарахад Э, А хоёр бие биеийгээ заамдсан байдалтай зогсож байсан, тэр хоёрыг салгах явцад А-гийн зүүн шанаа хэсэгт нь 1 удаа баруун гараа атгаж байгаад цохисон. М, А-гийн биед хүрээгүй, зодоогүй. Э, А-ийг цохиж зодсон эсэхийг хараагүй. ...М, Э хоёр бага зэргийн согтолттой байсан, А бид хоёр дунд зэргийн согтолттой байсан, өөрсдийн үйлдлүүдээ хянах чадвартай байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), болон түүний 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: А нь анх амралтын газар ирэхээс өмнө надтай утсаар ярихдаа чи намайг хамгаална биз дээ гэж байсан, тухайн үед би ямар учраас тэгж хэлснийг ойлгоогүй, тухайн хэрэг болсны дараа л А анхнаасаа зодоон хийх санаатай ирсэн юм шиг байсан. А өөрөө их агсам хүн байгаа юм. ....Би А-гийн эрүү хэсэгт нь хөлөөрөө өшиглөсөн үйлдэл гаргаагүй. А явахгүй хэрүүл маргаан зодоон хийх гээд байхаар нь болиулах гээд зүүн талын шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. ...М А-ийг цохисон үйлдэл байхгүй. ...Гадаа зодоон болоод байгаа юм шиг дуу чимээ гарахаар нь би гэрээс гарахад Э А хоёр бие биеийгээ заамдсан зогсож байсан тэрнээс Э А-ийг цохиж байхыг хараагүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

4.Гэрч М.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Чингис хааны хүрээ амралтын газарт ээлжийн ахлах тогооч хийдэг, манай найз Э өмнө нь Чингис хааны хүрээ амралтын газарт цагийн ажил хийж байсан, тэгээд дахиж цагийн ажил хийхээр болсон. Э бид хоёр 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 21 цагийн үед Чингис хааны хүрээ амралтын газарт ирсэн ирэхэд өмнө нь цагийн ажил хамт хийж байсан О гэх залуу цагийн ажил хийхээр ирчихсэн байсан. Ажилчдын амралтын байр засвартай байсан учир амрагчдын гэрт амарсан, ингээд О бид хоёр Нийслэл нэртэй 2,5 литрийн 3 сав пиво хувааж уусан, Э 1 сав пиво хувааж уучхаад унтахаар орон дээр хэвтэж байсан О-ын гар утас дуугараад хүнтэй утсаар ярьж байсан тэгээд нөгөө хүн нь амралтын газар ирэхээр болсон 30-40 минутын дараа О гараад буцаж орж ирэхдээ нэг танихгүй залуу дагуулаад ороод ирсэн. Тухайн залуу нь 24 ширхэгтэй лаазтай пиво барьчихсан орж ирсэн. Ингээд О тухайн танихгүй залуу бид гурав пиво уусан тэгэхэд нөгөө танихгүй залуу агсам согтуу тавих аястай болж яриа нь О бид хоёртой нийлэхээ больж би 5,000,000 төгрөгийн цалин авдаг том тогооч гэж хэлэхээр нь би чамтай хэрүүл хиймээргүй байна гээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би явчих гэж хэлсэн чинь явахгүй үглээ л мөнгө яриад л, ажил яриад л суугаад байсан тэгэхээр нь би такси дуудсан, тэр үед Э босож ирээд тухайн танихгүй залууг дагуулаад гарсан удалгүй би ардаас нь гарахад Э нөгөө залуу хоёр заамдалцаад зогсож байсан тэгэхэд Э нөгөө залууг яваад өгөөч гээд хэлээд байсан тэгэхээр нь би О-ыг дуудсан тэгээд О бид хоёр очиж Э нөгөө танихгүй залуу хоёрыг салгасан. О нөгөө залууг салгаад явуулах гэж үзэхэд ерөөсөө үгэнд нь ороогүй тэгсэн чинь О баруун гараа атгаж байгаад зүүн талын шанаа хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд миний дуудсан такси ирчихсэн байсан А таксинд суугаад яваад өгсөн удалгүй цагдаа дагуулаад хүрээд ирсэн. ...Би Э, О нартай Чингисийн хүрээ амралтын газар цагийн ажил хийж байхдаа танилцаж найзууд болсон юм. А-ийг танихгүй, тухайн шөнө л анх удаа харсан. ...Э, А хоёр бие биеийгээ заамдсан байдалтай зогсож байсан тэр хоёрыг салгах явцад О А-гийн зүүн шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би А-гийн биед хүрээгүй, зодоогүй. Э намайг гэрээс гарч ирэхээс өмнө А-ийг цохисон эсэхийг мэдэхгүй, намайг гэрээс гарч ирэхэд хоорондоо заамдалцсан байдалтай байж байгаад ноцолдсон, тэрнээс цохиж зодоогүй. ...Э бид хоёр бага зэргийн согтолттой байсан, А, О хоёр дунд зэргийн согтолттой байсан өөрсдийн үйлдлүүдээ хянах чадвартай байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас) болон түүний 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: Би А-ийг ерөөсөө цохиогүй Э, О хоёр мэдэж байгаа. ...Г.О А-гийн зүүн талын шанаа хэсэгт нь баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон тэрнээс өөр цохиж зодсон үйлдэл гаргаагүй. ...Г.О бид хоёрыг гэрээс гарч ирэхэд А , Э хоёр бие биеийгээ заамдсан байдалтай зогсож байсан. Э А-тэй ноцолдож байгаад газар хоёулаа хамт унасан. ...Г.О бид хоёрыг гэрээс гарч ирэхэд Э А хоёр бие биеийгээ заамдаад хэрэлдээд зогсож байсан цохисон үйлдлийн хараагүй. гэсэн мэдүүлэг (хавтас хэргийн 81 дүгээр хуудас),

5.Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас),

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүний биед хийсэн 12275 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: баруун нүдний доод зовхи 5.2см, зүүн нүдний доод зовхи 1х0,5см, духны баруун хажуу хэсэгт 1х1см, баруун шанаа хэсэгт 2х2см, духны дээр үсний уг хэсэгт 2х1см, духны баруун төвгөрт, 2х1см, зүүн төвгөрт 4х4см, зүүн тохойд 2х2см улаан ягаан өнгийн зулгаралттай, духны зүүн төвгөрт баруун, зүүн хацар орчиндоо овойж хавдсан, хөх өнгийн цус хуралттай, хүзүүний урд, зүүн тохойд 2.2см улаан ягаан өнгийн зулгаралттай, хүзүүний ар дунд хэсэгт 5х5см талбайд бүдэг ягаан өнгийн цус хуралттай, баруун далны дотор хэсэгт 2х2см хүрэн улаан өнгийн цус хуралттай, биед өөр ил харагдах гэмтэлгүй.

MED TRAUMA HOSPITAL толгойн КТГ шинжилгээ: ...хамар ясны хянга хэсэгт 1,0см орчим өргөн зайд зөрүүгүй хугаралтай, таславч илэрхий муруйлтгүй. Дух, хамар, хоёр талын хацар, эрүүний зүүн болон зулайн хэсгийн зөөлөн эдүүдэд хавантай. /дүгнэлт бичсэн эмч Б.Сарантуяа/ гэжээ.

1.А.А-гийн биед хамар ясны хугарал, дух, хацар, хүзүү, даланд цус хуралт, зовхи, дух, шанаа, тохой, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.41-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

7.Яллагдагч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)

8. Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), оршин суугаа хаягийн газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Э-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА