Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2019/01119/И |
Дугаар | 182/ШШ2019/01136 |
Огноо | 2019-06-17 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2019/01136
2019 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 182/ШШ2019/01136 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: О ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н Г холбогдох
Н Г 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дугаар улсын бүртгэлтэй, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болгохыг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчnay итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улсын Дээд Шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182 дугаар тогтоолоор Л.Б-с 509.293.915 төгрөгийг гаргуулан тус байгууллагад олгохоор болсон. Л.Б нь тогтоолд дурдсан төлбөрийг сайн дураар эс биелүүлсэн тул албадан гүйцэтгэх захирамж, албадан гүйцэтгэх хуудас гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Н Г Л.Б-с төлбөр гаргуулах ажиллагаа хийгдэж Л.Б-ийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэн 963.200.000 төгрөг гэж тогтоосон. Н Г зохион байгуулсан 2 шатны албадан дуудлага худалдаагаар Л.Б-ийн барьцаа хөрөнгө нь худалдан борлогдоогүй болно. 2 шатны дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2019 оны 03-р сарын 28-ны өдрийн Н Г санал болгох комиссын хурлаар Л.Б-ийн барьцаа хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнээр тус байгууллагад санал болгосон. Энэхүү санал болгох комиссын шийдвэрийг тус байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Н Г “Л.Б-ийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус байгууллагад төлбөрт тооцон санал болгоно уу” гэж гомдол гаргасан. 2019 оны 03-р сарын 11-ний өдрийн гомдлын хариуг 2019 оны 04-р сарын 02-ны өдөр “...танай гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье” гэж тус байгууллагад ирсэн. Энэхүү гомдлын хариуг тус байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 04-р сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гомдлын хариуг 2019 оны 04-р сарын 22-ны өдөр тус байгууллагад хөрөнгийг төлбөр авагчид санал болгосон нь хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна гэж ирүүлсэн тул танай шүүхэд хандаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасан. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.5 бол албадан дуудлага худалдаагаар биш өөр хэлбэрээр худалдан борлуулах гээд худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх хуулийн зохицуулалт байна. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д “Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно” гэж заасан нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол барьцаа хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхийг зохицуулсан хуулийн заалт байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73.1-д зааснаар тус байгууллагад санал болгох ёстой нь нотлогдож байна. Гэтэл Н Г худалдан борлогдоогүй, дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй гэсэн 2 өөр ойлголтыг ялгаж салгаж ойлгож чадахгүй байгаад тус байгууллага гомдолтой байна. Н Г нь 2 дахь албадан дуудлага худалдаагаар 482.600.000 төгрөгөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг тус байгууллагад 965.200.000 төгрөгт тооцон өгч байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй...” гэсэн заалтыг зөрчиж байна гэж үзэж байна. Учир нь шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн хүлээх хариуцлагыг гэм буруугүй хохирсон этгээдэд хүлээлгэж, төлбөрөө авахдаа төлбөр төлөгчид төлбөр төлөхөөр шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчиж байна. Мөн бидний гаргаж буй гомдолтой адил төрлийн маргааныг шүүхээс Н Г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-ийг буруу хэрэглэсэн болохыг тогтоосон. Н Г нь 2018 оны 04-р сарын 05-ны өдөр санал болгох комиссын хурлаар төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д заасныг баримтлан тус байгууллагад санал болгосон. Энэхүү ажиллагаа нь хууль зөрчсөн болохыг Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2019 оны 02-р сарын 27-ны өдрийн 379 дугаарт магадлалаар тогтоосон. Иймээс Н Г урьд нь гаргасан алдаагаа давтахгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д заасныг баримтлан барьцаа хөрөнгийг тус байгууллагад санал болгох ёстой гэж үзэж байна. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Н Г санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож. Л.Б-ийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн дугаартай, 437.2 м.кв талбайтай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1-д зааснаар тус байгууллагад санал болгохыг Н Г даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Н Г шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 92 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 182 тогтоолоор Лхамсүрэнгийн Батаагаас 509.293.915 төгрөг гаргуулж О ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн дугаарт бүртгэлтэй 437.2 м.кв талбайтай барилгыг битүүмжлэн, хурааж албадан дуудлага худалдааг 2 удаа зохион байгуулахад худалдан борлогдоогүй. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д “Барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж заасны дагуу явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О байгууллага нь Н Г холбогдуулан Н Г 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн санал болгох комиссын хурлыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн дугаар улсын бүртгэлтэй, 437.2 м.кв талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг О ХХК-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар санал болохыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н Г нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид хуулийн дагуу санал болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Н Г нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4592 дугаар шийдвэрээр Л.Б-аас 509.293.915 төгрөгийг гаргуулан О байгууллагад олгохоор шийдвэрлэсний дагуу түүнд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л.Б-ийн хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Х ХХК-иар үнэлгээг хийлгэж, тогтоосон 963.200.000 төгрөгийн үнэлгээг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2016 оны 04 сарын 15-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 03 сарын 25-нд мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Хариуцагч Н Г нь төлбөр төлөгчийн дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн нь хуульд харшлахгүй байна.
Н Г нь барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааг 2016 оны 04 дүгээр сарын 15, 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус явуулахад борлогдоогүй болох нь үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл зэрэг баримтаар тогтоож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлээр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулах журмыг зохицуулсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Н Г дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй Хан-Уул дүүргийн 437.2 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг санал болгох ажиллагааг явуулсан болох нь Н Г 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 4/4785 дугаар мэдэгдэл, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн танилцуулга, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 4/185 дугаартай Н Г хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.
Ийнхүү Н Г шийдвэр гүйцэтгэх талаар явуулсан ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.3-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН