Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/203

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210025560020 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт М.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 3-17 насны хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших ** дугаар гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны ** тоотод түр оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

М.А нь 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Түргэний ам гэх газраас 107.5 кг сибирь хушны үр идээг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн, **** УБО улсын дугаартай Nissan advan маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, улсад 10,631,750 төгрөгийн хохирол учруулсан буюу байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч М.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би өөрийн эзэмшлийн ** УБО улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслээр явсан. Тэр үед манай найз болох Ж.Б Улаанбаатар хотод ирсэн, манайд хонож таараад зүгээр сууж байхаар хамт явж агаарт сууж байгаад ирье гээд хамт явсан ба манай найз Сүхбаатар аймагт ажилладаг учир намайг ууланд гарч самар түүхэд машиныг чинь хараад унтаж байя толгойгоо сэргээнэ гэхээр нь за за гээд хамт явсан. Би Б-ыг хамт уул руу гарах уу гэхэд үгүй ээ унтаж байя гээд машиндаа үлдсэн учир би ганцаараа дээшээ уул руу гараад самар түүж байгаа хүмүүстэй нийлээд боргоцой түүсэн юм. Тэгээд нэлээн хэдэн шуудай боргоцой түүгээд тэнд самар түүж байсан хүмүүсийн самрын машинд цайруулаад хогтой нь нарийн шигшилгүйгээр авч явсан гурван шуудайнд хийгээд тэдгээр хүмүүстэй хамт машинд ачаад уулнаас буулгаад ирсэн юм. Машин дээрээ ирсэн чинь Б унтаж байхаар нь сэрээгээд, машиндаа түүж цайруулсан самраа ачаад Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгаас Улаанбаатар хот руу ордог хяналтын пост дээр саатуулагдсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст байцаалт өгсөн гэв.

Эрүүгийн 2210025560020 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17:30:03 цагт “зөвшөөрөлгүй самар түүсэн хүнийг саатуулсан 3 тээврийн хэрэгсэлтэй 3 хүн байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2.Самранд үзлэг хийсэн жинлэсэн тухай тэмдэглэлд: Хэргийн газраас хураан авсан 4 ширхэг ногоон өнгийн шуудайтай жигд биш хэмжээтэй цайруулсан самар байна. 1 шуудай нь урагдсан байсан тул цагаан өнгийн шуудайнд давхарлан хийж. Стандарт хэмжил зүйн газрын 08030 дугаартай механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээтэй 1 тонны даацтай жин дээр жинлэж үзэхэд 107,5 кг байв. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

3.Иргэний нэхэмжлэгч М.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),  

4.Шинжээч Г.Батнасангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 тушаалын хавсралтад хуш модны үр, идээ буюу самар нь ховор ургамлын гэсэн ангилалд орсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан. Иймд 1кг Сибирь хушны үрийн нөхөн төлбөр нь 98,900х5=494,500 болно. Нийт Сибирь хушны үр идээний нөхөн төлбөр нь 494,500х107,5=53,158,750 болж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас),

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн экологийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2981 дугаартай:

1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь Сибирь Хуш -Pinus sibirica Du Tour-ны үр /самар/ байна. Самар /үр/ нь Сибирь Хуш-Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour-ны үржлийн эрхтэн юм.

2.Сибирь Хуш- Pinus sibirica Du Tour /үр болон самар/ нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон.

3.Шинжилгээнд ирүүлсэн Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour үр /самар/-ны түүж бэлтгэсэн хугацааг тогтоох боломжгүй.

4.Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр урагдаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль болохыг тогтоох боломжгүй.

5.Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 31.7% байх тул нойтон байна.

6.Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой.

7. Сибирь Хуш-Pinus sibirica Du Tour модны самрын 1кг нойтон жингийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас),

6.Хос Итгэл Төгс ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/55 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: **** УБО улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэлгээний дүнг 3,600,000 төгрөгөөр тогтоов. гэсэн тайлан (хавтаст хэргийн 54-60 дугаар хуудас), М.А-ын жолооны үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

7.Яллагдагч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас),

8.2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас), эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 112 дугаар хуудас),

9. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 135 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 72-75 дугаар хуудас), **** УБО улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь М.А. гэсэн лавлагаа (хавтаст хэргийн 83 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээврэлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М.А-ыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч М.А-ыг өөрийн оршин суух Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хөргүүртэй чингэлэгт хадгалж байгаа 107.5 кг Сибирь хушны үр, идээг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.А-аас 53,158,750 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор Экологи цагдаагийн албанд битүүмжлэгдсэн шүүгдэгч М.А-ын эзэмшлийн **** УБО улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг хурааж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулсугай.

8. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА