Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/47

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч: Б.Гнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ийн Гид холбогдох эрүүгийн 223500.................дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ................... өдөр Увс аймгийн ............ суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ мэргэжилтэй, ............... ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн ............ сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Б-ийнийн Г, регистрийн дугаар: ..............................;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Гнь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ............ сумын 5 дугаар багийн нутагт хохирогч Г.Лтэй маргалдаж, улмаар харилцан зодолдох явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчийн баримтаар нэхэмжилж байгаа 4.721.200 төгрөгийн хохирлоос 2.000.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Гхохирогч Г.Лд төлсөн байна. Үлдсэн 2.721.200 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж, хохирогч Г.Лд олгох, хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй байгаа тул нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогчийн өмгөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал болон эмчилгээ хийлгэж байх хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй учраас авах ёстой байсан цалингаа шүүгдэгчээс нэхэмжилсэн. Иймд нийт 9.221.200 төгрөг хохирол учирсан. Үүнээс шүүгдэгч Б.Гийн төлсөн 2.000.000 төгрөгийн хохирлыг хасаад үлдсэн 7.221.200 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Гоос гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Б.Гнь өөрийн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч,  мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс шүүхийн шатанд 9 сая гаруй төгрөг нэхэмжилсэн, үүнээс ажилгүй байсан 3 сарын цалин 4.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хохирогч нь сард 1.500.000 төгрөгийн цалин авч байсан нь нотлогдохгүй байна. Зөвхөн захирлын тодорхойлолт хэрэгт авагдсанаас өөрөөр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. Мэс засалд ороход гарсан төлбөрийг шүүгдэгч Б.Гтөлж барагдуулах үндэслэлтэй. Иймд шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт:  “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар өмгөөлөгчтэй санал нэг байна. Шүүхээс төл гэсэн хохирлыг төлнө.” гэх мэдүүлгийг гаргав.

Эрүүгийн 2235.................... дугаартай хэргээс дараах талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Шүүгдэгч Б.Г, хохирогч Г.Л нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13, 18-19 дэх тал);

2. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал);

3. Хохирогч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал);

4. Гэрч С.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-47 дахь тал);

5. Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

6. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

7. Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

8. Гэрч Л.ЦО-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч хэргээс:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал);

2. Хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 21 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 409 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал);

2. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал);

3. Хохирогч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал);

4. Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69 дэх тал);

5. Шүүгдэгч Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал);

6. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал);

7. Гэрч Г.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Гшүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, Б.Гид холбогдох эрүүгийн 2235001860232 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

-Шүүгдэгч Б.Гнь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед согтуугаар Увс аймгийн ............ сумын 5 дугаар багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Лгийн зорчиж явсан автомашины замыг хааж зогсоон, тухайн машинаас бууж ирсэн хохирогч Г.Лтэй маргалдан зодолдож, улмаар хохирогч Г.Лгийн нүүр хэсэгт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт тогтоогджээ.

2. Шүүгдэгч Б.Гийн үйлдлийн улмаас хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад, зүүн тохойн үений дотор хэсэгт цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий гэмтэл учирсан байх бөгөөд зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болох нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.

3. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-хохирогч Г.Лгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 12-ны шөнө ............... сумын төв рүү ороод гудамжаар явж байтал шөнийн 23 цагийн орчимд гудамжинд гурван залуу зам хааж зогсохоор нь хажуугаар нь зөрж өнгөрөөд явахад уг гурван залуугийн нэг нь машин гараараа цохисон. Тэгэхээр нь зогсоод машинаа шалгаж үзэхээр буугаад ирэхэд том махлаг биетэй залуу шууд миний зүүн нүд рүү гараараа цохиж газарт унагаан нүүр орчимд нэлээн олон удаа цохисон....Одоо миний биед зүүн нүд гэмтэлтэй, юм харахаар бүрэлзэж харагдаж байна. Эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох хэрэгтэй гэж зөвлөгөө өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дэх тал),

- Гэрч С.Оы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............... сумын гэр хороолол дундуур гарч явтал танихгүй гурван залуу машины замыг хааж гараа алдалж зогсохоор нь манай машин аргагүй эрхэнд зогсоод манай машин дотроос 3 залуу буусан, тэгтэл гараа алдалж зогссон гурван залуугийн нэг залуу нь “та нар яахаараа ийм машин унадаг юм вэ” гээд шууд гудамжинд агсам тавьж, манай машинд явсан гурван залуу руу дайрч, манай машиныг гар хөлөөрөө цохиж байгаад биерхүү том биетэй залуу нь Г.Лг барьж аваад цохиж унагаагаад газарт дараад авчихсан зодож байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-47 дахь тал);

- Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэр хорооллын гудамжаар явж байтал урд машин ирээд зөрж зогсоод машинаас нэг ах бууж ирээд Б.Гтэр хоёр хоорондоо зодолдсон. ...Маргалдах болсон шалтгаан нь зам тавьж өгөөгүй гэж маргаж байсан. Б.Гтой зодолдож байсан ахын зүүн нүд нь хөхөрсөн, харин Б.Гийн уруул нь язарсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид гудамжаар явж байтал урдаас машин гарч ирээд тулж зогсоод Б.Г намайг мөргөчихлөө гэж хэлэх зуурт машин зогсоод жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан дундаж нуруутай туранхай эрэгтэй хүн бууж ирээд Б.Г-той маргалдаж нэг нэгнээ газарт унагааж ноцолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);

- Гэрч О.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гурван согтуу юм шиг 25 орчим насны эрэгтэй гараа алдлаад машины баруун талын хажуу руу нэлээн хэд цохиод машин зогсоосон...Г.Лг нөгөө 3 залуугийн арай тарган нь,бэлтгэлийн өмд пудболктой залуу, цамцтай дээгүүрээ ханцуйгүй хантааз өмсчихсөн туранхай жижиг биетэй 2 залуу цохиж зодсон. Тарган залуу нь Г.Л-г унагааж байгаад дээрээс нь дарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байсан харагдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал);

- Гэрч Л.ЦО-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лг гурван залуугийн арай бүдүүн залуу саарал өнгийн пудболктой байсан санагдаж байна, зодоод байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал), эрх бүхий шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дахь тал), шүүгдэгч Б.Гийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

4. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч Г.Л, гэрч С.О, Б.О, Д.Б-, О.Г-, Л.ЦО- нарын мэдүүлэг, 05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч Б.Гнь хохирогч Г.Лгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан, зодож, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Гийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Гийн хохирогч Г.Лг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гнь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт  хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Б.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Лгийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний алимны салстад, зүүн тохойн үений дотор хэсэгт цус хуралт, зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал” бүхий мохоо хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хөнгөн хохирол нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол бөгөөд түүнээс үүссэн үр дагавар буюу эмчилгээний болон бусад зардал нь гэмт хэргийн хор уршиг юм.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

 Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Г.Л нь эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод “Орбита” нүдний эмнэлэгт зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал гэмтлийг нөхөн сэргээх мэс засалд орсон нь хохирогч Г.Лгийн өвчний түүхийн хуулбар, бусад холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэрээр гэмт хэргийн хор уршигт Улаанбаатар хот уруу эмчилгээнд явж, ирсэн 4 удаагийн замын зардал 420.000 төгрөг, шинжилгээ, эмчийн үзлэг, эм тарианы төлбөр 300.200 төгрөг, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал гэмтлийг нөхөн сэргээх мэс заслын төлбөр 4.000.000 төгрөг, гэмт хэрэгт өртөж, эрүүл мэндээрээ хохирсоны улмаас 2022 оны 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг, бусад зардал буюу наториатын зардал 9.000 төгрөг, нийтдээ 9.229.200 төгрөг нэхэмжилж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын талаарх 21 хуудас бүхий нотлох баримтыг өмгөөлөгчөөрөө дамжуулан гаргаж өгсөн байна.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт:”...Хохирогч Г.Л нь гэмт хэргийн хор уршигт 9.229.200 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Гнь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Лд 2.000.000 төгрөг төлсөн байдаг. Иймд нийт нэхэмжилж байгаа 9.229.200 төгрөгөөс шүүгдэгч Б.Гийн төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 7.229.200 төгрөгийг Б.Гоос гаргуулан, хохирогч Г.Лд олгож өгнө үү” гэв.

Хохирогч Г.Лгийн гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 9.229.200 төгрөгөөс түүний 2022 оны 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинд 4.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал: Хохирогч Г.Л нь 2019 оноос эхлэн “.............” ХХК-ийн Увс аймгийн салбарын захирлаар томилогдон ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд тэрээр гэмт хэрэгт өртөж, хохирсоны улмаас 2022 оны 10-12 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Ингэхдээ хохирогч Г.Л нь нэг сарын дундаж цалингаа 1.500.000 төгрөгөөр тодорхойлж, нийт 3 сарын цалинд 4.500.000 төгрөг нэхэмжилж, нотлох баримтаар “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал,

-Мөн захирлын 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 28 дугаартай, хохирогч Г.Лд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд цалингүй чөлөө олгосон тухай тушаал,

-“.............” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/0157 дугаартай “Г овогтой Л нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “.............” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлаар ажилладаг бөгөөд сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалин авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу өөр хооронд нь харьцуулан эх сурвалжийг нь магадлах, бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлахад хохирогч Г.Л нь “.............” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлаар ажилладаг нь тогтоогдож байх боловч тэрээр сард 1.500.000 төгрөгийн цалин авдаг эсэх нь хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлогдон тогтоогдохгүй байна.

“.............” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаас үзэхэд хохирогч Г.Лг тус компанийн Увс аймаг дахь салбарын гүйцэтгэх захирлаар томилсон байх боловч хэдэн төгрөгөөр цалинжуулсан талаар тусгаагүй, хэрэгт  хохирогч Г.Лгийн “.............” ХХК-д ажиллаж, авч байсан цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх талаарх баримт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, хохирогчийн дансны хуулга зэрэг ач холбогдол бүхий баримтууд авагдаагүй байна.

Иймд “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/0157 дугаартай “Г овогтой Л нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл “.............” ХХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлаар ажилладаг бөгөөд сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн цалин авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолтын эх сурвалж нотлогдохгүй байх тул уг нотлох баримтыг дангаар нь үнэлж, Г.Лгийн 1 сарын дундаж цалин орлогыг 1.500.000 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзлээ.

5. Иймд шүүхээс хохирогч Г.Л болон түүний өмгөөлөгч Т.Уянга нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд нийт нэхэмжилсэн 9.229.200 төгрөгөөс хохирогч Г.Лгийн ажилгүй байсан хугацааны цалин 4.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхин, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, үлдэх 4.729.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2.000.000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Б.Гоос гэмт хэргийн хор уршигт 2.729.200 төгрөг гаргуулан, хохирогч Г.Лд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Гнь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 2.729.200 төгрөгийг хохирогч Г.Лд төлж барагдуулсан тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Гоос гаргуулж, хохирогч Г.Лд олгох хохирол, төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 182 дахь тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ”  дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Б.Ггэм буруугаа хүлээж, учруулсан бодит хохирлыг төлсөн. Энэ хугацаанд хохирогч Г.Лтэй холбогдож уучлалт гуйсан. ...Иймд  Б.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Хохирогчийн өмгөөлөгч Т.Уянга эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй тул эрүүгийн хариуцлагын талаар гаргах санал байхгүй байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн өгч хуулийн дагуу нэхэмжилсэн. Гэтэл шүүгдэгч болон түүний ар гэрийн хүмүүс нь хохирогч Г.Лгийн эхнэр шүүхэд ажилладаг тул энэ давуу байдлаа ашиглан үндэслэлгүйгээр их хэмжээний хохирол нэхэмжилж байна гэсэн ойлголттой, нилээд хэл ам гарсан, хохирогч тал руу дайрсан шинжтэй үйлдлүүд гаргаж байсан. Шүүхээс нотлох баримтын хэмжээнд л хохирол, төлбөрийг гаргуулж шийдвэрлэж байна гэж ойлгож байгаа. Үүнд хохирогчийн эхнэр шүүхэд ажилладаг байдал нөлөөлөхгүй байгаа, нөлөөлөх ч боломжгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх нь Иргэний хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан, хохирогчийн эрх гэдгийг шүүгдэгч Б.Г, түүний ар гэрийнхэн нь ойлгоосой гэж хүсэж байна.” гэх тайлбарыг,

5. Шүүгдэгч Б.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Б.Гурьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал) -аар нотлогдож байна.  

-Шүүгдэгч Б.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

-Шүүгдэгч Б.Гнь 1996 онд төрсөн, 26 настай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Зэвсэгт хүчний 328 дугаар ангийн салбарт ажилладаг гэх хувийн байдал тогтоогдсон бөгөөд түүний хувийн зан байдлын талаар гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Гнь төлөв даруу, ажилч хичээнгүй, хүнд тусархуу, үнэнч шударга, тууштай зан чанартай, гэр бүлийн хүмүүжил сайн, тамхи хэрэглэж байгаагүй, архи найз нөхдийн хүрээнд заримдаа уудаг, уусан үедээ илүү дутуу зан гаргаж байгаагүй, ажлын хамт олон болон найз нөхдийн хүрээлэлд нэр хүндтэй итгэл даадаг, цаг баримталж ажилладаг. Мөн үндэсний бөхөөр хичээлдэг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог залуу юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дахь тал), гэрч Г.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : “Б.Гнь гэр бүлийн хүмүүжил сайн, тамхи хэрэглэж байгаагүй, архи найз нөхдийн хүрээнд заримдаа уудаг, уусан үедээ илүү дутуу зан гаргаж байгаагүй, төлөв даруу, ажилч хичээнгүй, хүнд тусархуу, үнэнч шударга, тууштай зан чанартай, ажлын хамт олон болон найз нөхдийн хүрээлэлд нэр хүндтэй итгэл даадаг, цаг баримталж ажилладаг. Мөн үндэсний бөхөөр хичээлдэг, олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог залуу юм. 10 жилд байхдаа анги дотроо сайн сурдаг, идэвхтэй хүүхэд байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89 дэх тал), зэргийг Б.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

7. Иймд шүүгдэгч Б.Гид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэгт үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гид 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Б.Гнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийнийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гид 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар Б.Гнь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 4. Шүүгдэгч Б.Гнь гэмт хэргийн хор уршигт 4.729.200 /дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга хоёр зуу/ төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, төлбөргүй, хохирогч Л.Лгээс ажилгүй байсан 3 сарын цалин, орлогод нэхэмжилсэн 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.Гнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйл байхгүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА