Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/48

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: А.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай  явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт А-ын Г-д холбогдох эрүүгийн 2335....................дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .............................................суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 6 дугаар багийн ............. оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж байсан, Я овогт А-лын Г-, (Регистрийн дугаар: ......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн ............ сумын 6 дугаар багийн нутагт байрлах гэртээ болон ............ сумын ............ багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ч-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хамаарах гэмт хэрэгт,

-2023 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө өөрийн гэртээ эхнэр Г.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч А.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 1 дүгээр сарын 14-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 дүгээр сарын 17-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 1 дүгээр сарын 20-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 22-нд шилжих шөнө Увс аймгийн ............ сумын 6 дугаар багийн нутагт байрлах гэртээ болон ............ сумын ............ багийн нутагт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ч-ийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн гэртээ 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 дүгээр сарын 17-нд шилжих шөнө эхнэр Г.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч Г.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт: “ Нөхөр А.Г- нь 2022 оны 11 дүгээр сараас хойш архи, согтууруулах ундаа хэрэглээд байх болсон. Урьд өмнө нь архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй байсан. 2022 оны 12 дугаар сард би төрөөд манайх сумаас гэрээ авч ирсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орчим гэртээ орсон. Гэртээ орсноос хойш А.Г- гэрт хонох нь бага, гарч яваад байдаг байсан. Нөхөр А.Г- 2022 оны 11 сард хөдөө явахын өмнө намайг нэг удаа зодсон. 2022 оны 12 дугаар сард 2 удаа зодсон. 2023 оны 01 дүгээр сараас архи байнга уугаад намайг зодоод байдаг болсон. Дандаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зоддог байсан... Одоо бид хоёр ойлголцож эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй. Бид бага насны 2 хүүхэдтэй,  том нь 1 нас 6 сартай, бага нь 5 сартай, би өөрөө 1 сартай жирэмсэн. Иймд нөхөр А.Г-д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбар, хүсэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаангүй оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хэрэг анх 2022 оны 11 дүгээр сараас эхэлсэн боловч шүүгдэгч А.Г-ын хувьд эхнэрээ хайрлах, халамжлах гэх сэтгэхүй байгаагүй, ойлголцож чадаагүй байна. Гэхдээ хохирогч шүүх хуралдаан дээр хэлсэн. Бага насны хүүхэдтэй, өөрөө жирэмсэн, оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэх хүсэлтийг харгалзан үзнэ үү. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар улсын яллагчийн санал болгосон 8 сарын хугацаагаар хорих ялын саналыг зорчих эрх хязгаар ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч А.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би зуны цагт барилгын ажил хийж мөнгө төгрөг олдог. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн 233.................. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 3-12 дахь тал);

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-21 дэх тал);

3. Хохирогч Г.Ч-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай нөхөр А.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн. Түүний дараагаар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө манай гэрт Т буюу Б.Г- нь нөхөр А.Г-, мөн Б.Г-ын найз Д.Бгийн хамтаар архи, пиво хувааж уусан. Гэрт байхад Д.Б нь найз залуу Б.Г-ын толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохихоор нь А.Г- нь миний ахын толгой руу цохидог хэн бэ? гээд агсам тавиад гэрийн аяга таваг унагаж хагалсан. Хэсэг хугацааны дараа Б.Г- тамхи өгөөд тайвширсан бөгөөд Б.Г-ыг би “битгий яваарай та нар явах юм бол А.Г- дахиад агсам тавиад зүгээр байлгахгүй” гэхэд такси дуудаад Б.Г-, Д.Б нар явчихсан байсан. Нөхөр А.Г- надаас тамхи асуугаад байхгүй гэсэн чинь миний зүүн гар луу 2 удаа цохиод хоолны шкафны дээд талын тавцангийн шургуулгыг татаж унагаад аяга таваг дэвсэж хагалаад, өөрийнхөө бугын эвэр нь ястай хутгыг хайх шиг болохоор нь би хоёр хүүхдээ авч зугтаад А.Г ахын гэрт ороход нөхөр А.Г- араас орж ирээд “чи яахаараа хүүхдүүд авч гараад зугтдаг юм” гээд өшиглөж, үснээс чирээд гарах гэхэд Ожав эгч орж ирсэн. Би хоёр хүүхдээ дагуулаад орон дээр суухад миний бие рүү гараараа цохиод байсан. Ожав эгч намайг хамгаалж байгаад асгарсан усан дээр халтирч унахад нөхөр А.Г- түүний дээгүүр давж намайг өшиглөсөн. Тэгэхэд Ж ах орж ирээд А.Г-ыг аваад гарсан. Тэр үед цагдаагийн байгууллагад А.Г ах дуудлага өгсөн юм. Энэ асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед гадуур явж байгаад гэртээ ирсэн. Архи уусан эсэхийг би мэдээгүй, ирэхээр нь би хоол хийж өгөхөд хоолоо идэж байхдаа намайг цагдаад өгсөндөө уучлалт гуй гэж хэлсэн, би уучлалт гуйсан, намайг сөгд сунаж мөргө гэхээр нь би зодуулахгүйн тулд сөгдөж сунаж мөргөсөн, тэгээд босоход чамд хэлэх зүйл байхгүй юу гэхээр юм хэлээгүй, гэтэл над руу сэрээгээ шидэхээр нь би түүнийг аваад А.Г-ын зүүн гарт бариулаад өгөхөд зүүн гарт өгдөг юм уу гээд том, цагаан өнгийн хоол идэж байсан шаазан аягаа нүүр лүү намайг санамсаргүй байхад шидсэн. Гэтэл аяга нь миний дээд уруулын хэсэгт очиж цохиод уруул сэтэрчихсэн. Нөхөр А.Г- энэ талаар цагдаагийн байгууллагад хэлж болохгүй гэсэн ба шинжээч эмчид үзүүлэхдээ мод цохиж байгаад цохиулсан гэж хэлсэн. Мөн зөрчлийн байцаагчид мэдүүлэг өгөхдөө мод цохиж байгаад модоор цохисон гэж худал хэлсэн. Би үнэнээ хэлвэл нөхөр А.Г- намайг дахиад л зодох байх гэж бодоод худал хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний орой манай том охин М А.Г ахын гэрт байхад А.Г- нь 21 цаг хүртэл би үзэж, хардаг лам болж байна, бузраа арилгуул гээд сандалны гуравны нэг дээр суу, цэрэгт намайг ингэж зоддог байсан, чи суу, номхон зогс гээд гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн, миний ээж намайг ингэж өсгөсөн, чи хаягдал, чамайг харганы ёроолд байхад үхүүлээд хаячихдаг байж гэж хэлж байсан, чи миний бодолд юу байгааг мэдэхгүй, миний толгойд юу байгааг мэдэрч ав гээд миний толгой руу гараараа чичилж, цохисон. .. хүүхдэд хоол өг, хоол хий, өлсөж үхлээ, усанд орно 20 литр ус олж ир гэж хэлээд өшиглөөд, толгой, нүүр лүү алгадаж зодсон. Тэгээд бузраа арилгуул, гэдэс рүүгээ цохиулж бузраа арилгуул гэхээр нь  би үгүй гээд гараараа гэдсээ хамгаалахад нэг удаа өшиглөсөн, дараа нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Түүний дараа шалан дээр хэвт гээд хэвтүүлээд толгойны үснээс барьж байгаад дагз хэсгээр шал мөргүүлсэн. Тэгээд би үзэж хардаг лам болж байна бөө болж байна гээд сонин сонин үйлдэл гаргаад байдаг. Шөнө 03 цаг хүртэл тийм асуудал болоод А.Г-ын нойр нь хүрээд унтаад өгсөн. 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр би А.Г-ас зугтаж, өөрийн эгч Г.Ч-гийн гэрт хоёр хүүхдийнхээ хамтаар хоносон. Намайг тэднийд хонож байхад 2023.01.22-ны шөнө 02 цаг 30 минутын үед нөхөр А.Г- ирээд танайд орж хононо гэхэд эгч Г.Ч- чамайг хонуулахгүй гээд уурлаад явуулчихсан. А.Г- чи наад дүүгээ үүрд гэртээ байлгаарай, манай гэрлүү битгий явуулаарай гээд тэдний хашааны хаалгыг өшиглөчхөөд явчихсан. Явчихлаа гээд хэвтэж байхад хэсэг хугацааны дараа буцаж ирээд гэрийн хаалга онгойлго гээд онгойлгохгүй болохоор хаалганы цонхны шилийг хагалаад гараа оруулаад хаалгыг нь онгойлгоод ороод ирсэн. Намайг гэр лүү явъя гэхээр нь би гэрт очоод дахиад зодно гэж бодоод явахгүй гэхэд миний үснээс татаж орноос унаагаад газарт хэвтүүлж байгаад толгой, зүүн нүдний хэсэг рүү өшиглөсөн. Манай эгч Г.Ч- аавыг дуудахаар гэрээс гараад гүйхэд А.Г- аавыг чинь ална гээд араас нь гараад явсан. Аавын гэрт ороод юм яриад байх шиг байсан. Би нагац Оюука руу гар утсаар залгаад А.Г- согтуу ирээд аавыг ална, намайг ална гээд байна гэж дуудсан. Аавын гэрээс А.Г- орж ирээд хутга руугаа заагаад над руу хараад чимээгүй бай гэж хэлчхээд гэрээс гараад явсан ба би О эгч рүү яриад наадах чинь бүсэндээ хутга хийчихсэн байна гэж хэлсэн, би Г.Ч- эгчийг хутгаа нуусан уу? гэхэд А.Г- гаднаас орж ирээд чи хэнд сануулаад байгаа юм, ирсэн бүгдийг нь ална гэж хэлсэн. Эгчийн гэрээс нэг хутга аваад нурууны зүүдэг бүсэнд хавчуулчхаад ална шүү гээд гараараа миний шилэн хүзүү, нуруу хэсэгт цохисон. Манай эгч жирэмсэн болохоор намайг хамгаалж чадаагүй, манай охин М орон дээр сууж байхад үснээс нь татаж босгоод хөнжилд ороож байгаад аваад гараад зугтчихсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-118 дахь тал);  

4. Гэрч П.Огийн /Х/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Г.Ч-ийн нагац ах болох хүн юм. 2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө 02:00 цагт .... А.Г- гэр хорооллын нарийн гудамжаар өөрийн 1 ой гарантай охиныг шар өнгийн хөнжилд тэвэрчихсэн, өөрөө куртных нь цахилгаан задгай, дотор талд нь бүсэлхий хэсгээрээ бор өнгийн суран, бөөрний даруулга гэмээр бүс зүүсэн, уг бүсэндээ шар өнгийн бариултай хутга хавчуулчихсан байдалтай надтай тааралдсан. ... би А.Г-д хандаж "наад хүүхдээ наашаа өг" гэж хэлэхэд А.Г- нь өөрийн бүсэлхийд зүүсэн бор өнгийн суран бүсний дотор талд хавчуулсан байсан шар өнгийн хутгыг гаргаж баруун гартаа бариад миний баруун талын хэвлий хэсэгт хутгаа тулгаад надад ойртох юм бол ална шүү, холд" гэж хэлэхээр би түүнээс зайгаа барьж холдох үед нарийн гудамжинд надтай зөрөөд цааш явсан. Би түүнийг явсны дараа жаахан хүлээж байгаад утасны гэрлээ унтраагаад араас нь дагаж нарийн гудамжаар буцаад урагшаа гарахад А.Г- нь нарийн гудамжны төгсгөл хэсэгт намайг хүлээгээд байж байсан, тэгээд намайг нарийн гудамжаар гараад ирэх үед А.Г- тэвэрч явсан охиноо хөнжилтэйг нь газарт хэвтүүлчихээд миний куртканаас заамдаж аваад түлхсэн, тэр үед би А.Г-ыг мөн барьж аваад түүнийг тонгорч газарт унагасан. Тэгээд би А.Г-ын бор өнгийн суран бүсэнд хавчуулчихсан байсан шар өнгийн иштэй хутгыг бүснээс нь сугалаж аваад айлын хашааруу шидсэн. Тэр үед А.Г- намайг түлхэж босчихоод, хүүхдээ аваад цаашаа зугтаад явсан бөгөөд би араас нь гүйхэд хаашаа явсан нь тодорхойгүй алга болчихсон. Ингээд бид нар Г-ыг хайгаад олохгүй болохоор цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121-125 дахь тал);

5. Гэрч Г.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн төрсөн дүү Г.Ч-тэй 2022 оны 11 дүгээр сарын сүүл үед өдрийн санахгүй байна мессенжер ашиглаж дүрсээ харж ярих  үед түүний баруун талын нүд хөхөрчихсөн харагдсан, би юу болоод нүд чинь хөхөрчихсөн юм гэж асуухад охин Г.М барьж байсан төмрөөрөө цохичихсон гэж хэлсэн. Түүнээс 4 хоногийн дараа байх дахин дүү Г.Ч-тэй мессенжер ашиглан дүрсээ харж ярихад нүдний хөхөрсөн өнгө нь зүгээр болоогүй байсан тул би дүү Г.Ч-ээс лавлаж Г.М жоохон хүүхэд чиний нүдийг ингэж хөхөртөл цохиж чадахгүй, чи худлаа хэлээд байна гэж асуухад, дүү Г.Ч- надад “би танаас санаа зовоод Г.М цохисон гэж худал хэлсэн, яг үнэндээ нөхөр А.Г- цохичихсон” гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А.Г-ын гэрт очиход Г.Ч-ийн дээд уруул нь сэтэрчихсэн байсан. Би юу болсон талаар дүү Г.Ч-ээс асуухад нөхөр А.Г- 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр миний, толгой нүүр хэсэгт гараараа цохиж, намайг зодсон. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргачихсан байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр А.Г-д хоол хийж өгөхөд хоолоо идэж дуусчхаад, хоол идсэн аяга над руу шидэж, миний уруулыг цохиж сэтэлсэн гэж хэлсэн. Тухайн өдөр би дүү Г.Ч-ийг аваад ............ сумын 1 дүгээр баг 21-31 тоотод оршин суух, өөрийн төрсөн эцэг Ж.Г-ы гэрт очсон. .... А.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө дүү Г.Ч-ийг орилж, хашхирах юм бол ална шүү гэж айлгаж шөнө унтуулалгүй нүүр, толгой руу нь гараараа цохиж зодсон гэж дүү Г.Ч- 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аав Ж.Г-ы гэрт 2 хүүхдийн хамт буцаж ирэхдээ хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 22-нд шилжих шөнө дүү Г.Ч- манай гэрт хонож байхад А.Г- манай гэрт ирэхээр нь бид нар унтаж амарч байна. Чи гэртээ хариад амарчих гэж хэлээд хаалгаа тайлж өгөөгүй. Түүний дараа А.Г- нь хашааны хаалга эвдчихээд буцаж ирж манай гэрийн цонхыг хагалж, дотор талаасаа түгжээтэй байсан гэрийн хаалга онгойлгож, гэрт орж ирээд гэрийн баруун талын орон дээр унтаж байсан дүү Г.Ч-ийн хөнжлийг татаж хаяад, дүү Г.Ч-ийн толгой руу гараараа цохиж эхэлсэн. Би боль гэж хэлээд салгах гэсэн боловч хүч хүрэхгүй байсан учир аав Ж.Г-ыг дуудна гэж хэлэхэд А.Г- нь би та нарын нэгийг чинь ална гэж хэлээд гэрээс гарч, дотор талаасаа түгжээтэй байсан аав Ж.Г-ы Монгол гэрийн түгжээг тайлж орсон, би араас нь аав Ж.Г-ы гэр лүү орж гэрлийг нь асаах үед аав Ж.Г- нойрноосоо сэрсэн. А.Г- нь аавын хоолны шүүгээнээс бор иштэй хутга авч, аав Ж.Г- руу очиход, аав Ж.Г- үгээр аргадаж тайвшруулах гэж оролдсон. Энэ үед би аав Ж.Г-ы гэрээс гарч, өөрийн гэртээ орж ирэхэд А.Г- миний араас гэрт орж ирээд манай хутга хийдэг газраас шар иштэй хутга авч хоёр гартаа хутга барьж, та нарыг ална гэж хэлээд гэрийн багана, хаалга гэх мэт газарт хутга зоогоод байсан. Түүний дараа А.Г- нь гартаа барьж байсан хоёр хутгаа өмднийхөө бүсэнд хийчхээд дахин дүү Г.Ч-ийн толгой, нүүрлүү гараараа цохиж эхэлсэн. Энэ үед Г.А сэрж уйлсан бөгөөд дүү Г.Ч-, хүү Г.Аыг хөхүүлж байх зуур А.Г- орон дээр сууж байсан Г.Мг үснээс нь татаж, өргөж босгоод унтаж байсан хөнжилд нь ороож тэврээд манай гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 126-130 дахь тал);

6. Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дүү охин Ч.Ч-ээс сонсоход 2022 оны 11 дүгээр сард мөн нүд нь хөхөртөл зодсон гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 10-наас хойш хэдний өдөр гэдгийг санахгүй байна, дүү Ч- намайг хүрээд ирээч, А.Г- Ч-ийг цохисон байна гэхээр нь очсон. Тэгээд А.Г-ас яагаад нэгнийгээ зодоод байдаг юм, юунаас болсон юм гэхэд “Согтуудаа ийм юм болчихсон байна, ах уучлаарай” гэж хэлсэн. Ахиж ийм асуудал гаргахгүй гэж хэлчихээд явчихсан. Аавын гэрт ороход Ч- байсан ба дээд уруул нь сэтэрчихсэн байдалтай, нүүрний хэсэгт улайлт мэт зүйлс үүсчихсэн байсан. ...А.Г- миний дүүг зодож байгаа талаар 2022 оны 12 дугаар сарын дунд үеэс хойш ах дүү нараасаа сонсож байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131-133 дахь тал);

7. Гэрч П.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Ч-ээс асуухад 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А.Г- нь намайг гэрээс гуйж авч яваад гэртээ очоод том охиноо хажуугийн айлд оруулчхаад зодсон, тэгээд шөнөжингөө зодож 3 цагт нойр нь хүрээд унтаад өгсөн гэж хэлсэн. Өнөөдөр үснээс татаад, нүүр, нүд рүү өшиглөж гараараа цохисон, тэгээд том охиноо үснээс нь өргөж босгоод хүүхэд нь уйлахаар аав нь байна гээд хөнжилд ороогоод аваад гэрээс гараад явсан гэж хэлсэн. Түүнээс өмнө уруул нь сэтэрчихсэн байхад яагаад ингэсэн талаар асуухад нуугаад байсан... өнөөдөр надад хэлэхдээ А.Г- миний уруул руу аяга шидээд гэмтээчихсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-139 дэх тал);

8. Гэрч Ж.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 03 цагийн үед унтаж байхад цоожтой хаалганы цонхыг хагалаад цоожийг тайлаад ....А.Г- орж ирж суучихаад өөрийнхөө эхнэрийг янхан яатуу, танай эхнэр мөн янхан, яатуу, удмын янханууд гэж хэлсэн. Би түүнийг чи юу яриад байна, аавын хүүхдүүд гэхэд манай гэрийн хоолны шүүгээнээс модон иштэй хутга аваад манай хүргэний гэрлүү орсон. ...хүргэнийхээ гэрт ороход охин Г.Ч- А.Г-ыг хүүхэд аваад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай хамаатны хүмүүсийг дуудсан. Х замд А.Г-тай таараад зодолдоод нэг хутгыг нь аваад шидчихсэн юм байна лээ. Тэгээд хүүхдээ аваад зугтчихсан гэж хэлсэн. ...Манай хүргэн А.Г- нь манай охиныг зөндөө олон удаа зодсон байна лээ. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зодсон байсан, түүний дараа 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр охин Г.Ч-ийг манай гэрт ирчихсэн байхад А.Г- ирээд  “дахиж зодохгүй, миний буруу” гээд уучлалт гуйгаад аваад явсан, гэтэл тэр шөнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжчихээд манай хүүхдийг зодсон байсан. Мөн өнөө шөнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө охиныг маань зодсон. Шөнө намайг унтаж байхад А.Г- манай хүргэний гэрт ирээд агсам тавиад охин Г.Ч-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байсан. Манай охин Ч- хэлэхдээ нүүр, уруул хэсэгт өшиглөж зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 140-142 дахь тал);

9. Гэрч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний үед ...01 цаг өнгөрч байсан байх, намайг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт унтаж амарч байхад А.Г-ын эхнэр 2 хүүхдийн хамт манайд орж ирсэн ба удалгүй араас нь А.Г- орж ирээд эхнэрээ “Гурав тоолохын дотор гэрлүү ор” гэж хэлсэн, А.Г-ын эхнэр Г.Ч- нь манай гэрийн орон дээр хүүхдийнхээ хамтаар суухад түүний гар луу хэд хэдэн удаа цохисон. ...Намайг гэрээс гараад явсны дараагаар эхнэрээ дахиад зодсон юм шиг байна лээ. А.Г-ынхтай нэг хашаанд хамт амьдардаг, тэгэхдээ тэднийд орж гараад байдаггүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 143-144 дэх тал);

10. Гэрч П.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Урьд өмнө А.Г- нь манай охин Г.Ч-ийг зоддог байсан. Манай охин Г.Ч- нуугаад хэлдэггүй байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 154-155 дахь тал);

11. Гэрч А.Бгийн мөрдөн байцаалытн шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Г.Ч- нь манай гэрт орж ирсэн бөгөөд түүнийг харахад аль нүд болохыг нь санахгүй байна, нүд нь хөхөрчихсөн байсан. Би чиний нүд чинь яачихсан юм гэж асуухад Г.Ч- нөхөр А.Г- зодчихсон гэж хэлсэн. Түүний дараагаар 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө байх цаг хугацааг сайн мэдэхгүй байна, үүрээр Г.Ч- хоёр хүүхдийнхээ хамт манайд ороод ирсэн.Тэгээд бид нар сэрэхэд араас нь нөхөр А.Г- нь орж ирээд Г.Ч-ийг шууд өшиглөсөн, яаж байгаа юм бэ, юу болж байгаа юм бэ гэхэд та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Г.Ч-ийг гэрлүүгээ ор гэж хэлээд өшиглөөд гар, мөрлүү нь гараараа цохисон, хэчнээн удаа цохисон болохыг мэдэхгүй байна. Би А.Г-ас айгаад Жыг дуудахаар гараад явчихсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 158-159 дэх тал);

12. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 61 дугаартай "...Үзүүлэгч Г.Ч-ийн биед дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь үүсээд 1 хоног орчим, зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь үүсээд 2-3 орчим хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой. ... Дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Харин зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно " гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 166-167 дахь тал);

13. Шүүгдэгч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 202-204 дэх тал);

14. Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/101 дугаартай “...А.Г- нь 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар хяналтад орсон 43 хоног, үлдэгдэл 197 хоногийн хяналтын хугацаатай байна” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 231 дэх тал);

15. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж авсан, шүүгдэгч А.Г-ын гэрээс хураагдаж ирсэн шаазан аяга зэрэг нотлох баримтууд баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Г- болон Г.Ч- нар 2021 оны 9 дүгээр сард нэг гэрт орж хамт амьдарч эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хурим найраа хйисэн, одоо тус аймгийн ............ сумын 6 дугаар багийн нутагт 2 хүүхдийн хамтаар амьдарч байгаа. Том охин нь 1 нас, 4 сартай, бага нь хүү, 2 сартай. Г.Ч- эрхэлсэн ажилгүй, 2 хүүхдээ асарч гэртээ байдаг, А.Г- нь эрхэлсэн ажилгүй, малтай малаа зарж борлуулж амьдардаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 132-133 дахь тал);

2. Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нагац дүү А.Г- нь 1997 онд төрсөн бөгөөд манай авга эгч Ц-гийн том хүүхэд, доороо 1 эрэгтэй дүүтэй. Багаасаа цовоо сэргэлэн зантай, мал маллах авьяастай, малд нүдтэй, ажилсаг, тусархуу, элгэмсэг хүүхэд байсан бөгөөд ............ сумын Цогцолбор 6 дугаар сургуулийн 12 дугаар ангийг албан бусаар сурч төгссөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, сургуульд сурсны дараагаар ээждээ тусалж байгаад цэргийн албанд яваад ирсэн. Түүний аав Амаржаргал нь А.Г-ыг хүүхэд байхад өвчний улмаас нас барчихсан. Одоо ээж Ц- нь тус аймгийн ........... сумын 3 дугаар багийн нутагт хөдөө мал маллаж амьдардаг. А.Г- нь цэргийн албанаас ирээд ээждээ туслаж мал маллаж байгаад 2021 оны 9 дүгээр сард Г.Ч-тэй гэр бүл болоод 2022 оны 6 дугаар сарын 22-нд хуримаа хийсэн. А.Г-, Г.Ч- нар албан ёсны гэрлэлтээ бүртгүүлээгүй гэсэн. А.Г- нь 2022 оны 11 дүгээр сард тус аймгийн ........... сумаас ............ суманд амьдрахаар орж ирж, 6 дугаар багийн нутагт өөрийн эзэмшлийн хашаанд гэрээрээ буусан. Эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, А.Г- бас ажилгүй, хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй, өрхийн амьжиргааны түвшин доогуур ядуу айл өрх юм. Өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдаагүй, сарын тогтсон орлогогүй, өөрийн гэсэн тоолуулсан мал байхгүй. А.Г- нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн зантай, эелдэг боловсон харьцаатай, энгийн, хүмүүстэй сайн харилцаатай, гарын ур дүүтэй, ажилсаг, тусархуу, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, өөр ямар нэг муу зуршилгүй, сүүлийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаг болчихсон, өөр ямар нэгэн муу зуршилгүй...ур чадварын хувьд А.Г- адуучин тэмцээнд түрүүлж байсан удаатай, адуу сургадаг, бугуйл хаях, ташуур шүүрэх ур чадвар сайтай, техник сэтгэлгээ сайтай” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал);

3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Хохирогч Г.Ч- болон шүүгдэгч А.Г- нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт:

1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Г-ын холбогдсон хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.

2. Тодруулбал: Шүүгдэгч А.Г- нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эхнэр Г.Ч-ийн баруун нүд хэсэгт цохисон,

-2023 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө  Увс аймгийн ............ сумын 6 дугаар багт байрлах гэртээ Т буюу Б.Г-, Д.Б нарын хамт архидан согтуурсан үедээ Д.Бг миний ах Б.Г-ын толгой руу цохидог хэн бэ гэж уурлан агсам тавьж, улмаар гэрийнхээ аяга тавгийг унагааж хагалсан, хэсэг хугацааны дараа А.Г- нь эхнэр Г.Ч-ээс тамхи асуухад байхгүй гэж хэлсэн гэж уурлан, Г.Ч-ийн гар руу 2 удаа цохиж, хоолны шүүгээний шургуулгыг татаж унагаан, аяга тавгийг дэвсэж хагалаад, хутга хайх үед Г.Ч- айж, бага насны хоёр хүүхдээ авч зугтан, хөрш айл болох А.Гийн гэрт орсон, А.Г- эхнэрийнхээ араас А.Гийн гэрт орж ирээд “чи яахаараа хүүхдүүд авч зугтдаг юм” гэж хэлээд эхнэр Г.Ч-ийг өшиглөж, үсдэж чирээд гэрээс гаргах гэж зодсон, энэ үед гэрийн эзэн А.Г цагдаад дуудлага өгч А.Г-ыг шалгуулсан,

-2023 оны 1 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө А.Г- нь архидан согтуурсан үедээ Увс аймгийн ............ сумын ........ багт байрлах гэртээ өөрийг нь цагдаад мэдэгдэж, шалгуулж байгаа гэх шалтгаанаар эхнэр Г.Ч-т уурлан, “Чи намайг цагдаад өгсөндөө уучлалт гуй, сөгд, сунаж мөргө” гэх мэтээр дарамталж, Г.Ч-ээр уучлалт гуйлгаж, сөгдөж, мөргүүлсэн, Г.Ч-ийг сөгдөж, мөргөөд босох үед А.Г- нь “Чамд хэлэх зүйл байхгүй юу” гэж хэлээд хоол идэж байсан сэрээгээ шидсэн, Г.Ч- газар унасан сэрээг авч А.Г-д өгөхөд тэр сэрээг зүүн гарт бариулж өгсөн гэж уурлан хоол идэж байсан шаазан аягыг Г.Ч- рүү шидэж, уруулыг нь сэт цохисон,

-2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 03 цаг хүртэл шүүгдэгч А.Г- нь эхнэр Г.Ч-ийг “би үзэж, хардаг лам болж байна, бузраа арилгуул” гэж дарамтлан гэдэс рүү нь өшиглөж, шалан дээр түлхэж унагаан, үсдэж, толгойгоор нь шал мөргүүлсэн, мөн “би усанд орно, 20 литр ус олж ир” гэж хэлээд Г.Ч-ийг өшиглөж, толгой, нүүр хэсэг рүү нь алгадаж, зодсон, “сандалны гуравны нэг дээр суу” цэрэгт намайг ингэж зоддог байсан, номхон зогс гэх мэтээр дарамталж, гэдэс рүү нь хоёр удаа өшиглөж, толгой руу нь гараараа чичилж, зодсон,

-2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 02:30 цагийн үед Увс аймгийн ............ сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хадам эгч Г.Ч-гийн гэрийн хаалганы цонхыг хагалж, гараа оруулан түгжээг нь тайлан орж, тэднийд 2 хүүхдийн хамт амарч байсан эхнэр Г.Ч-ийг үсдэж, орноос нь татаж унагаан, толгой, зүүн нүдний хэсэгт өшиглөж зодсон, мөн хутга авч бүгдийг чинь ална гэж айлган сүрдүүлж, эхнэр Г.Ч-ийн шилэн хүзүү, нуруу хэсэгт цохиж, өвлийн хүйтэнд бага насны буюу 1 нас 6 сартай охин Г.Мг үснээс нь татаж босгон хөнжилд ороож, авч зугтсан гэх үйл баримтууд улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

3. Шүүгдэгч А.Г- нь 2023 оны 01 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө эхнэр Г.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь “дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн далны дээд хэсэгт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь эрх бүхий шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Прокурорын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаар яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Г-ыг 2022 оны 11 дүгээр сарын 20, 2023 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө эхнэр Г.Ч-ийг байнга зодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх гэмт хэргээр,

-2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө эхнэр Г.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргээр тус тус зүйлчилж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэдгийг “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүгдэгч А.Г-, хохирогч Г.Ч- нар нь нэг гэр бүлд амьдарч байгаа, гэр бүлийн харилцаатай хүмүүс байх тул тэдгээрийг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг “Байнга” зодсон үйлдлээр илрэх ба хуульд зүйн хувьд “байнга” гэх ойлголт нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид гурав ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгоно.

Хохирогчийн биед халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэргээр хүний бие махбодид өвдөлт, зовиур мэдрүүлсэн аливаа үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч А.Г- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ч-ийг 5 удаа зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн “байнга зодох” гэсэн шинжийг  хангаж  байх бөгөөд түүний үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Тодруулбал: Шүүгдэгч А.Г- нь эхнэр Г.Ч-ийг 2022 оны 11 дүгээр сарын 20, 2023 оны 1 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө, 2023 оны 1 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө байнга зодсон үйлдэл тус бүр нь гэр бүлийн хүрээн дэх эхнэр, нөхрийн хоорондох ахуйн шинжтэй маргааныг агуулаагүй,

А.Г- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлээр эхнэр Г.Ч-ийг зодож байсан, түүний үйлдэл тус бүр нь ижил төстэй, дахин давтагдах шинжтэй, түүнчлэн хохирогч Г.Ч- нь шүүгдэгч А.Г-д байнга зодуулсны улмаас түүнээс айж, бага насны 2  хүүхдийн хамт зугтаж, айлд хонож байсан, нөхөртөө зодуулахгүйн тулд түүний шаардлагаар шалтгаангүйгээр уучлалт гуйж, сөгдөж мөргөж байсан, тэрээр согтуурсан үедээ  “би үзэж хардаг лам, бөө болж байна, бузраа арилгуул, номхон зогс, сандалны гуравны нэг дээр суу, намайг цэрэг байхад ингэж зоддог байсан” гэх зэргээр эхнэр Г.Ч-ийг дарамталж өшиглөх, үсдэх, алгадах зэргээр удаа дараа зодож байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа ч энэ үйлдлээ зогсоогоогүй, үргэлжлүүлэн эхнэрээ зодож байсан зэргээс дүгнэж үзэхэд А.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Иймд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

2. Шүүгдэгч А.Г- нь  2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрээ зодох явцдаа шаазан аяга шидэж, уруулыг нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг, материаллаг шинжтэй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Г-ын 2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө эхнэр Г.Ч- рүү аяга шидэж, цохисон  үйлдлийн улмаас хохирогч Г.Ч-ийн эрүүл мэндэд “дээд уруул, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд А.Г-ын дээрх үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, эсхүл хүнд хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож хуульчлаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу гэмт этгээд гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэмтлийн зэргээс нь хамааран Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлээс гадна Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж шийдвэрлэхээр заажээ.

Шүүгдэгч А.Г- нь 2023 оны 1 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө эхнэр Г.Ч-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Г- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч А.Г- болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч А.Г-ын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Ч-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Ч- шүүх хуралдаанд биечлэн оролцож, “Нөхөр А.Г-ас нэхэмжлэх хохиролгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Г-ас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1. Шүүгдэгч А.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний үйлдсэн гэмт хэргүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч  А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тус ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулах 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тусад эдлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”  дүгнэлтийг,

Хохирогч Г.Ч- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Надаас уучлалт гуйж, бид эвлэрсэн, надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул нөхөр А.Г-д аль болох хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Хохирогч, шүүгдэгч нар хоорондоо эвлэрсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна. Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулахаар санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг багасгаж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зорчих эрх хязгаарлах ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч А.Г- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би зуны цагт барилгын ажил хийж мөнгө төгрөг олдог. Надад оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Г- нь хувийн байдлын хувьд 1997 онд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, эд хөрөнгийн хувьд ............ сумын ................. багт улсын бүртгэлийн .................дугаарын гэрчилгээтэй, 135 м.кв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний газартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай шийтгэврээр баривчлах шийтгэл эдэлж байсан гэх хувийн байдлууд тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч А.Г-ын хувийн зан байдлын талаар 1 дэх хавтаст хэргийн 132-133, 161-162 дах талд авагдсан гэрч Ц.М-, Г.Э- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч А.Г-ын үйлдсэн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь гэр бүлийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, цаашлаад хүний халдашгүй байдалд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулах, дахин давтагдах шинжээрээ нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал,  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн “Нөхөр А.Г-тай эвлэрсэн, нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт тус бүрт нь  дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Г-д 8 (найм) сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавин) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

5. Шүүгдэгч А.Г- нь урьд “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч А.Г-д “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь мөн эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын  зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Г-д Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 8 (найм) сар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч А.Г-ын нийт эдлэх хорих ялыг 1 (нэг) жил, 4 (дөрвөн) сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хорих ялын санкцгүй тул шүүгдэгч А.Г-д оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж, нэмж нэгтгэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул тусад нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэхгүйгээр тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнд оногдуулсан 1 жил, 4 сар хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн эдлүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, хорих ялаар солихыг мэдэгдэж, шийдвэрлэв.

6. Шүүгдэгч А.Г- нь энэ хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 22-ны орой 23 цаг 15 минутад шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдаж, Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор суллагдсан байна. (1 дэх хавтаст хэргийн 179-184 дэх тал),

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч А.Г-ын энэ гэмт хэрэгт 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23 цаг 15 минутаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 (нэг) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Г-ас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шаазан аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт А-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Г-д 8 (найм) сарын хугацаагаар  хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан шүүгдэгч А.Г-д урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 8  (найм) сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д 8 (найм) сар хорих ял шийтгэсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1,2,  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан  8 (найм) сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг  1 (нэг) жил, 4  (дөрөв) сараар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 350 (гурван зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүнийг 1 (нэг) жил, 4 (дөрөв) сар хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эдлүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Г-ын энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Г-ас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шаазан аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.       

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА