Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/231

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Х.Анхцэцэг,

хохирогч Л.Б,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Баатардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Ж-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310001020172 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.Ж нь Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд ** аймгийн Ж** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, мэргэжилгүй ** эмнэлэгт зохион байгуулагч ажилтай ам бүл-2, эхнэрийн хамт Т** аймгийн Д** сум, ** дугаар баг, ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/ гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Б.Ж нь 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Наяд төвд Л.Б-ийг тодорхой шалтгаангүйгээр нүүр, толгойн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамарт шарх, дух, хамар, зүүн чих, хөхлөг, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, хөхлөгт зулгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Наяд төвд манай байгууллагын хамт олны шинэ жилийн арга хэмжээ болж дуусаад гарах гээд явж байхад хохирогч араас явалдаа гээд түлхэхээр нь яагаад түлхээд байгаа юм бэ гэсэн чинь дахиад түлхсэн, тэгээд би хохирогчийн нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тухайн үед би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай байгууллагын захирал хохирогчтой яриад нэрийн хуудсаа өгсөн. Тухайн үед би хохирогчоос уучлалт гуйгаад салсан гэв.

Хохирогч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 17-ны орой арван жилийн ангийнхантайгаа шинэ жил тэмдэглээд Ү, А, А, С нарын хамтаар Наяд төвд байрлах караоке орох гээд үүдэн хэсэгт байж байхад С дээр шүүгдэгч ирээд би таныг шүтэж явдаг шүү гээд гар бариад байсан, хамт явж байсан хүмүүс С-ыг аваад цааш явсан чинь тухайн залуу над дээр ирээд чи С-тай цуг явдаг хэн юм бэ гээд миний нүүрэн тус газар цохисон, би газар унасан ба надтай хамт цуг явж байсан эмэгтэйчүүд салгасан. Тэгээд нэг залуу над дээр ирээд уучлаарай би захирал нь байгаа юм гээд надад нэрийн хуудсаа өгөөд асуудлыг ярилцаад зохицуулж болох уу гэсэн санал тавьсан. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч ирэхгүй удаад байсан тул Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өөрөө очсон. Хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирлоо барагдуулж авахад татгалзах зүйлгүй. Мөн би дээрх гэмтлийн улмаас 14 хоног ажилдаа явж чадаагүй, сард 2,300,000 төгрөгийн цалинтай ба 1,100,0000 төгрөг, үүдэн шүдэндээ эмчилгээ хийлгэж чадаагүй цаашид эмчилгээ хийлгэхэд 2,000,000-3,000,000 төгрөг болно гэж эмнэлгийн байгууллага хэлсэн. Нийт 3,100,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 2310001020172 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01:35:45 цагт гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

2.Хохирогч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 18 дугаар хуудас),

3.Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 17-18-ны шилжих шөнө найз нарын хамтаар шинэ жилийн арга хэмжээг тэмдэглээд 12 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төвд үйлчлүүлэх гээд орох гэж байсан чинь үл таних өндөр туранхай залуу таараад тухайн залууг би танихгүй над дээр ирээд ахаа би таныг хүндэлдэг олон зүйлийг нийгэмд сайн сайхан зүйл хийдэгт баярладаг шүү гэж хэлээд намайг явуулахгүй зуураад байсан. Хажууд найз Б байсан. Надтай хамт явж байсан А, А хоёр намайг цааш аваад явсан чинь миний ард байсан Б-ийн нүүрэн тус газар нь тухайн үл таних залуу цохиод унагаасан. Тэгтэл манай найз Б-ийг цохичихлоо гэж хэлээд манай найз эмэгтэйчүүдийн хувцас нь цус болсон байсан. Ингээд би тухайн газраас гараад явсан. ...Миний мэдэхийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Биеэ хянах чадвартай байсан. ...Хэрэглэсэн байсан биеэ хянах чадвартай байсан. Бид нарыг аваад явж байсан. ...Намайг орж ирэхэд Б-ийг зодсон залуу намайг явуулахгүй надтай юм яриад гар бариад байсан. Миний ард Б явж байсан. Би цааш явж байсан чинь миний ард Б-ийг зодсон гэж гэж хэлж байсан. Сүүлд Б-оос юу болсон бэ гээд асуусан чинь чи яагаад С-тай хамт ядаг юм бэ гээд цохисон гэж надаа хэлсэн. Би яг юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

4.З.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар арын 17-18-ны шилжих шөнө 10 жилийн сургуулийн ангийн хүүхдүүдийн хамтаар шинэ жилийн арга хэмжээ болоод бид нар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Наяд төвийн караоке орж үйлчлүүлэх гэж байсан чинь ангийн залуу С-ыг үл таних залуу таныг шүтдэг биширдэг гээд хоргоогоод явуулахгүй байсан чинь ангийн охин А за за чи С-ын дугаарыг аваад дараа холбогдоорой гээд С-ыг аваад орж байсан чинь ард явж байсан Б-ийг ямар нэгэн шалтгаан байхгүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиод газар унасан чинь хамраас нь цус гараад байсан чинь тухайн залуу Б-ийн дээр нь гараад мөн адил цохиод байхаар нь бид нар больцгоо яаж байгаа юм гээд хэлсэн чинь тухайн залуу ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан чинь үл таних эмэгтэй ирээд уучлаарай анай дүү байгаа юм аа гээд тэнд Б болон бид нараас уучлалт гуйгаад байсан. Б өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээгүй учаас Б өөрөө ганцаараа цагдаагийн хэлтэс рүү явсан байсан. ...Б биеэ хянах чадвартай байсан, бага зэрэг согтуу байсан. ...Үл таних залуу С-ыг биширдэг гэж хэлээд явуулахгүй байсан. Тэгээд бид нар С-ыг аваад явж байсан чинь ү таних залуу Б-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиод газар унасан чинь мөн адил цохиод байсан. Тэнд ямар нэгэн Б-той маргалдах цохих шалтгаан болоогүй. ...Би Б-ийг газар хэвтэж байхад нь очсон чинь хамраас нь цус гараад хамар хэсэг нь улайсан байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

            5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 320 дугаартай:

            -Хэсэг газрын үзлэгт: Зүүн чихний дэлбэн овойж хавдсан дээд 1/3 хэсэг эмзэглэлтэй, гадна суваг цэвэр. Чихний ар хэсэг хөхлөг орчим 1.8х0.1см бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай гол хэсэгт 0.1х0.1см, 0.2х0.1см зулгаралттай. Зүүн чамархай 2см голчтой овойж хавдсан, эмзэглэлтэй, хуйх улайсан, зүүн шанаанд 2х1.7см, духны зүүн дээд хэсэгт 2х1.2см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хамрын нуруу бага зэрэг овойж хавдсан, эмзэглэлтэй гол хэсэгт босоо байрлалтай 1.1х0.1см зах ирмэг тэгш биш няцарсан шархтай, хамрын амьсгал 2 талд чөлөөтэй. Зүүн дээд 1-р шүд хиймэл, баруун дээд 1-о шүд 1-р зэргийн хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй буйланд цус хуралттай. 2022.12.18 Мед трава толгойн КТГ-д: Тархины эдэд шинэ цус хуралт болон эзлэхүүнт өөрчлөлтгүй...суурь болон гавлын ясанд эмгэг өөрчлөлтгүй...хамар ясны зүүн хажуу хана зөрүү багатай хугаралтай...хамар болон зүүн шанаа орчмын зөөлөн эдэд хавантай. /эмч Б.Дамбажав/ гэжээ.

1.Л.Б-ийн биед хамар ясны хугарал, хамарт шарх, дух, хамар, зүүн чих, хөхлөг, зүүн чамархай, шанааны зөөлөн эдийн няцрал, хөхлөгт зулгаралт, баруун дээд 1-р шүдний сулрал, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

6.Яллагдагч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Наяд төвийн 4 давхарт шинэ жилийн арга хэмжээ болоод тухайн газраас гараад явж байсан чинь олны танил С-тай таарсан тухайн залуу өөрөөсөө гадна хоёр эмэгтэй 1 эрэгтэй хүний хамтаар явж байсан. Би өөрөө фитнесээр хичээллэдэг учраас С гэдэг залуу дээр очоод би таныг хүндэлдэг сайн байна уу гээд юм ярьж байсан чинь цуг явж байсан хохирогч Б гээд залуу ирээд чи одоо зайл гэж хэлээд намайг түлхсэн би яаж байгаа юм гээд хэлсэн чинь дахиад намайг түлхсэн. Ингээд тухайн залуутай зууралдаад газар унагаж байгаад нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг салгасан. ...Хохирлыг төлж барагдуулна. ...Шинэ жилийн арга хэмжээтэй байсан учраас тодорхой хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ болсон үйл явдлыг санаж байгаа. ...Хэргийг шүүх рүү шилжүүлэхээс өмнө хохирлыг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Би маш их харамсаж байна, бусдын биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас) (хавтаст хэргийн 83-94 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.Ж-ыг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Б-д энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Б цалин хөлс болон гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА