| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0047/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-03-24 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ө.Н,
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ж-гийн Бод холбогдох эрүүгийн 23350.................. дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................... ............ суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын ............... оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д овогт Ж-гийн Б, регистрийн дугаар:.................;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн ............ сумын нутагт байх Монгол Улсын хилийн ............дугаар тэмдэгтийн зүүн талаар 500 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн ............ сумын нутаг Монгол Улсын хилийн ..........дугаар тэмдэгтийн зүүн талаар 500 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.Бын эрүүл мэндийн талаарх нотлох баримт хавтаст хэргийн 98, 100 дугаар хуудсанд авагдсан. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж Монгол улсын хил зөрчихгүй, гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд надад оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 2335.............. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, Улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт (хавтаст хэргийн 16-18 дахь тал);
2. Улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, зураг (хавтаст хэргийн 24-29 дэх тал);
3. Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-37 дахь тал);
4. Иргэний нэхэмжлэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус бүлэг 100 литр түлшээр нийт 625 км явж үүрэг гүйцэтгэсэн. Манай зүгээс 0227 дугаар салбараас гарсан бензинийг нэхэмжлэхгүй, харин ангийн төвөөс явсан бүлгийн зарцуулсан 100л түлшний мөнгө болох 393.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал);
5. Гэрч Б.Ж-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хилийн манааны үүрэг гүйцэтгэсэн дэд ахлагч Д ахлагчтай манаа 11 цагаас 17 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Тухайн манаа үүргээ гүйцэтгээд явж байхдаа Монгол Улсын иргэн ОХУ-ын хилчдэд саатуулагдаж байгааг хараад заставт 13 цаг 30 минутын үед мэдэгдсэн. Заставын дарга ангийн удирдлагад мэдэгдээд ангиас хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалт зохион байгуулж хил зөрчигч иргэнийг хүлээлцэх, ул мөрийг хүлээлцэх чиглэл өгсөн. Өгөгдсөн чиглэлийн дагуу бүлэг гарч 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цагийн үед мөр улыг хүлээлцээд, хил зөрчигчийг хүлээн авсан. Тус иргэн ............ сумын 1 дүгээр багийн иргэн Ж- овогтой Б байсан. Ж.Бынх энэ жил хилийн ......... дугаар тэмдгээс нутгийн гүн талдаа 3 км орчим Хогдой нэртэй газар өвөлжиж байгаа. Хил зөрчигч Ж.Б бог малтай тухайн өвөлжөөн дээр байгаа, хажуудаа 1 хүүтэйгээ байгаа, хүүтэйгээ ээлжилж хонио хариулдаг, тухайн өдөр Бын ээлж байсан ба өглөө нь хотноос хонио гаргаад араас нь цай уучхаад яваад очиход 250 орчим бог мал улсын хилийн торны цаана гарчихсан байсныг хараад хилийн манаа харахгүй байх, байхгүй байна гэж бодоод хил зөрчиж ОХУ-ын талруу орж хил давсан малаа эргүүлэх гээд явж байтал тус улсын хилийн манаа ирж байсныг хараад Ж.Б зугтаад гол дээр халтирч унаад саатуулагдсан байсан. Ж.Б нь ............ сумын 1 дүгээр багт олон жил амьдарсан хүн, тус багийн нутаг дэвсгэрт ОХУ-ын талтай хиллэдэг хилийн багана тэмдэгт шугам байгаа гэдгийг мэддэг хүн. Мөн Ж.Бынх тухайн өвөлжөөн дээр ирж буухад манай бэлчир хилийн харуул болон заставаас хүмүүс очиж хилийн тухай хуулиар яриа таниулга хийж байсан. Тухайн иргэн хилийн торон доогуур шургаж гарсан байсан. Ж.Б хилээр гарсан газар орноо зааж өгч, хил зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал);
6. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед хонио урагшаа туух гэсэн боловч урдаасаа хүйтэн салхитай байсан учир хойшоо туугаад гарсан. Би аавыг явсны дараа цай чанаад цас хайлчхаад дулаахан өдөр бол 14 цаг гээд тосдог, хүйтэн өдөр бол 12-13 цагийн хооронд очиж тосож авдаг. Тэгээд тухайн өдөр салхитай хүйтэн өдөр байсан учраас аавыг тосож авахаар 13 цагийн үед гэрээсээ гараад хилийн зүг яваад хараад байсан чинь аав харагдахгүй байсан болохоор хясаа руу очиход тал мал нь голын цаана, тал нь голын наана байсан. Тэгээд харагдахгүй болохоор нь дөхөж очсон чинь аавыг гол дээр хүмүүс барьчихсан байсан. Тэгээд голын цаана байсан мал орос цэргүүдийн дагуулж ирсэн нохойноос үргээд гараад хилээр гараад ирсэн. Тэгж байтал Монголын цэрэг ирсэн. Тэгээд ирсэн цэргүүд мэдээ өгөхөөр явсан. Би ч малаа аваад гэрлүүгээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-62 дахь тал);
7. Гэрч Ш.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хилийн 0227 дугаар салбараас 14-15 цагийн хооронд мэдээ ирсэн. Тус мэдээ нь Монгол Улсын иргэн Хилийн ...........дугаар тэмдгийн зүүн талаар 500 метр газраар улсын хилийг хууль бусаар зөрчлөө гэх мэдээ байсан. Тус мэдээллийн дагуу ОХУ-ын талтай албан факсаар харилцаж хил зөрчигч иргэний мэдээллийг авсан, мөн заставаас заставын дарга, ахлах дэслэгч хилчинээр ахлуулсан тусгай томилгоот бүлгийг явуулж ОХУ-ын талтай хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалт зохион байгуулж хил зөрчигч иргэнийг хүлээн авсан. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр миний бие хил зөрчсөн иргэнтэй очиж газар орон дээр үзлэг хийж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Тухайн газар оронд очиход хил зөрчигч иргэний отрын гэр нь улсын хилээс нутгийн гүн талдаа 3.5 кмт байрлаж байсан. Тус газар орны хилийн шугам нь 1-2.5 метрийн өргөнтэй .......... гэх голоор ОХУ-тай хиллэдэг. Тус голын цаад тал ОХУ-ын тал, наад тал нь Монгол Улсын тал гэж үзнэ. Зөрчил гарсан хэсэг нь ОХУ-ын талдаа инженерийн торон саадтай, Монгол Улсын талдаа хилийн ...... дугаар тэмдэгт хүртэл өргөст тортой, хилийн .......... дугаар тэмдэг хүртэл Спрал торон саадтай тус саад болон голоор ОХУ-тай хиллэдэг. Энэ талаар хил зөрчигч Ж.Б нь өөрөө мэдэж байсан. ОХУ-аас талаас бидэнд өгсөн мэдээллээр уг иргэн нь улсын хилийн ....... дугаар тэмдгийн зүүн тал 500 метр газраар бэлчээрээр хил давсан 250 орчим тооны бог малаа авах зорилгоор Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу явганаар улсын хил зөрчиж малаа буцааж туух үед манай улсын хилийн манаа илрүүлж, дуудах үед цааш зугтааж голын мөсөн дээр халтирч унах үед саатуулсан гэж мэдээлсэн. Тухайн иргэнийг ОХУ-ын талд саатуулагдсанаас хойш хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар Монгол Улсын иргэнээ буцааж авах талаар удаа дараа албан захидал солилцож хилийн уулзалт зохион байгуулж акт үйлдэн хүлээн авсан. Тухайн иргэнийг ОХУ-ын талаас хүлээн авсны дараа болсон явдлыг тодруулан мэдүүлэг авахад хариулгагүй байсан бог мал нь улсын хил давж бэлчээрлэхэд хил давсан малаа авахаар хил зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн иргэн нь улсын хилийн тэмдэг, хилийн шугамын явалтыг мэдэж байсан. Уг иргэнийг тухайн өвөлжөөнд нутаглахаар ирэхэд нь заставаас Хилийн тухай холбогдох хууль, журмыг танилцуулж гурван талт гэрээ байгуулсан, энэ гэрээгээр мал бүхий иргэн, малчид нь холбогдох үүргийг биелүүлж малаа байнгын хариулгатай байлгаж хилийн зөрчил гаргахгүй байх үүргийг хүлээдэг ба уг гэрээг малчин, багийн дарга, заставын дарга нь хоорондоо байгуулж сумын Засаг дарга, хилийн цэргийн ангийн захирагч танилцдаг. Ж.Бтой уг гэрээг хийж баталгаажуулсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-66 дахь тал);
8. Шүүгдэгч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-74 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа хэргээс:
1. Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аав ээжтэйгээ хамт амьдардаг, ........... ХХК-д ажиллаж байгаад энэ жил цас зудтай байгаа болохоор аав ээждээ тус дэм болохоор ирсэн юм. Манай ээж бага дүү Б.С-ын хамтаар ............ сумын 1 дүгээр багийн нутаг С... гэх газар үхэртэйгээ оторлож байгаа. Манай эгч Б.Н малын эмч одоо ............ сумын мал эмнэлгийн эмчээр ажиллаж байна, том ах маань тусдаа өрх гэр тусгаарлаад Дархан хотод амьдарч байгаа. Манай үндсэн өвөлжөө ............ сумын ......... гэх газар байдаг. Энэ жил буурь маань өвс ургамал бага учраас ......... гэх газар нагац ах Г-ийн өвөлжөөн дээр отор хийж байгаа. Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед хонио урагшаа туух гэсэн боловч урдаасаа хүйтэн салхитай байсан учир хойшоо туугаад гарсан. Би аавыг явсны дараа цай чанаад цас хайлчхаад дулаахан өдөр бол 14 цаг гээд тосдог, хүйтэн өдөр бол 12-13 цагийн хооронд тосож очиж авдаг. Тэгээд тухайн өдөр салхитай хүйтэн өдөр байсан учраас аавыг тосож авахаар 13 цагийн үед гэрээсээ гараад хилийн зүг яваад хараад байсан чинь аав харагдахгүй байсан болохоор хясаа руу очиход тал мал нь голын цаана, тал нь голын наана байсан. Тэгээд харагдахгүй болохоор нь дөхөж очсон чинь аавыг гол дээр хүмүүс барьчихсан байсан. Тэгээд голын цаана байсан мал орос цэргүүдийн дагуулж ирсэн нохойноос үргээд гараад хилээр гараад ирсэн. Тэгж байтал Монголын цэрэг ирсэн. Тэгээд ирсэн цэргүүд мэдээ өгөхөөр явсан. Би ч малаа аваад гэрлүүгээ ирсэн. Манай аав 2020 оны хавар даралт харваад зарим үг яриа ойлгогдохгүй болчихсон. Аав маань ямар нэгэн архи дарс уудаггүй элдэв хорт зуршилгүй, 4 хүүхдийн эцэг хүн, өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Яг л мөрөөрөө хүн. Тухайн өдөр гол гарчихсан малаа авахаар явж байгаад ийм асуудалд орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал);
2. Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал);
3. Шүүгдэгч Ж.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал);
4. Увс аймгийн ............ сумын ........ багийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай “Д овгийн Ж-гийн Б нь ам бүл 4, тус багт байнга мал маллан, оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 96 дахь тал);
5. Увс аймгийн ............ сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай “ Тус сумын ............ багийн иргэн Ж-гийн Б нь Тархины архаг цус харвалтын үлдэцтэй, элэгний цироз оноштойгоор эмчийн хяналтад байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 100 дахь тал);
6. Мэдрэлийн их эмч Д.О-ийн “...Ж.Б нь IY-1б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалттай группэд байдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт
7. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 100л түлшний мөнгө болох 393.000 төгрөгийг шилжүүлсэн буюу хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ж.Б нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн ............ сумын нутагт, Монгол Улсын хилийн ойролцоо мал хариулж яваад ОХУ-ын хил рүү нэвтэрч орсон өөрийн бог малыг авахаар Увс аймгийн ............ сумын нутагт байх Монгол Улсын хилийн ....... дугаар тэмдэгтийн зүүн талаар 500 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын тал руу явганаар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, Улсын хилийн дэглэм зөрчигчийг шилжүүлсэн акт (хавтаст хэргийн 16-18 дахь тал), Улсын хилийн дэглэм зөрчигчдийн ул мөрийг илрүүлэн баримтжуулсан акт, зураг (хавтаст хэргийн 24-29 дэх тал), мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-37 дахь тал), иргэний нэхэмжлэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), гэрч Б.Ж-, Б.Г, Ш.С нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-66 дахь тал) шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. “Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
2. Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна” гэж, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Б нь Монгол Улсын хилийн .... дугаар тэмдэгтийн зүүн талаар 500 метр газраар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хилийн боомт бус газраар явганаар, зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй гэснийг түүний өмгөөлөгч дэмжиж оролцсон болно.
3. Шүүгдэгч Ж.Б нь иргэний нэхэмжлэгч С.Б-оос нэхэмжилсэн 100 литр бензиний үнэ 393.000 төгрөгийг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулан баримтыг нь гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Боос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн. Шүүгдэгч Ж.Бын эрүүл мэндийн талаарх баримтууд хавтаст хэргийн 98,100 дугаар хуудсанд авагдсан. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахиж Монгол улсын хил зөрчихгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Ж.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 77 дахь тал),
- Шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд 1971 онд төрсөн, 52 настай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн ............ сумын 1 дүгээр багт амьдардаг, эрүүл мэндийн хувьд тархины архаг цусан харвалтын үлдэц, элэгний цирозын оноштойгоор эмчийн хяналтад байдаг, хувьдаа 800 гаруй малтай, мал бүхий иргэн болох нь тогтоогдож байх бөгөөд түүний хувийн зан байдлын талаар гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
-Шүүгдэгч Ж.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохиролд 393.000 төгрөг төлснөөр иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Ж.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан шүүгдэгч Ж.Баттогтогтоход мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Бод оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Ж.Бод оногдуулсан тэнсэн харгалзах болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах, хохирол хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ж-гийн Быг “Зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Бод тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Ж.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА