Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2021/01520

 

..........ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар магадлалтай,

..........ийн нэхэмжлэлтэй

..........д холбогдох

Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн гэрээний үүрэгт 26,267,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

1. .......... нь ..........д холбогдуулан арилжааны гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн гэрээний үүрэгт 26,267,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 318.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ..........ийн хариуцагч ..........д холбогдуулан гаргасан "2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг, ХААИС-ийн баруун талд байрлах, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах 300,0 /273,0/ м.кв талбайтай газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Ажлын байрны зориулалтаар байр түрээслүүлэх гэрээ-ний үүрэг болох төлбөрийн үлдэгдэл 26.267.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ..........ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар хяналтын гомдолдоо: Магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын шатны журмаар хянуулах гомдлыг гаргалаа. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдийн талаар бүрэн дүгнэлт өгч чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэж байна. Тодруулбал: Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, диспозитив зарчмыг зөрчих замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж дүгнэлт өгснөөр ирээдүйд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан.

1.Нэхэмжлэгч шүүхэд “2016.10.20-ны өдрийн Арилжааны гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, түрээсийн гэрээний дагуу 26,267,800 төгрөг гаргуулах” шаардлагыг гаргасан. Эдгээр гэрээнүүд бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж, улсын бүртгэлд өөрчлөлт орох үндэслэл болсон гэрээнүүд юм. Нэхэмжлэгч урьдаар энэхүү шаардлагыг шүүхээр хянуулан шийдвэрлүүлсний дараагаар зохигч талуудын хооронд 2019.11.04 өдөр “гарын үсгийн үнэн зөв” үйлдлийн төрлөөр гэрчлэгдсэн “Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо” хэмээх баримт бичгийг Иргэний хуулийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” болохыг тогтоолгох шаардлагыг гаргахаар төлөвлөж байсан. Өөрөөр хэлбэл, “гарын үсгийн үнэн зөв”-өөр гэрчлэгдсэн дээрх баримт нь үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэлд тавигддаг хууль ёсны шаардлага (нотариатчаар гэрчлэгдэх болон улсын бүртгэлд бүртгэгдэх)-ыг хангахгүй байсан учир дарааллын хувьд эхлээд урьдын Арилжааны гэрээ, газар эзэмших гэрээ зэргийг шүүхээр дүгнүүлсний дараагаар тухайн баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа гаргах нь зохимжтой байсан. Ийм эрх нэхэмжлэгчид хуулиар олгогдсон “нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох” эрх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хүрээнд диспозитив зарчмын дагуу хэрэгжин явагддаг.

2. Гэтэл шүүхээс, уг зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлтийг хийсний зэрэгцээ, ийнхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үйл баримтыг хамтатган дүгнэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн ...шийдвэр ... байгаа” гэх үндэслэл бий болж, ирээдүйд .......... тус 2019.11.04 өдөр “гарын үсгийн үнэн зөв” үйлдлийн төрлөөр гэрчлэгдсэн “Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо” хэмээх баримт бичгийн талаар шаардлага гаргах боломжгүй байдлыг бий болгосон.

3. “Нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх нь зөвхөн нэхэмжлэгчийн эдэлдэг эрх юм. Нэхэмжлэгч хэзээ, хэнээс, юу шаардахыг өөрөө шийдвэрлэдэг ба үүнд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын агуулга оршдог. Нэхэмжлэлийн шаардлагаас өөр асуудлыг, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэрлэх эрх шүүхэд байхгүй. Тухайн хэрэгт татагдсан этгээд ч шаардлагын хүрээнд хариу тайлбар, нотолгоо гаргана” хэмээн диспозитив зарчим Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2 дахь хэсэгт хэрхэн хуульчлан тусгагдсан байдгийг Улсын дээд шүүхээс гаргасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /албан бус/-ын 92-р талд тайлбарласан. Энэ утгаар, дээрх зөрчил бол нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх, түүнийг хэрэгжүүлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин хязгаарласан явдал бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт илтэд нөлөөлсөн. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтаас хальж дүгнэлт өгөөгүй бол, шүүхийн шийдвэр “...бодит байдал дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тохиролцсон...” гэх үндэслэл, үнэлэлт нь шууд хийгдэх боломжгүй байх байжээ. Өөрөөр хэлбэл, шүүх 2019.11.04 өдөр “гарын үсгийн үнэн зөв” үйлдлийн төрлөөр гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгэгдэж байгаагүй, “гэрээний үнэн зөв”-өөр гэрчлэгдээгүй, .......... урьд дүр үзүүлсэн хэлцэл хийснээ нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор өөртөө тусалж үйлдсэн, улмаар уг хэргийн дараагаар “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үйлдэгдсэн өөр бусад хэлцэл” болохыг нь тогтоолгохоор төлөвлөж байсан “Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо” хэмээх баримтыг талуудын хоорондын жинхэнэ тохиролцоо мэтээр шууд үнэлж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан нь учир дутагдалтай болсон. Нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр буруу гарах болсон. Давж заалдах шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн Ү-2003020131 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө /дуусаагүй барилга/-ийн өмчлөх эрх болон газар эзэмших эрх тус тус улсын бүртгэлд шилжих үндэслэл болсон хэлцлүүд нь 2016.10.20 өдрийн Арилжааны гэрээ /20 сая төгрөгийн үнэлгээтэй, дүр үзүүлсэн хэлцэл болохыг зохигчид хэн аль нь шүүхэд мэдүүлсэн/, газар эзэмших гэрээ болохыг дүгнэсэн атлаа - хожим барилга ашиглалтад орж, өмчлөлийн зүйлийн шинж чанар, үнэлгээ өөр болсон хөрөнгийг анхнаасаа “бодит байдал дээр 200,000,000 төгрөгөөр тохиролцсон” мэтээр үнэлсэн нь нотлох баримтыг үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг илтэд зөрчсөн. Ингэхдээ, (1) Арилжааны гэрээний улсын бүртгэлд бүртгэлтэй, өмчлөх эрх шилжих үндэслэл болсон хувилбар нь дээрх 20 сая төгрөгийн дүр үзүүлсэн гэрээ байсан, (2) Арилжааны гэрээний өөр нэгэн хувилбар буюу нотариатчийн архивт байхгүй 350,000,000 төгрөгийн үнийн дүнтэй эх хувь гэрээ байсан, (3) 2019.11.04 өдөр “гарын үсгийн үнэн зөв” үйлдлийн төрлөөр гэрчлэгдсэн “Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо” нь хариуцагч .......... “өөрийн өмчлөлд шилжсэн хөрөнгийг бусдаас худалдан авч буй” мэт хууль бус, хүчин төгөлдөр хэлцлийн шинжийг ямар ч байдлаар хангах боломжгүй, үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцэлд тавигддаг улсын бүртгэлд бүртгэгдсэн байх, нотариатчаар “гэрээний үнэн зөв” гэрчлэгдсэн байх шаардлагуудыг хангаагүй баримт байсан зэргийг харьцуулж дүгнэж чадаагүй ба (4) нэхэмжлэгч тал тухайн асуудлаар бодитой тохиролцоогүй - өмчлөх эрхээ сайн дурын үндсэн дээр чөлөөтэй хэрэгжүүлэх боломжгүй байдал үүнээс бий болсон гэж бүх талаар маргаж буй үйл баримтыг “талууд энэ талаар маргаагүй” гэж илтэд худал, буруу дүгнэж, нотлох баримтыг үнэлэх, үндэслэл бүхий шийдвэр гаргах журмыг зөрчсөний улмаас буруу шийдвэр гарсан байна. Улсын Дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбарыг зөрчсөн дүгнэлт өгсөн тухай:

7. Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг арилжиж, худалдах, худалдан авах талаар бодит үр дүнд хүрэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн мэтээр дүгнэсэн нь туйлын учир дутагдалтай, хууль хэрэглээний илэрхий алдаа болсон.

8. “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010.06.22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 17 дугаар тогтоолын 1.1 дэх хэсэгт “Хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан “хүсэл зориг” гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино”, 2.4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 42.41-т заасан “бусад этгээд” гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх “гэрээний үнэн зөв” үйлдлийн төрлөөр/ хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг [нотариат] ойлгоно” гэж, 5.2 дахь хэсэгг “Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно”, 5.3 дахь хэсэгт “Мөн зүйлийн 5.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино” гэж тус тус заасан.

9. Уг хэргийн хүрээнд зохигч талуудын хэн аль нь тухайн үл хөдлөх хөрөнгө шилжиж, улсын бүртгэлд эрх нэг этгээдэд дуусгавар болж нөгөө этгээдэд шинээр үүсэх үндэслэл болсон цорын ганц бичиг болох 2016.10.20-ны өдрийн “Арилжааны гэрээ”-г арилжиж, өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зоригоор хийгдээгүй, дүр үзүүлэн, түрээсийн гэрээг халхавчилж хийсэн болох нь нотолгооны бүхий л хэрэгсэл (хариуцагчийн тайлбар, түрээсийн гэрээг давхардуулан хийсэн байдал, дүр үзүүлсэн халхавч хэлцлийн дагуу ..........ийн “өмчлөл”-д бүртгэгдсэн хөрөнгийг .......... ашигласныхаа төлөө түрээсийн төлбөр төлсөөр байсан г.м.)-ээр тогтоогдсоор байтал Иргэний хуулийн холбогдох заалт, хүчин төгөлдөр бус байх хэлцэл, тэр талаарх Улсын Дээд шүүхийн тайлбар зэрэгт илтэд харшилсан байдлаар хэргийг алдаатай шийдвэрлэсэн.

10.Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэлд хуулиар тусгайлан тавигддаг агуулга, хэлбэрийн шаардлагыг шүүх буруу үнэлж Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас зөрүүтэйгээр хэргийг шийдвэрлэжээ. Тухайлбал, Иргэний хуулийн 43 дугаар зүйл /Хэлцэл хийсэн гэж үзэх/-ийн 43.2 дахь хэсэгт “Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ: 43.2.3.хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”, 109 дүгээр зүйл /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг шилжүүлэх/-ийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх”, 110 дугаар зүйл /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох/-ийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”, 243 дугаар зүйл /Худалдах, худалдан авах гэрээ/-ийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 252 дугаар зүйл /Худалдсан эд хөрөнгийн эрхийн доголдол/-ийн 252.2 дахь хэсэгт “Хүчин төгөлдөр бус эрхийг хөрөнгийн бүртгэлд бүртгүүлсэн бол түүнийг эрхийн доголдолтой гэнэ” гэж тус тус заасан зохицуулалт, хуулийн шаардлагын дагуу, түүнчлэн Нотариатын тухай хуулийн “Нотариатын тодорхой үйлдэл хийх журам”-ын тухай долдугаар бүлгийн 46 дугаар зүйл /гэрээ, хэлцэл гэрчлэх/-ийн 46.1 дэх хэсэгт нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ: 46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл” гэж тус тус заасан.

11. Өөрөөр хэлбэл, аливаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл нь гэрээ, хэлцлийн дотор агуулга, хэлбэрийн хувьд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагууд үйлчилдэг, тэдгээрийг дурдвал, “бичгээр” хийгдсэн байх, нотариатчаар (“гарын үсгийн үнэн зөв” гэрчлэх үйлдлийн төрлөөс бус) “гэрээ, хэлцлийн үнэн зөвийг гэрчлэх” үйлдлийн тодорхой төрлөөр гэрчлэгдсэн байх, улсын бүртгэлд бүртгэгдсэний үндсэн дээр өмчлөх эрх шилжих, түүнчлэн худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжих тохиолдолд, Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг, тодруулбал (1) өөрийн хууль ёсны өмчлөлд улсын бүртгэлд бүртгэлтэй хөрөнгийг бусдад худалдах замаар шилжүүлэх, (2) хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр олж авсан эрхтэй холбоотой шилжилт хийгдэх зэргээс ангид, эрхийн доголдолгүй байх, (3) гэрээний гол нөхцөл болох үнэ, төлбөрийг, түүнчлэн гэрээтэй холбоотой харилцааны бүхий л үе шатанд Иргэний хуульд заасан “гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим” хангагдах, Нотариатын тухай хуульд зааснаар “46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан; 46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх; 46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх; 46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх”-ийг “гэрээний үнэн зөвийг гэрчлэх төрлийн үйлдэл” хийхдээ нягтлан шалгасан байх шаардлагууд үйлчилдэг.

12. Гэвч шүүх өмчлөх эрхийг олж авах үндэслэл болоогүй, улсын бүртгэлд хэзээ ч бүртгэгдэж байгаагүй, Т. .......... нь өөртөө туслах, урьд байгуулагдсан Арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг нотлох баримт сэлт бэлтгэх, өр авлагадаа төлбөрийг саатуулан барьж харилцан шаардлага хангуулах зорилгоор ..........тэй үйлдсэн баримт бичгийг хүсэл зоригийг илэрхийлэл мэтээр алдаатай дүгнэлтийг өгсөн нь Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарыг баримтлаагүйгээс үүдэлтэй юм. Энэ нь шүүх хариуцагч нь аль хэлцэл, аль баримт бичгийн дагуу өмчлөх эрхийг олж авсан болохыг ялгаж дүгнэж чадаагүйтэй мөн холбоотой.

13. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны эцсийн мөчид дэвшүүлсэн “үүргийг солих хэлцэл хийгдсэн”, “энэ төрлийн хэлцэлд үнэ, тоо хамаагүй” гэх утгатай тайлбар, үндэслэлүүд, түүнийг хүлээн авсан шүүхийн дүгнэлт нь мөн Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарт тусгагдсан “Энэ зүйлийн 42.4г-т заасан “бусад этгээд” гэдэгт тухайн хэлцлийг гэрчлэх /“гэрээний үнэн зөв” үйлдлийн төрлөөр/ хуулиар бүрэн эрх олгогдсон этгээдийг [нотариат] ойлгоно” гэж заасныг зөрчсөн. Тухайлбал, хариуцагчийн өмгөөлөгч Арилжааны гэрээний үүргийг солих хэлцэл хийж (ИХ 199.1) түүний дагуу өмчлөгч болсон гэх тайлбарыг, түүнчлэн ийнхүү үүргийг солиход “тэр доторх тохиролцооны тооны үнэн зөв хамаагүй”, “нэг гэрээгээр хэд хэдэн үүрэг хүлээлгэж болно”, “гэрээний хугацаа дуусахад үл хөдлөх хөрөнгөө буцаагаад шилжүүлэх үүрэг хариуцагчид үүснэ” гэх зэрэг тайлбарууд нь хуульд болон хэргийн бодит байдалд нийцээгүй байдаг. Хариуцагчийн зүгээс, үүгээрээ арилжиж өмчлөлдөө шилжүүлэн хууль зүйн хувьд бүрэн “өөрийн болгосон” хөрөнгөө ашигласныхаа төлөө арилжих гэрээний нөгөө талд түрээсийн төлбөр төлсөөр байх харилцааг Иргэний хуульд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийг “хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-ийн ангилалд тодорхой хамааруулсныг үл ойшоон, байж болох зүйл мэтээр тайлбарласныг шүүх зөв дүгнээгүй. Түүнчлэн нотариатчаар гэрчлэгдэж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага нь үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах /шинээр хийгдэх, үүргийг нэмж нэгтгэх г.м./ бүхий л төрлийн хэлцэлд үйлчлэх болох талаар Улсын Дээд шүүхийн дээрх тайлбарыг баримтлаагүй.

14.Үүгээр үл барам, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн нэгэн адил: “...Арилжааны гэрээнд А талын үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 350,000 төгрөг, Б талын үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 180,000,000 төгрөг гэж бичсэн байгаа хэдий ч талууд бодит байдал дээр тус үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тохирсон...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд огт нийцэхгүй, логикийн илэрхий зөрчил, худал дүгнэлт болсноос гадна, УДШ-ийн дээрх албан ёсны тайлбарт дурдсантай харшилсан байдлаар “дур үзүүлсэн хэлцэл”-ийг хийж болно, бодит байдал дээр хэлцлээс өөрөөр тохирч болох мэт ойлгомжгүй дүгнэлтийг өгөхөд хүрсэн байгаад үнэхээр гайхаж байна.

Бусад тайлбар

15. Иргэний хуульд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим, өмчлөгч өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлэх зарчмууд нь гэрээ хэлцэлд оролцогч аль нэг тал тодорхой нөхцөл, хүсэл зоригийг илэрхийлэхдээ, зах зээлийн зарчмаар буюу хөндлөнгийн гуравдагч этгээдэд өрсөлдөхүйц ижил санал тавих боломжоор бүрэн хангагдсаны үндсэн дээр өөрийн хүсэл зоригоо зүй бус хүчин зүйлсийн нөлөөнөөс ангид, чөлөөтэй хэрэгжүүлж, эрх, хөрөнгийн эрхээ захиран зарцуулах явдлыг хамааруулан ойлгодог.

16. ..........ийг “өмчлөх эрх” шилжүүлэх үндэслэл болсон гэж шүүхээс буруу дүгнээд буй тэрхүү 2019.11.04 өдрийн “Түрээсийн гэрээг дуусгавар болгож үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай тохиролцоо”-г .......... нь Т...........ийн өмчлөлдөө дүр үзүүлсэн халхавч гэрээ болох Арилжааны гэрээний дагуу шилжигдсэн байсан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас олж авсан, тэгээд удаа дараа шаардсан боловч буцааж шилжүүлэхгүй, улмаар зөвшөөрөлгүй арилжааны банкны барьцаанд удаа дараа тавьж хувьдаа хөрөнгө олж авах барьцаа болгон ашигласан маш хүнд, эрх зүйн маргаантай нөхцөл байдлын дунд өөртөө туслах зорилгоор үйлдсэн баримт байх бөгөөд өмчлөх эрхээ алдсан байсан этгээдийн хувьд гэрээний чөлөөт байдлаар, өмчлөгч эрхээ саадгүй хэрэгжүүлэх нөхцлөөр хангагдах ямар ч боломжгүй нөхцөл байдлыг шүүх дүгнээгүй билээ. Товчоор хэлбэл, арилжааны гэрээ, түрээсийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ нь бүгд өөр өөр хүсэл зориг, гэрээний төрөл, нөхцөл бүхий, хуулийн тусгайлсан шаардлага бүхий хэлцлүүд байх бөгөөд шүүхийн дүгнэж байгаачлан бүгд хамтдаа хүчинтэй байх хууль зүйн ямар ч боломжгүй (...“арилжиж” өөртөө авсан хөрөнгөө “бусдаас түрээслэсэн”, улмаар “өөрийн өмчлөлийн” хөрөнгөө бусдад “худалдан авсан”...) гэдэг нь эрх зүйн ердийн ухамсартай иргэн хүн бүрт илэрхий ойлгомжтой байтал үүнээс зөрүүтэй байдлаар хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгуулах байр суурь илэрхийлжээ

6. Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2021.10.29-ний өдрийн 001/ШХ2021/00808 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

1. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зарим гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч .........., хариуцагч ..........д холбогдуулан 2016.10.20-ны өдөр байгуулсан арилжааны гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Дархан сумын 13 дугаар багт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, тус хаягт байрлах газар эзэмших эрхийн эзэмшигчээр тус тус тогтоолгох, түрээсийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 26,267,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч .......... нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...гэрээ хүчин төгөлдөр, харилцан тохирч өмнөх үүргийг өөр үүргээр сольж, худалдах, худалдан авах гэрээ байгуулан эд хөрөнгийн үнэд 150,000,000 төгрөгийг төлж, үлдэх 50,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр байгаа...”гэж маргажээ.

3. .......... нь Дархан сумын 13 дугаар баг, ХААИС-ийн баруун талд, үйлчилгээний зориулалттай, 300 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, уг хаягт байрлах 638 м.кв талбайтай газрын эзэмшигч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг гэрчилгээгээр тогтоогджээ.

4. Талуудын хооронд 2016.10.20-ны өдрийн 20,000,000 төгрөгийн худалдах-худалдан авах /арилжааны/ гэрээ, 2016.11.01-ний өдрийн түрээсийн гэрээ, 2016.10.20-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2019.01.04-ний өдрийн түрээсийн гэрээг дуусгавар болгож, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах тухай гэрээ, нийт 4 гэрээ бичгээр байгуулагдсан байна. /хх 5-11/

5.Хэрэгт байгаа баримтаас үзвэл, талууд анх түрээсийн гэрээ байгуулсан, 2016.10.20-ны өдрийн арилжааны гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг ..........д шилжүүлсэн боловч энэ нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр бус түрээсийн гэрээний төлбөрийг бөөнд нь авах зорилгоор, банкнаас зээл авахын тулд шилжүүлсэн болохыг маргаагүй, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 50,000,000 төгрөгийг авсан, үүний дараа 2019.11.04-ний өдөр түрээсийн гэрээг дуусгавар болгож, түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулсан, хариуцагч нь 150,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогджээ.

Талууд 2019.11.04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч уг гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлээгүй, харин өмнөх 2016.10.20-ны өдрийн гэрээний дагуу ..........д шилжүүлсэн өмчлөх эрхийг хэвээр үлдээжээ. /хх-5-11, 68-73/

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим хангагдсан гэж үзэх боломжгүй, шүүх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой болгох, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг анхаарч, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх нь шүүхийн үүрэг юм. Энэ үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна. Тодруулбал:

6.1.Нэхэмжлэгч .......... 2016.10.20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, бодит байдалд түрээсийн гэрээ байсан, төлбөрийг бөөнд нь авахын тулд уг хэлцлийг хийсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2016.10.20-ны өдрийн гэрээний дагуу эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг нэгэнт шилжүүлсэн, эд хөрөнгөө алдахгүйн тулд, мөн мөнгөний хэрэгцээ гарсан тул 2019.11.04-ний өдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, улмаар хариуцагчаас 150,000,000 төгрөгийг авсан гэх үндэслэлийг тодорхойлсон атлаа  2019.11.04-ний өдрийн гэрээний талаар шаардлага гаргаагүй, ийм нөхцөлд өмнөх гэрээг буюу 2016.10.20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нь эрх зүйн үр дагавар бий болгох эсэхийг анхаараагүй, шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах зайлшгүй ажиллагааг хийгээгүй нь диспозитив зарчимд нийцээгүй гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “...миний 300 сая төгрөгийн үнэтэй хөрөнгийг хямдхан үнээр өөрийн болгох зорилгоор, аргагүй байдлыг ашиглан шилжүүлэн авсан...” гэж тайлбар гаргаснаас үзэхэд гэрээний үнийн талаар маргасан эсвэл хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус эсвэл хүчин төгөлдөр бусд тооцуулах аль нь болох, нэхэмжлэгч юу хүссэнийг тодруулах нь зүйтэй байжээ.

6.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлдэг бол мөн зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл.

Нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээ, худалдах-худалдан авах гэрээнүүдэд үндэслэсэн тул талуудын хооронд хэдийд түрээсийн гэрээний харилцаа байсан, гэрээний үүрэг хэзээ дуусгавар болсон, түрээсийн гэрээний дагуу биелэгдээгүй үүрэг байгаа эсэх, үүний дараа худалдах-худалдан авах хэлцэл хүсэл зоригийн дагуу байгуулагдсан эсэх, түрээсийн гэрээ болон худалдах-худалдан авах гэрээний хоорондын харилцан холбоо, талуудын хүсэл зориг хэрхэн өөрчлөгдсөн үйл баримтыг үндэслэл бүхий тогтоож, тайлбарлахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

7. Шүүх маргааны зүйлийг бүрэн тодорхойлж чадаагүй нь мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжсэн гэж үзэх боломжгүй байна.

Зохигч талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэхийг маргасан байхад шүүх “...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 200,000,000 төгрөгөөр тохиролцсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогддог бөгөөд талууд энэ талаар маргаагүй.” гэж дүгнэсэн нь маргааны зүйлийг тодорхойлж чадаагүй гэж үзнэ.

8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эдгээр зөрчлийг гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 416 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 687,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                              Х.СОНИНБАЯР

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД