| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0444/з |
| Дугаар | 221/МА2025/0325 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0325
“С х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгччийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О
Нэхэмжлэгч: “С х” ХХК
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг дарга нь “С х” ХХК-ийн газар ашиглах гурвалсангэрээнд ямар ч шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй үйлдэлд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүргийн Засаг даргад “С х” ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээнд гарын үсэг зурахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0107 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0444/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С х” ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан, газар ашиглах гурвалсангэрээнд шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, “С х” ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээнд гарын үсэг зурахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулахаар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0107 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “С х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Хан-Уул дүүргийн Засаг дарга нь “С х” ХХК-ийн газар ашиглах гурвалсангэрээнд ямар ч шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй үйлдэлд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, мөн хариуцагчийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус үйлдэл болох нь илтэд тодорхой байтал захиргааны байгууллага өөрийн буруутай үйлдлийг нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарлаж газрын гэрээ байгуулахтай холбоотой хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр эс үйлдэхүйг нуун дарагдуулж шүүх нэг талыг барьсан хэргийн бодит нөхцөлийг бүх талаас нь дүгнээгүй.
3.2. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг холбогдох нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хянан шийдвэрлээгүй ба хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд “С х” ХХК-иас гурвалсан гэрээ байгуулахтай холбоотой Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээ, түүний дараа гэрээ шинэчлэгдсэнтэй холбоотой хүсэлт гаргаж байсан баримтууд хавтаст хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч талаас удаа дараа Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл шүүх түүнийг үнэлж, дүгнээгүйгээс гадна захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааны эмх замбараагүй байдал хүний нөөцийн хомсдол, ажлын байрын орон тооны дутагдлаас үүссэн баримт бичгийн бүртгэлийн алдааг нэхэмжлэгчийн буруутай мэтээр тохон үгүйсгэсэн.
Холбогдох гэрчийн тайлбараар Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлтийг биеэр очиж өгч байсан нь нотлогдох ба түүнийг хүлээн авсан захиргааны байгууллагын ажилтан нь тухайн үед жолоочийн ажлын байранд ажиллаж байсан гэх, мөн орон тоо байхгүйгээс шалтгаалан өөр ямар албан тушаалтай хүн Засаг даргын орлогчийг хийж газрын гэрээний хүсэлтийг бүртгэж авч байсныг мэдэхгүй гэх тодорхойгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн буруутай үйлдэл хэмээн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.
3.3. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг захиргааны байгууллага дотооддоо яаж бүртгэлжүүлж баримтжуулж авах нь байгууллагын дотоод асуудал тул түүнд нэхэмжлэгч талаас нөлөөлөх боломжгүй болохыг шүүх дүгнээгүй. Захиргааны байгууллага дотоод үйл ажиллагааны алдаанаас манай компанийн эрх ашиг хөндөгдөж, бүртгэгдээгүй гэх үндэслэлээр Засаг даргын эс үйлдэхүйг хаацайлах нь ёс зүйн хувьд шударга бус үйлдэл ба хавтаст хэрэгт авагдсан гэрчийн тайлбараар өгсөн болох нь нотлогддог. Огт байхгүй гэрээг нэхэмжлэгч талаас батлуулах биш Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, “С х” ХХК нар гэрээг баталгаажуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас баталсан хууль эрх зүйн хэлтсийн дүрмийн 3.1.5-д “Хууль эрх зүйн хэлтэс нь Засаг дарга болон Тамгын газрыг төлөөлж Аж ахуй нэгж байгууллагатай байгуулах гэрээг хянах, бүртгэлжүүлэх” үүрэг нь тусгагдсан байтал түүнийг бичиг хэргийн ажилтан, цахимаар бүртгүүлээгүй гэх нэхэмжлэгчээс хамааралгүй шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь хэргийг бүхэлд нь үнэн зөвөөр шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0107 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С х” ХХК-аас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан, газар ашиглах гурвалсангэрээнд шалтгаангүйгээр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаагүй Хан-Уул дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болон илт хууль бус болохыг тус тус тогтоолгож, “С х” ХХК-ийн газар ашиглах гурвалсан гэрээнд гарын үсэг зурахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэл гаргаж маргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “... гурвалсан гэрээнд гарын үсэг зураагүй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. /хэргийн II хавтасны 9 дэх талд/
2.1. Ингэхдээ ... газар ашиглах гурвалсан гэрээг батлуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг даргад удаа дараа хүргүүлж байсан, гэрчийн мэдүүлэг ч нотолно, хариуцагч нь ямар ч шалтгаангүйгээр газар ашиглах гурвалсан гэрээг баталгаажуулаагүй, үүнээс болж газрыг зориулалтын дагуу ашиглах, газрын төлбөр төлөх боломжгүйд хүрснээс газар ашиглах эрхийг цуцалсан гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
2.2. Харин хариуцагчаас “...“С х” ХХК-иас дүүргийн Засаг даргад хандан газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлт ирүүлээгүй, газар ашиглах эрх нь нэгэнт дуусгавар болсон тул эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын талаар “... тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гурвалсан гэрээнд гарын үсэг зуруулах талаар Хан-Уул дүүргийн Засаг даргад ямар нэг хүсэлт, өргөдөл гаргаж хандсан нөхцөл байдал тогтоогдохгүй энэ тохиолдолд хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэн, “С х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
4.1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “С х” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний ам нэртэй газар аялал жуулчлалын зориулалтаар 4 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2016/442 дугаартай гэрчилгээ олгосон.
4.2. Дээрх шийдвэрийг үндэслэн хийсэн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2017/048 дугаартай улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээнд “С х” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан бол Хан-Уул дүүргийн Засаг дарга баталгаажуулаагүй, мөн Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас уг гэрээг батлаагүй байна.
4.3. “С х” ХХК-иас гурвалсан гэрээ байгуулах асуудлаар (а) Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандсан гэх 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/9, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 03/01, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05, 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 03, 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 04, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр албар бичгүүд, (б) Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан гэх 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 03, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 03/02, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар албан бичгүүд тус тус хэрэгт авагдсан.
4.4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 дугаар тушаалаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн, газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай гэх үндэслэлээр “С х” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгожээ.
4.5. Уг тушаалыг хүчингүй болгуулахаар газар ашиглагч хуулийн этгээдээс шүүхэд хандсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2023/0867 дугаар шийдвэрээр “С х” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Богдхан уулын Түргэний аманд олгосон газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 221/МА2024/0193 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн.
Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХШТ2024/0182 дугаар тогтоолоор, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.
5. Тодруулбал “С х” ХХК нь 2016 онд газар ашиглах эрх олгосноос хойш 2022 онд цуцлах хүртэл /цар тахлаас бусад/ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргаас газар ашиглах гурвалсан гэрээг батлаагүй нь нэхэмжлэгчээс үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэдгийг хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт нэгэнт дүгнэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч буй түүний газар ашиглах эрх дуусгавар болсон үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль /2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/-ийн 2 дугаар зүйлийн
1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2-т “ Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана: 2/ газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг”, 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 3/ тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон”, 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно: 1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр” гэж тус тус заасан.
7. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олгох, түүнийг хэрэгжүүлэхэд газар ашиглагчийн эрх үүргийг тодорхойлох, уг эрхийг дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай харьцуулан үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх олж авсан “С х” ХХК нь тухайн үед үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтын дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон харьяа Хан-Уул дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг тогтоосон хугацаа, хэмжээгээр төлөхийн зэрэгцээ газрыг олгосон зориулалтын дагуу ашиглах үүрэг хүлээнэ.
8. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний ам нэртэй газарт аялал жуулчлалын зориулалтаар авсан 4 га газрын ашиглах эрхийн хугацаанд буюу 2017-2021 оны хооронд гурвалсан гэрээг дүүргийн Засаг даргатай байгуулаагүй, түүнийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж баталгаажуулаагүй, мөн зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон зэрэг үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна. Тухайлбал:
8.1. Энэ хэсгийн 4.4, 4.5-д зааснаар, “С х” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/597 дугаар тушаалыг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
8.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс “...дүүргийн Засаг даргад хандаж, гурвалсан гэрээ байгуулах хүсэлтээ удаа дараа хүргүүлж байсан нь манай компанийн бүртгэл, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно” гэж маргах боловч хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус тус ирүүлсэн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 06/1064, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 03/1574, 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 03/1737, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10-17/1087 дугаар албан бичиг, шүүхээс баримт бичигт хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл зэргээр Хан-Уул дүүргийн Засаг дарга, түүний Тамгын газар, Газар зохион байгуулалтын албанд “С х” ХХК-иас газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах асуудлаар хандаж, өргөдөл хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй. /Хэргийн I хавтасны 97, 118, 128 болон II хавтасны 21, 39-40 дэх талд/
8.3. Мөн гэрч Ч.Б, А.Мө нарын мэдүүлэг нь дангаараа маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоох нотолгооны хэрэгсэл болохгүй бөгөөд хэрэгт цуглуулсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулахад, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн тогтсон журмаас өөр хэлбэрээр, эсхүл албан бүртгэлээс гадуур аль нэг албан хаагчид шууд хүсэлт өгснийг төрийн байгууллагад зохих ёсоор хандсан гэж дүгнэх боломжгүй юм.
8.4. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-т заасны дагуу газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа нь газар ашиглах гэрээнээс үл хамаарч байсан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1-9.3 дахь хэсэгт заасны дагуу газар ашиглах эрх үүссэнээс хойших аливаа хугацаанд газрын төлбөрийн ногдуулалт хийж нэхэмжлэл үүсч байсан, “С х” ХХК нь газрын төлбөрийн хэмжээ, түүнийг төлж барагдуулах хуваарийг тодорхойлж, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 001 дүгээр албан бичгээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлснээс гадна 21,000,000 төгрөгийг газрын төлбөрт төлөх талаараа нэхэмжлэгч өөрөө тайлбарласан зэргээс үзэхэд, Хан-Уул дүүргийн Засаг даргаас гурвалсан гэрээг баталгаажуулаагүйн улмаас газрын төлбөр төлөх боломжгүй гэх нөхцөл байдал ч үгүйсгэгдэнэ.
9. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтын дагуу газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэх үйл баримт хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
Нөгөөтээгүүр маргаан бүхий газрыг ашиглах нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэгэнт дуусгавар болсон, ингэхдээ газар ашиглах гурвалсан гэрээг баталгаажуулаагүй гэх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй болохыг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон дээрх нөхцөлөөс, хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж, түүний улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрх зөрчигдсөн гэж тус тус дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
10. Дээрх байдлаар анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
11. Нэхэмжлэгч нь маргаан бүхий эс үйлдэхүйг нэгэн зэрэг “хууль бус болохыг тогтоолгох”, “илт хууль бусад тооцуулах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа шүүх хуралдаанд тодруулсан хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн; 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр архивын баримт бичигт шүүхийн үзлэг хийсэн боловч илэрсэн нөхцөл байдлын талаар ямар нэг тэмдэглэл бичээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д заасантай нийцэхгүй боловч хэргийн оролцогч энэ талаар маргаагүй, мөн уг тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй учраас шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд тооцоогүй болохыг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0107 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ