Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Н.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, 1986 оны 03 сарын 03-нд төрсөн, эрэгтэй, 30 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, хөгжмийн техникч мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 3-р баг, Соёмбын 16-3 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Лутбаярын Хуягбатад /РД: ЕО86030371/ холбогдох эрүүгийн 201710010003 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд  авагдснаар/

Шүүгдэгч Л.Хуягбат нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны 01 цаг 40 минутын орчим Ч.Энхбаатарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Морс ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэж байхад хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Хуягбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Тэр өдөр Морс ресторанд  Засаг даргын тамгын газрын ажилчид шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Тэр үед Энхбаатар над дээр ирээд утас дээр байгаа дууг хөгжим дээрээ тавиад өгөөч гэхээр нь хөтөлбөрийнхөө дагуу явна гэдгийг хэлсэн. Тэгээд л дуу тавьсангүй гээд маргаад би түүний нүүрэн тус газарт цохьсон, энэ үед Энхбаатар арагшаа унасан. Хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн, бид 2 эвлэрч, хохирогч гомдолгүй гэсэн. Иймд торгуулийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Хохирогч Ч.Энхбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн “ 2016 оны 12 сарын 28-ны өдөр Замын-Үүд сумын ЗДТГ-ын шинэ жилийн арга хэмжээ Замын-Үүд сумын 1-р баг Морс ресторанд 18 цаг 30 минутаас эхэлсэн. Уг шинэ жилийн арга хэмжээнд ЗДТГ-н ажилчид болон багийн засаг дарга нар консулын газрынхан  манай арга хэмжээнд оролцсон. Би уг арга хэмжээг зохион байгуулах салбар коммисын гишүүнээр ажилласан. Баярын арга хэмжээ  өндөрлөх үеэр баярын арга хэмжээг зохион байгуулж  байгаа хүний хувьд хөгжим тавьж байгаа Хуягбат дээр очоод манай найз Баярхүүгийн утасны  дууг тавиад өгөөч гэж 2-3 удаа гуйсан боловч Хуягбат тухайн үед ямар ядаргаатай юм бэ? Би дууг чинь тавихгүй шинэ жилийн арга хэмжээ  хөтөлбөрийн дагуу явж байна гэж хэлэхээр нь би бид нар үйлчлүүлж байгаа хүний хувьд дуртай дуугаа сонсох эрхтэй пизда минь гэж хэлсэн чинь Хуягбат уурлаад миний нүүр лүү шууд цохисон. Тэгтэл би хойшоо савж унаад тухайн үед ухаан балартаад хэсэг ухаан алдсан. Хэсэг хугацаанд ухаан алдаад босоод иртэл манай ажлын газры хүмүүс эмнэлэг ор гэж хэлэхээр нь Эрдэнэ-Уулын хамт сумын нэгдсэн эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очоод зүүн уруулын дотор гадар талд 4 оёдол тавиулсан. Миний ярьсан бүхэн үнэн надад одоо гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал болох 250,000  төгрөгийг бэлнээр  гаргуулж авсан. Миний ч гэсэн буруутай  үйл ажиллагаа байгаа Л.Хуягбат бид хоёр учир зүйгээ олсон надад гомдол санал байхгүй, миний асуудлыг хурддан шийдвэрлэж өгнө үү“гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14/

Шүүгдэгч Л.Хуягбатын согтуурлыг шалгахад 0,44 хувьтай байсан гэсэн согтуурал шалгасан магадлагаа  /хх-ийн 9/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 02-ны өдрийн “ 1.Ч.Энхбаатарын биед  уруулын зүүн талд язарсан шарх гэмтэл тогоогдлоо.

2.Учирсан гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах ба энгийн  хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалданд нөлөөлөхгүй гэсэн 27 тоот шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 16/

Шүүгдэгч Л.Хуягбат нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/

Хохирогч Ч.Энхбаатарын Цагдаагийн хэлтэст гаргасан ”Миний бие нь Лутбаяр овогтой Хуягбаттай сайн дураараа эвлэрч ямар нэгэн гомдол санал байхгүй, биед учирсан гэмтэл шарх байхгүй, эмчилгээний зардал болох 250,000  төгрөг 2017 оны 01 сарын 03-ны өдөр бэлнээр авсан. Цаашид ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хааж өгнө  үү”  гэсэн хүсэлт /хх-ийн 5/ 

Шүүгдэгч Л.Хуягбатын Цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие 2016 оны 12 сарын 29-ний өдөр Морс ресторанд Ж.Энхбаатартай муудалцаж түүнийг цохиж гэмтэл учруулсан. Л.Хуягбат миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлын талаар ямар нэгэн маргаангүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэсэн хүсэлт /хх-ийн 4/

Хохирогч Ч.Энхаатарын шүүхэд гаргасан “ Миний бие нь Лутбаяр овогт Хуягбатад холбогдох хэрэгт хохирогч болон тогтоогдсон.  Энхбаатар миний бие нь Хуягбаатараас нэхэмжлэх санал гомдол байхгүй сайн дураараа эвлэрсэн тул шүүх хуралдаанаас чөлөөлж өгнө үү. Эмчилгээний зардал 250,000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн   53/   гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Хуягбат нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны 01 цаг 40 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг  Морс ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хохирогч Ч.Энхбаатарыг утсан дээр байгаа дууг .... тавиад өгөөч гэж гуйхад нь татгалзаж, улмаар уг асуудлаасаа болж хоорондоо маргалдан хувийн таарамжгүй харьцаа үүсгэж, хохирогч Ч.Энхбаатарын нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж  бие махбодид нь уруулын зүүн талд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгчийг 2016 оны 12 сарын 28-ны шөнө бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Хуягбатын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Энхбаатарын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Хуягбат нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байх тул Замын Үүд дэх Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгчийн уг хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдох боловч тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон, мөн хохирогч Ч.Энхбаатар нь эмчилгээний зардалд 250,000 төгрөгийг шүүгдэгчээс хүлээн авсан тухай баримтаа бичгээр шүүхэд ирүүлсэн байна.

Түүнчлэн шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурсан байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй “ гэж заасанд хамрагдаж байх боловч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч Ч.Энхбаатар нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр шүүгдэгч Л.Хуягбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Хуягбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй, хохирогч Ч.Энхбаатарт эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лутбаярын Хуягбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Лутбаярын Хуягбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Л.Хуягбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Л.Хуягбат нь хохирогч Ч.Энхбаатарт эмчилгээний зардалд 250,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Л.Хуягбатад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг Л.Хуягбат, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  А.ЦЭРЭНХАНД