Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 158/ШШ2022/0001

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Э,

Хариуцагч: Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нарын хоорондын “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах, Ш.Э.г мөн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Э, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Ш.Э нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах, Ш.Э-г мөн сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч нь анх 2015 онд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 08-н өдрийн Б/20 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байгаад тус Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай “Албан тушаалд томилох тухай” захирамжаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс мөн албан тушаалд томилогдсон байна.

Харин 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоотой хөтөл” гэх газарт байрлах хяналтын постонд гарч буй албан хаагчид архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээллийн дагуу Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.О, хэсгийн төлөөлөгч Д.Д нар очиж тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-г согтуурал шалгадаг багажаар шалгахад 0.19%-ийн спиртийн агууламж илэрсэн гэх үйл явдал болсон. Улмаар  Булган аймгийн Цагдаагийн газрын Бугат сумын хэсгийн төлөөлөгч Д.Д зөрчлийн хэрэг үүсгэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1807033 дугаарын шийтгэлийн хуудсаар Ш.Э-д “хориглосон газарт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулжээ.

Ш.Э нь уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 331 дүгээр шийтгэврээр шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Бугат сумын хэсгийн төлөөлөгч Д.Д-с 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/203 дугаарын албан мэдэгдлийг Бугат сумын Засаг даргын Тамгын газарт хаяглан хүргүүлжээ.

Иймд хариуцагчаас нэхэмжлэгчийг цар тахалын үед хяналтын постонд гарч байх хугацаандаа хяналтын постонд архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь Булган аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ЗШ/331 шийтгэх тогтоолоор тогтоогдсон, өмнө нь гаргасан  алдаа дутагдлаа давтан гаргаж ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлүүдээр маргаан бүхий актыг гаргасан байна.

1. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хандан маргаан бүхий актын талаарх гомдлоо 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01/1809 дугаарын албан бичгээр “...сумын Засаг даргын 2021 оны А/147 дугаар захирамжийг эс зөвшөөрч буй асуудлаараа шүүхэд хандахыг зөвлөе” гэсэн хариуг авч, нэхэмжлэлээ 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие ...нь Булган аймгийн Бугат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд ажлын байрын тодорхойлолтод заасан ажил үүргийг сайн гүйцэтгэж ирсэн. Коронавируст өвчний халдвар тархахаас сэргийлж Булган аймгийн Бугат сумын постод ээлжээр албан хаагч нар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан ба 2021 оны 05 дугаар сарын 25-ны  өдөр намайг постод гар ээлжийн хүн удахгүй очно гэж дөнгөж жижүүрээс буухад дахин буцаагаад очуулсан. Ингээд ээлж авах хүнийг хүлээгээд ирээгүй учир гэрээсээ хөнжил дулаан хувцас авчрахдаа исгэлэн тараг уусан. Гэрээсээ ирээд удаагүй байтал цагдаагийн албан хаагч ирээд “энд архи уусан талаар мэдээлэл ирлээ“ гэхэд нь шалгуулахад 0.19% спирт хэрэглэсэн байна гэсэн. Ингээд би гайхаж дахин шалгуулна, гомдолтой гэхэд шалгаагүй, архи уусан байна гээд арга хэмжээ авсан. Энэ үед мөн дархлаа дэмжиж салимон хэрэглэж байгаа талаар мэдэгдэж, үзүүлэхэд цагдаагийн албан хаагч үг сонсоогүй. Мөн дураар автомашиныг нэгжиж, автомашинд байсан моринд граммаар өгдөг витаминыг пиво гэж үзэж буруутгасан. Аргаа бараад амсаад үз, онгойлгоод үз гэхэд хүртэл үл тоосон. Архи уусан эсэхийг дутуу шалгасан атлаа намайг буруутгаж ажлаас халсанд гомдолтой байна. Мөн ажлын байрны буюу албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зөрчөөгүй байхад ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна... Иймд Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 тоот захирамжийг хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга хариу тайлбартаа: “...Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ш.Э нь цар тахалын үед хяналтын постод гарч байх хугацаандаа хяналтын постод архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь Булган аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ЗШ/331 шийтгэх тогтоолоор тогтоогдсон, өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтан гаргаж хариуцлага алдсан тул Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/14 дугаар захирамжаар ажпаас челөөлсөн. Өмнө нь ажлын байран дээр архи согтууруулах ундаа удаа дараа хэрэглэсэн зөрчил гарч байсан боловч аман сануулга өгч ажлын хариуцлага дээшлүүлэх чиглэлээр үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01/52 тоот баримт бичгийн дагуу “2020 оны ажлын гүйцэтгэлийг 38%-тай хангалтгүй үнэлэгдсэн хариуцлага тооцож ирүүлнэ үү” гэсний дагуу 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 тоот захирамжаар сануулах арга хэмжээ авсан. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймаг Бугат сумын /Баянтөгөл баг/ 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Овоотой хөтөл” гэх газар хяналтын постод үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зөрчил гарсан. Тухайн үед Тамгын газрын дарга Ч.О, хэсгийн төлөөлөгч Д.Д нар аймгийн Онцгой комиссоос ирсэн дуудлагын дагуу очиж шалгасан байсан... Сумын цагдаагийн хэсгийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/203 дугаар албан... мэдэгдлийн дагуу 2021 оны 07 сарын 22-ны өдөр сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-д хүргүүлсэн. Сонсох ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 12:00 цагт эхэлсэн. Сонсох ажиллагаа хийхдээ захиргааны арга хэмжээ тооцох талаар урьдчилан танилцуулсан. Зөвшөөрч гарын үсэг зурсан. Засгийн газрын 258 дугаар тогтоол, 01 албан даалгавар, Байгууллагын дотоод журам, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б хариу тайлбартаа: “...Уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие оролцохгүй. Шүүхээс ямар ч шийдвэр гарсан миний зүгээс татгалзах зүйл байхгүй тул намайг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны хооронд Дархад хөтөл гэх газарт 3 хоногийн 72 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж буусан. Ажлаа өгөөд буух гэж байхад дараагийн ээлжинд гарах Б, Х гэх хүмүүс Овоотой хөтөл гэх газарт гарах байсан. Б нь ажил гарсан тул Х-г Бугат сумын төвөөс очиж аваад хамт байж бай гэсний дагуу Овоотой хөтөл гэх газарт очсон. Тухайн пост дээр би ямар нэгэн чиглэл авч үүрэг гүйцэтгээгүй. Хамт байж постын гэрт нь гал түлэх, хоол цай хийж байсан. Б тухайн үед ирэхгүй оройтсон. Миний бие дулаан хувцас гэрээсээ аваачих шаардлагатай байсан учраас гэр лүүгээ яваад ирсэн. Миний бие гэртээ хариад исгэлэн тараг уусан. Хувцсаа аваад эргээд постон дээр ирэх үед Х постон дээр байгаагүй. Постон дээр очоод 10-20 минутын дараа манай сумын хэсгийн төлөөлөгч, Тамгын газрын дарга, Засаг дарга гэх хүмүүс орж ирсэн. Энэхүү постон дээр хүмүүс архидан согтуурч байна. Иргэдийг машинаар хөөж байна гэсэн гомдол мэдээллийн дагуу ирсэн одоо та нарыг шалгана гэсэн. Миний бие хэсгийн төлөөлөгчид энд ямар ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байхгүй  гэж хэлж байсан. Архи хэмжигч багажаар үлээсэн. Надаас согтолтын зэрэг 0.19 хувь гарсан... 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний бие жижүүрийн үүрэг гүйцэтгэж байгаагүй. Цагдаагийн газраас намайг Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. Цагдаагийн авсан шийтгэлийн хуудаст миний бие шүүхэд гомдол гаргасан боловч цагдаагийн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн шүүгчийн захирамж гарсан. Миний бие давж заалдах хугацааг мэдэхгүй учраас маргаан гаргаагүй. Үүнийг үндэслэж Засаг дарга намайг ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэж хариуцлага алдсан гэж  ажлаас чөлөөлсөнд  гомдолтой, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... Цар тахлын үед бүгд хариуцлагатай байх ёстой. Хүний цар тахлаас иргэдээ хамгаалах ёстой. Төрийн албан хаагч өвчин тусахгүй байна гэсэн ойлголт байхгүй. 72 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа учраас амралт байдаг. Тухайн үед би дараагийн ээлжинд гарах хүнийг хүргэж өгсөн. Тэрнээс биш постон дээр үүрэг гүйцэтгээгүй. Мөн тухайн пост дээр архидалт зохион байгуулсан зүйл огт байхгүй...” гэв.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш Монгол Улсын хэмжээнд цар тахлын байдалд шилжин ажиллаж байна. Энэ үед бүх нийтийн бэлэн байдалд байх шаардлагатай. Ялангуяа бэлэн байх албан тушаалтнууд нь Бугат сумын Засаг дарга, түүний орлогч дарга, Тамгын газрын дарга, байгаль орчны улсын байцаагч гэх албан тушаалтнууд бэлэн байх ёстой. Ш.Э-н үүрэг гүйцэтгэсэн өдөр иргэдийн гомдол мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч, Тамгын дарга нар очсон. Өдөр болгон бүх ажилтнууд ээлж хуваарийн дагуу ажиллаж байсан. Сумын Тамгын газарт 24 цагийн ээлжтэй 2 албан хаагч мэдээ тайланг тухай бүрт нь өгч байсан... Судлаад үзэхэд Булган аймгийн хэмжээнд хамгийн бага Ковид-19 халдвар авсан сум бол манай Бугат сум. Энэ үед Ш.Э тэрхүү пост  дээр  хариуцлагатай байх ёстой. Энэ цаг үед өөрсдөө цар тахлыг авчих юм бол Бугат сумаар тарах бүрэн боломжтой... Тараг, Салимон уусан гэж тухайн өдөр маргалдсан боловч маргааш нь цагдаагийн албан хаагчид тараг, Салимон уулгаж байгаад хэмжих багажаар хэмжсэн боловч согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн хариу гараагүй... Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеэс ямар ч тохиолдолд ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэртүүлсэн тохиолдолд ажлаас хална гэж би сумын шуурхай штабын хурал дээр байнга хэлж сануулдаг байсан... Ш.Э сая би үүрэг гүйцэтгээгүй... Гэхдээ би тэр постон дээр байсан гэж хэлж байна. 72 цаг гараад амрах байсан ч цар тахлын үед бүх албан хаагч бэлэн байх ёстой. Улсын Их Хурал, Засгийн газар, Булган аймгийн Бугат сум бүх нийтээрээ ажиллаж байсан үе... Цагдаагийн албан хаагчийн шийтгэлийн хуудсыг зөв гэж шүүхээс захирамж гаргасан учраас бид нар энэхүү арга хэмжээг авсан... Өмнө нь хариуцлага алдаж, мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлаа гүйцэтгэж чадахгүй байна гэсэн албан бичгийн дагуу хариуцлага тооцсон байсан...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаартай захирамж нь анх гарахдаа хэд хэдэн хуулийн шаардлагыг хангаж гараагүй. Нэгдүгээрт сонсох ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр олгосон мэдэгдэл дээр 24-ний өдөр сонсох ажиллагааг болно гэсэн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шууд дуудаад сонсох ажиллагааг хийсэн. Тухайн сонсох ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тайлбар гаргах нөхцөл бололцоогоор огт хангаагүй. Сонсох ажиллагааны баримт нь 11:45 минутад эхэлсэн. Нөгөө баримт  12:00 цагт эхэлсэн байдаг. Агуулгын хувьд таныг ажлаас халах гэж байна гэж танилцуулсан нэг ч асуулт байхгүй. Тухайн сонсох ажиллагаан дээр төрийн албанаас халсан тухай мөн зөрчил дээр тайлбар холбогдох асуулт огт асуугаагүй. Асуусан асуулт нэгдүгээрт сонсох ажиллагаа хийж захиргааны арга хэмжээ авна гэхэд зөвшөөрч байна гэж бичсэн байна. Дараагийн асуулт ажлын байран дээр яагаад архидан согтуурсан бэ? үүний талаар ярих гэсэн боловч Ш.Э огт яриагүй. Засаг дарга ажлын талаар асуусан. Цагдаагийн газрын мэдэгдлийн дагуу ажлаас чөлөөлсөн тухай танилцуулсан. Түүнээс бол төрийн албаны хууль тогтоомжийг баримталж танилцуулаагүй. Цаг хугацааны хувьд сонсох ажиллагаа эргэлзээтэй... хуулийн хэлбэр шаардлагыг хангаагүй, зөрчсөн байна. Сонсох ажиллагааг явуулах хугацаа, санал гаргах боломж, оролцогчийн тайлбарыг хангасан болох нь нотлогдохгүй, тогтоогдохгүй байна. Сонсох ажиллагааны мэдэгдэлд ...ямар асуудлаар, ямар арга хэмжээ авч сонсох ажиллагаа явуулах гэж байгаа нь тодорхой биш. Сонсох ажиллагаа хийгдсэн гэх хангалттай нотлох баримт, хууль ёсны дагуу огт яваагүй. Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д төрийн албан хаагчийг шууд халахаар хуульчилсан. Мөн төрийн албанд 3 жилийн хугацаатай орох эрхгүйгээр халах үндэслэл огт байхгүй... Төрийн албанаас халаад байна уу? 3 жилийн хугацаатай төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халаад байна уу? хариуцагчийн гаргаж буй тайлбар нь шийдвэрээсээ өөр байна. Шийдвэр дээр ажлаас шууд халсан. Төрийн албанаас халж байгаа үндэслэл нь Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэж үзэж халсан. Энэхүү шийтгэх тогтоол нь зөрчлийн шинжийг тодорхойлсон байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй 0.19 хувийн спиртлэг зүйл хэрэглэсэн гэх баримт. 0.19 хувийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үү. Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайдуудын хамтран гаргасан журам дээр 0.20 хувиас дээш бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан байдаг... Энэ зөрчлийн шинж тэмдэг төрийн албанаас халах үндэслэл мөн үү? Зөрчлийн шинжийг анх удаа буюу давтан гаргасан шинж байдлыг харгалзан хэд хэдэн сонгох арга хэмжээнээс сахилгын шийтгэл оногдуулж болно. Гэтэл шууд ажлаас халсан бөгөөд өмнөх гаргасан алдаа дутагдлаа ахин гаргасан гэсэн үндэслэл байсан. Өмнө нь 3 тоот тушаал дээр сонсох ажиллагаа хийгдсэн талаар ямар ч нотлох баримт байхгүй... Эх баримт төрийн албан хаагчийн хувийн хэрэгт оруулсан байсан... өмнө нь гаргасан алдаагаа давтан гаргасан гэсэн нөхцөл байдал нь тушаалууд дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэхүү тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийг огт анхаарч үзээгүй... Сүүлийн гурван жилийн хугацаанд 90-95 хувийн ажлын гүйцэтгэлтэй байсан болохоор зэрэг дэв авсан. Энэхүү зэрэг дэвийг 7 дугаар сарын 09-ний өдөр авсан. Сахилгын шийтгэлтэй хүн зэрэг дэв огт авахгүй. 04 дүгээр сарын 01-ний өдрийн 03 тоот тушаал байсан бол зэрэг дэвийн асуудал огт байхгүй. Манай зүгээс хожим нөхөн гүйцэтгэл хийж энэхүү тушаал шийдвэр гарсан болов уу? гэж бодож байна... Ш.Энх-Амгаланд пост дээр гарсан үүрэг даалгавар өгсөн тухай баримтыг судлахад 5 дугаар сарын 10-ны өдөр дууссан байсан. Үүнээс хойш ямар ч нотлох баримт байхгүй. 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үүрэг даалгавар өгсөн тухай эх баримт байхгүй. Харин нэхэмжлэгч 7 дугаар сарын 22-25-ны өдөр Дархад хөтөл пост дээр ажилласан гэж цахим хуудсанд тавигдсан байсан. Тухайн өдөр Ш.Э ажил үүрэг гүйцэтгээгүй учраас гүйцэтгэсэн болгож үүрэг даалгавар өгсөн мэтээр тайлбарладаг. Хэрэгт Ш.Э үүргээ гүйцэтгэж байсан тухай нотлогдохгүй байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа архидан согтуурсан гэсэн зүйл байхгүй. 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/147 дугаартай Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож... ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Маргаан бүхий захиргааны акт болох Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Э-г ажлаас халах тухай” захирамж нь А/147[1], Б/147[2], Б/14[3] гэсэн өөр өөр дугаартайгаар хэрэгт нотлох баримтаар цугларсан байна.

            Тухайн захирамжуудад бичигдсэн бичвэрийг үг, үсэг нэгбүрчлэн тулгаж үзэхэд А/147, Б/14 дугаартай захирамжуудад “2021/ЗШ/331”, Б/147 дугаартай захирамжид “2021/З/331” гэж “ЗШ”, “З” гэж “Ш” үсгийн зөрүүтэй бичсэнээс бусад бичвэр яг ижил бичигдсэн байх ба тухайн актуудын дугаарын талаар хэргийн оролцогчид болон өмгөөлөгч маргасангүй.

Тиймээс шүүх тэдгээрийг нэг захиргааны акт гэж үзэн актын үндэслэлийг хянаж, маргааныг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрт тухайн актыг “маргаан бүхий захиргааны акт”, ““Ш.Э-г ажлаас халах тухай” захирамж” гэх нэршлүүдээр тэмдэглэхийг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

            2. Нэхэмжлэлийн зарим хэсэг үндэслэлтэй байна.

2.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр  маргасан байна. Үүнд:

а. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Овоотой хөтөл”-ийн постонд жижүүрт гарч үүрэг гүйцэтгээгүй байсан тул миний ажлын байр биш. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

б. Өмнө нь энэ байдлаар шийтгүүлж байгаагүй тул гаргасан алдаа дутагдлаа давтсан гэдэг нь нотлогдохгүй гэх агуулгаар мэтгэлцэж байна.

            3. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад дараах байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Нэг. Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай “Ш.Э-д хариуцлага тооцох тухай” захирамжаар нэхэмжлэгчийг “...2020 оны ажлын гүйцэтгэлийг 38 хувьтай хангалтгүй үнэлэгдсэн...” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахаас өмнө нэхэмжлэгчид хариуцлага ногдуулж байсан талаарх үндэслэлээ “...Мэргэжлийн хяналтын газраас 2020 оны ажлын гүйцэтгэлийг хангалтгүй буюу 38 хувьтайгаар үнэлүүлсэн тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан...” хэмээн тайлбарлаж байгаа, тус шүүх хариуцагчаас 2021 онд гаргасан захирамжийн эх хувьд үзлэг хийхэд дээрх Б/03 дугаарын захирамжаас өөр Ш.Э-д хариуцлага тооцсон хүчинтөгөлдөр үйлчилж буй захиргааны акт байгаагүй зэргээс үзэхэд маргаан бүхий актад тусгагдсан “...өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтан гаргаж ажлын хариуцлага алдсан...” гэх нөхцлийг нотолж буй гол баримт нь дээрх Б/03 захирамж байна.

“Монгол хэлний их тайлбар толь”-оос   “алдаагаа давтах” гэдэг үгний үг зүйн агуулгыг харахад “нэг алдаагаа дахих” гэж, “ахин давтан” гэх үгийг “нэг бус удаа” гэж, “дахин давтан” гэх үгийг “хэлсэн, хийснээ уг хэвээр давтаж лавшруулах” хэмээн тус тус тайлбарлажээ.

Тиймээс маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчийг буруутгаж буй дээрх нөхцөл байдал нь нэг төрлийн “алдаа”-г нэг бус удаа буюу хоёр болон түүнээс дээш удаа гаргасан тохиолдлыг шаардаж байна. Тодруулбал: Ш.Э нь “Ш.Э-г ажлаас халах тухай” захирамжид заасан ажлын байранд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудлыг хамгийн багадаа хоёр удаа гаргасан байх, эсхүл өмнө нь нэхэмжлэгчид хариуцлага тооцох шалтгаан болсон “ажлын гүйцэтгэлээ хангалтгүй үнэлүүлсэн” асуудлыг дахин гаргасан тохиолдолд “...өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтан гаргаж ажлын хариуцлага алдсан...” гэх нөхцөл хангагдахаар байна.

Гэтэл хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрээс ирүүлсэн болон шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нэг зөрчлөө хоёр болон түүнээс дээш удаа гаргасан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин хариуцагчаас 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан А/135 дугаартай “Ш.Э-н зэрэг дэв олгох тухай” захирамжид “...Ш.Э нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд гүйцэтгэлийн төлөвлөгөөг 90-95 хувьтай биелүүлж...” гэсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь “ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн үнэлгээг авсан” гэх асуудлыг давтан гаргасан гэх нөхцөл байдал няцаагдаж байна.

Тиймээс маргаан бүхий захиргааны актын “...өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтан гаргаж ажлын хариуцлага алдсан...” гэх хэсэг нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсэг үндэслэлтэй байна.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын “Ш.Э нь цар тахалын үед хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх хэсгийн тухайд: Нэхэмжлэгч нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Овоотой хөтөл”-ийн постонд жижүүрт гараагүй байсан тул миний ажлын байр биш. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хэмээх агуулгаар мэтгэлцсэн.

Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/73 дугаартай захирамжийн 2 дахь зохицуулалтаар тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжүүлсэнтэй холбоотойгоор Бугат сумаас орох, гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж ажиллахыг хэсгийн төлөөлөгч Д.Д, Эрүүл мэндийн төвийн дарга Ж.С, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, шуурхай штабын дарга Ч.О нарт үүрэг болгожээ.

Дээрх шийдвэрийн дагуу Бугат суманд хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих үүргийг гүйцэтгэх албан хаагчдын хуваарийг гаргаж мөрдүүлдэг байсан болох нь Булган аймгийн Бугат сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр  сарын 09-ний өдрийн А/42 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралт “Коронавируст ковид-19 өвчнөөс сэргийлэх постод гарах албан хаагчдын нэрс”, 2 дугаар хавсралт “Штабын жижүүрийн хуваарь”, мөн оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/60 дугаарын захирамжийн 2 дугаар хавсралт “Сумын шуурхай штабд 24 цагаар ажиллах албан хаагчдын хуваарь”, 1 дүгээр хавсралт 05 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд Орхон аймгийн чиглэлийн постонд 72 цагаар гарах албан хаагчдын хуваарь зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Энэхүү маргаан үүсэх болсон шалтгаан нь Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн чиглэлд гарах зам буюу “Овоотой хөтөл” гэх газарт байрших хяналтын постын байранд нэхэмжлэгч Ш.Э нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байж архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх үйл явдал байна.

Нэхэмжлэгч Ш.Э-н а. Нэхэмжлэлд тусгасан “...2021.05.25-ны өдөр намайг постод гар ээлжийн хүн удахгүй очно гэж дөнгөж жижүүрээс буухад дахин буцаагаад очуулсан. Ингээд ээлж авах хүнийг хүлээгээд ирээгүй учир гэрээсээ хөнжил, дулаан хувцас авчрахдаа исгэлэн тараг уусан. Гэрээсээ ирээд удаагүй байтал цагдаагийн алба хаагч ирээд ...шалгуулахад 0.19 хувь спирт хэрэглэсэн байна гэсэн...” гэх,

б. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд гаргасан “...”Овоотой хөтөл” гэх газар Х гэдэг хүнтэй хамт постонд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 12 цагийн үед пост хүлээлцэж авсан байгаа... орой 23 цагийн үед хэсгийн төлөөлөгч Д.Д болон Тамгын дарга О нар орж ирээд ..гомдлын дагуу ирлээ гэж хэлсэн...” гэх,

в. Тус шүүхийн шүүх хуралдаанд гаргасан “...2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс... 25-ны хооронд “Дархад хөтөл” гэх газарт... 72 цагийн жижүүрийн үүргийг гүйцэтгэж буусан. Ажлаа өгөөд буух гэж байхад дараагийн ээлжинд ... “Овоотой хөтөл” гэх газарт гарах байсан Б нь ажил гарсан тул Х-г Бугат сумын төвөөс очиж аваад хамт байж бай гэсний дагуу “Овоотой хөтөл” гэх газарт очсон... манай сумын хэсгийн төлөөлөгч, Тамгын газрын дарга, Засаг дарга гэх хүмүүс орж ирсэн...” гэх тайлбаруудаар 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Бугат сумын хэсгийн төлөөлөгч Д.Д, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, шуурхай штабын дарга Ч.О нарыг “Овоотой хөтөл” гэх газарт байрлах хяналтын постны байранд буюу гэрт очиход нэхэмжлэгч байсан болох нь тогтоогдож байна.  

Нэхэмжлэгчийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Овоотой хөтөл” гэх газарт байрших хяналтын постны байранд архи, согтууруулах ундаа хэрэглэн “хориглосон газарт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 1807033 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаартай “Шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх тухай” шийтгэвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж хуульчилжээ.

Тиймээс нэхэмжлэгчийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Бугат сумын нэгдүгээр багийн нутаг “Овоотой хөтөл” гэх газарт байрлах хяналтын постонд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр үйлчилж байгаа тул тус шүүх энэ талаар дүгнэлт хийхгүй бөгөөд нэхэмжлэлийн энэхүү хэсэг үндэслэлгүй байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3-т зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарна.

Тиймээс төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа нэхэмжлэгч нь дээрх хуулийн 37-40 дүгээр зүйлүүдэд заасан  нийтлэг эрхийг эдэлж, үүргийг хүлээхээс гадна хориглосон үйл ажиллагааг явуулахгүй байж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3.1.4.д-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх...-ийг цээрлэж, олон нийтийн газарт мөрдөх дэг журмыг сахих” гэж, 4.4-т “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл нь сахилгын болон захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага ногдуулна” гэж тус тус заажээ.

Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар нэхэмжлэгч дээрх хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй зөрчлийн хэрэгт холбогдон шийтгэл хүлээсэн нь эрх бүхий этгээдээс түүнд /төрийн албаны хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэлд нь/ сахилгын шийтгэл хүлээлгэхээс чөлөөлөгдөхгүй.

Монгол Улсын хууль, Засгийн газар, аймаг, сумын Засаг дарга нараас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Булган аймгийн Бугат сумаас Орхон аймаг руу нэвтрэх замд хүн, тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөнийг хянах хяналтын цэг /пост/-т ажиллах албан хаагчдыг байрлуулах зорилгоор барьсан гэр нь ажлын байранд хамаарна. 

Дэлхий нийтээр тархсан цар тахлын тархалтын хэмжээг багасгаж, таслан зогсоох зорилгоор улсын хэмжээнд хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа энэ цаг үед төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хяналтын цэгт байж байсан нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөх, түүнд хариуцлага тооцсон хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй.

Гэхдээ маргаан бүхий захиргааны актын дугаар гурван өөр байгаагаас гадна тухайн актын хувиудад “...Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаартай шийтгэх тогтоол..”, “... Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/З/331 дугаартай шийтгэл тогтоол...” гэж тус тус бичигдсэн байна.

Хэрэгт Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ЗШ/331 дугаарын шийтгэвэр нотлох баримтаар авагдсан. Уг шийтгэврээр Ш.Э-д холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар өмнө тайлбарласан.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргадаг шийдвэрүүдийн төрөл болох шийтгэх тогтоол, шийтгэвэр нь эрх зүйн хувьд өөр өөр үр дагаварыг үүсгэдэг. Тодруулбал: Шийтгэх тогтоол нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шийтгэл ногдуулахад гаргадаг шийдвэр бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсноор гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халах үндэслэл болно.

Харин шийтгэвэр нь зөрчлийн хэргийг хянаад гаргах шийдвэр бөгөөд тухайн шийтгэвэр хүчин төгөлдөр болсон нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох үр дагавартай.

Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 76 дугаар зүйлийн 76.6 дахь хэсгүүдэд тус хуулийн 34.1, 35.2, 76.4, 76.5 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөн төрийн албан хаагч болон эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар заасан байна.

Харин Засгийн газраас эрх олгосны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн дарга нарын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 7.1-д “Төрийн албаны тухай хуулийн 35.1 дэх хэсэг, 76.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр төрийн албан хаагчид төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулна” гэжээ. 

Тиймээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын эрх зүйн үндэслэл, нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирохооргүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид сахилгын шийтгэл ногдуулах эрхийг түүнийг томилох эрх бүхий этгээд болох Бугат сумын Засаг дарга эдлэх бөгөөд уг эрхээ хэрэгжүүлж зохих шийдвэрийг гаргахдаа холбогдох хууль, тогтоомжид заасан зохицуулалтад нийцүүлж гаргах үүрэгтэй.

            5. Иймд нэхэмжлэлийн “...өмнө нь гаргасан алдаа дутагдлаа давтан гаргаж ажлын хариуцлага алдсан...” гэх хүрээнд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Харин Булган аймгийн Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан Ш.Э-н “хориглосон газарт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн” байсан үйлдэлд нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг гаргаж сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах боломжгүй ч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалтыг баримталсан нь алдаатай байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “сонсох ажиллагааг нэр төдий хийсэн” гэх агуулга бүхий тайлбарыг няцаах нөхцөл байдал тогтоогдсонгүй..

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан “...шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх хэсгийн агуулга нь холбогдогчид захиргааны акт гаргах гэж буй үйл баримт тус бүрийн талаар тайлбар, саналаа гаргах боломжит хугацааг олгон, санал тайлбарыг нь хуульд заасан хэлбэрээр авахыг ойлгоно.

Маргаан бүхий захиргааны актыг зөрчлийн хоёр үндэслэл заан гаргасан байхад зөвхөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх хэсэгт холбогдуулан тодруулга хийн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан сонсох ажиллагааг бүрэн гүйцэт явуулсан гэж үзэх боломжгүй, хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ногдуулахгүй байх нь хариуцагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах бол ямар шийтгэл ногдуулахыг шүүх заах буюу ногдуулсан шийтгэлийн төрлийг өөрчлөх эрхгүй. Тодруулбал: Нэг талаасаа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны актад дурдагдсан хоёр асуудлын нэг нь нотлогдоогүй буюу холбогдох баримтаар үгүйсгэгдсэн нь нэхэмжлэгчид ногдуулах сахилгын шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. Нөгөө талаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг тогтоосон гэх шүүхийн шийдвэрийн төрөл /шийтгэх тогтоол, шийтгэвэрийн аль нь болох/-өөс хамаарч Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлийн чухам алийг нь үндэслэж ямар төрлийн шийтгэл ногдуулах нь тодорхойлогдоно.

Маргаан бүхий үйл явдал болсон цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль[4]-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-т тус тус зааснаар хариуцагч нь эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах ба хэрвээ уг шийдвэр нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгоно.

Хариуцагч нь дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн Ш.Э-г Бугат сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар томилох шийдвэрийг гаргасан байх тул тэрээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Хариуцагч нь маргааны үйл баримтын зарим хэсэг нотлогдоогүй байдал, маргаан бүхий актын үндэслэл болгосон шүүхийн шийдвэрийн төрөл, эрх зүйн зохицуулалт зэргийг дахин судлан үзэж, нэхэмжлэгчтэй сонсох ажиллагааг явуулсны эцэст зохих шийдвэрээ гаргах нь зүйтэй байх ба нэхэмжлэгчийн гаргасан ёс зүйн зөрчилд хариуцлага тооцох эсэх, тооцохоор бол ямар төрлийн шийтгэл ногдуулахыг шүүх заах боломжгүй юм.

Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар дээрх ажиллагаа нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийг нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч нь дээрх хоёр сарын хугацаанд дахин шинэ захиргааны акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Ш.Энх-Амгаланг ажлаас халах тухай” захирамжийг шүүх хүчингүй болгохыг тайлбарлах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.3, 48.1.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуул[5]-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т тус тус заасныг баримтлан Булган аймгийн Бугат сумын Засаг даргыг Ш.Э-тай сонсох ажиллагаа явуулан түүнд сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргах хүртэл түүний 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Э-г ажлаас халах тухай” захирамжийг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.   

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Булган аймгийн Бугат сумын Засаг дарга нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Э-д сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шүүх тус Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан “Ш.Э-г ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.БАТЧИМЭГ

 

 

 

 

[1] Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн хувь.

[2] Хариуцагчаас хариу тайлбартаа хавсаргаж ирүүлсэн хувь.

[3] Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 208 дугаартай “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжийн дагуу Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хувь.

[4] Энэ хууль 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр болох 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.

[5] 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон.