Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 00313

 

2019 оны 06 сарын 19 өдөр

        Дугаар 153/ШШ2019/00313

                     Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын  Дуут ус багт оршин суух, .. дугаарын регистртэй, Жадик хуланбай овогт Сейлханы Х-ын хүсэлттэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Х нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд сумын төвд Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны 5 тоот байрыг 2004 оноос өдийг хүртэл эзэмшиж оршин сууж байна. Энэ орон сууц нь 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн сумын Засаг даргын 02 тоот захирамжаар хувьчлагдан уг байранд сууж байсан Хафезийн Тилейхан давуу эрхээр өмчлөхөөр болсны дараа 2004 онд Х.Тилейхан надад худалдсан билээ. Өдий хүртэл энэ байр эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлгүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй явж ирсэн учир миний бие өмч хувьчлалаар авсан Х.Тилейхантай 2004 онд худалдах, худалдан авах гэрээгүй зөвхөн тохирсон үнээр өгч авалцсан билээ. Ингээд 2016 онд өмчлөх гэрчилгээ авахаар бүртгэлийн байгууллагад худалдах- худалдан авах гэрээг нөхөн хийж хандахад шүүхэд хандаж өмчлөгчөөр тогтоолгох шаардлагатай гэсэн юм. Иймд 2004 оноос өдийг хүртэл оршин сууж байгаа намайг иргэний хуулийн 105.1-д зааснаар өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Х нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч С.Х нь Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн Д.Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны 5 тоот байрны өмчлөгч болох нь

- Ховд аймаг Ховд сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2/179 дугаартай албан бичиг

- Ховд аймаг Ховд сумын Засаг даргын 2003 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай “Орон сууц хувчлах тухай” захирамжын хуулбар

 - 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Хүсэлт гаргагч С.Хын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн Газар эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг

- Ховд сумын Дунд ус багийн Д.Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны С.Хын 5 тоот байрны план болон гэрэл зураг /хх-ийн 10-11 хуудас/

-Гэрч А.Ламияын “...Би 2004 онд хоёр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгаас ирээд Хын амьдарч байгаа байранд өдийг хүртэл амьдарч байна. Би Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуульд Хөгжмийн багшаар ажилладаг. 2004 оноос хойш хөрш зэргэлдээ айл болон амьдарч байгаа. С.Хаас өмнө Тилеухан гэдэг хүн амьдарч байсан. Тилеуханаас С.Х гэдэг хүн худалдаж авсан. С.Хын эхнэр Буламхан, хоёр охин нэг залуу гурван хүүхдийн хамт амьдарч байгаа. Ерөнхийдөө дөрвөн айлын хувийн байшин байгаа юм...” гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч А.Айжулдыз “... Манайх Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт амьдарч байгаад 2005 онд Базархан гэдэг хүнээс уг байшингийн 7 номерыг худалдаж авсан. Одоо нөхөр, таван хүүхдийн хамт амьдарч байна. 2005 оноос хойш хөрш зэргэлдээ айл болон амьдарч байгаа С.Хаас өмнө Тилуехан гэдэг хүн амьдарч байсан. Тилеуханаас С.Х худалдаж авсан. С.Х эхнэр Буламхан, хоёр охин нэг залуу гурван хүүхдийн хамт амьдарч байгаа. Ламия, Х тэгээд манайх байдаг юм...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн Д.Харайн нэрэмжит 2 дугаар гудамжны 8 айлын орон сууцны 5 тоот байрны өмчлөгч нь Жадик хуланбай овогт Сейлханы Х /.../ мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ