| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2023/0050/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/51 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн Сид холбогдох эрүүгийн 23350.......... дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................. ............ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............. мэргэжилтэй, Увс аймгийн ............ сумын ............................ ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын ................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-ийн С, /регистрийн дугаар: ............./;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр адуугаа эрж, хайж яваад Увс аймгийн ............ сумын нутаг Монгол Улсын хилийн ............ дүгээр тэмдэгтийн баруун талаар 200 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил нэвтрэн ороод, буцаж, улсын хилийн ......... дугаар тэмдэгтийн зүүн талаар 170 метр газраар морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын хил нэвтэрсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Д.С нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн ............ сумын нутаг Монгол Улсын хилийн ........ дүгээр тэмдэгтийн баруун талаар 200 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу буцаад ...........дугаар тэмдэгтийн зүүн талаар 170 метр газраар морин уналгатай зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Увс аймгийн ............ суманд хил хамгаалах алба гэж байдаг. Энэ алба ............ сумын нутагт байрлах 3 заставд хилийн зөрчил гарсан тохиолдолд очиж ажилладаг. Д.Сид холбогдох хэргийг шалгах, газар оронд үзлэг хийх, мөн ОХУ-ын талтай уулзалт зохион байгуулсан, хил зөрчсөн ул мөрийг хүлээлцсэн зэрэг ажилгаануудыг явуулахад нийт 25 литр бензин зарцуулсан. Шүүхийн хэлэлцүүлэлт Д.С нь хохирол 160.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул одоо нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” мэдүүлгийг,
3. Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Адуугаа хайж яваад хил нэвтэрсэн. Хил торгүй учраас адуу хил гарсан байсан. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
Эрүүгийн 23350............. дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Эрх бүхий албан тушаалтны Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-44 дэх тал);
2. Иргэний нэхэмжлэгч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус хэрэгт ажиллагаа явуулахад хэсэг хариуцсан хил хамгаалалтын албаны УАЗ-Хантер маркийн машинд АИ-92 бензин 25 литрийг зарцуулсан, нэг литр бензиний үнэ 3022 төгрөг, 25 литр бензиний үнэ 75.550 төгрөг, Хилийн цэргийн 0320 дугаар салбарын Ланд крузер Лонг-79 маркийн машинд 20 л шатахуун зарцуулсан 1 л түлш 4110 төгрөг, 82.200 төгрөг болсон. Нийт бензин шатахуун нь 157.750 төгрөг болж байсан. Үүн дээр хил зөрчигч Сийг нэг удаа хооллосон мөнгө нь 5000 төгрөг болж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-68 дахь тал);
3. Гэрч Б.Пийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хилийн цэргийн .......... дугаар салбараас хилийн ....... дугаар тэмдгийн баруун талаар 200 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу хил зөрчин буцаж Оросын холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хилийн ..........дугаар тэмдгийн зүүн тал 170 метр газраар буцаж хил зөрчин орж ирэх үед хөдөлгөөнт хилийн харуулын дарга, дэд ахлагч М.Д илрүүлэн саатуулсан гэх мэдээлэл ирүүлсэн. Тус зөрчил нь өдрийн 10 цаг 50 минутад үйлдэгдсэн. Тус хэсэг нь хилийн ....... дугаар салбарын хариуцсан хэсэг болох ....... дүгээр тэмдэг юм. Тус өдөр хилийн манааны үүргийг гүйцэтгэж байсан алба хаагч нар тус зөрчлийг цаг алдалгүй илрүүлсэн. Тус мэдээллийг хилийн цэргийн ...... дугаар салбараас ирүүлсний дараа хэсэг хариуцсан хил хамгаалалтын албаны дарга миний бие очиж шалгахад хил зөрчигч нь ............ сумын 4-р багийн иргэн С болох нь тогтоогдсон. Соос мэдүүлэг авч хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэхэд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6 тооны адуу алдсан, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 9 тооны адуугаа алдсан нийт 15 тооны адуугаа алдсан ба тус адуугаа эрэн хайх зорилгоор хилийн ....... дүгээр тэмдэгтээр улсын хил зөрчин гарч ОХУ-ын талд явж байгаад ........ дугаар тэмдгийн зүүн талаар 170 метр газраар буцаж орж ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед хил зөрчигчийг Оросын холбооны улсын талд явж байгааг нь илрүүлэн ажиглалт хийж байгаад саатуулсан байсан. Нутгийн иргэд адуу малаа хулгайд алдсаны дараа эхний ээлжинд орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгдэх, мөн хилийн заставт мэдэгдэх зэрэг арга хэмжээг нэн тэргүүнд авах ёстой. С адуу алдсан талаараа манай ямар ч заставт мэдэгдээгүй. Иргэн адуу малаа алдсан тохиолдолд өөрийн дураар улсын хилээр гарч адуу малаа эрэн хайх эрх байхгүй. Хэрэв хулгайд алдагдсан адууны ул мөр хилийн шугамд гарсан бол ОХУ-ын талтай хамтарч эрэл хайгуул хийдэг. Тус зөрчилд Оросын холбооны улсын талтай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн хэмжээний уулзалт хийж хил зөрчигчийн ул мөрийг ямар нэгэн маргаангүй хүлээлцсэн. Хил зөрчигчийн хилээр нэвтэрсэн өдөр цаг агаар тогтуун, салхи шуургагүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-73 дахь тал);
4. Гэрч М.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хилийн цэргийн ......... дүгээр ангийн 01 дүгээр заставын даргын тушаалаар байлдагч Б.Тийн хамтаар хилийн ......... дүгээр тэмдгийн хооронд хилийн манааны үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байсан. Өгсөн тушаалын дагуу тус өдөр 07-11 цагийн хооронд хилийн манааны үүрэг гүйцэтгэж байтал хилийн ......дугаар тэмдгийн зүүн талд 1 морьтой хүн нэлээд хол зайтай явж байсан, бид хоёр тухайн иргэнийг ойртохыг хүлээгээд байж байтал 100 метр орчим дөхөөд ирсэн тухайн иргэн бид хоёрыг ерөөсөө анзаараагүй учир "зогс" гэхэд сонсохгүй байсан болохоор нэлээд орилсон, тэгээд сонсоод бид хоёрын зүг харахад гараараа далласан. Тэгээд бид хоёр дээр ирэхгүй шууд Оросын холбооны улсын хилчдийн машин замын цаад талд зогсоод байсан. Би "та хэн бэ" гэсэн чинь хар багтай явж байгаад байгаа тайлаад өөрийнхөө нүүрийг харуулахад өнгөрсөн жил адуугаа алдсан гэж застав дээр бүртгүүлсэн Д.С гэх иргэн байсан. Би юу хийж яваа юм бэ?, та хил нэвтэрсэн байна гэж хэлэхэд Д.С адуугаа хайгаад явж байна. Манай адуу олдохгүй байна гэсэн. Тэгээд хамтдаа харуулын байр луу явъя гээд харуулын байранд ирээд заставт мэдэгдэж удалгүй заставаас хүмүүс ирээд Д.Сийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-78 дахь тал);
5. Гэрч Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын хилийн ............ дугаар тэмдгийн хооронд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон байсан. Өгөгдсөн үүргийн дагуу тус өдөр харуулын дарга, дэд ахлагч М.Дийн хамтаар хилийн манааны үүргээ гүйцэтгээд явж байтал хилийн ........ дугаар тэмдгийн баруун талаар 200-300 метрийн зайнд ОХУ-ын талд 1 морьтой хүн хил зөрчөөд явж байсныг бид хоёр хараад ажиглалт хийж дөхөж ирэх үед нь харуулын дарга "хөөе зогс юун хүн бэ", "та улсын хил зөрчсөн байна" гэж хэлсэн. Хил зөрчигч иргэн адуугаа хайгаад улсын хил зөрччихлөө гэж хэлсэн. Тэгээд харуулын байрлалд авч ирээд заставт мэдэгдсэн. Үүний дараа заставаас бүлэг ирээд ажиллагаа явуулж эхэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-82 дахь тал);
6. Шүүгдэгч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-105 дахь тал);
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Сийн хил зөрчих үедээ унаж явсан моринд тохож хэрэглэсэн орос эмээл, тохом, хазаар ногт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д, шүүгдэгч Д.С нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт:
1. Шүүгдэгч Д.С нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр алдсан адуугаа хайж яваад Увс аймгийн ............ сумын нутаг Монгол Улсын хилийн ...... дүгээр тэмдэгтийн баруун тал, 200 метр газраар Монгол Улсын талаас Оросын холбооны улсын тал руу морин уналгатай нэвтэрч, буцаад ......... дугаар тэмдэгтийн зүүн талаар 170 метр газраар Оросын Холбооны Улсын талаас Монгол Улс руу орж ирсэн буюу зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хил нэвтэрсэн гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох эрх бүхий албан тушаалтны Улсын хил зөрчсөн газар оронд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 25-44 дэх тал), иргэний нэхэмжлэгч Д.Дгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-68 дахь тал), гэрч Б.П, М.Д, Б.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-82 дахь тал) шүүгдэгч Д.Сийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
1. Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн” үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заажээ.
2. Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д “Хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Тодруулбал: Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгч Д.С нь 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр адуу малаа хайх зорилгоор Монгол Улсын хилийн ..... дугаар тэмдэгтийн баруун талаар 200 метр газраар Монгол Улсын талаас Оросын Холбооны Улсын хил нэвтрэн орж, буцаад хилийн ..... дугаар тэмдэгтийн зүүн талаар 170 метр газраар Оросын Холбооны Улсаас Монгол Улс руу морин уналгатай, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Гэрч М.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”....Би "та хэн бэ" гэсэн чинь хил зөрчигч хар багтай явж байгаад багаа тайлаад өөрийнхөө нүүрийг харуулахад өнгөрсөн жил адуугаа алдсан гэж застав дээр бүртгүүлсэн Д.С гэх иргэн байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр Д.Сийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго тогтоогдож байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Д.С нь “Би 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6 тооны адуу, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 9 тооны адуу, нийт 15 тооны адуугаа алдсан тул алдсан адуугаа эрж хайж яваад улсын хил зөрчсөн гэж мэдүүлж байгаа боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэргийг үгүйсгэх, шүүгдэгч Д.Сийг цагаатгах үндэслэл болохгүй бөгөөд тэрээр зохих зөвшөөрөлгүйгээр улсын хил нэвтэрснээр гэмт хэрэг төгссөн байна.
Иймд шүүгдэгч Д.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.С нь иргэний нэхэмжлэгч Д.Дгээс нэхэмжилсэн албаны машинд хэрэглэсэн шатахууны үнэ 162.750 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулснаар иргэний нэхэмжлэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт “Цаашид Д.Соос нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Соос гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Д.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгуллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдэх үедээ уналга болгон ашигласан 8 настай морь болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээл, хазаар, ногт, тохом зэргийг улсын орлого болгох” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. Би урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Адуугаа олж авахаар явж байгаад хил зөрчсөн. 2022 оны 12 дугаар сард 6 адуугаа хил давуулаад алдчихсан, дахиад 2023 оны 1 сард бас адуугаа алдсан. Тэгээд алдсан адуугаа хайж яваад ийм хэрэгт холбогдчихлоо. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
4. Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүхийн хэлэлцүүлэгт санал гаргаагүй болно.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Д.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 124 дэх тал),
- Шүүгдэгч Д.С нь хувийн байдлын хувьд 1991 онд төрсөн, 31 настай, ам бүл 5, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ............ сумын .......... ажилтай зэрэг хувийн байдал хэрэгт тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй байна.
-Шүүгдэгч Д.Сид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршигт 162.750 төгрөг төлснөөр иргэний нэхэмжлэгч хохирол төлбөргүй гэдгээ илэрхийлсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.
Шүүгдэгч Д.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх боловч тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэж хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг түүний хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.
6. Иймд шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, хохирол, хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид оногдуулсан 1500 нэгж болох 1.500.000 төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон өдрөөс хойш 8 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.С нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох шийтгэлийг төлөөгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Д.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
Шүүгдэгч Д.С нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 8 настай морийг унаж явсан нь тогтоогдсон тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан Д.Сийн эзэмшлийн 1.000.000 (нэг сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий хүрэн зүсмийн 8 настай морь, хуучин ашиглаж байсан 150.000 төгрөгийн үнэ бүхий орос бор эмээл 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий суран хазаар 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий ногт 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий тохом 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлогод оруулж, уг эд зүйлийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн С-ийг “Зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сид оногдуулсан 1500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болсон өдрөөс хойш 8 (найм) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох шийтгэлийг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэй ба торгох шийтгэлийг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох шийтгэлийн 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 1.000.000 (нэг сая) төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий хүрэн зүсмийн 8 настай морь, хуучин ашиглаж байсан 150.000 (нэг зуун тавин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий орос бор эмээл 1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий суран хазаар 1 ширхэг, 15.000 (арван таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий ногт 1 ширхэг, 20.000 (хорин мянга) төгрөгийн үнэлгээ бүхий, хуучин ашиглаж байсан тохом 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлогод оруулж, уг эд зүйлийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Д.Сид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА