Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар ) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт А.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000168 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт А.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Х** аймгийн М** суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн (РД:********).

ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

А.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны 13 дугаар байрны гадна байрлуулсан байсан “Мопет”-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Б.Н-д 1,800,000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирлоос дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2310000000168 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02:33:22 цагт “Нэг залуу мотоцикл хулгайлж байгаад баригдсан” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 123 дугаар хуудас),

2.Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

3. “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

4. Яллагдагч А.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Нямдоржийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан 2310000000168 дугаартай А.Б намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн гэмшиж байна, учруулсан хохирлоо барагдуулах болно. ...2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Маршил таун хотхоны байрны гадаа байсан саарал өнгөтэй мопетийг түрээд явж байсан чинь тухайн хотхоны харуул нь хүрч ирээд намайг цагдаад дуудаж өгсөн юм, би тухайн мопетийг асааж унах гэж байсан юм. Тэгээд цагдаа нар ирээд надаас өөр хулгай хийсэн мотоцикл байгаа эсэхийг асуусан тэгэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн хотхоны грашаас авсан Хонда маркийн мотоциклийг авч яваад байрны машины зогсоол дээр хаяад явснаа хэлсэн, тэгээд тухайн мотоциклийг эзэнд нь хүлээлгэж өгч, эзэн нь гомдол гаргаагүй. ...Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа, би тухайн мопетийг байрнаас нь анх хөдөлгөх үедээ хөшөөд үрүүлийн түгжээг нь эвдсэн, тэрийгээ засаж өгөх болно, уг хэргийг түргэн шуурхай шийдүүлэхийг хүсэж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

5.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З овогт А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч З овогт А.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн

гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт А.Б-ыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 789 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Н-д төлөх төлбөргүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА