Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чойдонгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 182/2019/00909/И |
Дугаар | 182/ШШ2019/01184 |
Огноо | 2019-06-26 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 182/ШШ2019/01184
2019 оны 06 сарын 26 өдөр | Дугаар 182/ШШ2019/01184 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Е ХХК-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин 29.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Миний бие нь Е ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хууль бусаар чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрсөн тул иргэний хэргийн шүүхэд хандсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, шүүгчийн захирамж гаргасан. Гэтэл хариуцагч нь уг шийдвэрийг хуульд заасны дагуу биелүүлэлгүй өнөөдрийг хүргэсэн. Иймд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 29.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх дээр маргаж байхад “ажилд томилсон” тухай тушаалыг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 17-нд шүүхэд ирүүлсэн тул мөн өдөр нь ажилдаа оръё хэмээн очиход “ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зогсоох зорилгоор хийгдсэн тушаал болохоос ажилд авах тушаал биш” гэсэн. Маргааш нь шүүх хуралдаан дээр “хариуцагч нь ажилд авахгүй гэсэн тул зөвшөөрлийг батлуулмааргүй байна”, түүнчлэн “ажилгүй байсан хугацааны цалинг 5 хоногоор дутуу бодсон” хэмээн тайлбарласан ч хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 28-нд гардан аваад эс зөвшөөрсөн тул давж заалдах журмаар гомдол гаргахад 2016 оны 12 дугаар сарын 06-ны 1072 тоотоор хариу өгснийг 2016 оны 12 дугаар сарын 13-нд гардан авч мухардалд орсон. Нэгэнт шүүхийн маргаан дууссан тул ажилдаа оръё, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авъя хэмээн хуучин ажил руугаа 2016 оны 12 дугаар сарын 14-нд очиход гүйцэтгэх захирал надтай уулзахаас татгалзаж “он дуусах гэж байгаа тул ажил бага байна, он гараад ирээрэй” хэмээн нарийн бичгийн даргаараа хэлүүлсэн. Шинэ он гарсны дараа дахин очиход гүйцэтгэх захирал мөн л хүлээн аваагүй ба ажил болон ширээ, сандал, техник хэрэгслийг хүлээлгэж өгөөгүй тул шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хандан хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар 2017 оны 01 дүгээр сарын 31-нд 144 дүгээр гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өнөөдрийн байдлаар огт нөхөн төлөөгүй ба ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017.04.04-нд 100.000, 2017.05.18-нд 50.000, 2017.06.21-нд 50.000, 2017.07.26-нд 100.000, 2017.09.23-нд 200.000, 2018.05.16-нд 50.000, 2018.07.04-нд 50.000, 2018.08.08-нд 50.000, 2018.09.10-нд 50.000, 2018.09.27-нд 50.000, 2018.11.01-нд 50.000, 2018.11.23-нд 50.000 төгрөгийг тус тус шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжүүлснийг нь миний бие хүлээн авсан ба 1.150.000 төгрөгийг нь аваагүй байна. Ажилдаа орохгүй, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө авч чадахгүй давхар давхар хохироод байсан учраас тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь үндэслэлгүй худлаа тайлбар гаргасан байх тул түүнийг үгүйсгэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Б.А нь тус компанид анх ажилд орохдоо өөрийгөө маш өндөр чадвартай УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан гэж танилцуулсан ба 2016 оны 8 дугаар сарын 15-наас эхлэн Хүний нөөцийн менежер, ХАБЭрхэлсэн ажилтны албан тушаалд томилогдсон. Ажиллаж эхэлсэн үеэс нь хүний нөөцтэй холбоотой бичиг баримтыг цэгцлэх, шаардлагатай дүрэм журам боловсруулах үүрэг өгсөн боловч юу ч хийгээгүй, ажилдаа ирэхээ больсон. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Тухайн хэргийн материалтай танилцахад манай байгууллагын гарын үсэг зурсан тэмдэг дарсан бланкыг ашиглаад өөрийгөө ажлаас халсан тушаал гаргаж түүнийгээ шүүхэд өгсөн байсан. Хэрвээ бидний зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах бол хуулийн үндэслэлийг тодорхой заах байсан. Нэгэнт тушаал нь хууль бус тул Б.Аыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилж, энэ тушаалаа иргэний хэргийн шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаартай захирамж гарсан билээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаартай захирамж гарснаас хойш ажилдаа ерөөсөө ирээгүй. Манай зүгээс арга буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандан Б.Аыг ажилд нь оруулж өгнө үү, энэ хүн ажлаа хийхгүй байна гэсэн бичгийг хүртэл явуулж байсан. Б.А нь ажил хийхгүй ямар нэгэн шалтаг зааж цалин авах гэсэн бодолтой ажиллаж байсан. Ийм учраас 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байхад ажилдаа ирэх талаар санаачлага гаргахгүй, шүүх хурлыг хойшлуулах зэрэг арга хэрэглэж байсан. Ажлаа хийх хүсэл зорилгогүй байсан нь шийдвэр гүйцэтгэгчид хандан намайг ажилд авахгүй байна гэх, эсвэл ажилд маань оруулж өгөөч гэж хандаагүй үйл баримтаар нотлогдоно. Шүүх хурал дээр ажилд эгүүлэн томилсонг мэдсэн ба энэ тухай өмгөөлөгч нь хэлж байсан. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо авч байсан байдаг юм. Манай компани улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг болно. Тэрээр ажилдаа орохоор ирэхэд нь бидний зүгээс ажил хийлгэхгүй байсан асуудал ерөөсөө байхгүй юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн албан бичигт Е ХХК-ийн албан бичигт дурдсан тухайн төрийн байгууллагад ирсэн бичиг бүртгэх дэвтэр байхгүй" талаар тодорхой хариу өгөөгүй байна. Энэ бичгийг хүлээн авсан байвал төрийн байгууллага Б.Аыг ажилд нь оруулах талаар ажиллагаа явуулаагүй болох нь гэж үзээд байна гэж ойлгогдож байна. Гэтэл Б.А нь ажилд орох талаар ямар ч санаачлага гаргаагүй нь нотлогдсон байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б.Аыг ажилд нь эгүүлэн тогтоохгүй байна гэж үзвэл тэрээр ажилд орох талаар ямар ч хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй байна. Түүний нэхэмжлэлтэй хэргийг шийдсэн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж заасан байна”. Хэдийгээр Б.Аыг ажилд эгүүлэн тогтоосон тухай шүүхийн захирамжид заах үндэслэлгүй боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах тухай тодорхой заасан байна. Түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон тушаалаа хэрэгт хавсаргуулсан ба “Б.А энэ тухай мэдсэн, хөдөө явсан байгаа” гэж төлөөлөгч нь шүүх хурал дээр мэдүүлсэн. Хөдөөнөөс ирээд ажилдаа ороогүй төдийгүй 2 жил хагасын дараа ажилгүй байсан хугацааны цалин үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Б.Аын төлөөлөгч нь шүүх хурал дээр “Бид хоёр ажилд орох гээд очиход н.Ц хүлээж аваагүй хөөсөн” гэж, мөн “Ажилд авахгүй байна гэж ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан” гэж тус тус худал мэдүүлсэн байна. Тэрээр цалинтай тэнцэх нөхөн олговрын мөнгө гаргуулах талаар гомдол бичсэн ба ажилд авсан тушаал гаргасан боловч ажилд авахгүй байна гэж гомдол бичиж байгаагүй, ажилд орохыг хүсээгүй юм. н.Ц намайг 2017 оны 3 дугаар сард шийдвэр гүйцэтгэгч дуудаж мөнгө төлөхийг шаардсан. Би шийдвэр гүйцэтгэгчид хандан “энэ хүн одоо хүртэл ажилд орохгүй хохироож байна, мөнгийг ажилд орсон хойно нь бүрэн төлнө, ажил хийхгүй худлаа ярьж алга болоод, харилцагч дээр байсан гарын үсэг, тамгатай цаасыг олж авч өөрийгөө халсан тушаал гаргасан зальтай хүн, зүгээр л мөнгө авах гээд байна” гэдгийг хэлсэн. Энэ үед шийдвэр гүйцэтгэгч манайх ажилдаа орохгүй байгаа хүнийг ажилд оруулах үүрэг хүлээгээгүй байна, яах вэ бичгээ өгчих би Б.Аад хэлээд үзүүлье гэж хэлсэн. Ийм ч учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан манай албан бичиг 2017 оны 4 дүгээр сард бичигдсэн байгаа. Б.Аын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхийн захирамжаар хэрэгсэхгүй болсон байна. Нэгэнт ажил олгогч түүнийг тушаал гаргасан боловч ажилд авахгүй хууран мэхэлсэн, худлаа ярьж байна гэж үзэж байгаа бол түүнд эрхээ хамгаалах хоёр арга зам байсан. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан танай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хэрэгт төлбөр төлөгч нь нөхөн олговор төлөхгүй байгаа төдийгүй намайг ажилд авсан тушаал гаргачхаад түүнийгээ биелүүлэхгүй намайг хохироож, чирэгдүүлж байна гэж гомдол гаргах, Иргэний хэргийн шүүхэд “Ажилд оруулахгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоохгүй байгаагаас хохироож байгаа тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргах, хэдийгээр тухайн захирамжид дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дурдсан байгаа боловч нэхэмжлэл нь ажилд авсан тушаалын хүрээнд л хэрэгсэхгүй болсон байна. Б.А нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан цалин хөлстэй холбоотой гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг алдсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 29.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь Б.Аыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилсон боловч өөрөө ажилдаа ирэхгүй байгаа, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Б.Аыг ажилдаа ирэхгүй байгаа талаар мэдэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Б.А нь Е ХХК-ийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16/26 дугаар тушаалаар тус компанид Хүний нөөцийн менежерийн ажилтнаар томилогдсон байна.
Нэхэмжлэгч Б.А нь Е ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16/40 тоот тушаалаар хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01090 дугаар шүүгчийн захирамжаар Е ХХК-ийн захирлын 2016 оны 09 сарын 13-ны өдрийн 16/40 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Е ХХК-ийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16/54 дугаар тушаалаар Б.Аыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс Хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуулийн дээрх үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговорт 29.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Б.А нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2016/01090 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан олговрыг нэхэмжилж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар 3 сарын дотор буюу 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах байтал 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нь хуульд заасан уг хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч Б.Аын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 29.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон
з
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН