Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2019/02942/И |
Дугаар | 001/ХТ2021/01527 |
Огноо | 2021-12-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2021/01527
“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалтай,
“..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“..........” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 29,157,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаярын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...“..........” ХХК нь 2016.10.27-ны өдрөөс 2017.11.01-ний өдөр хүртэл хариуцагч “..........” ХХК-д нийт 33,793,060 төгрөгийн үнэ бүхий барааг нийлүүлж гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч “..........” ХХК нь нэхэмжлэгч компаниас хүлээн авсан барааны төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. Талуудын хооронд 2017.08.08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдан, нэхэмжлэгч нь нийт 9,671,000 төгрөгийн үнэ бүхий барааг хариуцагч компанид нийлүүлсэн боловч хариуцагч 2017.08.08-ны өдөр 4,331,000 төгрөгийг төлж үлдэгдэл 5,340,000 төгрөгийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн, үүний алданги 2,670,000 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч нь 2017.09.02-ны өдөр 5,934,000 төгрөгийн хуванцар цонхны бэлдэцийг хариуцагчид нийлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн, мөн алданги 2,967,000 төгрөг болж байна. Талуудын хооронд үлдэх 18,188,060 төгрөгт аман байдлаар гэрээ байгуулж, бараа нийлүүлсний дараа төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон боловч одоог хүртэл дээрх үнийн бүх хүлээн авсан барааны төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч “..........” ХХК-ийн зүгээс удаа дараа хүлээн авсан барааны төлбөрөө төлж бүрэн төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан бөгөөд талуудын эрх бүхий хүмүүс 2018.05.24-ний өдөр тооцоо нийлж, “..........” ХХК нь “..........” ХХК-иас нийт гэрээнүүдийн үнийн дүнд 33,793,060 төгрөгийн бараа хүлээн авч, 10,273,060 төгрөг төлсөн, үлдэгдэл 23,520,000 төгрөг болохыг харилцан баталж, акт үйлдэн, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23,520,000 төгрөг, алданги нийт 5,637,000 төгрөг, нийт 29,157,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнүүдийн дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23,520,000 төгрөгийг хариуцагч компанийн захирал нь хүлээн зөвшөөрч байгаа учраас маргахгүй. Алдангийн хувьд гэрээний заалтыг ярьж байгаа ч тухайн компанид энэ мөнгийг төлөөгүй байснаар ямар хохирол учирсан бэ гэдгийг нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2019.10.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23,520,000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан тул энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр гэрээнд алданги төлөхөөр заасан боловч энэ талаараа шаардлагадаа дурдаагүй учраас хангах боломжгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......... ХХК-иас 29 157 000 гаргуулан нэхэмжлэгч .......... ХХК-д олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 303 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаяр хяналтын гомдолдоо: Шийдвэрээр хариуцагч “..........” ХХК-иас 29,157,000 төгрөг гаргуулахаар шийдвэр гаргасныг 2020.01.20-ны өдөр хүлээн аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2020.03.18-ны өдрийн 614 магадлалыг 2020.04.17-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг заасан. Мөн хуулийн 63 дугаар зүйлд нэхэмжлэлийн үнийг тодорхойлох гэж заасан байдаг. Тус заалтын 63.1.1 дэх хэсэгт зааснаар мөнгө төлүүлэхээр шаардаж байгаа нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч тал 2019.10.04-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа бараа худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 23,520,000 төгрөгийг төлүүлэхээр шаардсан тул энэ төлбөрийг төлөх боломжтой юм. Хэдийгээр гэрээндээ алданги төлөхөөр заасан боловч энэ талаар шаардлагадаа дурдаагүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн тул шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн “...хариуцагч “..........” ХХК-иас 29,157,000 гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д олгосугай ... гэснийг хариуцагч “..........” ХХК-иас 23,520,000 гаргуулан нэхэмжлэгч “..........” ХХК-д олгосугай...” гэж өөрчлөлт оруулж өгөх гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч “..........” ХХК нь хариуцагч “..........” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 23,520,000 төгрөг, алданги 5,637,000 төгрөг нийт 29,157,000 гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч үндсэн үүргийг маргаагүй, алдангийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан 2016.10.27, 2017.08.08, 2017.09.04-ний өдрийн хэлцлүүд худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан, “..........” ХХК 33,793,060 төгрөгийн барилгын материал худалдан авснаас 23,520,000 төгрөгийг төлөөгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээнд зааснаар алданги төлөх үүрэг үүссэн, иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэжээ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, зохигч гэрээний 6.4-т ...алданги төлөхөөр тохирсон, үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул алдангийг төлөхгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй юм.
Хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар хэргийг хянах бөгөөд хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/02768 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 614 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 105,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД