Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2021/0011/З |
Дугаар | 158/ШШ2022/0002 |
Огноо | 2022-01-14 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 158/ШШ2022/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ү.Б,
Хариуцагч: Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,
Гуравдагч этгээд Г.Г нарын хоорондын “аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10, 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Ү.Б-г ажлаас халах тухай” Б/25, “Г.Ганбаатарыг ажилд томилох тухай” Б/26 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, мөн оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ү.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч У.Х, гуравдагч этгээд Г.Г, иргэдийн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
5.1. Б/10 дугаартай захирамжийг гаргах болсон үндэслэл: аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгсний дагуу “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажил”-д хариуцлага алдсан албан тушаалтан байгаа эсэхийг тогтоолгохоор үүрэг өгсний дагуу уг асуудлыг шалгасан албан тушаалтны дүгнэлтэд үндэслэж, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын ажлын байрны тодорхойлолтын 1.5, 2.3, 3.9, 3.10, 8.1, 8.8 дахь зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.8, 37.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.2, 48.3 дахь заалтуудыг үндэслэн албан тушаалын цалингийн хэмжээг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
5.2. Б/18 дугаартай захирамжийн үндэслэл: Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Б/10 дугаартай захирамж буюу өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг гардан авсан боловч байгууллагын нягтлан бодогчид мэдэгдээгүйгээс түүний албан тушаалын цалинг бүтэн бодсон нь тогтоогдсон. Дээрх үйлдэл нь албан тушаалын тодорхойлолтын 8.8, 8.9, Төрийн албаны тухай хуулийн 37.1.7, 37.1.13 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
5.3. Б/25 дугаартай захирамжийн үндэслэл: Монгол улсын Сангийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/1422 дугаартай албан бичиг ирсний дагуу аймгийн Орон нутгийн өмчийн газраас тайлбар хүсэж, мэдээлэл ирүүлсэн. Уг мэдээллүүдтэй холбогдуулан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад танилцуулж, тайлбар авсан боловч тухайн байгууллагын 2020 онд үндсэн хөрөнгө бэлтгэх болон бичиг хэрэг, дотоод засвар, шатахуун зэрэг зардлыг зарцуулахдаа цахим системд төлөвлөгөө үүсгэх ёстой байсан боловч үүсгээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.8, 47.1.1, Газрын тухай хуулийн 20.2.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.1, 48.1, 49.5, 57.1 дэх заалтыг зөрчсөн, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаас халах шийдвэр гаргасан.
5.4. Б/26 дугаартай захирамжийн үндэслэл: Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заадтуудыг тус тус үндэслэж Г.Г-г Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын шүүхэд ирүүлсэн тайлбар, дүгнэлтийг дэмжиж байгаа. Бидний зүгээс шаардлагатай баримт материалыг бүрдүүлж, нэхэмжлэгчид тухай бүр нь сонсгох ажиллагааг хийж, захиргааны шийдвэрийн талаар мэдэгдэж ажилласан. Улсын комиссын дүгнэлт одоо болтол хүчин төгөлдөр болоогүй байгаа, нэхэмжлэгчийн хувьд захиалагчийн өмнөөс тухайн барилга, байгууламж баригдаж буй ажиллагаанд хяналт тавьж, барилгыг чанартай гүйцэтгүүлэх чиг үүрэгтэй байсан. Энэ чиг үүргээ хангалтгүй биелүүлснээс болоод өнөөдөр Бугат сумын сургуулийн барилгад нуралт үүсэж, цонх болон шал нь хөндийрсөн, дээврээс дусаал гоожсон зэрэг доголдол гарсан байгаа. Нэхэмжлэлээс маргаан бүхий актуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цалин хөлс нэхэмжилж байгаа шаардлагыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү. Б/26 дугаартай захирамжийн хувьд зайлшгүй тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр томилох боломжтой тул томилгоог хийсэн нь хууль зөрчөөгүй юм” гэв.
7. Гуравдагч этгээд Г.Г-с шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 4 дүгээр сарын 07-ны Б/18, 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 тоот захирамжууд тус тус хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ү.Б нь Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаар ажиллах хугацаандаа ажил үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн нь Засаг даргын захирамж, Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Д дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Ү.Б-н аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “аймгийн Засаг даргын Б/10, Б/25, Б/26 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаан цалин олговрыг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Б/10 дугаартай захирамжийн хувьд: “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д гомдлыг буюу сахилгын шийтгэлийн үндэслэлийг заавал шалган тогтоож, мэдэгдсэн байхыг шаардсан. Хариуцагч өөрөө шалган тогтоогоогүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Захиргааны актын хувийн хэрэг дотор Одхүүгийн зүгээс хийсэн материал нь “сонсгох ажиллагаа, дүгнэлт, саналын хуудас” гэсэн материалууд л байдаг. Б/10 дугаартай захиргааны актын хувийн хэрэгт авагдсан 146 хуудас материал дотор зөрчлийг шалгасан ажиллагаатай холбоотой материал байдаггүй.
9. Б/18 дугаар захирамжийн хувьд: нэхэмжлэгч Ү.Б нь аймгийн Засаг даргын Б/10 дугаартай захирамжийг биелүүлэх үүрэг байхгүй. Хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаад явж байхад уг захирамжийг биелүүлсэнгүй гэж дахин сахилгын арга хэмжээ авах хуульд заасан үндэслэл байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.
10. Б/25 дугаартай захирамжийн хувьд: Үндэслэл болгосон хууль нь ойлгомжгүй, сахилгын шийтгэл ногдуулахдаа мөн л шалган тогтоогоогүй, сонсгох ажиллагаа хийж байна гэж утсаар мэдэгдээд тайлбар гаргах болгомж олгоогүй байдаг. Журамд зааснаар бол 3 хоногийн дотор тайлбар авна, 14 хоногийн дотор шалгаж шийдвэрлэнэ гэсэн нь огт мөрдөгдөөгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хангаж, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү.
11. Б/26 дугаартай захирамжийн хувьд: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчийн ажлаас халагдсан шийдвэр шүүхэд маргаантай байхад оронд нь өөр хүн томилж болохгүй гэж заасан хуулийн заалт зөрчигдсөн тул энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү”гэв.
12. Хариуцагчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Ажлын байрны тодорхойлолтын 2.3, 3.9 -д заасныг зөрчиж, норм, стандартад хяналт тавих үүргээ биелүүлээгүйгээс аймгийн Засаг даргаас Б/10 дугаартай захирамж гарсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шалгалтын илтгэх хуудсыг үнэлэх ёстой. Нэхэмжлэгчийн албан үүргээ гүйцэтгэж чадаагүй гэдэг нь хангалттай нотлох баримтаар авагдсан. Түүний хариуцлага алдсанаас үүдэж, барилгыг одоо болтол улсын Комисс хүлээж аваагүй, дүгнэлт хүчин төгөлдөр болоогүй байгаа” гэв.
13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.М дүгнэлтдээ: “Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд нь зөв гэж дүгнэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.Б-с Булган аймгийн Засаг даргад холбогдуулан “аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх явцад нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн “Ү.Бямбасүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Ү.Бямбасүрэнг ажлаас халах тухай” Б/25, “Г.Г-г ажилд томилох тухай” Б/26 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж нэмэгдүүлсэн байна.
2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд иргэн Г.Г-н хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “миний бие ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хэрэгжүүлж байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаад шийдвэрлэгдээгүй байхад дахин арга хэмжээ авсан нь илт хууль бус, улмаар хуульд заасан шаардлага хангаагүй байхад ажлаас халсан, намайг ажлаас халсан шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, шүүх дээр маргаантай байхад ажлын байранд хүн томилсон нь Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг зөрчсөн” гэж;
Хариуцагч талаас “нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ хангалтгүй биелүүлж сахилгийн шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг биелүүлээгүй тул дахин сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлтэй, улмаар дахин зөрчил гаргасан нь холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллээр тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуульд заасны дагуу 3 удаа зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан, цар тахалтай холбогдуулан зайлшгүй шалтгаанаар түүний оронд түр орлон гүйцэтгэгч томилсон нь хууль зөрчөөгүй. Хуульд заасны дагуу сонсгох мэдэгдэх ажиллагааг хийж, нэхэмжлэгчийн эрхийг хангаж захиргааны шийдвэрүүдийг гаргасан” гэж;
Гуравдагч этгээдийн талаас “нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдож арга хэмжээ авагдаж, ажлаас халагдсан. Миний зүгээс аймгийн Засаг даргаас санал тавьсны дагуу Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа нь хууль зөрчөөгүй” гэж тус тус маргажээ.
4. Нэхэмжлэгч Ү.Б-г Булган аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/98 дугаартай захирамжаар /2 дахь хавтаст хэргийн 222 дахь тал/ Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд томилж, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/ үүрэгт ажлаас нь халсан бөгөөд түүний оронд 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/26 дугаартай захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 89 дэх тал/ гуравдагч этгээд Г.Г-г Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаарын захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Энэхүү Б/10 дугаарын захирамжаар тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ү.Б-д Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2, 48.2, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаартай “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус үндэслэн “...Бугат суманд баригдсан Ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажилд гүйцэтгэлийн болон чанарын хяналт тавих албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэх үндэслэлээр албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулан, уг шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг тус газрын нягтлан бодогчид даалгаж шийдвэрлэжээ.
7. Дээрх маргаан бүхий Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тус актын үндэслэлтэй холбогдох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл явдлууд болсон болох нь тогтоогдож байна. Үүнд: Булган аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дугаарын “Гэрээ шууд байгуулах тухай” захирамжаар /1 дэх хавтаст хэргийн 19 дэх тал/ Булган аймгийн Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, сургуулийн цогцолбор болгон өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэх гэрээг “Кенжикү” ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт олгож, ажлын гүйцэтгэлд чанарын болон хугацааны хяналт тогтмол тавьж ажиллахыг тус газрын даргад үүрэг болгосон байна.
8. Мөн өдөр нь захиалагчийг төлөөлж Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ү.Б, “Кенжикү” ХХК-ийг төлөөлж тус ХХК-ийн инженер Д.Н нарын байгуулсан 117/2018 дугаартай “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /БУЛГАН, БУГАТ СУМ/ АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ”-г Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Б, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.О нар хянан, захиалагч Булган аймгийн Засаг дарга З.Б, “Кенжикү” ХХК-ийн захирал М.Н нар баталжээ /2 дахь хавтас хэргийн 216-217 дэх тал/. Тус гэрээгээр гүйцэтгэгч нь 2054945176 төгрөгөөр “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /БУЛГАН, БУГАТ СУМ/ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ”-ыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд улсын экспертизээр баталгаажуулсан зургийн дагуу гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байна.
9. Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2019 оны А/91 /1 дэх хавтаст хэргийн 146 дахь тал/, 2020 оны А/120 /2 дахь хавтаст хэргийн 188 дахь тал/ дугаартай тушаалуудаар “Бугат сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг буулгаж, Сургуулийн цогцолбор болгон өргөтгөж, шинэчлэх ажлыг ашиглалтад оруулах комиссыг тус тус томилжээ. Дээрх тушаалуудын дагуу байгуулагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс” нь 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38/2019 дугаартай дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 148-150 дэх тал/, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38/2020 дугаартай дүгнэлтийг /2 дахь хавтаст хэргийн 220-221 дэх тал/ тус тус гаргаж комиссын дарга болон 15 гишүүн бүгд тус тусын гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
10. Иргэн Б.Б-с дээрх 117/2018 дугаарын гэрээний дагуу барьж буй барилга, байгууламжийн гүйцэтгэлийн талаар гомдол гаргасан байх ба Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “БУГАТ СУМЫН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР ДҮНД ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН УДИРДАМЖ” /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/ -д заасан ажлын хэсэг нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн илтгэх хуудасаар /1 дэх хавтаст хэргийн 24-46 дахь тал/ тодорхой асуудлуудыг тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар тусгажээ.
11. Харин Булган аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 02 дугаарын тэмдэглэлд /1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал/ “Бугат сумын сургуулийн барилгыг УИХ-аар баталсан төсвийн хуулийг зөрчиж, хүүхдийн суудлын тоог багасгаж бариулсан, барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэж, дахин засвар хийсэн, барилга барих явцад мэргэжлийн байгууллага хяналт муу тавьсан, сургуулийн барилга, спорт заалыг орон нутгийн өмчид объект тус бүрээр салгаж бүртгээгүй, хуучин сургуулийн барилгыг буулгах явцад холбогдох байгууллагуудын зүгээс хяналт сул байсан, хуучин материал ашиглан барилга барих зураг төсөл эргэлзээтэй, тендерийг шалгаруулах ажлын хэсэг байгуулаагүй зохион байгуулсан, сургуулийн цогцолбор барилгыг ашиглалтад авах улсын комисс хариуцлагагүй хандсан зэрэг зөрчил байгааг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, хариуцлага алдсан холбогдох хүмүүст арга хэмжээ авах талаар аймгийн Засаг даргад чиглэл өгөв" гэжээ. Дээрх тэмдэглэлд заасны дагуу зөрчил шалгах шалгалтыг аймгийн ЗДТГазрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.О-с явуулж, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчил шалгасан тухай дүгнэлт”-ийг /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/ үйлдэж, уг баримтуудад үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.
12. Захиргааны байгууллага, албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулж, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шийдвэр гаргахад Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тусгай зарчмыг баримтлах, түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчихгүй байх үүрэгтэй юм.
13. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэсний дагуу энэхүү журмыг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 36/32 дугаар тушаалаар баталсан байдаг ба уг журмын 2.1-т “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан...шалган тогтооно” гэж тус тус заасан байна.
14. Гэтэл 2021 оны Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэгт Ү.Бямбасүрэнгийн гэрээний хугацаанд гүйцэтгэсэн ажлыг нотлох баримт, гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн талаарх баримт болон тухайн барилгын ажлын гүйцэтгэлийн явцад ямар ямар зөрчил, дутагдал гарсан, энэхүү зөрчил дутагдал нь гэрээний захиалагч, гүйцэтгэгч, ашиглагчийн хэнийх нь буруутайн улмаас үүссэн, эсхүл барилгыг хүлээн авч ашигласнаас хойш байгаль, цаг уурын болон бусад нөхцөл шалтгааны улмаас барилгын ашиглалтад сөрөг нөлөө үүссэн эсэх зэргийг шалган тогтоох, энэ талаар шаардлагатай ажиллагааг явуулаагүй, уг зөрчилд холбогдох шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагчийн зүгээс цуглуулаагүй, энэ талаарх шалтгаант байдлыг хангалттай нотлоогүй байна.
15. Тодруулбал: Дээрх Б/10 дугаарын захирамжийн хувийн хэрэг, хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудыг судлан үзэхэд Булган аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/601 дугаарын захирамж, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт, иргэн Б.Б-н өргөдөл, Бугат сумын сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын үр дүнд шалгалт хийх ажлын удирдамж, “Бугат сумын сургуулийн барилгын хөрөнгө оруулалтын үр дүнд шалгалт хийх ажлын хэсэг ажилласан тухай илтгэх хуудас, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 02 дугаарын тэмдэглэл, Булган аймаг дахь Төрийн аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлан, зөрчил шалгасан тухай дүгнэлт, сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, Ү.Б-н тайлбар болон “СУРГУУЛИЙН БАРИЛГА, 320 ХҮҮХДИЙН СУУДАЛ /БУЛГАН, БУГАТ СУМ/ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ”-ын гэрээ, барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 12 дугаар сарын 02, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүд, тус комиссын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 38/2020 дугаартай дүгнэлт, техникийн тодорхойлолт, экспертизийн дүгнэлт болон тус цогцолбор барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахтай холбогдох бусад баримтууд зэргийг цуглуулжээ.
16. Хариуцагчийн Б/10 дугаарын захирамжийг гаргах ажиллагааны явцад цуглуулсан хувийн хэрэгт авагдсан дээрх баримтуудаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зөрчил шалгасан тухай дүгнэлт”, нэхэмжлэгч Ү.Б-н тайлбар /он, сар, өдөр тодорхойгүй/, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”, мөн өдрийн “Шийдвэрийн төсөлд авах саналын хуудас” зэрэг баримт нь хариуцагчаас бүрдүүлсэн материал, бусад нь иргэдийн Хурлын даргын шийдвэрээр шалгалт хийсэн ажлын хэсгийн бүрдүүлсэн материал байна.
17. Энэ байдлаас дүгнэхэд шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийг шалгаж тогтоосон баримт материал захиргааны актын хувийн хэрэгт авагдаагүй, ажлын хэсгийн илтгэх хуудсанд тулгуурлан Ү.Бямбасүрэнг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, түүнийг буруутган түүнд аймгийн Засаг даргын Б/10 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, түүнд сахилгын шийтгэл ногдуулах ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэхээр байна.
18. Булган аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүйн дээр мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан “Нотлох баримт цуглуулах” эрхээ хэрэгжүүлээгүй нь хууль болон журамд заасан “шалган тогтоох” гэсэн шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, зөрчлийг бодитойгоор шалган тогтоогоогүй байна.
19. Мөн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13-т заасныг зөрчсөн гэдгийг хангалттай шалгаж, нотолж чадаагүй нь мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаагүйг нотолж байна.
20. Иймд Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
21. Булган аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаар “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд: Хариуцагч нь тус шийдвэрийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.1, 48.2, 48.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаал, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг тус тус үндэслэн “Булган аймгийн Засаг даргын 2021 оны Б/10 дугаар захирамжийг биелүүлээгүй” хэмээн Ү.Б-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
22. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Захиргааны шийдвэрийг дараах байгууллага гүйцэтгэнэ: 84.1.1-д “захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага” гэж заасан нь хариуцагчийн Б/10 дугаарын захирамжийг гүйцэтгэх үүргийг захиргааны шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтан буюу Булган аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилсан байна.
23. Нэхэмжлэгч Ү.Б нь дээрх Б/10 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан нь тухайн актыг гүйцэтгэхгүй байх нөхцөл үүссэн. Нөгөө талаар Булган аймгийн Засаг дарга нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 дугаарын захирамжаар ногдуулсан Ү.Б-н албан тушаалын цалингийн хэмжээг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2021 оны 02 дугаар сараас эхэлж тооцохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогчид даалгасан байна.
24. Тиймээс хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу захирамжийг Ү.Б болон тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэдэгдэх үүргийг Засаг дарга өөрөө гүйцэтгэхээр байна. Гэтэл Булган аймгийн Засаг дарга нь гаргасан шийдвэрээ хаяглагдсан этгээдэд мэдэгдэх үүргээ гүйцэтгээгүй болох нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх “Ирсэн бичгийн бүртгэл” /2 дахь хавтаст хэргийн 189-206 дахь тал/ -ээр нотлогдож байна.
25. Нэхэмжлэгч Ү.Б нь хариуцагчийн гаргасан 2021 оны Б/10 дугаарын захирамжийг гаргасан өдөр нь буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байгаа ба тэд энэ талаар маргаагүй, захирамж мөн өдрөөс хүчин төгөлдөр болсон байна. Гэвч нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан болох нь тус зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 04/573 дугаарын албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 51 дүгээр тал/ болон мөн оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаарын тогтоол /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/, 03 дугаар сарын 25-ны өдрийн 04/866 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал/ -ээр тус тус нотлогдож байна.
26. Тиймээс хариуцагч өөрт нь хуулиар ногдуулсан үүргээ хэрэгжүүлээгүйнхээ төлөө нэхэмжлэгчийг маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан “сахилгын арга хэмжээг биелүүлээгүй” хэмээн буруутгаж түүний өөрт хамаарах сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар гомдол гарган хянан шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах үндэслэл хариуцагчид байхгүй байх тул Булган аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаарын захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн…ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох нь зүйтэй байна.
27. Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Тус захирамжийг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.8, 47 дугаар зүйлийн 47.1.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.5, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдийг үндэслэн “Худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэлийг Ү.Б-д ногдуулсан байна.
28. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ү.Б-н гаргасан зөрчилд Б/10, Б/18 захирамжаар арга хэмжээ авсан бөгөөд худалдан авах ажиллагааны цахим системд төлөвлөгөө, хэрэгжилтийг нийтлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийг гаргасан нь тогтоогдсон учраас өмнө гаргасан хоёр зөрчил дээрээ гуравдах зөрчил нь тогтоогдсон учраас 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж төрийн албанаас халсан” гэж үндэслэлээ тайлбарласан.
29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна” гэж, 48 дугаар зүйлийн 48.1-д “Захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний төслийг шаардлагатай бол техник, эдийн засгийн үндэслэлийн хамт дараа жилийн төсвийн төсөлтэй хамтад нь боловсруулж, харьяалах төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ” гэж, 49 дүгээр зүйлийн 49.5-д “Тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг захиалагч тухайн жилийн 12 дугаар сарын 1-ний дотор төсвийн ерөнхийлөн захирагчид, ерөнхийлөн захирагч нь дараа оны 1 дүгээр сарын 15-ны дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана” гэж, 57 дугаар зүйлийн 57.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заажээ.
30. Хариуцагч дээрх хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэж нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан гэх боловч уг зөрчлийн талаар Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд заасан ажиллагаануудыг мөн л хийж гүйцэтгээгүй ба Монгол улсын сангийн сайдын 2021 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 6-1/1422 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/, Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 149 дугаартай албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 83 дахь тал/ -ийг танилцуулснаа “сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл” /1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/-д тусгасан байна. Дээрх албан бичгүүдтэй танилцаад нэхэмжлэгчээс ирүүлсэн “манай байгууллага 2020 онд тендерийн худалдан авалт хийгээгүй, төсөл арга хэмжаа байхгүй болно” гэх тайлбарыг үндэслэлтэй эсэх, Газрын харилцаа, хот, байгуулалтын газар нь тухайн жил худалдан авах ажиллагаа явуулсан болон захиалга өгсөн зэрэг худалдан авах ажиллагаатай холбоотой зөрчил гаргасан эсэхийг шийдвэр /сахилгын шийтгэл/ гаргах ажиллагаа явуулж байгаа хариуцагчийн зүгээс шалган тогтоосон баримт маргаан бүхий захиргааны актын хувийн хэрэгт авагдаагүй, хувийн хэрэгт байгаа “Шийдвэрийн төсөлд санал авах хуудас” /2 дахь хавтаст хэргийн 215 дахь тал/-д “Төсөлд өгөх санал, дүгнэлт” хэсэгт гарын үсэг зурсан албан тушаалтнуудын нэрийн тайлал байхгүй, ямар санал дүгнэлт гаргасан нь тодорхойгүй зэргээс харахад нэхэмжлэгчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримталж арга хэмжээ авсан нь үндэслэлгүй юм.
31. Мөн хариуцагчаас маргаан бүхий Б/25 дугаартай захирамжийг гаргах болсон үндэслэлээ “Ү.Б нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, удаа дараа албан үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү шийдвэрийн өмнөх хэсэгт Булган аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан Б/10 дугаарын тушаалыг хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан Б/18 дугаарын захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн нь хариуцагчийн маргаан бүхий захиргааны актыг гаргах үндэслэл болгосон Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх нөхцөл үгүйсгэгдэж байна.
32. Иймд Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно”, 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх баталгаагаар хангагдана” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий Б/25 дугаартай аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
33. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд: Булган аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай захирамж нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан нөхцөл бүрдээгүй байхад мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас халах шийдвэр гаргасан нь дээрх нотлох баримт, хууль зүйн үндэслэлүүдээр тогтоогдсон.
34. Иймд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 -д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Ажил олгогч дараах үндэслэлээр хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй: 61.1.2. хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж тус тус заасны дагуу Ү.Бямбасүрэнг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, зөрчигдсөн /хөдөлмөрлөх/ эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
35. Ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулах шаардлагын тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Монгол улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар хөдөлмөрлүүлж болохгүй”, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж тус тус заажээ. Төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авах, баталгаагаар хангагдан ажилладаг ба түүнийг буруу халсан үед ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг өмнө авч байсан цалингийн дунджаас тооцож нөхөн олгохыг Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин, хөлс тодорхойлох журам” ын 2.3, 2.3.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн цалингийн карт /1 дүгээр хавтаст хэргийн 128,129 дүгээр тал/ , цалин олгох хүснэгт /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар тал/-д үндэслэн нийт 8 сар 21 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, олговрыг нөхөн олгож, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
36. Ажилгүй байсан хугацааны олговрын тооцоолол: 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд буюу сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаас тооцон бодвол: Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын нийт цалин 5.938.994 /3 сар = 1.979.665 /1 сарын дундаж цалин/ төгрөг;
2021 оны 4 дүгээр сар ажлын 21 хоногтой тул 1 өдрийн цалин нь 1.979.665 / 21 = 89.985 /наян есөн мянга есөн зуун наян таван/ төгрөг, 4 дүгээр сард ажилгүй байсан 11 өдрийн цалин нь 11 *89.985=989.835 /есөн зуун наян есөн мянга найман зуун гучин таван/ төгрөг;
2021 оны 5-12 сарыг дуустал нийт 8 сарын цалин 15.837.320 төгрөг;
2022 оны 01 дүгээр сар ажлын 20 хоногтой тул 1 өдрийн цалин нь 1.979.665 / 20 = 94.270 /ерэн дөрвөн мянга хоёр зуун далан/ төгрөг, нэхэмжлэгчийн 01 дүгээр сард ажилгүй байсан 10 өдрийн цалин нь 10*94.270 =942.700 /есөн зуун дөчин хоёр мянга долоон зуун/ төгрөг болно.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан нийт 8 сар 21 өдөр өдрийн олговорт 1.979.665*8 сар=15.837.320 /Арван таван сая найман зуун гучин долоон мянга гурван зуун хорин/ төгрөг + 989.835 төгрөг + 942.700 төгрөг = 17.769.855 /нийт арван долоон сая долоон зуун жаран есөн мянга найман зуун тавин таван/ төгрөгийг гаргуулахаар байна.
37. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Ү.Б-г ажилд эгүүлэн тогтоохоор шүүхээс шийдвэрлэсэн тул түүнийг Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын ажлыг нь гүйцэтгүүлж эхлэх хүртэлх хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох нь зүйтэй гэж дүгнэв.
38. Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/26 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/25 дугаарын захирамжаар Ү.Б-г Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалаас халж, мөн өдрийн Б/26 дугаарын захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 9, 472 дугаар тогтоолуудыг үндэслэн Г.Г-г аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн томилсон байна.
39. Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““чадахуйн зарчим /мерит/” гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг ойлгоно”, 3.1.4-т “сул орон тоо” гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгоно” гэж тус тус заажээ.
40. Булган аймгийн Засаг даргын 2021 оны Б/25 дугаар захирамжийг гаргаснаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын орон тоо гарсан гэж үзэж, Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх заалтыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь тус зохицуулалтад “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй, түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас 3 сараас 1 жил хүртэл хугацаагаар эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон тохиолдолд албан тушаалын чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай албан хаагчаар, эсхүл төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн иргэнийг сонгон авч, тодорхой хугацаагаар түр орлон гүйцэтгүүлэх“ гэж заасан байх ба Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан үүргийг гүйцэтгэж байсан Ү.Б-д дээрх хуульд заасан нөхцөл үүсээгүй байна. Харин маргаан бүхий Б/25 дугаарын захирамж гарснаар хуулийн 42.1.8-д заасан “албан хаагчийг албан тушаалаас нь ...халсан” нөхцөл бий болж, тухайн албан тушаалын сул орон тоо гарсан.
41. Тиймээс тус албан тушаалын сул орон тоонд ажиллах хүнийг томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу сонгон шалгаруулж томилох учиртай. Гэтэл дээрх хуульд заасан журмаар сонгон шалгаруулалт явуулаагүй түр орлон гүйцэтгэгч томилсон нь буруу байна. Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал гарсны улмаас Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа ч Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.3 дахь хэсэгт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох хуулийн нарийвчилсан зохицуулалт байхад түүнийг хэрэгжүүлэлгүй алгасч, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.4 дэх хэсэг болон Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 9, 472 дугаар тогтоолуудыг үндэслэн Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилладаггүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэлгүй Г.Г-г тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
42. Харин Булган аймгийн Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.1-43.3.3-т заасны дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч, дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх шийдвэр гаргахаар байжээ. Иймд Булган аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан Б/26 дугаартай “Г.Г-г ажилд томилох тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
43. Ү.Б нь маргаан бүхий Б/25 дугаарын захирамжийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан тул Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15-д заасны дагуу түүний ажлын байранд томилгоо хийхийг хориглох бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-д зааснаар гуравдагч этгээдийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно.
44. Иргэдийн төлөөлөгчөөс “захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрүүд зөв” гэх дүгнэлтийг гаргасан боловч захиргааны акт гаргах ажиллагаанд захиргааны байгууллага, албан тушаалтан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд баримтлах журам болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэлд харгалзаж үзээгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасны удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД П.УУГАНЦЭЦЭГ
Д.САРАНГЭРЭЛ