| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2025/0013/з |
| Дугаар | 221/МА2025/0351 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Газар, Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2025/0351
“Х” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.Ж
Гомдол гаргагч: “Х” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Ж
Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2025/0031 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х
Хариуцагч Б.Ж
Хариуцагчийн өмгөөлөгч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 110/2025/0013/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Х” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жд холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2025/0031 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг баримтлан “Х” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Б.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана.
3.1. “Х” ХХК нь аймгийн төвд, “А” зэрэглэлийн бүсэд өөрийн эзэмшил 225 кв.м газарт шатахуун түгээх станц ажиллуулахаар газар эзэмшсэн мөртлөө эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан газрын гадна талд буюу нийтийн эзэмшлийн газарт их хэмжээний шатахуун буюу аюултай бодис агуулсан савыг газрын хэвлийд булсан нь газрын биржийн цахим системд байгаа кадастрын зураг болон эрх бүхий албан тушаалтны хэмжилт, дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас, албан шаардлага өгч байсан. Уг мэдэгдэх хуудас, албан шаардлага, холбогдох дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд үүнд “Х” ХХК-иас ямар нэг гомдол гаргаагүй.
3.2. Анхан шатны шүүх нь Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг илтэд буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгож, илтэд хууль зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрсөнд гомдолтой байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2025/0031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэрийг дэмжсэн, харин хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, “Х” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жы үйлдсэн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаар шийтгэлийн хуудсаар “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасны дагуу “Х” ХХК-д 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
4. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргахдаа “... ШТС-01 нь хууль зөрчиж баригдаагүй, холбогдох зөвшөөрлийг авч ашиглалтад орсон, аж ахуйн нэгж бизнесээ өргөтгөх шаардлага гарахад газрыг зөвхөн нийтийн дуудлага худалдаагаар эзэмших тухай хуулийн заалт байхгүй, орон нутгийн засаг захиргаа Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж захирамж шинэчлэхгүй хохироож байна” гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлж маргах бол хариуцагч нь “... газар эзэмших эрх олгосон шийдвэрт заасан 225 кв.м газраас илүү газар ашиглаж Газрын тухай хууль зөрчсөн болох нь холбогдох хэмжилт, дүгнэлт болон кадастрын зургаар тогтоогдсон” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
5. Газрын тухай хуулийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “… газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж,
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт “Хуульд заасныг зөрчиж: 10.1. эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан /бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх; 1.3.тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасан.
6. Дээрх зохицуулалтаас үзэхэд, холбогдогчийн гаргасан үйлдэл нь Газрын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон хэм хэмжээнд хамаарч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд баримтаар тогтоогдсон буюу нотлох баримт бүрдсэн тохиолдолд уг зөрчилд шийтгэл ногдуулах зохицуулалттай ба энэ шаардлагыг хангавал Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим, тогтоосон журамд нийцсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд заасан үйлдсэн зөрчил нь баримтаар тогтоогдсон бол түүнд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.
7. Гэтэл анхан шатны шүүхээс “... шатахуун түгээх станцын байршил, гарц замыг төлөвлөсөн баримтад холбогдох байгууллага зөвшөөрөл өгч, эрх бүхий албан тушаалтан баталснаас үзэхэд “Х” ХХК тухайн байршлаас эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэж үзэхээргүй, зөрчлийн шинжийг хангаагүй, ... 2014-2018 онд хийсэн хэмжилтээр 538.09 кв.м газар илүү ашиглаж байгаа нь тогтоогдсон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх газарт байршилтай шатахуун буулгах талбай, аянга зайлуулагч, газар дор булсан шатахууны нөөцийн сав, түгээгчийн байр, төмөр хашаа, гэрэлтүүлэг зэрэг нь ШТС-ын барилга байгууламжийн бүрдэлд хамаарна, ... маргаан бүхий газрыг дуудлага худалдаа явуулах замаар эзэмшүүлэх боломжтой гэж үзэхээргүй” гэх зөрчилтэй дүгнэлт хийж, эрх бүхий албан тушаалтны үйлдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
8. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд;
8.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 1999 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаар захирамжаар, “Х” ХХК-д шатахуун түгээх станцын зориулалтаар 0.025 га газар эзэмшүүлж, энэ хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэжээ. Дээрх захирамжаар олгосон газарт Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 32/04/09 дүгээр зөвшөөрөл, Зураг төсөл, хайгуул, судалгааны ажлын улсын экспертизийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 797/2010 дугаар дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32/04/80 дугаар актаар ШТС-ыг ашиглалтад оруулсан.
8.2. “Х” ХХК нь шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж буй газрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргаагүй, зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах санал хүсэлт гараагүй буюу газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусгаагүй болохыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаар албан бичгээр тодорхойлжээ.
8.3. Баян-Өлгийн аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 384 дүгээр тогтоолд …“Х” ШТС нь өөрийн эзэмшиж буй 225 кв.м газраас илүү газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч уг үйлдэл нь гэмт хэргийг бүрэлдэхүүнгүй, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасан зөрчлийн шинжтэй” гэж дүгнэсэн.
Мөн шийтгэлийн хуудас үйлдсэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн схем зураг, аймгийн Ерөнхий архитекторын баталсан 2010 оны Ерөнхий төлөвлөгөө М1:500, 225 кв.м газрын кадастрын зураг, ШТС-ын газрын байршлын кадастрын зураг /Зөрчлийн материалын 23-24 дэх талд/ зэргээс үзэхэд, “Х” ХХК-д газар эзэмших эрх олгосон 225 кв.м газарт шатахуун түгээх станцын шатахуун хадгалах сав, түгээгүүр байрласан бол нийтийн эзэмшлийн буюу зөвшөөрөлгүй ашиглаж буй хэсэгт ШТС-ын газардуулагч, гэрэлтүүлэг, буулгах талбай, барилга, газар дор булсан шатахууны нөөцийн сав, түүний хашаа тус тус байршдаг гэх үйл баримт тогтоогдоно.
8.4. Өлгий сумын Засаг даргын 2012 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр захирамжаар, ШТС-ын ойролцоо байрших Засаг даргын холбогдох шийдвэргүйгээр, зөвхөн гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байсан нийт 12050 кв.м газрын эзэмших эрхийг баталгаажуулсан байх ба энд “Х” ХХК агуулах, контор байрладаг байна.
9. Тогтоогдож буй дээрх үйл баримтыг Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулан дүгнэвэл, “Х” ХХК нь шатахуун түгээх станцын үйл ажиллагаа эрхлэхдээ Өлгий сумын Засаг даргын 1999 оны 108 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 225 кв.м газрын хил заагаас хэтрүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд ШТС-ын барилга, байгууламжийг байрлуулсан нь газрыг зөвхөн эрхийн гэрчилгээгээр, гэрээний үндсэн дээр эзэмших зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Тодруулбал, “Х” ХХК-д Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгосон аль ч нэгж талбарт түүний зөвшөөрөлгүй ашиглаж буй дээрх нийтийн эзэмшлийн талбай хамаарахгүй болох нь тогтоогдсон.
Энэ тохиолдолд эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг ашиглаж буй үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд хамаарах тул хариуцлага ногдуулах нь гарцаагүй учраас эрх бүхий албан тушаалны шийтгэлийн хуудас хуульд нийцнэ.
10. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, газар эзэмших эрх олгосон газарт ШТС-ын барилга байгууламж барихад өгсөн холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтны зөвшөөрөл нь тухайн хуулийн этгээдийн хувьд эрх олгоогүй газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглах боломжийг ч мөн олгосон гэж дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь газар эзэмшүүлэх, барилга барих зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаа тус бүрд эрх зүйн ялгамжтай зохицуулалтууд үйлчлэх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, энэ тохиолдолд маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 110/ШШ2025/0031 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг баримтлан “Х” ХХК-иас Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Жд холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 0219315 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ