Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/253

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч А.Алтангэрэл,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Б.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210007510545 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овогт Б.Ц нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Б.Ц нь 2022 оны 03 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, ** тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Э-г дандаа өр тавьдаг, хүнээс зээл авдаг гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгой, нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, эрүү, дагз, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү зүүн эгэмд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2210007510545 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 00:56:19 цагт “Манай охиныг нөхөр нь зодоод алах гээд байна гээд над руу мессеж бичээд байна.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

            2. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Б.Булганаас хийсэн Аюулын зэргийн үнэлгээнд хүчирхийллийн аюулын зэрэг “дунд.” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

3.Хохирогч Ө.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

4.Гэрч Н.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр буюу цэргийн баярын маргааш өдөр нь манай нөхөр Г, түүний үеэл Ц, мөн Ц-ийн эхнэр Э бид 4 гадуур хоолонд орж Э-г Япон руу явах гэж байгаа гэж гаргаж өгнө гээд хоол идэж 1 шил архи тэр гурав хувааж уусан. Харин би огт уугаагүй. Тэгээд тэр газраас гараад Ц, Э хоёрыг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд гэрт нь орохоосоо өмнө дэлгүүр орж 1 литрийн савлагаатай 1 шил архи худалдаж авах шиг болсон. Тэгээд Ц-гийн гэр буюу ** тоотод орсон. Улмаар Ц-гийн гэрт нь тэр 1 шил архийг Ц, Г гурав хувааж уусан. Тэгэхэд Э, Ц хоёр хоорондоо маргалдаад Э бүр уухаа болиод өрөөндөө орсон. Тэгээд Ц, Г хоёр ч бас нэлээн согтсон байсан учир би нөхрөө аваад гэрээс нь гарсан. Тэгээд гэртээ унтчихсан байсан, та орж ирээд орон дээр хэвтүүлээд өгөөч” гэж ярьж байсан. Тэгэхэд Г ч гэсэн нэлээн согтсон байсан учир өргөж орон дээр нь тавьж өгч чадалгүй байсан учир манай нөхөр Г бид хоёр эргэж оролгүй шууд гэртээ харьцгаасан. ...Тэр хоёр ер нь бол өр ширний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Гэхдээ манай нөхөр бид хоёрыг явахад бол маргалдаад дуусчихсан байсан. Миний мэдэж байгаагаар нөхөр бид хоёрыг гэрт нь байхад л Ц Э-г цохиж зодох үйлдэл гаргаагүй. Маргааш нь буюу 2022 оны дугаар сарын 20-ны өдөр би Э руу “за яасан дажгүй юу” гэж ярихад “урьд шөнө Ц намайг зодоод, тэгээд би Ц-г цагдаад бариад өгчихсөн, би өөрөө одоо Налайх дүүрэгт Гордокд байна” гэж байсан.Гэхдээ би яг өөрийн нүдээр Эг хараагүй. Тийм болохоор яг зодуулсан эсэхийг нь бол би мэдэхгүй байна. ... Э, Ц хоёр дундаасаа 1 хүүхэдтэй, албан ёсны гэр бүлийн баталгаатай эсэхийг нь бол би мэдэхгүй байна. Тэр болгон, өдөр болгон уулзаад байдаггүй, мөн нэг их гэр бүлийн асуудалд нь оролцоод байдаггүй юм. ... Эгийн талаар бол яг сайн мэдэхгүй, ер нь бол хүнээс худлаа хэлж мөнгө зээлээд байдаг байсан лээ, тэрийг нь бид сүүлд мэдсэн. Өөр өчнөөн хүнд өр зээл тавьчихсан түүнийг нь Ц төлж барагдуулдаг, төлчихлөө гэхээр нь дахиад өр зээлийн асуудал гараад ирдэг гэж Ц хэлж байсан. Харин би Ц-гийн тухайд ерөнхийд нь манай нөхрийн үеэл гэдгээр нь мэднэ. Гадаадад буюу Япон улсад 3-4 ажиллаж амьдарч байгаад ирсэн. Түүнээс өмнө нь ганц хоёр удаа уулзалдаж л байсан. Ц-гийн ааш араншны хувьд миний мэдэхээр их өрөвчхөн, цагаан цайлган сэтгэлтэй, хүнд их тусч даруухан, дөлгөөн, дуу шуу багатай, онгироо сагсуу зан байхгүй, их хөгжилтэй зан авиртай залуу байдаг юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

5.Гэрч С.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Цэргийн баярын өдөр мана хамаатны залуу болох Ц эхнэр хүүхдүүдийнхээ хамт манай гэрт ирсэн бөгөөд баяр тэмдэглэж хоол цай идэж ууцгааж, унтаж амарцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ц бид хэд манай ажлыг хийж бараа хүргэж өгч явж байгаад Ц түүний эхнэр Э, манай эхнэр Шбид хэд гадуур хоолонд орж 1 шил архи хувааж уусан. Манай эхнэр болохоор жирэмсэн учраас архи огт уугаагүй.Улмаар тухайн өдрийн орой Ц-гийн гэрт очсон бөгөөд Ц-гийн гэрт 1 шил архи хувааж уусан. Тэгэхэд Ц, Э хоёр хоорондоо ярилцаад өчнөөн дахиад өр гараад ирлээ, чи хүн амьтнаас мөнгө зээлчихсэн юм биш үү гээд ярилцаж байсан. Тэгээд Ц ч тэр би ч тэр их согтсон байсан ба Ц унтлагын өрөөнийхөө газар унтчихсан байсан болохоор би орон дээр нь гаргаж өгч хэвтүүлсэн гэж манай эхнэр дараа нь надад хэлж байсан. Тэгэхэд би их согтсон байсан учир ер нь юу болсон гэдгийг нь санахгүй байгаа юм. Ямар ч байсан манай эхнэр намайг авч явсан байсан. Улмаар эхнэр бид хоёрыг харих гээд явж байхад манай эхнэр рүү Ц-гийн хүүхэд нь ярьсан гэж байсан. орон дээр унтаж байгаад орноосоо уначихлаа. Г ахаар орон дээр нь тавиулаад өг гэж ярьсан байсан. Түүний маргааш нь манай эхнэр Э-тай ярихад Ц шөнө надтай муудалцсан, зодоон цохион болсон гэж ярьсан байх шиг байсан. Миний санаж мэдэж байгаагаар Ц, Э хоёр хоорондоо маргалдаж муудалцахааргүй байсан. ...Ер нь бол Э маш их хүнд өр тавьчихсан байсан. Барагцаагаар 20-иод сая төгрөгийг Ц өрөнд нь төлж барагдуулсан. Тэгэхэд дахиад өр ширний асуудал гарч ирээд байсан юм  шиг байгаа юм. Тэгээд л тэрнээс болж маргалдсан байх. Түүнээс биш миний мэдэж байгаагаар хоорондоо маргалдаж, нэг нэгнийгээ зодож цохисон зүйл бол байгаагүй. ...Э, Ц хоёрын тухайд ерөнхийд нь бол би мэднэ. Э гайгүй дажгүй юм шиг л байдаг байсан. Гэтэл Ц-г Японоос ирээд 8 сарын хугацаанд өчнөөн өр ширний асуудал гарсан бөгөөд Э маш олон хүнд энд тэнд зээл авч тавьсан байсан ба түүнийг нь Ц төлж барагдуулсан. Ааш араншны нь талаар бол би сайн мэдэхгүй байна. Ц-гийн тухайд гэвэл гайгүй сайн залуу байдаг юм. Миний үеэл 2018 оноос 2021 оны 09 дүгээр сар хүртэл Япон улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн, ажил амьдралаа бүтээж, болох гэсэн сэтгэлтэй, даруу төлөв, дөлгөөн зан араншинтай хүн байдаг юм. Их өрөвч, зөөлөн сэтгэлтэй, хүнд их тус дэм болох гэсэн зан ааштай хүн байдаг юм. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ч гэсэн гудам талбай бусад газар орилж хашхичих , агсам согтуу тавих зан араншин байдаггүй байсан юм. Эхнэрээ хүртэл Япон руу явах бүх зүйлийг нь хөөцөлдөж өгч Япон явуулсан. Өөрөө бас араас нь явж амьдралаа босгоно гэж байгаа залуу байгаа юм. ...Э одоо Япон улсад байгаа. Одоо япон яваад бараг сарын хугацаа өнгөрч байх шиг байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4657 дугаартай:

-Хэсэг газрын үзлэг: Зүүн хацар, эрүүний зүүн хажууг хамарсан 8.5х6.0 см бүдэг хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, хавдаж овойсон, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй. Дагзны төвгөрийн харалдаа хуйханд 2.5х2 см, баруун зулайн хуйханд 2х2 см улаан ягаан өнгийн цус хуралттай, тэмтрэлтээр өвчин эмзэглэлтэй, баруун талд 4х2 см, зүүн эгэмний дотор талд 1.5х1.5 см бүдэг улаан ягаан өнгийн цус хуралттай. 2022.03.22-ны “Мед-Траума”-н толгойн КТГ-ийн шинжилгээний хариунд: Тархины эдэд КТ-ийн шинжилгээнд илрэх хурц цус хуралт болон эзлэхүүнт бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд шугам хазайлтгүй. Суурийн зангилаа болон таламусын ялгарал хэвийн. Хажуугийн ховдол болон lll, lV ховдлууд суурийн цистернүүд, ховилуудын хэлбэр хэмжээ хэвийн, насандаа тохирсон. Экстра-аксиаль зайд эмгэг хуримтлалгүй. Өвчин тархи хэвийн. Бага тархинд бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Суурь болон гавлын ясанд хугаралгүй. Хоёр талын нүдний ухархайд гэмтлийн гаралтай бүтцийн өөрчлөлтгүй. Хоёр талын нүдний алим, түүний арын мэдрэл булчингууд хэвийн. Хамрын таславч баруун тийш бага зэрэг муруйсан, хоёр талын хамрын хөндийн салст бага зэрэг зузаарсан. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт ердийн. Хоёр талын хөхлөнг сэртэнгийн агааржилт хэвийн. Дагзны болон зүүн хацах, шанаа, эрүүний зөөлөн эдэд хавантай. Дүгнэлт бичсэн эмч: С.Ганчимэг гэжээ.

-Ө.Э-гийн биед зүүн хацар, эрүү, дагз, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4-5 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

6.Яллагдагч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь миний буруу, энэхүү үйлдэлдээ би маш их гэмшиж өөрийгөө буруутгаж байгаа. ... Арван жилийн сургууль төгсөөд хувиараа ажил хөдөлмөр хийж байгаад 2014 онд өөрийн эхнэр Э-тай танилцан гэр бүл болж дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Улмаар би Япон улс руу 2018 онд ажиллаж амьдрахаар яваад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсдаа эргэж ирсэн. Одоо энэхүү хэргээ шийдвэрлүүлсний дараа ба дахин Япон улс руу явах гэж байгаа юм. ...Яллагдагчаар татах болсон хэргийн талаар гэвэл тухайн үед цэргийн баярын маргааш буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн эхнэр Э болон үеэл Г болон түүний эхнэр Ш нарын хамт хоолонд орж, дэлгүүр хоршоо ороод Дүнжингарав худалдааны төвийн урд талд нэг хоолны газар орсон. Тэнд сууж хооллоод миний санаж байгаагаар 1 литрийн савлагаатай 1 шилтэй еден гэх нэртэй архи авч манай эхнэр Э болон манай хамаатны залуу Г бид гурав хувааж уусан. Тухайн газраас гараад манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд хорооллын 305-72 тоотод ирсэн. Манай гэрт орохдоо миний санаж байгаагаар 1 литрийн еден гэх нэртэй архи 1 шилийг авч ороод Э, Г бид гурав хувааж уусан. Тэгэхэд Ш жирэмсэн байсан болохоор архи огт уугаагүй юм. Тэгээд тухайн 1 шил архи дууссан бөгөөд Г, Ш хоёр гэртээ харилаа гэхээр нь би гаргаж өгсөн. Улмаар гэртээ буцаж ороод унтсан. Түүнээс хойш юу болсон гэдгээ санахгүй байгаа юм. Тухайн өдөр нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрийн шилжих шөнө байсан юм. Намайг газар унтаж байхад эхнэр өргөх гээд дийлэхгүй байсан болохоор Г, Ш хоёрыг дуудах гээд залгасан гэсэн. Нэг мэдэхэд гаднаас цагдаа орж ирсэн бөгөөд цагдаа орж ирэхэд би угаалтуурынхаа өрөөнд банн дотроо усан дотор сэрсэн. Яг юу болсон талаар би тодорхой сайн санахгүй байна. Надад тухайн өдрийн талаар санах зүйл нэг ч байхгүй байна. Дараа нь манай эхнэр хэлэхдээ намайг Г-той утсаар ярьж байхад чи жижиг өрөөнөөс босож ирээд хэнтэйгээ яриад байгаа юм бэ гээд гэнэтхэн цохиод эхэлсэн гэж хэлсэн. Миний банн дотор усан дотор байгаа зургийг ч гэсэн надад үзүүлсэн. Би бол өөрөө тухайн үйл явдлыг нэгийг ч санахгүй байгаа юм. Би Япон улсад 4 жил ажиллаж байгаад ирсэн бөгөөд Монголдоо ирээд амьдралаа сайхан болгоё гэтэл манай эхнэр Э баахан хүмүүст өр тавьсан байсан. Улмаар түүнийг нь би дарсан. Тухайн асуудал болдог өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хоолонд орж байхад Э бас хүнд өр тавьчихсан гэж хэлсэн. Тэгэхэд нь би уурлаж яагаад дандаа хүнд өр тавьж, мөнгө зээлж байдаг юм гээд тухайн асуудлыг ярьж уурлаж байсан юм. Тухайн шөнө тэр өр зээл тавьдаг асуудлаас нь болж хоорондоо маргалдаж би согтуу байсан болохоор эхнэртээ гар хүрчихсэн байсан. ...Эхнэр бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаагүй, гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. ...Манай эхнэр 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Япон улс руу ажиллаж амьдрахаар 3 жилийн хугацаатай явчихсан байгаа. Би одоо гэртээ хүүгээ харж байгаа, энэхүү хэргийг шийдвэрлэж дууссаны дараа би эхнэрийнхээ хойноос явах санаатай байгаа юм. ...Манай гэрт би өөрийн эхнэрийн хамт байсан ба манай хамаатны залуу Г болон түүний эхнэр Ш нар байсан. Тэгээд Ш, Г хоёр явлаа гэхээр нь би тэр хоёрыг гаргаж өгсөн гэдгээ санаж байгаа юм. Түүнээс хойш эргэж тэр хоёр манай гэрт орж ирсэн эсэхийг би мэдэхгүй байна. Би бол бодохдоо манай эхнэр бид хоёр хоёулхнаа байсан болов уу гэж бодож байна. ...Манай эхнэрийн биед бол бэртэл гэмтэл, улайлт, хөхрөлт бэртэл гэмтэл гэх зүйл учраагүй байсан. Ерөнхийдөө биеэр нь псориаз гэх зүйл бол гардаг. ...Тухайн гэмтлийг би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны шилжих шөнө согтуудаа би эхнэрийнхээ толгойн тус газар гараа хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан. Би яг хэдэн удаа цохисон гэдгээ нарийн тодорхой санахгүй байна. Би гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаа. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй байх болно. гэм буруугаа ухамсарлан ойлгож байгаа. Надад үүнээс өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) болон түүний 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн: Би өмнө нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж мэдүүлэг өгсөн. Тэр цагаас хойш би прокурор дээр очоод уулзаж хурлын товоо хүлээсэн боловч шийдвэрлэхгүй удаад байсан. Гэтэл би тухайн үед Япон руу явах визний хугацаа дуусах гээд байхаар нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр явчихсан юм. Би шүүх хурал болохыг хүлээгээд нэг удаа онгоцныхоо тасалбарыг цуцалж хойшлуулсан. Миний ажилладаг компани цаанаасаа онгоцны тасалбар захиалж буудал болон цааш дамжих онгоцны тасалбарыг захиалдаг болохоор дахин цуцлах боломжгүй байсан шалтгаан гараад би яваад 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Монголд ирээд өмнө нь шалгаж байсан мөрдөгчтэйгөө холбогдоод цагдаагийн байгууллага дээр ирээд байна. ...Миний хувьд шүүх хурал болон шалгах ажиллагаанаас оргон зайлсан үйлдэл байхгүй. Хэрэг удаашралтай шалгагдаад байхаар нь аргагүйн эрхэнд явчихсан юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Б.Ц-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Э хор уршгийн зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА