Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/257

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Н.Нямдорж,

шүүгдэгч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт П.Т-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310001730356 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт П.Т нь Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Б** аймгийн Б** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** компанид хөтөч багш гэх, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/ гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

П.Т нь 2022 оны 04 дүгээр сарын сард Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, **тоотод оршин суух иргэн Б.Х-ы гэрт очиж ярилцан суухдаа түүний монетон бөгжийг гарын хуруундаа зүүж үзье гэж хэлэн авч, улмаар баруун гарынхаа ядам хуруундаа зүүн талд буцааж өгөлгүйгээр бөгжийг авч яван барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардад барьцаалан мөнгө гаргуулан авч мөнгийг хувийн хэрэгцээндээ захиран зарцуулан Б.Х-д бөгж чинь байгаа гэж удаа дараа худал хэлж хуурч, түүнд 609,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч П.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Х-ны бөгж нь 4,2 грамм гэж байгаа боловч энэ хэмжээнд хүрэхгүй. Би тус бөгжийг ломбардад тавих үед 2.3 грамм болж байсан. Би энэ талаар байцаагчид хэлэхэд баримтаа аваад ир гэсэн боловч ломбардын бичгээ олж чадаагүй. Би Мишээл Эксо-д байдаг бааранд хүн урьж оруулж, оруулсан хүний тооноос хамаарч цалин авдаг ажил хийдэг гэв.

Эрүүгийн 2310001730356 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст иргэн Б.Х-ы бичгээр гаргасан гомдол (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

            2.Хохирогч Б.Х-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

            3.“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн TXY-123/0054 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас),

            4.Яллагдагч П.Т-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тогтоолтой уншиж танилцсан, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөр байна. ...Би 2022 оны 04 дүгээр сард Хан-Уул дүүрэг 15 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах Рөүд68 бааранд ажиллаад өглөө ажиллаа тараад үүрийн 05 цагийн үед баарнаас гарч байтал найз Т залгаад Зайсанд байх Х-ны гэрт байна хүрээд ирээ гэж намайг ирээд авчих гэж дуудсан тэгэхээр нь би за яваад очъё гээд Хан-Уул дүүрэг ** тоот болох Х-ы гэрт ирэхэд Х, Т, Н, мөн өөр нэг Т гэх залуу байсан. Тэгээд тэд нар намайг ороход уух нь уугаад тасрах нь тасраад байж байсан, би гэрт ороод Т-ийг хүлээгээд том өрөөнд нь сууж байхад Х босоод ирсэн байсан, тэгээд том өрөөнд орж ирээд баруун гартаа байсан бөгжөө тайлаад өвчтэй байгаа хүний бөгж зүүсэн хуруу нь ногоорчихдог гэж хэлэхээр нь би надад толбо тогтох нь уу үзье гээд би Х-ны зүүж байсан монетон бөгжийг баруун гарын ядам хуруунд зүүгээд тэгээд үргэлжлүүлээд юм яриад сууж байгаад 11 цагийн үед ууж байсан пиво нь дууссаны дараа би Төгөлдөрийг авч яваад гэрт нь хүргэж өгсөн. Тэгсэн үдээс хойш Х над руу залгаад бөгжөө авъя гэж хэлэхээр нь би ажилтай байсан болохоор би орой ирээд авчих эсвэл маргааш хүргээд өгье гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш Х надтай холбогдоогүй байж байгаад нөгөөдөр нь мөнгө шаардлагатай болоод би Сансарт байх нэг ломбардад 100,000 төгрөгт барьцаанд тавьж мөнгийг нь өөртөө зарцуулсан. Түүнээс хойш Х-д би бөгжийг эхлээд надад байгаа дараа нь манай найз аваад явчихжээ гэж хэлдэг байсан. ...Би Х-гийн хохирлыг барагдуулсан. ...Бөгжийг өгөхөө мартаад зүүгээд гараад явсан байсан. ...Ломбардад тавиад буцаагаад авъя гэсэн ч мөнгөгүй болоод буцааж өгч чадаагүй. ...Миний хийж байгаа үйлдэл хууль бус гэдгийг мэдэж байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

5.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэрийн 64 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П.Т-ийг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Х-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА