Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч А.Алтангэрэл,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310002060103 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц.О нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-9, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Ц.О нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны оройн 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Ц.Х-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн сарвуунд зулгаралтын нөсөө гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

Эрүүгийн 2310002060103 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21:21:48 цагт “Аав ээжийг зодсон.” гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2.Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 7, 8 дугаар хуудас),

3.Насанд хүрээгүй гэрч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 12 дугаар сард болсон үйл явдал гэдгийг санаж байгаа ч яг хэдний өдөр болсныг санахгүй байна. Тэр өдөр ээж, аав, дүү бид нар бүгд гэртээ байж байсан бөгөөд гадаа харанхуй болох гээд бага зэрэг гэгээ тасарч байх үед би ядраад унтчихсан байсан бөгөөд унтаж байтал ээж уйлж байгаа чимээ гарахаар нь сэрсэн чинь ээжийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд ээжийг хувцсаа аваад яв гэж хөөгөөд чи намайг ялд явуулах гэж байгаа биз дээ гэж ээжид уурлаад байсан. Тэгээд ээжийн гарынх нь хурууг хойш дараад гарыг нь базаад байсан. Тэгээд манай гэрт цагдаа нар ирээд аавыг аваад явсан. ...Аав ээжийг муухай үгээр хэлээд зоддог. Тэгээд гэрээс хөөдөг, аав ажил хийж мөнгө олохоор архи уучихдаг. Тэгээд бид нар ээжийгээ өмөөрч аавд хэлэхээр бид нарыг өөрийнх нь үгэнд орохгүй байна, өөрийнх нь толгой дээр гарч суулаа гээд бид нарт уурлаад байдаг. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

4.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 284 дугаартай:

-Хэсэг газрын үзлэг: Баруун дээд зовхинд 6,0х6,0см, доод зовхинд 6,5х1,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун хөмсөг, дээд зовхи хавдаж овойсон, баруун сарвууны ар хэсэгт 0,2х0,1см, 0,6х0,2см, 0,4х0,2см, зүүн сарвууны ар хэсэгт 0,3х0,2см, 0,4х0,1см, 0,2х0,2см, 0,3х0,1см цайвар өнгийн зулгаралтын нөсөөтэй /2 сарын өмнө хумсаар маажсан гэнэ/ гэжээ.

-Ц.Х-ын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл, баруун, зүүн сарвуунд зулгаралтын нөсөө бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

6.Яллагдагч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тэр өдөр болсон зүйл гэвэл би цагийн ажил хийчхээд 19 цагийн орчимд гэртээ буцаж ирээд хүүгээ дагуулж гараад 200 граммын архи хоёрыг авч уучхаад дэлгүүрээс утас авчхаад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороход эхнэр маань ажлаасаа ирсэн гээд орон дээр цаашаа хараад хэвтэж байхаар нь би хойгуур нь ороод хэвтэхэд эхнэр маань намайг цаашаа бай гээд цааргалаад байхаар нь би гараараа нүд рүү нь нэг удаа цохисон. Тэгээд би орноос босоод явсан. Тэр хооронд хүүхдүүд маань цагдаа дуудчихсан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн, ямар ч учир шалтгаангүйгээр эхнэрийгээ уурандаа цохисон, би өөрийн хийсэн үйлдэлдээ их харамсаж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

7.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 9 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), оршин суугаа хаягийн газрын тодорхойлолт ()болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.О-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Х хор уршгийн зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Т.АЛТАНТУЯА