| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/82 |
| Огноо | 2023-04-24 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/82
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч М.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Е-д холбогдох эрүүгийн 2313001120106 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Иргэний тодорхой харьяалалгүй /Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаартай зарлигаар харьяатаас гарсан гэх/, 2001 оны 12 дугаар 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ББ........ регистрийн дугаартай, Т овогт М-ы Е-.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Е- нь 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нур-Данеска” хуримын ордны ойролцоо хохирогч Х.Н-ийн гээгдүүлсэн “Sumsung А13” загварын гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Е-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.” гэв.
2. Шүүгдэгч М.Е- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.
3. Шүүгдэгч М.Е-ын өмгөөлөгч Д.А-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Е- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
4. Шүүгдэгч М.Е- нь 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт “Нур-Данеска” хуримын ордны ойролцоо хохирогч Х.Н-ийн гээгдүүлсэн “Sumsung А13” загварын гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хохирогчоос гаргаж өгсөн гээгдүүлсэн гэх гар утасны хайрцгийн зураг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/, хохирогч Х.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 35 дахь тал/, гэрч Х.Сейтдолдагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, Юнител ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 05-01/2414 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 13 дахь тал/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 43-49 дэх тал/, шүүгдэгч М.Е-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
7. Шүүгдэгч М.Е- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
8. Энэ хэргийн улмаас хохирогч Х.Н-т учирсан 400.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Е- нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
9. Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Е-ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Иймд шүүгдэгч М.Е-ад Эрүүгийн хуулийн тусгай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
11. Шүүгдэгч М.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
12. Шүүгдэгч М.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаах нь зүйтэй.
13. Шүүгдэгч М.Е-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт М-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч М.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч М.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК