Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

 2023            3             22                                                  2023/ШЦТ/119

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Иргэдийн төлөөлөгч Г.Буянжаргал,

Шүүгдэгч О.Д түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Д-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч,  мөн өдөр хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн Боржигон Очирын Д, 1974 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 3, эх, ах нарын хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч О.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч О.Д нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн ах О.Даваадоржтой маргалдаж, улмаар О.Даваадоржийн гарт байсан хутгыг авч хэвлийн хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

Хохирогч О.Даваадоржийн өгсөн: "2022 оны 11-р сарын 29-ний өдөр би гэртээ зурагтаар улсын аваргын волейболын тэмцээн үзээд сууж байгаад мориндоо тэжээл өгөх гээд байж байхад гаднаас дүү Д согтуу тал шил архи, хөрөө бариад орж ирсэн. Би дүүг орон дээр суулгаад авч ирсэн архинаас нь ганц татаад зурагтаар тэмцээн үзээд сууж байсан чинь дүү Д хэл амаар доромжилж агсам тавьж эхэлсэн. Би дүүг чи одоо согтсон байна унт гэж хэлсэн чинь өөдөөс хэрэлдээд сүүлдээ бүр болохгүй болохоор нь босож очоод унтаад өгөөч гээд цохисон. Дүү өөдөөс босож ирээд "Чи муу намайг цохидог хэн бэ, би чамайг одоо ална" гээд агсараад байхаар нь хивэгний уут задалж байсан хутга аваад "Май чаддаг юм бол намайг алаадах” гээд хутга барьсан чинь хутга булааж аваад миний цээж хэсэгт дүрчихсэн. Би хутгыг сугалаад өөрийн орон дээр хэвтсэн. Хэсэг хэвтэж байхад гаднаас Готов гээд хуурай дүү орж ирээд юм ярихгүй сууж байгаад над дээр ирээд “та зүгээр үү” гэж асуусан. Би болсон явдлыг хэлээд хутганы шархаа харуулсан чинь Готов манай эгч, дүү нарыг дуудаад эмнэлэг дуудаж өгсөн. Миний зүүн хавирганы доод хэсэгт 1 удаа хутгалж шарх үүссэн. Өөр зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Гэрч Ч.Мөнхбатын өгсөн: “Би 2022 оны 11-р сарын 29-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төвд сувилагч Магияагийн хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байхад оройн 19 цагийн орчим Эрүүл мэндийн төвийн дуудлага хүлээн авах 98612010 утсанд "Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3-р багт 58 настай эрэгтэй О.Даваадорж гэх хүн өвлийн хүнс идэш бэлтгэж байгаад хутган дээр халтирч унаад цээж хэсэгтээ хутга нь орчхоод цус алдаад байна." гэх дуудлага мэдээлэл ирсэн. Би жижүүрийн жолооч Мөнхбаатарын утас руу залгаад дуудлагад явъя гэж хэлээд эрүүл мэндийн төвийн эрхлэгч Нандинцэцэгт утсаар мэдэгдээд цагдаа дуудсан. Дуудлага өгсөн хүн согтуу мөн халтирч унаад газар байсан хутган дээр унасан гэхээр сонин санагдаад гадны нөлөөтэй байж магадгүй гэж үзээд цагдаа дуудаад дуудлагад явсан. Би дуудлага дээр 20:09 цагт очоод Даваадорж гэх хүнд анхан шатны тусламж үзүүлсэн. Анх намайг байшинд орох үед орон дээрээ хажуу тийш харсан байдалтай, царай цонхисон, архи дарс хэргэлчихсэн байсан. Би юу болсон талаар Даваадорж гэх хүнээс асуусан боловч өөрөө хариулт өгөхгүй байшинд байсан Хүрлээ гэх залуу болон Доржготов нар "Үхрэн дээ хивэг өгөх гэж байгаад гаднаас цастай гуталтай орж ирээд шалан дээр халтирч унасан" гэж мэдүүлсэн. Утсаар анх дуудлага өгснөөс шал өөр мэдүүлэг өгөөд эхэлсэн. Би Даваадоржид үзлэг хийхэд зүүн хавирганы нуман доод хэсэгт ходоод руу чиглэлтэй хэвлийн хөндий рүү цоорсон байсан. Артерийн даралт унаж, цус их алдсан байсан тул даралттай боолт хийж цус тогтоож шингэн нөхөх эмчилгээ хийж эрүүл мэндийн төв рүү тээвэрлэх арга хэмжээ авсан. Эрүүл мэндийн төв дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн биеийн байдлыг тодруулан Даваадоржтой ярилцаад явсан. Эрүүл мэндийн төвд ирээд шингэн нөхөх эмчилгээ болон шарханд зоонд тавьж шарх цэгцлэлт хийж эход харуулан Улаанбаатар хот руу яаралтай тээвэрлэж явуулсан. Хүрлээ гэх ах, Доржготов гэх хажуу айлын ах, Даваадоржийн дүү болох Д, эгч нь болох Думаа нар байсан.” гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Д.Доржготовын өгсөн: “Тухайн өдрийн өглөө би Даваадорж ахын гэрт орсон чинь Даваадорж ах дүү Дгийн хамт байсан. Д намайг "гадаа байгаа модыг хөрөөдөөд өгөөч" гэж гуйхаар нь би гэрт байсан цахилгаан хөрөөг авч гараад модыг нь хөрөөдөж өгөөд тэдний гэрээс явсан. Үдээс хойш Эрдэнэболдын гэрт очсон чинь Д архи уучихсан байсан тул гэрт нь хүргэж өгсөн. Тэдний гэрт Даваадорж ах ганцаараа сууж байхаар нь дүүгий нь оруулж өгөөд гараад явсан. Буцаад 18 цагийн үед Даваадорж ахын гэрт очсон чинь ах, дүү хоёр архи уучихсан байсан. Өмнө хоорондоо архи уугаад маргалдаж хэрэлддэг тул юмыг яаж мэдхэв гээд хэсэг харж суусан. Д орон дээрээ хэвтээд Даваадорж ах үүдэнд бас орон дээрээ хэвтэж байсан. Би гарах гээд үүд чиглээд Даваадорж ахын хажуугаар гарсан чинь царай нь цонхийгоод цайчихсан байсан. Би ойртоод Даваадорж ахыг дуудаад юу болсон талаар асуусан чинь намайг гараад явсан хойно хоорондоо маргалдсан энийг хараа гээд гараа авсан чинь хутгалуулчихсан байсан. Би дүү нар болох Даваасүмбэр, Даваадулам нарыг утсаар дуудсан. Багийн даргаас хайж байгаад эмнэлгийн дугаарыг олоод дуудлага өгөх гэсэн Даваадорж ах "Намайг хутган дээр унасан гэж хэлээрэй" гэхээр нь би эмнэлэгт "Даваадорж гэдэг хүн хөлдүү мах хэрчих гэж байгаад халтираад хутган дээрээ уначихсан цус алдаад байна" гэж дуудлага өгсөн. Зүүн хавирганы доод талд хутганы шарх авсан гараараа дараад хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

Шүүгдэгч О.Дгийн өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байгаад дэлгүүр орж 0.5, 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи аваад хүргэн ах Эрдэнэболдын гэрт очиж Эрдэнэболд ахтай нөгөө архиа хувааж уугаад гэртээ харихаар болоод Доржготовыг дуудаад хүргүүлсэн. Гэртээ очход ах Даваадорж мах чанаад сууж байхаар нь 0,75 литрийн хараа нэртэй 1 шил архиа хувааж уусан. Тэгтэл Даваадорж намайг "Чи аавыгаа мэддэггүй, чи аавынхаа голомтыг доош нь чихлээ" гэж муудалцаад намайг 1 удаа шанаа хэсэг рүү цохиод авахаар нь би "би чамайг алнаа" гээд орилсон чинь Даваадорж ах хутга надад авчирч өгөөд "чаддаг юм бол намайг алчих" гэхээр нь би нөгөө хутгыг нь аваад хамгийн доод талын хавирга хэсэг рүү нь 1 удаа хутгалсан. Тэгээд бид хоёр орон дээрээ хэвтсэн. Даваадорж бид хоёр архи уухаараа л маргалдаж муудалцдаг юм. Намайг Даваадорж ахыг хутгалах үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Би Даваадорж ахыг Бор иштэй бариул хэсгийг нь хар өнгийн лентээр ороосон хутгаар 1 удаа хутгалсан. Би тэтгэврээ аваад ах Даваадоржид эмчилгээний мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 35/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16359 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.О.Даваадоржийн биед хэвлийн зүүн хавирганы нуман дор хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны бага махиа, баг сэмж, элэгний 3-р сегментийг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цусан хураа /800 мл/ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх /хх 22-23/,

27,5 см урттай, 3,5 см өргөнтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2022.11.29-ниы өдрийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 24/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргадаггүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг болно.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан байна.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч О.Дгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч О.Д нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 29-ний орой гэртээ архи авч орон улмаар ах О.Даваадоржийг хэл амаар доромжилж агсам тавьж О.Даваадоржийн хивэгний уут задалж байсан хутгыг авч цээж хэсэгт хутгалсан үйлдэл нь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.4 дахь хэсэгт заасан хүндрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

 төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч О.Дг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Г.Буянжаргал нь шүүгдэгч Д.Дг” "Гэм буруутай нь нотлогдсон тул гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон тул иргэдийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “гэм буруутай” гэх дүгнэлт нь  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас: “шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас: “шүүгдэгч О.Дг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэхэд ахынх нь зан араншин нөлөөлсөн, шүүгдэгч эрүүл мэндийн хувьд 69 хувийн хугацаагүй группид байдаг, өрөөсөн гар, хөл нь муу, өндөр настай эхийн хамт байдаг тул гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус шүүхэд гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

1974 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумынд төрсөн, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ах нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р багийн Сөгнөгөр, Нарстайн 4-3 тоотод эх Ж.Өнөрийг асран халамжилдаг талаархи Батсүмбэр 3-р багийн засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаархи ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 50/, хөдөлмөрийн чадвар алдалт 69% хугацаагүй тогтоосон талаархи Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 49/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

                                     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид 1 000 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч О.Даваадорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Дгээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27,5 см урттай, 3,5 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О. Дгийн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

 

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4  дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

              4.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 27,5 см урттай, 3,5 см өргөнтэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

               битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

              5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧИД                               Ш.ГАНДАНСҮРЭН

 

                                                                              Т.БАТЖАРГАЛ