| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/124 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 22.4.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/124
2023 3 27 2023/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Шүүгдэгч Х.Э, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Э холбогдох эрүүгийн дугаартай, 5 хавтас хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х.Э, 1966 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Энтуяа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаас
гэрч А.Вандан-Очирын өгсөн: “...Б.Галбадрах өөрөө биеийн тамирын сургуульд сурдаг байж байгаад 2016 оны хавар манай суманд ирж ерөнхий боловсролын сургуульд дадлага хийсэн. Тэгээд зэн нь сургуулиа төгсөөд намар ирээд энд ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд ажилд орсон. Түүнээс хойш биеийн тамирын багшийн ажлаа хийж байх хооронд нь сургуулийнх багш жинхлэхгүй байсаар байгаад будилуулаад 6 настны багш, эрүүл мэндийн багш зэрэг ажлууд хийлгэж байгаад ажлаас нь халсан юм. Ажлаа хийж байх хугацаанд нь ажилд жинхэлнэ гээд хувийнхаа ажилд гэртээ зардаг байсан авто граш бариулсан, үхрийн пин бариулсан, хадланд хүртэл Сэлэнгэ аймаг руу явуулж байсан, 1 ширхэг хонь хүртэл авч байсан тэгээд байхаар нь би орон нутгийн хүмүүс болчих байлгүй дээ гээд хараад байсан чинь сүүлд нь аль ч үгүй болгоод ажлаас нь халчихсан. Тэгээд би гомдол гаргасан юм. 2016 оны 09 дүгээр сард ажилд орсныхоо дараа манай хүргэн Б.Галбадрах захирал хоолгүй байна гэж байна нэг хонь өгчихье гээд тэгээд миний малаас 1 хонь аваад захиралдаа өгсөн. Манай хашаанд блокийн машин байдаг бөгөөд зун болохоор хувиараа блок хийж зардаг юм. Х.Э захирал нь гарааш гүйцээгээд өг л гэсэн юм шиг байгаа юм. Б.Галбадрах захирлын гараашийг гүйцээх гэж байна гээд 300 ширхэг блокийг өөрөөсөө гаргаж гараашийг нь барьж өгсөн. Манайх блок хийдэг учраас цемент шаардлагатай байдаг ба тонн-оор нь аваад тавьчихдаг юм. Тэгээд Б.Галбадрах тэр гараашийг барихдаа манайхаас 5 цемент авсан. Тэр хоёрын хоорондох асуудлыг бол би мэдэхгүй, хоорондоо ямар яриа байсан юм тэрийг би мэдэхгүй. Б.Галбадрах ямар ч байсан эдгээр зүйлүүдийг авч явсан, үнэ хөлс нь эргэж ирээгүй, үнэгүйгээр Х.Э захиралдаа өгсөн. 2017 оны 08 сард билүүдээ Б.Галбадрахын цалинг нь Х.Э захирал нь авчихсан. 2 хүүхэдтэй хүн шүү дээ гэтэл гэртээ зарна, үнэгүй зүйл авна дээрээс нь цалинг нь авчихна, энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү гэж хүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 14-15/,
гэрч Б.Галбадрахын өгсөн: “...Би 2016 онд Монгол Улсын Боловсролын Ир сургуулийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн юм. Тэгээд сургуулиа төгсөөд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сар хүртэл Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшаар ажилласан. 2019 оны 08 дугаар сараас одоогийн ажиллаж буй 6 дугаар дунд сургуульд эрүүл мэнд, биеийн тамирын багшаар ажиллаж байна. Манай эхнэр Нансалмаа Төв аймгийн Борнуур сумынх бөгөөд би 4 дүгээр курст оюутан байхдаа Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд дадлага хийж байсан. Тэгээд төгсөөд Борнуур суманд байхдаа Ерөнхий боловсролын сургуулиас биеийн тамирын багшийн ажилд сонгон шалгаруулалт зарласан байсныг мэдээд сургууль дээр очиход сонгон шалгаруулалтын комисс байгуулагдсан байсан ба комисст тус сургуулийн сургалтын менежер Болорчулуун, түүх нийгмийн багш Эрдэнэсувд, монгол хэлний багш Отгончимэг, математикийн багш Балдансамбуу гэдэг багш нар байсан. Сонгон шалгаруулалтад надаас өөр 3 хүн нийт хүн орсон, шалгалтыг хууль эрх зүй, мэдлэг чадвар, ур чадвар гэсэн төрлүүдээр авсан бөгөөд би шалгалтаа өгөөд 1-р байранд орж тэнцээд биеийн тамирын багшаар түр ажиллах захирлын тушаалаар ажилд орсон. 6 сар ажиллуулаад жинхлэх ёстой гэж байсан боловч намайг огт жинхлээгүй, ажлаас гартал түр ажилтнаар ажиллуулж байсан. Х.Э захирал намайг дуудаад манай сургууль дээр биеийн тамирын багшийн орон тоо гарлаа, сонгон шалгаруулалт зарлатал түр ажиллаж байгаач гээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр болоод сонгон шалгаруулалтаа тэнцээд тушаал гараад тэр өдрөөс тушаалаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 2016-2017 оны хичээлийн жилд ажиллаж дуусаад зуны амралт болоод 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа очсон. Х.Э захирал надад чи миний хэлсэн болгоныг хийгээд байвал чамайг биеийн тамирын багшаар чинь жинхэлнэ, мөн эхнэрийг чинь төгсөхөөр нь сургуульдаа ажилд оруулна гэдэг байсан. Тэгээд надаас 1 ширхэг хонь, даацын хайрган блок 300 ширхгийг, Монцемент ХХК-ний үйлдвэрлэсэн цемент 5 шуудайг авсан. Мөн Х.Э захирлын хашаанд нь автомашины гарааш нөхөртэй нь хамт өрлөгийг нь нуруутай нь барьж дуусгасан. Тэгсэн чинь хүмүүс хэл ам хийгээд байна гээд дуусгаагүй байж байгаад болиулсан. Энэ гараашийг бол 2017 оны намар барьсан. Мөн хашаанд нь үхрийн пин /үхэр байрлах байр/-ыг Х.Э захирлын нөхөртэй нь хамт барьсан. 2017 онд Борнуур суманд байдаг талбайд хадлангийн өвс ачиж буулгах ажил хийсэн. 2018 оны намар намайг ажлаа тарсан чинь Сэлэнгэ рүү хадлангийн ажилд яв гээд 2 хоног хадлангийн ажилд явсан. 2017 оны намар надаар гэртээ гараашаа бариулсан. Тэгээд миний 8 сарын цалин орсон чинь хүмүүс хэл ам хийгээд байна, сургууль дээр ажиллаагүй байж цалин орсон гээд байна, тэгэхээр чиний дансанд орсон цалинг авах хэрэгтэй байна гээд миний дансанд орсон байсан 185.000 төгрөгийг нярав Баярмаатай хамт банк ороод нярав Баярмаа банкны үүдэнд байж байгаад банкнаас мөнгөө аваад гараад ирэхэд надаас авсан. Надад ямар нэгэн ажлын хөлс өгч байгаагүй. Намайг биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, үндсэн ажилтан болгож өгнө, эхнэрийг чинь төгсөхөөр ажилд авна гээд л би өөрөө блок хийдэг юм. Тийм болохоор хашаанд гарааш бариад өг гээд би өөрөөсөө цемент блокийг гаргаж өгч гараашийг нь барьсан. Мөн 1 ширхэг хонийг авсан. Би мэдэж байгаа. Х.Э нь өөрөө захирал хүн байсан. Тэгээд түүний хэлсэнд нь итгэж байсан. Эхнэр бид хоёр залуу хүмүүс учраас хоёулаа ажилд орчих юм байна гэж бодоод л Х.Э захирлын хэлснээр бүгдийг хийдэг байсан. Энэ ажлыг хийгээд өгөө тэгвэл чамайг жинхэлнэ, үндсэн ажилтан болгоно цаашид ажиллуулна. Хэрвээ тэгэхгүй бол дараагийн чинь хүн байгаа шүү гэж хэлдэг байсан. Тэгээд би намайг жинхлэхгүй байж магадгүй, эсвэл дараагийн хүнийг ажилд авчхаж магадгүй гэж бодоод л аргагүй эрхэнд блок цементийг өөрөөсөө гаргаад хашаанд гараашийг нь барьж өгсөн, хадлангийн ажилд нь явсан, үхрийн пинг нь барьж өгсөн. Хэрвээ ажлыг хийж өгөхгүй бол ажлаас халчхаж магадгүй гэж айдаг байсан. А.Вандан-Очир энэ хүн бол манай хадам аав байгаа юм. Хамгийн сүүлд нь намайг ямар ч үндэслэлгүйгээр халсан, намайг анх ажилд оруулахдаа жинхэлнэ үндсэн ажилтан болгоно гэж түр ажилтнаар авсан боловч ажиллаж байх явцад 6 настнуудад хичээл ордог багш болгосон, эрүүл мэндийн багш болгосон. Тэгээд 2018 онд дахин биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтад оруулсан. Тэгээд тэрэнд нь орсон боловч намайг тэнцүүлээгүй, өөр хүнийг биеийн тамирын үндсэн багшаар ажилд авсан. Үүнд нь Х.Э захиралд гомдолтой байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1хх 16-18/,
гэрч Б.Галбадрахын дахин өгсөн: “...Манай хадам аав маань Борнуур суманд малтай малчин юм. Тэгээд хадам аавдаа хэлээд 1 ширхэг хонь аваад Х.Э захиралд өгсөн. 300 блок хадам аавынхаа хашаанд блок хийдэг бөгөөд тэндээсээ 300 ширхэг блокийг өөрөө цохиж гарааш барихад зарцуулсан, 5 шуудай цемент бол блок цохиход цемент ашигладаг бөгөөд хашаандаа блок хийх гээд авчирсан байсан цементээсээ гарааш барихад ашигласан. Би өрлөгийг нэлээд ихэнхийг нь барьчихсан байсан ба хичээл эхлээд би ажилдаа яваад нээх зав гарахгүй байсан учраас сүүлдээ л Х.Э захирал Борнуур суманд байдаг Батаа гэдэг хүнээр гараашаа гүйцээж бариулсан. Гэхдээ би өрлөг дуусгах, дээврийн А нуруу зангидах, хаалга хийх гэх мэт бүх ажилд нь тусалж байсан. Ер нь бол гарааш бариад дуусгах хүртэл бол би байж тусалж байсан. Би багшлах эрхгүй байсан. Гэхдээ сонгон шалгаруулалтад оролцсон бүх хүмүүс багшлах эрхгүй байсан. Хонь аваад ир гэж нэхээгүй. Би зүгээр хонийг өөрөө өгсөн юм. Зорилго нь бол ажилд авсан гэж л өгсөн юм. Харин блок, цементийг гарган үнэ пин бариад өгчих юм бол, хадланд явах юм бол ажилд чинь жинхэлнэ, цаашдаа энэ ажилд тогтвор суурьшилтай байлгана гэж хэлдэг байсан. Тэгээд л би энэ бүгдийг хийсэн. Нас бие гүйцсэн эр хонь амьдаар нь өгч байсан. Тухайн үед эр хонь ямар үнэтэй байсан талаар мэдэхгүй байна. 1 ширхэг блок 900 төгрөгийн үнэтэй байсан байх, 1 ширхэг нь 10.000 төгрөгийн үнэтэй байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 19-20/,
шүүгдэгч Х.Эгийн өгсөн: “...Би 1982 оноос 1986 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд суралцаж онц дүнтэйгээр бага ангийн багш мэргэжилтэйгээр төгсөөд урилгаар Улсын багшийн их сургуульд элсэж суралцаад 1991 онд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсөөд 1991 оноос 2004 он хүртэл Төв аймгийн Борнуур суманд бага, дунд ангийн багшаар, 2004-2013 он хүртэл сургалтын менежер, 2013 оны 05 сараас 2019 оны 11 сар хүртэл сургуулийн захирлаар ажиллаж байсан. Нийт улсад 28 жил ажилласан. Б.Галбадрах нь оюутан байхдаа манай сургууль дээр дадлага хийж байсан. 2016 оны 09 дүгээр сард манай сургуулиас зарласан биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтад оролцсон, Б.Галбадрах нь сонгон шалгаруулалтдаа бол 1-р шалгарсан. Гэвч тухайн үед сонгон шалгаруулалтад оролцсон бүх хүмүүс багшлах эрхгүй байсан. Тэр үед багшлах эрхтэй хүнийг ажиллуулах ёстой байсан. Тийм учраас Б.Галбадрахыг түр багшаар ажилд авах тушаалыг гарган ажиллуулж эхэлсэн. Дараа нь 2017 онд дахин биеийн тамирын сонгон шалгаруулалт явагдсан. Тэгэхэд Б.Галбадрах нь багшлах эрхийнхээ шалгалтад 2 удаа уначихсан, багшлах эрхээ авч чадаагүй байсан. Тийм учраас сонгон шалгаруулалтад орж чадаагүй, сонгон шалгаруулалтын дүнгээр Бум-Эрдэнэ гэдэг хүн биеийн тамирын багшийн ажилд томилогдоод Б.Галбадрах ажилгүй болох гээд ирэхээр нь би залуу хүнийг дэмжээд 6 настнуудын туслах багшаар ажилд авсан. Үүний дараа 2018 онд дахиад 1 биеийн тамирын багшийн орон тоо гарч сонгон шалгаруулалт зарлагдсан. Үүнд Б.Галбадрах оролцоно гээд ажиллаж байсан туслах багшаасаа чөлөөлөгдөөд биеийн тамирын багшийн сонгон шалгаруулалтад оролцсон, 5 хүн өрсөлдсөнөөс Б.Галбадрах 3 дугаар байранд орсон байсан. 1 дүгээр байранд Түмэнбаяр орсон учраас одоо Түмэнбаяр ажиллаж байгаа, Б.Галбадрах сонгон шалгаруулалтад тэнцээгүй, ажилгүй болсон. Үүнтэй зэрэгцээд химийн багшаар ажиллаж байсан Б.Галбадрахын эхнэр Нансалмаа жирэмсний амралтаа авсан. Тэр үед химийн багш авах сонгон шалгаруулалт зарласан боловч ямар ч хүн сонгон шалгаруулалт ирүүлэхгүй байсан. Тэгэхээр нь биологи зааж байсан Оюун-Эрдэнийг химийн хичээл заалгаж, Эрүүл мэндийн хичээл зааж байсан Хашчулууныг биологи заалгаад Эрүүл мэндийн хичээл Б.Галбадрах химийн багш танай эхнэр жирэмсний амралтаа авсан учраас багш байхгүй, тийм учраас Оюун-Эрдэнэ багшийг хими заалгаж, Хашчулуун багшийг биологи заалгаад эрүүл мэндийн хичээл дээр чамайг томиллоо. Нансалмаа багш жирэмсний амралтаа дуусгаад ажилдаа буцаад орвол бүх эргээд байрандаа орж, чамайг ажлаас чөлөөлнө шүү гэж хэлсэн. Б.Галбадрах бол идэвх чармайлттай, шатрын дугуйлан, бөхийн секц хичээллүүлж байсан тийм учраас түүнийг их дэмжиж байсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нансалмаа ажилдаа эргэж ороод би Б.Галбадрахыг ажлаас халсан. Тэгтэл үндэслэлгүй халсан гэж Төв аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатан дээр Б.Галбадрах ялсан, Давж заалдах шат нь дээр манай тал ялсан, одоо дээд шатанд гомдол гарчихсан явж байгаа. Манай нөхөр бид хоёр одоо амьдарч байгаа хашаандаа автомашины гарааш барих гээд ярилцаж байсан юм. Тэгээд гарааш бариулах гээд хүмүүс гуйсан чинь олдохгүй байхаар нь манай нөхөр Пүрэвээ Б.Галбадрахаас гуйсан байсан. Тэгээд Б.Галбадрах манай хашаанд ирээд өрлөг хийх гэж байгаад чадахгүй байсан. Тэгээд Б.Галбадрахаар бариулаа болиод Батаа гээд хувиараа юм хийдэг Борнуур сумын иргэнээр 250.000 төгрөг төлж гараашаа бариулж дуусгасан. Үхрийн пингийн гадна талд тоосго өрүүлэхдээ Б.Галбадрахыг гуйж, өрлөгийн ажлыг хийлгэсэн. Гэхдээ түүнд ажлын хөлсийг өгсөн. 1-2 өдөрт барьж дуусгасан. Тэгээд Б.Галбадрахад тухайн үед өдөрт 20.000 төгрөг буюу өдрийн хөлсийг нь өгсөн. Өдрийнх нь хөлсийг бэлнээр өөрт нь өгч байсан. Б.Галбадрах яг тэгээд өглөөнөөс орой хүртэл ажилладаггүй байсан. Манай нөхөр бас тусалдаг байсан. Б.Галбадрах өдөрт ирээд хэдэн цаг ажиллаад л явдаг байсан. Үхрийн пинг гадна талд нь өрлөг хийхдээ тоосгоор хийсэн, гэхдээ хотоос уг тоосгыг захиж авчруулсан. Мөн эгчийнхээ хашаанд байсан тоосгыг авч байсан. Цементийг бол худалдаж авч байсан. Автомашины гараашийг барихдаа ашигласан блокийг бол Б.Галбадрах тухайн үед блок хийж зарж байсан түүнээс 230 ширхэг блокийг нэг бүрийг нь 1000 төгрөгөөр худалдаж авч байсан. Цемент бол хотоос авч байсан. Тэгээд уг блокийг авч байхдаа л манай нөхөр Б.Галбадрахад гарааш барих гэж байгаа талаараа хэлээд гарааш бариулахаар тохиролцсон юм. Би өөрийнхөө цалингаас бэлнээр мөнгөө гаргаж аваад Б.Галбадрахад бэлнээр мөнгийг нь өгч байсан. Ямар нэгэн баримт үйлдсэн зүйл байхгүй. Б.Галбадрах ажилд орсноосоо хойш 2016 онд байх эхнэр оюутан гээд надаас 60.000 төгрөг зээлж байсан. Тэр мөнгөнийхөө оронд сүүлд надад 1 хонь өгсөн. Зээлийн гэрээ баримт бичиг үйлдсэн зүйл байхгүй. Манай өрөөнд орж ирээд бэлнээр аваад явсан. Б.Галбадрахаар хадлан бэлдүүлсэн зүйл байхгүй. Баян тариалан ХХК-аас компаниас 500.000 төгрөгийг авсан зүйл огт байхгүй. 2014 оны 10 дугаар сард БНСУ-ын шүүхийн харьяа “Хүслийн аялал” Олон улсын сайн дурын байгууллагаас танай байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна. Бүтэн өнчин хүүхдүүдэд тэтгэлэг олгох чиглэлээр хамтран ажиллах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Эхний ээлжийн тэтгэлгүүд “Хайрын өргөө” гэдэг төрийн бус байгууллагаар дамжиж ирэхээр байсан чинь тэр нь шимтгэл авна гэсэн тэгтэл нөгөө хүмүүс зөвшөөрөөгүй бөгөөд надад санал хэлэхдээ –танай санхүүгийн нэг итгэмжлэгдсэн хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгоод уг хүний дансаар мөнгийг шууд шилжүүлнэ гээд тэгээд нярав Ж.Баярмааг сонгоод түүний дансаар уг хандив тусламжийг авч байсан нь үнэн. Энэ нь 2 сард 1 удаа мөнгө ирдэг, үүнийг Ж.Баярмаагаар данснаас нь бэлнээр авхуулаад захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлээд ирсэн мөнгийг нь тусламж авах хүүхдүүддээ хуваагаад 1 хүүхдэд оногдох мөнгө гарч ирдэг бөгөөд уг хүүхдүүдийг анги удирдсан багш, асран хамгаалагч нь дагуулж явах шаардлагатай эд зүйлсийг худалдаж аваад баримтыг нь нярав Ж.Баярмаад өгдөг ба нярав Ж.Баярмаа дээрх эд зүйлсийг худалдан авсан дэлгүүрүүдэд мөнгийг өгдөг байсан. Энэ мөнгийг яагаад сургуулийн нэмэлт орлогын дансанд хийгээгүй вэ гэхээр сургуулийн нэмэлт орлогын данснаас мөнгө зарцуулах эрх нь жилд 2-хон удаа тавигддаг учраас тусламж, хандив өгч байгаа байгууллага ингэж удаах шаардлагагүй шууд хүүхдүүддээ туслах хэрэгтэй гээд Ж.Баярмааг сонгож данс руу нь шилжүүлдэг байсан. Уг мөнгөнөөс хувьдаа мөнгө завших ямар ч боломж байхгүй ба бүх ирсэн мөнгийг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэрхэн зарцуулахыг шийдвэрлэдэг, зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд бүгд байгаа, зарцуулсан баримтууд бүгд байгаа. Энэ бүх баримтууд сургуулийн архивд байгаа. Манай сургууль дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шалгалт ирээд –ажил сайжруулах, хамт олон төлөвшүүлэх үүрэг өгсөн. Үүний дагуу би төлөвлөгөө гаргаж, Дэлхийн зөн олон улсын байгууллагад багш, хамт олны эв нэгдэл, түүний төлөвшүүлэх зорилгоор цогц сургалтыг авах талаар санал хүсэлт өгч үүний дагуу бүтэн жилийн турш манай сургууль дээр сургалт зохион байгуулагдсан. Уг сургалтыг зохион байгуулахад ямар нэгэн төсөв санхүүжилт байгаагүй, тийм учраас Дэлхийн зөн олон улсын байгууллагад хандсан. Сургалтын үеэр сургалтад оролцогчдод үдийн цай хоол хийх хүсэлтийг надад тавьсан. Тэгээд би сургуулийн гал тогоонд хоол, цай хийж оролцогчдод өгсөн. Үүний төлбөрийг нярав Ж.Баярмаагийн дансаар авсан. Мөнгө нь бол эхлээд ирдэггүй, материалыг авч зээл авчхаад дараа нь мөнгийг төлдөг байсан. Аймгийн санхүүгийн Аудитын албанаас энэ асуудлаар шалгалт явуулаад холбогдох хууль, журам зөрчсөн гээд надад болон манай нярав бид хоёрт акт тавьсан байгаа. Би уг актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дэлхийн зөн олон улсын байгууллага 2007 оноос хойш манай сургуультай соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Он дараалан шалгалт ирээд хамт олныг төлөвшүүлэх олон ажил хий гээд даалгавар өгсөн. Тэгээд сургалт явуулах гэхээр төсөв мөнгө нь хүрдэггүй. 2018 оноос хойш жил бүр шалгалт ирдэг. Гэхдээ төлөвлөгөөт шалгалт биш. Намайг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас халсан байгаа. Би уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүйгээр энэ асуудлаар аймгийн иргэний хэргийн шүүхэд хандсан байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 21-25/,
гэрч Я.Батбаатарын өгсөн: “...Уг гараашны ар тал нь хашаагаар гэсэн үг блок нь хашаатай учраас ар талыг нь хашаандаа нааж барьсан Г хэлбэрийн өрлөг хийсэн. Нийт 7 үе гарааш байсан ба намайг барьж эхлэхэд 4 үе өрөгдчихсөн байсан. Нөхөр Пүрэвээ нь өөрөө өрсөн гэж хэлж байсан. Хашаанд нь бол блок нь байсан, цемент нь байсан. Хөөсөн блок байсан. Манай суманд хийсэн блок байх шиг байсан. Цемент нь бол монцементийн цаасан ууттай цемент байсан. Тэгээд би блок нь өрлөгийг нь гүйцээж 7 үе болгоод шалыг нь цутгаад, дээврийг нь хийгээд, гадна шавар өнгөлгөөг нь хийгээд дуусгаж өгсөн. Намайг ажил хийж байхад нь нөхөр нь туслахаар надад тус болж ажилласан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх 28-29/,
Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 06-ны 034 дугаартай: “...1. 1 толгой нас бие гүйцсэн эр хонины зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 120.000 төгрөг, 2017 оны \9 дүгээр сарын байдлаар 120.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 110.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов…”, “...2. 1 ширхэг хөөсөн блок /хашаа, байшин барьдаг/-ын зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 900 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 900 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 900 төгрөг болохыг тус тус тодорхойлов...”, “...3. 1 ширхэг цемент /монцемент/-ын зах зээлийн үнэ, цэнэ 2017 оны 8 дугаар сарын байдлаар 8350 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын байдлаар 8500 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын байдлаар 8100 төгрөг болохыг тус тус тодорхойлов.” гэх үнэлгээний /1хх 32-37/,
гэрч Б.Галбадрахын дахин өгсөн: “...Би Х.Эгаас мөнгө зээлж байгаагүй. Тэр хонийг зээлсэн мөнгөнийхөө оронд өгсөн зүйл байхгүй. Захирлаас мөнгө зээлж аваагүй. Хонийг ямар зорилгоор түүнд өгснөө өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн. Ажилд авсан гээд хонийг өгсөн юм. Яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр өгсөн. Яг хэдний өдөр гэдгийг нь үнэхээр санахгүй байна. Би хонийг өөрийнхөө хашаанаас өөрийнхөө машинд хийгээд Х.Э захирлын гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед захирал гэртээ байгаагүй, ажил дээрээ байна гээд хажуу айлынх нь буюу эгчийнх нь хашаанд оруулж өгсөн. Би хонийг аваачиж өгөхдөө ганцаараа байсан. Би блокийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон бөгөөд ажилдаа орохоосоо хэдхэн хоногийн өмнө буюу 2017 оны 8 дугаар сарын эхээр аавын портер автомашинд өөрийнхөө хашаанаас 300 ширхэг блокийг ачаад ганцаараа Х.Э захирлын хашаанд аваачиж буулгасан, тэгэхэд нөхөр нь хамт буулгалцсан. Цементийг бол 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна, гараашны шал, амбаарынх нь шалыг цутгах гэсэн чинь цемент дутчихаад тэгээд өөрийнхөө хашаанд байсан цементээс өөрийнхөө машинтайгаа ганцаараа зөөж аваачсан. Цемент аваачихад нөхөр нь байсан. Нөхөр нь бол байнга гэртээ байж байдаг бөгөөд нөхөр нь байх үед л намайг дуудаж юм хийлгэдэг. Нөхөр нь байхгүй үед бол дууддаггүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /4 хх 38-39/,
Х.Эгийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд баригдсан автомашины гарааш, үхрийн пин зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 41-43/,
Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан авсан Биеийн тамирын сонгон шалгаруулалт явуулсан материал /1хх 53-169/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Х.Эг Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.5 "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэсэн заалтуудыг зөрчиж 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай "Ажилд түр томилох тухай" тушаалаар иргэн Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд биеийн тамирын багшийн ажилд түр томилсныхоо хариуд Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоотод 2016 оны 10 дугаар сард 1 ширхэг хонь хахуульд авсан,
мөн Б.Галбадрахыг "биеийн тамирын багшийн ажилд жинхэлнэ, эхнэрийг чинь ажилд авна" гэж хахууль өгөхийг шаардаж 2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок,
2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг авч,
мөн өөрийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сум Өгөөмөр 1-р баг 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд Б.Галбадрахаар автомашины гарааш барих ажил,
үхрийн пин барих ажил,
Сэлэнгэ аймагт хадлан хийх ажилд үнэ төлбөргүйгээр ажиллуулж нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж авсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Х.Эгийн Төв аймгийн Борнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл (Хориглох зүйл)-ийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.5 "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах", 7.1.7 "албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах" гэсэн заалтуудыг зөрчиж үйлдсэн гэх дээрх гэмт хэргүүд нь эрүүгийн 1934010830007 дугаартай 5 хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан гэрч А.Вандан-Очир, 14-15 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Галбадрах, 28-29 дүгээр хуудсанд авагдсан гэрч Ч.Батбаатар, 21-25 дугаар хуудсанд авагдсан яллагдагч Х.Э нарын мэдүүлэг болон хавтаст хэргийн 32-40 дүгээр хуудсанд авагдсан Хөрөнгийн үнэлгээний төвийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 034 дугаартай үнэлгээний тайлан, хавтаст хэргийн 41-43 дугаар хуудсанд авагдсан Х.Эгийн оршин суудаг Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1-р багийн 2 дугаар гудамжны 5 тоот хашаанд баригдсан автомашины гарааш, үхрийн пин зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 53-169 дүгээр хуудсанд авагдсан Б.Галбадрахыг Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд Биеийн тамирын багшийн ажилд түр томилсон 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Б/95 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаалын хуулбар, Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан авсан Биеийн тамирын сонгон шалгаруулалт явуулсан материал зэрэг мэдүүлгийн бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж ялласан.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлэгээс дүгнэхэд А.Вандан-Очирын гаргасан дээрх гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл болон Б.Галбадрахын өгсөн мэдүүлэг зэрэг нь нотлогдохгүй, эргэлзээтэй байна гэж үзлээ.
Учир нь гомдол мэдээлэл гаргагч А.Вандан-Очир нь хахууль өгсөн, үнэ хөлсгүйгээр ажил хийсэн гэх Б.Галбадрахын хадам аав бөгөөд Б.Галбадрахын иргэний журмаар гаргасан “Ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 223/МА2019/00023 тоот магадлал гарсаны дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасан байна.
Үүнээс үзвэл хүргэн Б.Галбадрахын гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийн шаардлагыг Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан дээрх гомдол мэдээллийг гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн түүний гаргасан гомдол мэдээлэлд тусгагдсан асуудлуудыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэг бүрчлэн дүгнэж үзлээ. Үүнд:
1.2016 оны 10 дугаар сард 1 хонь өгсөн гэх боловч А.Вандан-Очир нь “...бүдүүн эм хонь өгсөн”, Б.Галбадрах нь “...нас гүйцсэн эр хонь өгсөн”, гэрч Х.Нарантуяа нь “...Х.Э захиралд өрөндөө өгч байгаа юмаа гэж хэлээд нэг төлөг өгсөн”, Х.Э нь “...Надаас 60 000 төгрөг зээлсний өрөндөө нэг төлөг өгсөн” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Галбадрах "Э надад хонь энэ тэр өг гээгүй би зүгээр өгсөн." гэж,
2.2017 оны 8 дугаар сард 300 ширхэг блок, 2017 оны 9 дүгээр сард 5 шуудай цемент зэргийг өгсөн гэж А.Вандан-Очир, Б.Галбадрах нар нь мэдүүлдэг боловч гэрч Г.Амгаланзаяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед “Би Улаанбаатар хот руу ногоо ачих гээд явж байхад Х.Э надад 1 тонн цемент захьсан. Би 1 тонн цементийг Улаанбаатар хотоос Борнуур суманд авчраад хаана буулгах вэ гэхэд Вандан-Очирынд буулга гэхээр нь Вандан-Очирынд очиход эхнэр Саран нь байсан бөгөөд хүргэн нь гээд нэг эрэгтэй хүн тэр 1 тонн цементийг буулгасан. Тэр үед би та хэд юу хийх нь вэ гэж асуухад блок хийх гэж байгаа гэж хариулсан” гэж, шүүх хуралдааны үед “Намайг Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгсөний дараа Вандан-Очир гуайн ойролцоох худгаас ус авч байхад Вандан-Очир нь эхнэр Сарангийн хамт давхиж ирж уулзахад эхнэр Саран нь Амгаланзаяа гээд байсан чи байсан юм уу, чамайг хараад саналаа чи 7,8 уут цемент буулгасан билүү гэхээр нь 20 уут цемент буулгасан шүү дээ гэхэд нээрээ тийм билүү гэж хэлээд явсан” гэж,
3.Сэлэнгэ аймаг руу хадланд авч явж 2 хоног хадлан бэлтгүүлсэн гэх боловч гэрч Х.Лида мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Х.Э захирал жолооч болон нэг залуугийн хамт өвс худалдаж авахаар орой 20 цагийн үед ирээд манай тэнд бороо орж байсан учир хоночихоод маргааш өглөө нь өвсөө авсан. Манай ажилчид өвсийг нь ачаад, татлагыг нь татаж өгөөд явуулсан. Жолооч болон цуг ирсэн залуу хоёр нь зүгээр харж зогсож байгаад л явсан” гэж, Б.Батмандахын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад “...Х.Э захиралтай өвс авахаар Сэлэнгэ аймаг руу явахад нэг залуу хамт явсан. Ямар ажлаар хамт явсаныг мэдэхгүй. Бид нар бороо орж байсан тул тэндээ хоноод маргааш өглөө нь тэндэхийн ажилчдаар өвсөө ачуулаад буцаж ирсэн. Тэр залуу ямар нэгэн ажил хийгээгүй. Би өөртөө хэдэн боодол өвс авч дээр нь тавьж ирсэн. Тэрийг айлд буулгахад надад тусалсан. Э захиралын гадаа ирээд тэр хоёр ажилтай гээд яваад өгсөн. Э захирлын авсан 500 боодол өвсийг би ганцаараа буулгасан” гэж,
4.Өөрийн хашаандаа автомашины гарааш бариулсан талаар гэрч Я.Батбаатар мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад “...Намайг Пүрвээгийн хашаанд очход 3-4 үе блок өрсөн байсан. Буруу өрсөн байсан учир би буулгаад дахиад шинээр ханыг нь өрсөн. Шалыг нь цутгаад, дээврийг нь хийгээд, гадна шавар өнгөлгөөг нь хийж дуусгаж өгсөн. Энэ үед Эгийн нөхөр Пүрвээ надад тусалсан. Өөр хүн хамт туслалцаагүй” гэж, гэрч С.Пүрвээ нь “Намайг туслах хүнгүй ганцаараа гэдгийг Галаа мэддэг учир манайхаар ирээд надад тусалдаг байсан. Тэр гарааш барьсан талаар яръя. Галаа бид хоёр 5 үе билүү өрсөн чинь амыг нь даралгүй буруу өрчихсөн байсан тул Батбаатар буцааж нураагаад дахин шинээр өрж бүх юмыг нь хийж дуусгаж өгсөн юм” гэж,
5.Үхрийн пин бариулсан талаар гэрч С.Пүрвээ нь “...Архи уудаг гээд эхнэр Э намайг ажлаас өөрөө халсан учир би ажилгүй болсоны дараа ногоо тариад хашаандаа 3 үхэр тэжээж байсан юм. Үхрийн пингийнхээ гадуур тоосгоор өрлөг хийх ажилд Галаа надад тусалсан. Би Галаагийн Приус-10 билүү 11 машин нь их дуу орсон байсан учир өөрийнхөө машины 4 пүршийг өгсөн, сольж тавиад дуу нь гайгүй болчихлоо гэж байсан. Галаа өөрөө биеийн тамирын багш хүн, би өөрөө газарзүйн багш хүн, надад нэг том Үндэсний атлас байдаг юм, 1981 онд Монгол хүн Сансарт нисэхэд авсан атлас байсан. Тухайн үед Монголд ирсэн жуулчид тэр атласыг 100 ам доллараар авч хэрэглэдэг байсан тэр атласыг би Галбадрахад бэлэглэж байсан” гэж тус тус мэдүүлсэн байна.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад хэлцэгдсэн, шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Галбадрах нь тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажиллахаас өмнө тус сургуульд дадлагаар ажиллаж байхдаа Х.Эгийн нөхөр С.Пүрвээгийн ногоон дээр ажиллаж байхдаа танилцсан төдийгүй багшаар ажиллаж байх үедээ С.Пүрвээгийн гэрээр орж гардаг, түүний хийж байгаа ажилд тусалдаг, хариуд нь С.Пүрвээ нь тохирсон хөлсийг өгөхийн зэрэгцээ хэрэгцээт зүйлс өгч байсан зэрэг хуурай ах дүүгийн харилцаатай байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж,
2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг,... ...мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлэг өгсөн тэмдэглэл болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан гэрч нарын мэдүүлгүүд тус тус нотлох баримт юм.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж зааснаар гэрч Б.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд шүүх хуралдаанд өгсөн гэрч Амгаланзаяа, С.Пүрвээ, Батбаатар, Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгүүдээр өөр өөр нөхцөл байдлыг бий болгож байна.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж зааснаар мөрдөн шалган ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Галбадрахын удаа дараагийн мэдүүлгүүдийг шүүх хуралдаанд өгсөн түүний мэдүүлэг болон гэрч Амгаланзаяа, С.Пүрвээ, Батбаатар, Нарантуяа, Х.Лида, Б.Батмандах нарын мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судлахын зэрэгцээ мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримтттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана.” гэж заасны дагуу үнэлж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэсэн нөхцөл байдал үүсч байна.
Иймд шүүгдэгч Х.Эд холбогдох эрүүгийн 1934010830007 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүссэн” гэж үзэн мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6, 36.6, 36.7, 36.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Х.Э-г Төв аймгийн Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "хэргийг эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдал үүссэн" гэж үзэж мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Эг цагаатгасугай.
2.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
3.Цагаатгагдсан этгээд Х.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй.
4.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ