| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0011/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-01-18 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа
Шүүгдэгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожав овогт Болдсайханы Баярмагнайд холбогдох эрүүгийн 201610010217 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 27 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Замын-Үүд сумын 2-р баг Өртөөний 1-13 тоотод оршин суух,
- 2004 оны 09 сарын 13-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-2008 оны 04 сарын 28-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261.1-т заснаар 1 жил 4 сарын хорих ялаар,
- 2009 оны 06 сарын 18-ны өдөр Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 71 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар 10 хоног хорих ялаар,
- 2014 оны 07 сарын 28-ны өдөр Сум дундын 8 дугаар шүүхийн 67 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 270 тоот шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоног хорих ялаас өршөөн суллагдсан,
-2016 оны 03 сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 29 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан бие эрүүл ухаан мэдрэл бүрэн Гомбожав овогт Болдсайханы Баярмагнай /РД: ЕН88122616/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Б.Баярмагнай нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Т.Энхбаярын байшингийн хаалганы цоожийг эвдэн, орон байранд нэвтрэн орж бор өнгийн цаасан хайрцагт байсан Парламент тамхи 16 блок, ченж Эссэ тамхи 5 блок, 750 граммын нэг шил архийг хулгайлж нийт 697.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Баярмагнай мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 14 цагаас 15 цагийн үед сумын нэгдсэн эмнэлгийн хойд талд, эмнэлгийн ажилчдын орон сууцны баруун талд байдаг цаг уурын ажилчдын байшингийн 1 давхарт ороод урагшаа харсан хаалгыг гадна талаас нь түлхэж мөрлөн цоожийг нь эвдэж ороод ханан пийшингийн хажууд байсан парламент тамхи 16 блок, ченж эссэ тамхи 5 блок тамхи, мөн хойд талын хананд байсан толины хажууд байсан дөрвөлжин шилтэй гадаад архийг авсан. Би тамхийг хайрцаг дотроос нь авч уутанд хийгээд аваад гарсан, гарч яваад тэндээсээ алхсаар Хаан банкны баруун талд байрлах сендвичин дэлгүүр лүү орж тэнд 3 блок ченж эссэ тамхи зарсан тус бүр 1 блокыг 20.000 төгрөгөөр бодож зарсан. Тэгтэл надаас эссэ тамхи худалдаж авсан залуу 1 блок тамхины мөнгийг өгөөд 2 блок тамхиныхаа мөнгийг орой 17 цагийн үед ирээд авчих гэж хэлэхээр нь тэгье гээд би гараад явсан. Би айлаас авсан бусад тамхи, 1 шил архиа аваад дэлгүүрээс гарч яваад ЗамынҮүд сумын баруун талд том тэрэг явдаг замын баруун талд гарч ганцаараа уусан. Архиа уучихаад тэндээсээ хойд зүг рүү алхаж гэр лүүгээ харихаар явж байтал шалганы хавьд шинэвтэр цагаан өнгийн жип машинтай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн таарч "тамхи зарж байгаа юм уу ахын дүү" гэж жолоо барьж явсан эрэгтэй асуухаар нь зарна тийм гэж хэлтэл тамхи авъя гэсэн. Тэгэхээр нь 10 блок парламент, үлдсэн 2 блок ченж эссэ тамхийг блок тус бүрийг 25.000 төгрөгөөр бодож нийтдээ 300.000 төгрөг аваад үлдсэн 6 блок парламент тамхийг авч яваад өөрхийнхөө гэрт үүднийхээ амбаарт оруулж тавьсан. Маргааш нь буюу 2016 оны 10 сарын 15-ны өдөр өөрийн таньдаг Саранхүү гэдэг хүнийг гуйж машинд нь бензин хийж Сайншанд яваад ирье гэж хэлсэн. Тэгээд машинд нь бензин хийж 11 цагийн үед Сайншанд яваад орой 19 цаг өнгөрч байхад Замын-Үүд суманд ирсэн. Би хадам ээжийхээс очиж өөрийнхөө 2 настай хүүхдээ авч ирсэн. Саранхүүгийн машинд 40.000 төгрөгөөр бензин хийсэн үлдсэн мөнгөөр нь архи уусан, бааранд ороод дуусгасан. Тэр орой Сайншандаас ирээд Замын-Үүд сумын Булган бааранд байж байгаад Гандаваа төлөөлөгчид баригдсан гэв.
-Хохирогч Т.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Манай гэрт парламент тамхи 16 блок, ченж эссэ тамхи 5 блок тамхи, гадаад нэртэй 750 граммын архи байсан юм. 2016 оны 10 дугаар сарын сарын 14-ний өглөө ажилдаа явахдаа гэрээ цоожлоод явсан. Тэгээд ажил дэрээ 14 цагийн мэдээ өгөөд байж байтал манай ажлын залуу орж ирээд танай гэрийн хаалга онгорхой байна гэж хэлэхээр нь гэртээ очтол гэрийн хаалга онгорхой, хаалганы цоожийг түлхэж онгойлгосон бололтой харагдсан. Гэрт байсан парламент тамхи 16 блок, ченж эссэ тамхи 5 блок, гадаад нэртэй 750 граммын архийг хулгайлсан байсан өөр зүйл алга болоогүй. Би өөрийн алдсан тамхинаас 6 блок тамхийг буцаан авсан бусдыг зах зээлийн үнээр бодож нэхэмжилнэ. Харин гэрийн хаалганы цоожийг үнэлүүлж нэхэмжлэхгүй гэжээ. /хх-ийн 23-24/
-Гэрч Р.Эрдэнэболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүртэй сууж байтал нэг залуу орж ирээд тамхи авах уу гэж асуухаар нь ямар тамхи байгаа юм гэж асуутал ченж эссэ тамхи байна гэж хэлхээр нь тэгье гэсэн. Тэр үед ченж эссэ тасарчихсан байсан ба би өөрөө татдаг учраас 3 блок тамхи аваад 1 тамхины мөнгө болох 24.000 төгрөгийг өгч явуулсан. Харин 2 блок тамхины мөнгийг өгөлгүй одоо мөнгө алга гээд явуулсан. Тэгээд түүнээс хойш бараг цагийн дараа Энхбаяр над руу утасдаад манай гэрт хулгай орсон байна. Би тамхи алдсан танай дэлгүүрээр хүн тамхи зарах гэж очсон уу гэж асуухаар нь чи хүрээд ир манайд нэг залуу тамхи зарсан гэж хэлсэн. Удалгүй Энхбаяр ирээд нөгөө залууг хүлээгээд ирэхгүй болохоор нь яваад өгсөн. Тэгтэл орой 18 цагийн үед тамхи зарсан залуу орж ирээд мөнгөө авъя гэж хэлэхээр нь би тэр залуугийн зургийг дарчихаад Энхбаяр луу утсаар залгаж хэлтэл нөгөө залуу дэлгүүрээс гараад зугтсан. Би тэр үед Энхбаярт 3 блок ченж эссэ тамхийг өгсөн. Би нэг блок тамхины мөнгийн нэхэмжлэхгүй 2 блок тамхины мөнгийг өгөөгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 25/
-Гэрч Ц.Анхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Миний хувьд Баярмагнайгийн хулгайн хэргийн талаар мэдэхгүй. Цагдаа дээр дуудаж байна гэхээр нь нөхрийн хамт очсон. Гандаваа гэдэг хүнтэй уулзахад Баярмагнайг тамхи хулгай хийсэн хэрэгт шалгаж байгаа гэсэн. Та нар Баярмагнайгийн бичиг баримтыг аваад ир гэхээр нь манай нөхөр Болдсайхан яваад ирэхдээ үүдний амбаараас 6 блок тамхи байхаар нь аваад ирлээ гээд Гандаваад хүлээлгэж өгсөн гэжээ. /хх-ийн 26 /
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8, 12-15-р хуудас/
-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 11-16-р хуудас/
-Эд зүйлийг хохирогч Т.Энхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/
-Таньж олуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20-р хуудас/
- Шинжээчийн 157 тоот дүгнэлт /хх-ийн 34-р хуудас/
- Шүүгдэгчийн Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 72-р хуудас/
- Замын-Үүд сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73- хуудас/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/
- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 09 сарын 13-ны өдрийн 95 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 77-78-р хуудас/
- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 04 сарын 28-ны өдрийн 22 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 79-83-р хуудас/
- Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2009 оны 06 сарын 18-ны өдрийн 71 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 87-91-р хуудас/
- Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 28-ны өдрийн 67 тоот шийтгэх тогтоол / хх-ийн 91 ар тал, 92-95-р хуудас/
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 29 тоот шийтгэх тогтоол /хх-ийн 96-р хуудас/
-Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 105-107-р хуудас/
-Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 108-109-р уудас/
-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 110-111-р хуудас/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.Баярмагнай нь хулгайн гэмт хэрэг үйлдэж ялгүй болох хугацаа дуусаагүй байхад 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух иргэн Т.Энхбаярын байшингийн хаалганы цоожийг эвдэн, орон байранд нэвтрэн орж бор өнгийн цаасан хайрцагт байсан Парламент тамхи 16 блок, ченж Эссэ тамхи 5 блок, 750 граммын нэг шил архийг хулгайлж нийт 697.000 төгрөгний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Энхбаярын "...2016 оны 10 дугаар сарын сарын 14-ний өглөө ажилдаа явахдаа гэрээ цоожлоод явсан. Тэгээд ажил дэрээ 14 цагийн мэдээ өгөөд байж байтал манай ажлын залуу орж ирээд танай гэрийн хаалга онгорхой байна гэж хэлэхээр нь гэртээ очтол гэрийн хаалга онгорхой, хаалганы цоожийг түлхэж онгойлгосон бололтой харагдсан. Гэрт байсан парламент тамхи 16 блок, ченж эссэ тамхи 5 блок тамхи, гадаад нэртэй 750 граммын архийг хулгайлсан байсан өөр зүйл алга болоогүй" гэх мэдүүлэг, гэрч Р.Эрдэнэболдын "...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дэлгүүртэй сууж байтал нэг залуу орж ирээд тамхи авах уу гэж асуухаар нь ямар тамхи байгаа юм гэж асуутал ченж эссэ тамхи байна гэж хэлэээр нь тэгье гэсэн. Тэр үед ченж эссэ тасарчихсан байсан ба би өөрөө татдаг учраас 3 блок тамхи аваад 1 тамхины мөнгө болох 24.000 төгрөгийг өгч явуулсан. Харин 2 блок тамхины мөнгийг өгөлгүй одоо мөнгө алга гээд явуулсан" гэх мэдүүлэг, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шинжээчийн 157 тоот дүгнэлт болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Баярмагнайгийн үйлдсэн хэрэгт нь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь урьд нь шүүхээр 5 удаа ял шийтгүүлж байснаас 4 удаа Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл ангид заасан баривчлах, хорих ялаар шийтгүүлж байсан нь шүүхийн шийтгэх тогтоолуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Баярмагнай нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчид ял шийтгэлийн оногдуулахдаа хохирол төлөгдөөгүй, өөртөө дүгнэлт хийхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан болно.
Шүүгдэгч Б.Баярмагнай нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн орлогогүй, хувьд ногдох хөрөнгөгүй нь хэрэгт тогтоогдсон байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хохирогч Т.Энхбаярт 697.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгчээс хураан авч 202.500 төгрөгийн үнэ бүхий 6 блок парламент тамхи, гэрч Р.Эрдэнэболдоос хураан авсан 87.000 төгрөгийн үнэ бүхий 3 блок эссэ тамхи, нийт 289.500 төгрөгийн үнэ бүхийн тамхийг хохирогчид буцаан олгосон нь гэрч Р.Эрдэнэболдын мэдүүлэг болон хх-ийн 17-р хуудсан дахь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хх-ийн 105-р хуудсан дахь эд зүйл түр хураан авсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Энхбаярт 395.500 төгрөгийн бодит хохирол учирсан, уг хохирлыг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй болох нь хохирогч, шүүдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас 395.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Энхбаярт олгох нь зүйтэй байна. Хохирогч Б.Энхбаяр нь 12.000 төгрөгийн хулгайд алдагдсан архийг нэхэмжлэхгүй гэж тайлбарлажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан эд зүйл болох архины үнэ 12.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Баярмагнайн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 18 цаг 00 минутаас эхлэн 2017 оны 01 сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсан 37 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гомбожав овогт Болдсайханы Баярмагнайг давтан, орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Болдсайханы Баярмагнайд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайн цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас 395.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Энхбаярт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Б.Баярмагнайгаас 12.000 төгрөгийн гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярмагнайд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА