Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1114

 

 

 

           

 

 

 

   2019        11            05                                             2019/ДШМ/1114                                                                          

 

Ц.Б-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Хурц,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулууны гаргасан гомдлоор шүүгдэгч Ц.Б-т холбогдох эрүүгийн 1810029310371 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц.Б- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил стар” хотхонд байрлах “Сони” биллъярдын газар “хүүхдээр архи зөөлгөлөө” гэсэн асуудлаас болж маргаан үүсгэн Д.Чинзоригийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Цогбадрахын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цогбадрахын Б-ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б- оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эрүүгийн 1810029310371 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Б-т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг дээрх хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж байна. ...хохирогч гэрчүүдийн мэдүүлгүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан маргаан үүсгэн Д.Чинзоригийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн үндэслэлүүд нь эргэлзээтэй байгаа нь нотлогддог. Харин гэмт хэргийг үйлдсэн гэх шинжгүй буюу гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн аргыг болон гэм буруугийн хэлбэрийг тусгахаар хуульчлан заасан. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлэх үед хэний, ямар үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан нь тогтоогдоогүй, дан ганц Ц.Б-ийг хохирол учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримтууд хавтас хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхийн тулд Ц.Б-ийн зүгээс Д.Чинзоригийг гэмтээхэд чиглэсэн идэвхтэй үйлдлийг хийсэн, уг үйлдлийн улмаас Д.Чинзоригийн биед гэмтэл үүссэн байх ёстой бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нъ бүрэн бодитойгоор шалгаж хянасаны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргийнхээ дагуу дээрх нөхцөл байдлыг тогтоосон байх шаардлагатай. Ц.Б- нь анхдагч даралт ихдэх өвчнөөр 2015 оноос хойш өвдөж байгаа, үүний улмаас даралт байнга өндөр байдаг, дотоод шүүрлийн булчирхайн үрэвслийн улмаас тулай өвчтэй, энэхүү өвчин байнга сэдрэх болсон тул чөлөөтэй гүйж, харайж чаддаггүй, байнгын эмчийн хяналтад байдаг. Мөн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тархинд цус харваж, улмаар бага тархины баруун гемисферт хурсан цусыг авах мэс заслын хагалгаа хийлгэсэн. 2018 оны 10 сард дахин цус харвалтын шинж тэмдэг илэрч нэг талын бие /гар, хөл/ мэдээгүй болж дахин хагалгаанд орсон. Мөн мөр, эгэмний хагалгаанд орж байсны улмаас гараа ч хүчтэй атгах чадваргүй, алдагдсан чадварыг сэргээх эмчилгээ хийлгэж байсан хүн юм. Ийм биеийн байдалтай хүн 3-4 эрэгтэй хүний эсрэг хохирогчийн хоолойг боож, хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэх нь бодит байдалтай нийцэхгүй. Анхан шатны шүүх “... хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд” гэж дүгнэсэн нь дээрх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрхэн яаж зааглан Б-ийн үйлдлийн улмаас хохирол учирсан гэж үзэж буруутгасан нь тодорхойгүй байна. Тодруулбал: Хохирогчид учирсан хөнгөн хохирол нь Ц.Б-ийн үйлдлийн улмаас дан учирсан гэж үзсэн үндэслэл, харин Ц.Б-ийг салгах гэж оролдох үйлдлийн улмаас хоёул унасан, араас нь татсан гэх зэрэг гэрчүүдийн мэдүүлэгт дурдсан Д.Нямрагчаа, Ө.Галцог нарын үйлдлийн улмаас энэ гэмтэл хохирогчид учраагүй гэж үзэх үндэслэл тодорхой бус. Нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дүгнээгүй. Дээрхээс үзвэл яг нэг цаг хугацаанд нэг орчинд байсан хэд хэдэн гэрч, хохирогч нар нь гараараа боосон эсхүл цамцаараа боосон гэх зөрүүтэй мэдүүлгийг өгч байна. Энэ талаар мөн л дүгнээгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоогоогүй. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх гэм буруугүйд тооцох зарчмын дагуу Ц.Б-т ашигтайгаар шийдвэрлэж цагаатгах бүрэн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №135 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Д.Чинзоригийн хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэж дүгнэсэн байна. Хохирогч Чинзоригийн хүзүүний аль хэсэгт ямар байрлал, ямар хэмжээтэй улайлт үүссэн гэдэг нь тодорхой бус /боосон гэж үзвэл хүзүү тойроод улайлт үүссэн байх боломжтой, гэтэл хохирлын байрлал тодорхойгүй/, мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан цус хуралт, зулгаралт нь эрүүл мэндийг хичнээн хугацаагаар хэрхэн сарниулаад байгаа нь тодорхой бус бөгөөд шинжээч эмч энэ талаар тайлбарладаггүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэлзүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, мөн цус хуралт, зулгаралт үүсээгүй зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасан байдаг бөгөөд хэрэв зулгаралт, цус хуралтыг гэмтэл гэж үзэхийн тулд зовиур эмнэлзүйн шинж илэрсэн эсэх, зулгаралт, цус хуралт нь биеийн гадаргуугийн 1 хувиас их байх шаардлагатай. Гэтэл ямар үндэслэлээр зулгаралт, цус хуралтыг гэмтлийн зэрэгт хамааруулсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл эргэлзээтэй нотлох баримт байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр Д.Чинзоригийн биед хөнгөн гэмтэл тогтоогдсон нь уг гэмтлийг шууд Ц.Б- үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр Ц.Б-ийн хохирогч Д.Чинзоригийн цамцнаас заамдан зогсож байх үед нь Ө.Галцог араас нь татсаны улмаас Ц.Б- нь татагдана гэдгээ мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн хохирол учруулсан гэж үзэж ч болохоор байна. Хэрэв болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзвэл энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заагдаагүй учир гэмт хэрэг биш болно. Учир нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг” нь гэм буруугийн санаатай болгоомжгүйн аль хэлбэрээр үйлдэгдэх талаар тодорхой дурдаагүй ч Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2-т “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд л гэмт хэрэгт тооцогдоно.” гэж заасны дагуу тусгайлан заагаагүй учир зөвхөн санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл л энэ гэмт хэрэгт хамаарахаар байгаа. Анхан шатны шүүх “Эрүүгийн хуулиар хөнгөн хохирлыг санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр учруулсан байхыг шаардахгүйн дээр” гэж дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Энэ дүгнэлтээр болгоомжгүй хэлбэрээр учруулсан ч байж болохоор харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа яллах болон цагаатгах талын тэгш эрхийн үндсэн дээр явагдах учиртай. Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлагдсан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй гэж үзэж байна. Учир нь Ц.Б- мэдүүлэхдээ “... Дотоод шүүрлийн булчирхайн үрэвслийн улмаас тулай өвчтэй болсон. Бие муудаж 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр яаралтай тусламжаар ирэхэд тархины цус хуралттай цус харвалттай байсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг рүү шилжиж 2018 оны 05 дугаар сарын 11-нээс 2018 оны 08 дугаар сард “Интермэд” эмнэлэгт хагалгаанд орсон. Энэ үед миний биеийн баруун тал нь мэдээгүй байж байгаад тодорхой хэмжээний сэргэлт авсан. ... Тухайн үед миний даралт ихэссэн байсан тул 50 гр эмчилгээний зориулалттай хэрэглэсэн. Би эмчийн үзлэгт хамрагдмаар байна.” гэсэн байх бөгөөд хэрэг гарах үед Ц.Б-ийн биеийн байдал ямар байсан, мэдүүлэгт дурдсан шиг баруун тал нь мэдээгүй байсан эсэх, хохирогчид хохирол учруулж чадахуйц тэнхээтэй байсан эсэх, мөн шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэгт дурдсанаар ухаан алдаж унасан эсэх талаар хэрэгт ач холбогдолтой байдлыг тодруулахтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан. Гэтэл насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг /хх-ийн 21/ авахдаа дээрх хуулийн заалтуудыг тайлбарлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 8 дахь заалтыг зөрчиж мөн хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримт цуглуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Анхан шатны шүүх насанд хүрээгүй гэрч Ч.Энгүний мэдүүлгийг шүүх үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан гэж үзсэн хүсэлтийг шийдвэрлээгүй юм. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 5-д “Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Хохирогчоос гарган өгсөн утасны бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасан” гэж ээ. Анхан шатны шүүх хуралдаанд энэхүү сиди-г уншуулан шинжлэн судалсан хэдий ч шийтгэх тогтоолд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэж дурдсан байна. Энэ сиди-г ямар баримт гэж үзэх нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд энэ талаар хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Эцэст нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан “Нотолбол зохих байдал” гэх заавал шалгаж тогтоосон байх зүйлүүдээс 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг Ц.Б- нь яаж үйлдсэн нь нотлогдоогүй, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтоогоогүй гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолын шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт хэсэгт “Д.Чинзоригийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Чинзоригийн “... миний хоолойг хоёр удаа боож” гэх, гэрч Ч.Энгүний “... аавын хоолойг боосон” гэх, мөн гэрч Д.Нямрагчаа болон Ө.Галцогийн “... Чинзорийг тэр согтуу залуу хоёр гараараа боож,” гэсэн мэдүүлгүүд шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь /цамцаар боосон гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь/ хоорондоо зөрчилтэй болжээ. Иймд дээрх бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Ц.Б-ийг гэм буруугүй болохыг нь тогтоож өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Хурц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1

дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Б- нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил стар” хотхонд байрлах “Сони” биллъярдын газар “хүүхдээр архи зөөлгөлөө” гэсэн асуудлаас болж маргаан үүсгэн Д.Чинзоригийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Чинзоригийн “...үл таних залуу согтуу орж ирээд ү биллъярднаас зөвшөөрөлгүй гараад байгаа юм бэ гэж манай хүүг загнахаар нь би ямар учиртай юм бэ, чөлөөтэй гарч орж болдоггүй юм уу гэж хэлэхэд намайг заамдаж авахаар нь би хөөе гараа ав гэж хэлээд гарыг нь салгах гэж байхад миний шанаа руу цохиод авсан. Тэгээд Нямрагчаа, Галцог хоёр салгах гээд оролдож байхад зөөгч охин орж ирээд уучлаарай манай дарга юм байгаа юмаа гэж хэлээд аваад гарсан. ...хаалгаа онгойлго гэж хэлэхэд Галцог онгойлгоход хоёр цагдаагийн албан хаагч, согтуу залуу, өндөр залуу, эмэгтэй нар байхаар бид нар өрөөнөөс түрүүлж гараад шатаар бууж байхад чи муу цагдаа дууддаг хэн бэ гэж хэлээд миний хоолойноос заамдаж авахаар нь би дуудлагаар ирсэн хоёр цагдаад хэлэхэд ирж салгаад гадагш гарч аваад явсан. ...Б- гэх хүн миний хоолойг 2 удаа боож нэг удаа цохисон. Гэхдээ боосноос болж миний биед гэмтэл учирсан. ...” /хх 16-20, 29- 30/,

насанд хүрээгүй гэрч Ч.Энгүний “...нөгөө ах аавтай хэрэлдээд аавын хоолойг боосон. Би тэгэхээр нь айгаад уйлсан. ...Тэгээд цагдаа ирээд аавтай цуг бүгдээрээ шатаар доош бууж байхад аавыг нөгөө ах заамдаж авахад цагдаа салгасан. ... Намайг дуудсан ах өрөөнд орж ирээд аавын хоолойг боосон. ...” /хх 21-22/,

гэрч Д.Нямрагчаагийн “...хүү гүйгээд ороод ирсэн чинь араас нь согтуу залуу орж ирээд юм яриад байх шиг байснаа чанга дуугаар хэн бэ, гөлөгнүүд та нар гэх мэт үгийг олон удаа хэлж байснаа Чинзоригийг хальт цохиж цамцны захаар нь боож байхад Галцог согтуу залуугийн араас нь салгаж холдуулахад гаднаас нэг залуу орж ирснээ аваад гараад явсан. ... Тэр залуу орж ирснээ хэн бэ та нар хүүхдээр архи зөөлгөж уудаг хэн бэ гэж хэлээд байсан. Чинзоригийг тэр согтуу залуу хоёр гараараа боож байсан. Чинзоригийн хүзүү улайсан байсан. ...” /хх 23-25/,

гэрч Ө.Галцогийн “... согтуу залуу орж ирээд биллъярдны ширээ түшиж зогсож байгаад хүүхдээр архи зөөлгөхгүй шүү гэхэд Нямрагчаа ах юун хүн билээ гэхэд урдаас ална тална гэж хараалын үг хэлээд байхаар нь Чинзориг ах юм хэлэхэд ширээн дээр байсан палкыг бариад Чинзориг ах руу явахаар нь би тэр залуугаас биллъярдны цохиурыг гарнаас нь татаж авсан. Чинзориг ах руу очиж заамдаж авахад Чинзориг ах гарыг тавиулах гээд ноцолдож байхаар нь би тэр орж ирсэн согтуу залуугийн гэдэс, гарнаас татаж салгаад Чинзориг ахыг холдуултал гаднаас нэг өндөр залуу орж ирснээ уучлалт гуйж, согтуу залууг аваад гарсан. ...” /хх 37-39/,

гэрч Ш.Уртнасангийн “...би ариун цэврийн өрөөнд ороод буцаж тоглож байсан өрөөндөө орж ирэхэд Нямрагчаа Чинзоригийн хүзүү рүү зааж байгаад хүнд зодуулчихлаа гэхээр нь хартал хүзүү нь улаан хүрэн болчихсон байсан. Тэгтэл доороос дуу чимээ гарахаар нь Нямрагчаа хаалга түгжиж цагдаа дуудаж ирэх хооронд нөгөө хүмүүс хаалга өшиглөж гараад ир, ална гэж чангаар орилж байсан. ...” /хх 40-42/,

гэрч Д.Шийрэвдамбын “...би араас нь хоёр давхарт гараад очих гээд явж байхад Б- “та нар яагаад хүүхдээр архи зөөлгөөд явуулаад байгаа юм бэ” гэж хэлэхэд шүүгч гэх хүн нь “та нарт ямар хамаатай юм бэ, зайл, бид нар үйлчлүүлж байна” гэхэд Б- та нарт үйлчлэхгүй гараад яв гэж хэлэхэд араас нь нэг залуу боогоод авахаар нь би “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд гараас нь татаж салгахад Б- нь ширээ түшиж зогсож байгаад шүүгч гэх залуу нь үнэмлэхээ үзүүлээд хэл амаар доромжлоход Б- заамдаж авахад Чинзоригийг салгаж аваад өрөөнөөс гарахад та нарт хуулийг мэдрүүлнэ, цагдаа дууд гэж орилж байсан. ...Б-, Чинзориг хоёрыг би анзаарч хараагүй. Нэг мэдэхэд бие биенийгээ заамдчихсан байсан. Сүүлд цагдаа дээр ирэхэд Чинзоригийн хоолой нь улайчихсан байсан. Маргаан хүүхдээс болсон” /хх 43-45/,

гэрч В.Алтантуяагийн “...Эдгээр хүмүүс хоорондоо зодолдсон цохисон зүйл байгаагүй. Би бодохдоо Билгээ, шүүгч хоёр заамдалдсан байж магадгүй хоолой нь улайчихсан байсан” гэх мэдүүлгүүд /хх 50-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаартай “...Д.Чинзоригийн биед хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх 55/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж, шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэчулуунаас: “... гэмт хэрэг үйлдэж, хохирогчид гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй.  ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хавтас хэрэгт хохирогч Д.Чинзоригийн мэдүүлэг /хх 16-20, 29-30/, насанд хүрээгүй гэрч Ч.Энгүний мэдүүлэг /хх 21-22/, гэрч Д.Нямрагчаагийн мэдүүлэг /хх 23-25/, гэрч Ө.Галцогийн мэдүүлэг /хх 37-39/, гэрч Ш.Уртнасангийн мэдүүлэг /хх 40-42/, гэрч Д.Шийрэвдамбын мэдүүлэг /хх 43-45/, гэрч В.Алтантуяагийн мэдүүлэг /хх 50-51/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтууд авагджээ.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн “... гэмт хэрэг үйлдэж, хохирогчид гэмтэл учруулсан болох нь тогтоогдоогүй. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдол няцаагдаж байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б-ийг хохирогчийн хоолойг цамцаар боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэчулуунаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Ц.Б-ээс түүний гомдлоор “Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзоригт сахилгын хэрэг үүсгэх тухай” Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны тогтоолын хуулбарыг ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ийн хохирогч Д.Чинзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хянан хэлэлцэж шийдвэр гаргасан ба ингэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчээс хохирогч Д.Чинзоригийг шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн талаарх асуудлыг шалгуулах, гомдлыг хянан хэлэлцэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр прокурорын тогтоолоор “хохирогч Д.Чинзоригоос гаргаж өгсөн бичлэг бүхий сидиг 1 ширхэгийг хэрэгт хавсаргах”-аар тогтоожээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт хавсаргасан сидиг дурдаагүй байгааг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Л.Эрдэнэчулууны гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ