Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2018/0665/З |
Дугаар | 128/ШШ2021/0880 |
Огноо | 2021-12-16 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2021/0880
2021 12 16 128/ШШ2021/0880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Иргэн Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я
Хариуцагч: СХДГЗБА
Гуравдагч этгээд: Иргэн Д.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ё.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, гуравдагч этгээд Д.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б....нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Б нь 2004 онд өөрийн нөхөр С.Ц, хүү Ц.Ж, охин Ц.Я нарын хамт хөдөөнөөс орж ирээд Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, М- б задгайд бууж амьдралын эх үүсвэр болгох зорилгоор ногоо тарьж, цөөн хэдэн үхэртэй, Х******* тоот хаягийг ******* хорооноос авч 2 гэрээр суурьшин амьдрах болсон. Хүү Ц.Н энэ үед Х******* тоот хаягт айлын хашаанд амьдарч байсан.
Энэ газар нь Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/1** дугаар захирамжаар нийслэлд ногоон хувьсгал өрнүүлэх хөтөлбөрийн хүрээнд иргэдэд ногоо тарих зориулалтаар олгож байсан газар учраас 0,9 га орчим хэмжээний газарт ногоо тарьж, 2013 онд жижиг сууцны байшин барьж одоог хүртэл оршин сууж байна.
Нэхэмжлэгч нар ногоо тарьж, мал аж ахуй эрхлэн оршин сууж байгаа газраа гэр бүлийн хэрэгцээнд оршин суух, ногоо тарих зориулалтаар эзэмших гэрчилгээ гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2004, 2009 оноос хойш удаа дараа хандахад танай газарт ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж байгаа тул өргөдөл хүлээн авахгүй гээд өргөдлийг огт хүлээн авахгүй буцаадаг байсан. Манай орчимд буусан айлууд хувиараа болон хороогоороо дамжуулан хамтарч удаа дараа өргөдөл гаргаж байсан боловч мөн л дээрх шалтгаанаар өргөдлийг хүлээж авахгүй буцаадаг, хорооны байр болон газрын албаны үүдэнд ******* хороонд хотын шинэ төв барих ерөнхий төлөвлөгөөтэй тул өргөдөл хүлээн авахгүй гэсэн зарлал хадсан байдаг байсан.
Гэтэл 2015 оны 03 дугаар сард хөрш Д.Э гэгч Х АХХК миний эзэмшиж байсан газар руу хойноос түрж орж ирэн хашаагаа татаж зөвшөөрөл авсан байна. Би дүүргийн болон Нийслэлийн Газрын албанд хандаж маргахад миний газрын хэмжээ байршлыг өөрчилж зураг хийж өгсөн. Өөрчилсөн зургаар танай ногоо тарьж байгаа газар одоо минийх болсон гээд ногооны талбайн торон хашаагаа бидний амьдарч буй байшинд тулган, үхрийн саравчны хажуугаар манай ногооны газрыг оролцуулан татсан.
Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Э-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хянуулахаар Д.Э-д газар эзэмшүүлэхдээ манай ногоо тарьж ашиглаж байсан газартай давхардуулсан асуудлыг шийдвэрлүүлэх тухай өргөдөл гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй олон жил чирэгдүүлсэн болно.
Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/1** дугаар захирамж нь тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийг үндэслэн гарсан байдаг. Энэхүү 4** дүгээр захирамжийн холбогдох хэсэг нь 2014 оны А/1** дугаар захирамжийн холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байгаа шийдвэр болох нь нотлогдоно гэж үзэж байна.
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 төрөөс газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нар 2006, 2009 онуудад, түүнээс хойш газрыг гэр бүлийн хэрэгцээнд ногоо тарих болон оршин суух зориулалтаар эзэмших хүсэлт гаргасныг төлөвлөлтөд хамрагдсан гэсэн шалтгаанаар хариуцагч хүлээн авахаас татгалзаж байсан боловч түүнээс хойш 2011 онд тухайн байршилд гаргасан иргэн Д.Э өргөдлийг хүлээн авч газар эзэмшүүлсэн нь төрөөс газар эзэмшүүлэхэд баримтлах шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй.
Нэхэмжлэгч 4 иргэний гэр бүлийн гишүүн 10 гаруй иргэн байдаг бөгөөд үүний дотор нэхэмжлэгч Ц.Н нь өөрийн төрсөн 3 хүүхдээс гадна бүтэн өнчин 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгож, тэдний өмнө болон төрийн байгууллагын өмнө хуулиар хариуцлага хүлээн, өнөөгийн болон алс ирээдүйн амьдралыг нь дааж яваа. Гэтэл захиргаа эдгээр 10 гаруй иргэдэд нийт 0,9 га газар эзэмших хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан хэрнээ Д.Э гэгч ганц иргэнд 73*** м.кв буюу 7.3 га газрыг эзэмшүүлж, ингэж эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын ногоо тарьж, амьжиргаагаа залгуулан ашиглаж байсан газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь шударга ёсыг бүх талаар зөрчсөн захиргааны хууль бус үйлдэл мөн.
2. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т ... тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх ... газрын хэмжээ нь ... төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заасныг зөрчсөн. Тодруулбал, хуулийн дээрх заалтад олон жил төмс, хүнсний ногоо тариалж байсан иргэнд тухайн газрыг нь давуу эрхээр эзэмшүүлж боохоор заасныг зөрчиж нэхэмжлэгч нарын олон жил ногоо тарьж ашигласан газрыг өөр компани газрыг нь булаачихлаа, тиймээс танай газрыг түүнд өгнө гэсэн утгаар гуравдагч этгээд буюу давуу эрх эдлэхгүй өөр этгээдэд эзэмшүүлсэн. Хуулийн дээрх заалтад Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх ... газрын хэмжээ нь ... төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заасан байтал иргэн Д.Э-д ногоо тарих зориулалтаар 7.3 га буюу хуульд зааснаас илүү газар олгосон байдаг. Хэдийгээр тус дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дүгээр захирамжид Д.Э-д газрын зориулалтыг аж ахуйн зориулалт гэж заасан боловч энэ газарт өнөөдрийг болтол ногоо тарьж эзэмшдэг болох нь анх Б.Т-с 2** дугаар захирамжид зааснаар тариалангийн зориулалттай газрыг шилжүүлэн авсан, мөн гуравдагч этгээд хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр ногоо тарьж ашигладаг гэж тайлбарласнаар нотлогдоно.
3. Б.Т-сгазар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлийн 13.2.4, 16 дугаар зүйлийн 16 дугаар зүйлүүдийг зөрчсөнөөр нэхэмжлэгч нарын газар эзэмшихтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 17 дугаарт зааснаар Д.Э нь иргэн Б.Т..... газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан бөгөөд Б.Тнь тус дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжаар 20 дугаар хороонд 23*** м.кв газрыг эзэмшиж байжээ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд энэ хууль болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхэд газар эзэмшигчийн нэрээс өөр газрын нэгж талбартай холбоотой бусад мэдээлэлд өөрчлөлт оруулах ёсгүй. Гэтэл 2011 оны 374, 4** дүгээр захирамжаар Б.Т-н газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-д шилжүүлж захирамж гаргахдаа газрын хэмжээг томруулж, байршлыг зөөж, зориулалтыг өөрчилсөн байдаг.
Б.Тнь 23600 м.кв газар эзэмшиж байсан, эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ газрын хэмжээг томруулсан болох нь 2006 оны 2** дугаар захирамжийг үндэслэн олгосон 23600 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, газрын байршил өөрчлөгдсөн нь Д.Т*******ийн газрын хувийн хэрэг дэх 1997 онд Нийслэлийн Газрын албанаас хийсэн газрын байршлын схем зургаар, зориулалт өөрчилсөн нь дүүргийн Засаг даргын 2006 оны 2**, 2011 оны 374, 4** дүгээр захирамжуудаар тус тус нотлогдоно.
... Дүүргийн Засаг дарга 2011 оны 4** дүгээр захирамж нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-д шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлж, газрын байршил, зориулалтыг өөрчлөн нэхэмжлэгч нарын давуу эрхээр эзэмших газартай давхардуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хууль бус захиргааны акт байна.
Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.5, 33 дугаар зүйлийн 33.1.2 дах заалтыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчдийн олон жилийн турш оршин сууж, ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан шаардлагуудаа өнөөдөр өөрчилж тодруулж байна. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан өмнө нь гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, бусад нэхэмжлэлийн шаардлагадаа дараах байдлаар өөрчлөлт оруулж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг нэхэмжлэгчдийн олон жил ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг нэхэмжлэгч нарын олон жилийн турш хүнс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхийг эзэмших 4*** м.кв талбайтай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд заасан давуу эрхээр газар эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож төмс хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар давуу эрхээр эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах гэсэн 106.3.4 дэх хэсэгт заасан шаардлага гаргаж байна.
...Д.Э гуай тайлбартаа Ц.Н-ын ээж, аав хоёр 2010 онд хотод орж ирээд надаас ногоо тарих газар гуйж байсан гэж ярьж байна. Тухайн үед тус газар хоосон байсан гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Маргаж байгаа газар нь Ц.Н-ын амьдарч байгаа газраас өөр газар гэдгийг тодруулж хэлье. Уг маргаж байгаа газар нь 1997 онд Нийслэлд ногоон хувьсгал өрнүүлэх хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо тарих зориулалтаар А/1** дугаартай захирамж нь газар эзэмшүүлэх захирамж биш юм. Нийслэлийн нутаг дэвсгэрт газар тариалангийн чиглэлээр баримтлах чиглэлийг баталсан. Уг чиглэлийн дагуу хэрэгжүүлэх төслийг баталсан захирамж байдаг. Энэ захирамжийн хүрээнд уг газрын ойролцоо ногоон хувьсгал өрнүүлэх зорилгоор иргэдэд газар олгосон. Мал бордохын ойролцоо ногоон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор иргэд ногоо тарьж амьдарч байсан учир 0,7 га буюу 1 га хүрэхгүй хэмжээний газарт нэхэмжлэгч Т.Б, С.Ц нар мал бордохын задгай буюу одоо амьдарч байгаа газарт 2006 оноос амьдралын эх үүсвэр болгох зорилгоор нэхэмжлэгч Ц.Я, Ц.Ж, Ц.Н нарын хамт төмс хүнсний ногоо тарьж амьдарч байсан. Нийслэлийн газар тариалангийн талаар баригдах чиглэл, төсөл батлах тухай 1997 оны А/** дугаартай захирамж гарсан. Үүний нэгдүгээр хавсралтын 1.14 дэх хэсэгт амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд газар тариалан эрхлэх цаашид бие даан ажиллах амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах гэж заасан. Хоёрдугаар хавсралтад төслийн журмаар ажилгүйдэл ядуурлыг буруулах чиглэлээр ногоо тарих гэсэн зорилготой газар буян гэдэг төслийг баталсан. Хоёрдугаар хавсралтаар баталсан газар буян төслийн хоёрдугаар хэсгийн А дахь хэсэгт энэ төслийн ядуу, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой, тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй иргэдийн хамруулна гэсэн заалт байгаа. Энэ бодлого чиглэлийн хүрээнд амьжиргааны түвшнээс доогуур орлоготой гэдэгт Ц.Н хамаарч байгаа. Энэ байдлаар 4 иргэн нийлээд тухайн газар дээр ногоо тарьж эхэлсэн. 2010 онд ногоо тарьж байсан газрын хажууд Ц.Н-ын хашаанд амьдарч байсан нэхэмжлэгч Т.Б, өөрийн хоёр хүү болох Ц.Ж, Ц.Я гэсэн хоёр нэхэмжлэгч байгаа энэ гурав нь 2010 онд тухайн маргаж байгаа газарт Хайрханы-6-174, 175, 176 тоот хаягийн ******* хорооноос авч хоёр гэрээр суурьшин амьдрах болж 0,9 га газар дээр ногоо тарьж амьдарсан. 2013 онд гэрээр амьдарч байсан жижиг байшинд одоог хүртэл амьдарч байгаа. Нэхэмжлэгч Ц.Ж байшин биш гэрт тухайн газрын орчимд амьдран суудаг. Нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нар ногоо тарьж, мал аж ахуй эрхлэн суудаг газрыг гэр бүлийн хэрэгцээнд оршин суух хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмших гэрчилгээ гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Улаанбаатар хотод орж ирснээс хойш удаа дараа өргөдөл гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Засаг даргаас тухайн нөхцөл болгож байгаа газарт ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж хотын шинэ төв барих учир өргөдөл хүлээж авахгүй гээд буцаадаг байсан. Өргөдөл хүлээж авахгүй буцаадаг байсан учир төрийн байгууллагад өргөдөл өгсөн тухай бүртгэл байхгүй, хуулиар хүлээж аваад татгалзан тухай үндэслэлээ зааж бичгээр хариу өгөх ёстой. Гэтэл хүлээж авалгүй буцаадаг байсан нь нотлох баримтаар нотлогдсон. Мал бордохын орчим буусан айлууд дотор нэхэмжлэгч нар хувиараа болон хороогоор дамжуулан хамтарч Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон Засаг даргад удаа дараа өргөдөл гаргаж байсан. Мөн Сонгинохайрхан дүүрэгт сонгогдох Улсын Их Хурлын гишүүнээр дамжуулан хүсэлт гаргаж байсан боловч мөн дээрх шалтгаанаар өргөдлийг хүлээн авахгүй буцаасан. Хорооны байр болон газрын албанд ******* хороонд хотын шинэ төв барих ерөнхий төлөвлөгөөтэй учир өргөдөл хүлээн авахгүй гэсэн зарлал хадаастай байдаг. Гэтэл 2015 оны 3 дугаар сард ногоо тарьж хөрш байсан иргэн Д.Э нь Х АХХК нь миний эзэмшиж байсан газар руу түрж орж ирээд хашаагаа татаж зөвшөөрөл авсан байна. Би дүүргийн болон нийслэлийн газрын албанд хандаж маргахад миний газрын хэмжээг өөрчилж зураг хийж өгсөн. Өөрчилсөн зургаар танай ногоо тарьж байгаа газар одоо миний болсон гэснээр маргаан эхэлсэн. Ингээд тухайн нэхэмжлэгч нарын ногоо олон жилийн турш ногоо тарьсан газрын хашааг буулгаж торон хашааг амьдарч байсан байшинд тулгаж малын саравчийн хажуугаар ногооны газрын зарим хэсгийг оролцуулж хашаагаа барьснаар маргаан эхэлсэн. Нэхэмжлэгч нарыг төлөөлж Ц.Н Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.Э газар эзэмшүүлсэн шийдвэрийг хянуулахаар өргөдөл гаргасан байдаг. Энэ өргөдөл хариу өгөөгүй олон жил явсан учир шүүхэд хандаж байна. Ц.Н нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд бичгээр өгсөн өргөдлийн хариуг хүлээж байгаад очиж асуухад хороо хариуцсан зохион байгуулагч солигдсон гэдэг шалтгаанаар буцсан. Дараа нь таны өргөдөл байхгүй гэсэн хариуг удаа дараа хэлж байсан. Иймд байдлаар нэхэмжлэгч нар төрийн байгууллагад газар эзэмших тухай болон газартай маргаж байгаа талаар өргөдөл гаргаагүй нь дээрх шалтгаантай юм. 2018 онд Газрын албаны дарга амаар өгсөн өргөдлийг алга болгож байна гэдэг байдлаар хандсанаар бичиг баримтыг шүүж үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2015 оны дэвтрийн 671 дугаарт Ц.Н-ын өгсөн өргөдлийг бүртгэн авч Газар зохион байгуулагч н.О*******т шилжүүлсэн гэсэн бүртгэлээс өргөдөл гарч ирсэн боловч хавсралт нь олдоогүй. Өргөдөл нь газар эзэмших тухай биш маргаангүй зүйлд өгсөн байсан. Газрын албаны дарга өргөдлөө шинээр бичээд өгөөрэй шийдвэрлэж өгье гэсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр дахин өргөдөл өгөхөд дүүргийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 17/5-** гэдэг албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/1** дугаар захирамжаар Д.Э-д эзэмшүүлсэн газартай танай хүсэлт болгосон газар давхцаж байна. Цаашид шүүх хяналтын байгууллагад хандаарай гэсэн хариу өгсөн. Энэ бичгээр 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуулийн хугацаанд Нийслэлийн Засаг даргад маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргахад энэ гомдлын хариуг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 0204/2***дугаартай албан бичиг шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн давхцаж байгаа 44*** м.кв газар нь хууль бус захиргааны акт байсан талаар дараах тайлбарыг гаргаж байна. Энэ захирамж нь гуравдагч этгээдэд хууль зөрчиж нэхэмжлэгч нарын олон жилийн турш төмс хүнсний ногоо тарьсан маргаж байгаа газарт хуульд давуу эрхээр эзэмшинэ гэж заасан газрыг давхардуулан олгосноор Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан давуу эрхээр газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий актыг шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхийн тулд тухайн акт нь хууль зөрчсөн болохыг бид нотлох ёстой. Хууль зөрчсөн захирамж нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх ёстой гэсэн чиглэлээр тайлбар гаргаж байна. 4** дүгээр захирамжийн хувьд нэхэмжлэгч нарын маргаж байгаа гол үндэслэлүүдийн нэг болох Газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан төрөөс газар эзэмших, ашиглуулах, өмчлүүлэхэд шударга байдлыг хангана гэсэн зарчмыг зөрчиж гарсан захирамж юм. Дараах хоёр байдлаар зөрчиж байгаа ба нэгдүгээрт тухайн үед нэхэмжлэгч нар удаа дараа дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж тухайн байршилд хэсэгчилсэн төлөвлөгөө хэрэгжиж байгаа учир танайд олгохгүй гэдэг хариуг өгсөн атлаа 2014 онд хэсэгчилсэн төлөвлөгөө хүчин төгөлдөр байхад хэрэгжиж байсан үед иргэн Д.Э *,* га газар эзэмших хүсэлтийг хүлээн авч Нийслэл дүүрэг рүү хүлээж авч захирамж гаргасан нь шударга тэгш ёсны зарчмыг зөрчсөн. Нэхэмжлэгч 4 иргэний гэр бүлийн 10-аад иргэнийг амьжиргааны эх үүсвэргүй болгож, ногоо тарьж ашиглаж байгаа газрыг эзэмшүүлэхээс татгалзсан атлаа Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт нэг иргэнд газар эзэмшүүлэх төмс хүнсний ногоо тарих зориулалтаар олгох газрын дээд хэмжээ нь 5 га байна гэж заасныг зөрчиж 7,3 га газрыг Д.Э-д олгосон нь хууль зөрчиж байна. 10-аад иргэний тухайд иргэн Ц.Н нь өөрийн төрсөн 3 хүүхэд бүтэн өнчин 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоолгосон нь талаарх баримт хэрэгт авагдсан. 5 хүүхдийн өмнө үүрэг хүлээж байна. Нэхэмжлэгчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна. Дээр дурдсан 1999 оны Нийслэлийн Засаг даргын А/** дугаар захирамжид тэтгэврээс өөр орлогогүй амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэдэд газар олгоно гэсэн заалтын дагуу амьжиргааны эх үүсвэр болгоод 4 гэр бүлийн иргэд А/** дугаартай захирамжид заасан нөхцөлийг хангаж байгаа. Зарим нь амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой иргэд байгаа. Амьжиргааны эх үүсвэрээс салгаж бусад “Х А” ХХК нь иргэн Д.Э-гийн газар руу орж ирсний төлөө нэхэмжлэгч иргэдийн ногоо тарьж амьдарч байсан газрыг авч эзэмшүүлж байгаа нь хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт төмс хүнсний ногооны зориулалтаар нэг иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ 5 га байна гэж заасан байхад *,* га газрыг эзэмшүүлсэн. Энэ нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
4** дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх захирамжтай холбоотой шийдвэр кадастрын зураглал Газрын кадастрын тухай хуулийн 6.2.3, 13.2.4, 16.2 гэсэн заалтуудыг зөрчсөн байдаг. Эдгээр заалт нь газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд эзэмшигчийн нэр нь солигдоод нэгж, талбар, хэмжээ нь өөрчлөгдөхгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн. н.Т******* нь 23,***м.кв буюу 2,3 га газрыг эзэмшиж байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх нэрээр 5 га газрыг нэмж олгосон. Энэ нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж талбайн хэмжээг томруулсан байдаг. Хоёрдугаарт байршлыг зөөсөн, маргаж байгаа газар болон иргэн н.Т-н эзэмшиж байсан 23,6** м.кв газрын хооронд 11 км зай байна гэдгийг Мэдээллийн хөтлөх тухай хуулиараа Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр 10 км зайтай байна гэдэг байдлаар тогтоож нотолсон. Энэ байдлаар талбайн хэмжээг нэмээд байршлыг зөөсөн. Талбай нэмэх зайлшгүй шаардлага гарсан бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явагдах ёстой байсан. Гэтэл дуудлага худалдаа явагдаагүй, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг нотлох баримт болон лавлагаа нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирсэн. Ингэж олгохдоо иргэдийн ногоо тарьж амьжиргааны эх үүсвэр болгосон газрыг авч хашааг нь буулгаж зурагд оруулж иргэн Д.Э-д эзэмшүүлсэн.
Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж байна гэдэг нэрийн дор талбайг томруулж байршил болон зориулалтыг өөрчилсөн. Газрын зориулалтыг өөрчлөх ёсгүй. Дээр дурдсан газрын кадастр, кадастрын зураглалын тухай хуульд зааснаар эзэмших эрх шилжүүлэх гэж байгаа бол зөвхөн эзэмшигчийн нэр солигдох ёстой байдаг. Газартай холбоотой газрыг тодорхойлдог гурван зүйлийг зөрчсөн. Үүнд газрын байршлыг өөрчилсөн, талбайн хэмжээг сольсон, зориулалтыг өөрчилсөн. Иймд 2011 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 4** дүгээр захирамжийн хууль бус захирамж байна гэдгийг нотолж байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 4** дүгээр захирамжийг гаргахдаа хууль зөрчиж нэхэмжлэгч нарын эрх ашигтай холбогдсон үйлдэл гаргаагүй бол бид гомдол гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт тухайн захиргааны акт нь хүчингүй болсон эсхүл ямар нэгэн байдлаар хэрэгжсэн, хэрэгжилт нь дууссан тохиолдолд хууль бус захиргааны акт байсан болохыг шүүх тогтооно гэсэн байгаа. Иймд 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг мөн маргаан бүхий акт болох 2014 оны Сонгинохайрхан дүүргийн А/1** дугаартай захирамжийг хүчингүй болгосон учир хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа 4*** м.кв газрыг хууль бус болохыг тогтоолгоно гэж бичсэн. Энэ нь 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсэг нь бүхэлдээ нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй зөвхөн давхардаж байгаа 4*** м.кв газар нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учир хууль бус болохыг тогтоож өгнө үү.
А/1**дугаар захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоох бол 136 дугаар захирамжийг үндэслэж гарсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчсөн хэвээр байгаа гэдэг нь тогтоогдоно. Иймд Газрын тухай хуулийн 61.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсгийг үндэслэж Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/1**дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг нэхэмжлэгч нартай давхцаж байгаа газрыг давуу эрхтэй эзэмших ёстой 4*** м.кв газраас давхацсан хэсгийг хүчингүй болгож хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү.
Даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд давуу эрх гэдэг нь ижил нөхцөлд байгаа эрх зүйн субъектүүдтэй хуульчлагдсан үндэслэлээр илүү эрх эдлэх эсхүл тус эрхүүдээс хамгийн түрүүнд эдлэх эрхийн талаар заасан байгаа. Олон жилийн турш төмс хүнсний ногоо тариалсан газрыг тухайн тариалсан эздэд нь давуу эрх олгож эзэмшүүлнэ гэж байгаа. Олон жилийн турш нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авдаггүй байсныг нэхэмжлэгч нар тэвчээртэй хүлээн авсан. Гэтэл 2011 онд болохгүй гэсэн газраа бусдад эзэмшүүлсэн учир Ц.Н нарт газар эзэмшүүлэхээс татгалзаж байгаа нь Газрын тухай хуульд заасан давуу эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Анх 1997 онд Нийслэлийн Засаг даргын А/** дугаар захирамжаар Б.Тахлагчтай нөхөрлөл 23600 м.кв газрын эзэмшиж байгаад 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б.Тхүсэлт гаргаж, газрын хэмжээгээ 4.4 га талбайгаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх ба 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Тариалангийн зориулалтаар Б.Т.... нөхөрлөлд 73*** м.кв талбай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжаар иргэн Б.Т-н 23*** м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар Б.Т-т тухайн байршилд газар эзэмших хэмжээг нэмж олгон нийт 73*** м.кв болгосон. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Энэ хуулийн 29.1-т зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээний зориулалтаар хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 01 га-аас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно гэж заасан.
Иргэний хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ, 35.2-т Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэж заасан байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т гишүүн гэж нөхөрлөлд хөрөнгө оруулсан этгээдийг хэлнэ. Хувь хүн, нөхөрлөл, төрийн эрх бүхий байгууллага гишүүн байж болно. гэж заасан байна. Иймд дээрх хуулийн заалтын дагуу Сонгинохайрхан дүүргийн ногоо, тариалан эрхэлдэг иргэд нийлж нөхөрлөл байгуулж газар эзэмшиж ашиглаж байсан байна.
2011 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр Б.Т, Д.Э нар хүсэлт гаргаж 73*** м.кв газрыг Д.Э шилжүүлэн авсан байна. 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүүргийн Засаг даргын 4** дүгээр захирамж нь дүүргийн Засаг даргын 2006 оны 2** дугаар захирамжийг үндэслэн хуулийн хүрээнд шилжүүлсэн байх тул хууль бус захиргааны акт болох үндэслэл байхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан гэтэл дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Д.Э, Э.А.... хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** тоот шийдвэрээр Д.Э-д 2011 оны 4** дүгээр захирамжийг үндэслэн Д.Э-д өөрийн 73*** м.кв газраасаа Э.А-д30***м.кв газрын эрхийг шилжүүлж 43*** м.кв газар одоо эзэмшиж байна.
Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ямар заалтаар хууль бус байсан болох талаар заагаагүй нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхлыг хөндсөн талаар дурдаагүй байгаа нь дээрх захиргааны акт хуулийн хүрээнд үндэслэл бүхий гарсан байна. Нэхэмжлэгч Ц.Н нь 2006 оноос өмнө Газрын тухай хуулийн ******* зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу гаргаж байгаагүй.
2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ц.Н-аас гаргасан өргөдлийн бүртгэл 671 дугаарт Ц.Н нь гомдол гаргаж тус гомдлыг Д.О*******т шилжүүлсэн уг гомдол нь газар хүссэн өргөдөл биш Д.Э-ы үйлдэл гаргасан гомдол байна. Хуулийн дээрх заалтыг үзвэл нэхэмжлэгч нар нь газар эзэмших хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж байгаагүй тул эс үйлдэхгүй гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй. Хүсэлт гаргаагүй тул тухайн газрыг нэхэмжлэгч нарт эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсгээгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/-д заасныг зөрсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч нар нь тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үйл баримт биш юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 4**, 2014 оны 1** дугаартай захирамжууд нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй буюу Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан зүйлгүй тул нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 1997 онд Нийслэлийн Засаг даргын 156 дугаар захирамжаар Б.Т-т 4,4 га /2360 м.кв/ газрыг олгосон байдаг. 2006 онд Б.Т нь хүсэлт гаргаж тариалангийн зориулалтаар Б.Тахлагчтай нөхөрлөлд 7392 м.кв газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулах гэрчилгээ олгосон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны Засаг даргын 2006 оны 7 дугаар сарын 17-ний өдрийн 2** дугаар захирамжаар Б.Т-н2360 м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгаж мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар Б.Т-т тухай байршилд газар эзэмших эрхийг нэмэгдүүлэн 7390 м.кв болгон өөрчилсөн. 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжаар Б.Т нь Д.Э-д холбогдох хэсгийг 2** дугаар захирамжаар шилжүүлсэн. 2** дугаар захирамжаар Э.А-д3000 м.кв газрыг шилжүүлсэн.
Нэхэмжлэгч Ц.Н нь 2006 оноос хойш тухай газрыг Газрын тухай хуулийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн аж ахуй нэгжид хүсэлт гаргаж байгаагүй. Учир нь нэхэмжлэгч нар хүсэлт гаргасан гэж байгаа хэдий Сонгинохайрхан дүүргийн Газрын алба хүсэлтийг нь хүлээн авдаггүй байсан бол дээд шатны байгууллага болон Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад гомдол гаргаж эрх ашгаа хамгаалах үүрэг хүлээсэн. Тэр үүргээ хэрэгжүүлээгүй байна. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан харин тухай иргэний эрх ашгийг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д овогтой Э анх Сонгинохайрхан дүүргийн ******* хорооны Мал бордох Хайрханы 6-91 тоот хаягт амьдарч байгаа ба 2006 оноос 73*** м.кв газрыг ногоо тарьж ашиглаж, эзэмшиж эхэлсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд 2011 онд газар эзэмших өргөдлийг өгсний үндсэн дээр тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** тоот шийдвэрийг үндэслэн тус газрыг хууль тогтоомжийн хүрээнд газрын гэрчилгээ авч жил бүр газрын төлбөрөө төлж одоог хүртэл эзэмшиж байгаа билээ. 2014 онд гэр бүлийн хэрэгцээнд хуваах шаардлагатай байсан учир том охин Э.А-д хувааж эзэмших хүсэлтийг Газрын алба хууль ёсны дагуу захирамж гаргаж өгсөн.
... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж тус тус заасныг харвал иргэн Ц.Н нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр үл барам бусдын хуулийн дагуу эрхийн гэрчилгээтэй эзэмшиж байгаа газрыг цуцлуулан авах гэж байгаа уг оролдлого нь шударга бус ... хууль бус үйлдэл гэж үзэж байна.
... Иймд Газрын тухай хуулийн 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн иргэн Ц.Н-ын гаргасан хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Ц.Н нь газар эзэмших хүсэлт гаргахдаа Хорооны Засаг даргад хүсэлт гаргасан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуульд Дүүргийн Засаг даргын эрх хэмжээг тогтоосон байдаг. Үүнд газар олгох эрх хэмжээ нь Дүүргийн Засаг даргад байхгүй. Иймд манай орон нутгийн байгууллага буюу дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй, эрх хэмжээгүй хорооны Засаг даргад өргөдөл гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нараас 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа олон удаа өөрчилсөн. Нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нараас бид уг газар дээр олон жил амьдарсан учир бид газрын бодитой эзэмшиж байхад өөр этгээдэд газрыг олгосон нь буруу гэж байсан. Гэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтаа цуглуулж явж байсан. Хариуцагч болон гуравдагч этгээдээс тайлбар гаргаад тухайн газартаа олон жил амьдарсан нь худлаа гэдэг талаар тайлбарлаж байсан. Мөн нэхэмжлэгч нарын хүсэж байсны дагуу тухайн хорооны Засаг дарга ирж гэрчийн мэдүүлэг өгч байсан. Үүнд Ц.Н нь тухайн газарт өөрөө амьдарч байгаагүй, ба маргаан бүхий газраас 100-200 км зайтай амьдардаг гэх мэт тайлбарыг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нар анх гаргаж байснаар тухайн байршилд олон жил амьдарч байсан гэдэг үндэслэл нь нотлогдоогүй. Үүний дараа анхан шатны шүүх хэргийг шийдээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд очсоны дараа өмнө нь яригдаж байгаагүй зүйлийг ярьж байсан. Тэр нь манайх уг газар дээр байшинтай Д.Э газраа эзэмшвэл бид байшингаа тойрч чадахгүй хэмжээнд очсон гэсэн тайлбар хэлсэн. Үүний дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нотлох баримт цуглуул гэдэг үндэслэлээр хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Сүүлд нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотой түүний үндэслэж болгож байгаа зүйл нь бид уг газар дээр олон жил ногоо тарьсан давуу эрхтэй гэдэг зүйлийг ярьсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш ярьж байгаа үндэслэл нь өөр болоод байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгодог. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага дээр 29.3 дахь хэсгийг бүрэн бичээгүй. Уг хуулийн заалтад багийн иргэдийн нийтийн хурлын санал сумын иргэдийн Төлөөлөгчдийн шийдвэрийг үндэслэн тариалангийн газрын газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан хүнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлж болно гэсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн тайлбар болон түүнийг дэмжиж өгч байгаа нотлох баримт зэргээс харахад газар тариалангийн салбарт ажилласан зүйл байхгүй. Өмнө нь энэ талаар яригдаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаа хангуулахаар дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэл болгож байгаа бол хуулийн зүйл заалт нь хангагдахгүй байна. 2018 оноос хойш ажиллагааны явцад гарсан, цуглуулсан нотлох баримт, өөрсдийнх нь цуглуулсан нотлох баримт, гаргаж байгаа тайлбараас энэ нь тогтоогдохгүй байна гэдэг нь харагдаж байна. Бид хүсэлт өгсөөр байхад энэ газрыг бидэнд олгоогүй гэж байна. Энэ талаар газар эзэмших хүсэлт өгч байгаагүй гэдэг нь хэрэгт цугларсан материалаас харагддаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс магадлал дээр нэхэмжлэгчийн эрх яаж хөндөгдөж байна гэдгээ тодруул гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 10 иргэн байгаа гэж байна. Одоо 4 иргэн гэдгээр явж байгаа. 10 иргэний эрх ашиг хөндөгдөж байна уу эсхүл 4 гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 3 жилийн хугацаанд нэхэмжлэлийн бодитой шийдвэрлүүлье гэдэг зүйл харагдахгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс газрын албанд холбогдуулан гаргасан газрын эзэмших өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй байгаа ба үүнийг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Үүнээс газар эзэмших тухай өргөдөл өгч байгаа нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Газрын тухай хуулийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар газар өмчлөх эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангана гэсэн. Гэтэл хуульд заасан шаардлагыг хангасан иргэдэд шударга ёс, тэгш байдлыг хангана. Харин нэг иргэн 7 га газартай, 10 иргэн газаргүй байгаа учир тэгш хувааж өгнө гэсэн зүйл байхгүй. Хуулийн өмнө шаардлагаа хангасан иргэд тэгш байдлаа хангуулах зарчимтай гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А: Газар эзэмших хүсэлт гаргасан өргөдөл нь нотлох баримтаар байхгүй. Иймд нэхэмжлэгч нарт газар эзэмших урьдчилсан нөхцөл нь биелээгүй байна. Өөрсдийнх нь үндэслэл болгож байгаа Газрын тухай хуулийн 29.3 дахь заалт нь энэ үйл баримттай хамааралгүй. Үүний дагуу нэхэмжлэлийн хангах үндэслэл бүрдээгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсгийг нэхэмжлэгч үндэслэл болгож байгаа. Гэтэл үүнд тухайн газар дээр түрүүлж хүсэлт гаргасан этгээд эзэмших эрх үүснэ гэсэн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдвал ямар эрх нь сэргэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нар нь 9996 м.кв газрыг авах хүсэлттэй байгаа ба давхцалтай газар нь 4*** м.кв газар байгаа. Цаана нь 5*** м.кв газар үлдэж байгаа хэдий ч үүн дээр эзэмших хүсэлт гаргасан зүйл байхгүй.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М үзэх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гурван шаардлага тодорхой байна. Гэхдээ уг маргааныг шийдвэрлэхэд давхцал хэзээ үүссэн бэ, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч нарын ногоо тарьж байсан газраас хууль зөрчиж гуравдагч этгээдэд газар олгосон эсэх нь нотлох баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл энэ нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлагын хувьд Б.Т-с газрыг Д.Э-д шилжүүлснээр хязгаарласан гэж байна. Хуулиар эрх бүхий байгууллагаас олгосон шийдвэрийг өргөдөл гаргах эрхийг зөрчсөн гэдэг агуулга бүхий хуулийн заалт байхгүй. Хэн газар эзэмших эрхийг түрүүлж гаргасан, хэн нь газраа ашиглаж байсан. Энэ нь давуу эрх үүсгэж байна уу гэдэг нь чухал юм. Эс үйлдэхүй нь гаргасан өргөдлийг хугацаанд нь шийдвэрлээгүй бол захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас эс үйлдэхүй гарч байна. Үүнээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөнө, тус зөрчигдсөн эрхийг сэргээхээр захиргааны байгууллагаас авах арга хэмжээг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлдог. Гэтэл нэхэмжлэгчээс өмнөх хуралдаан дээр 0,** га газрыг эзэмших гэж дөрвөн удаа өргөдөл өгөөд аваагүй гэдэг байдлаар хариуцагчийг буруутгаж байсан. Одоо ногоо тарих давуу эрхийг хязгаарласан гэж байна. Үүний урьдчилсан нөхцөл болох иргэн хүн ногоо тарьсан байх ёстой, газар эзэмших хүсэлтээ гаргасан байх ёстой. Газрын тухай хуулийн 32 дахь хэсэгт заасны дагуу кадастрын зураг хийлгэсэн байх өргөдлөө гараар бичсэн байх зэрэг ажиллагааг хийсэн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой. Энэ талаарх баримтыг хадгалаагүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би Хороон дарга дээр ногоо тарьж байгаа талаарх тодорхойлолт авах гэтэл ногоо тарьж байсан талаар бичихгүй харин миний амьдарч байсан гэдэг тодорхойлолтыг хийж өгсөн атлаа Ц.Н-т 2000 оноос эхлэн ногоо тарьж байсан гэсэн тодорхойлолт хийж өгсөн гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг тус шүүх 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж[1], мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах гэж өөрчлөн, тодруулж[2], 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа 1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, 2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, 3. Нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах гэж тодруулсан бөгөөд дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.3-д Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. гэж заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн эзэмшигч газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.
I. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Б.Т.... нөхөрлөл Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/** дугаар захирамжаар 23600 м.кв газрын эзэмшиж байгаад 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б.Т хүсэлт гаргаж, газрын хэмжээгээ 4.4 га талбайгаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2** дугаар захирамжаар иргэн Б.Т-н 23*** м.кв газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар Б.Т-т тухайн байршилд газар эзэмших хэмжээг нэмж олгон нийт Тариалангийн зориулалтаар Б.Т..... нөхөрлөлд 73*** м.кв талбай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжаар[3] ******* хороо, мал бордоход орших аж ахуйн зориулалттай эзэмшиж байсан 73*** м.кв газрыг Д.Э-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2006 оны 2** дугаар захирамжийн Б.Т-т холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.
Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн холбогдох хэсгээр Д.Э-ы эзэмшиж байсан 73*** м2 газрын 30*** м.кв газрыг Э.А-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар нь уг захирамжийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ ... Дүүргийн Засаг дарга 2011 оны 4** дүгээр захирамж нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-д шилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлж, газрын байршил, зориулалтыг өөрчлөн нэхэмжлэгч нарын олон жилийн турш төмс хүнсний ногоо тарьсан маргаж байгаа газарт давхардуулан олгосноор Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан давуу эрхээр газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн хуулийн 4.1.3 дахь хэсэгт заасан төрөөс газар эзэмших, ашиглуулах, өмчлүүлэхэд шударга байдлыг хангана гэсэн зарчмыг зөрчиж гарсан захирамж юм. Дараах хоёр байдлаар зөрчиж байгаа ба нэгдүгээрт тухайн үед нэхэмжлэгч нар удаа дараа дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргаж тухайн байршилд хэсэгчилсэн төлөвлөгөө хэрэгжиж байгаа учир танайд олгохгүй гэдэг хариуг өгсөн атлаа 2014 онд хэсэгчилсэн төлөвлөгөө хүчин төгөлдөр байхад хэрэгжиж байсан үед иргэн Д.Э-ы 7,3 га газар эзэмших хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан нь шударга тэгш ёсны зарчмыг зөрчсөн.
Нэхэмжлэгч 4 иргэний гэр бүлийн 10-аад иргэнийг амьжиргааны эх үүсвэргүй болгож, ногоо тарьж ашиглаж байгаа газрыг эзэмшүүлэхээс татгалзсан атлаа Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт нэг иргэнд газар эзэмшүүлэх төмс хүнсний ногоо тарих зориулалтаар олгох газрын дээд хэмжээ нь 5 га байна гэж заасныг зөрчиж 7,3 га газрыг Д.Э-д олгосон нь хууль зөрчиж байна. Нэхэмжлэгчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж байна.
Газрын тухай хуулийн 29.3 дахь хэсэгт төмс хүнсний ногооны зориулалтаар нэг иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ 5 га байна гэж заасан байхад 7,3 га газрыг эзэмшүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Мөн 4** дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх захирамжтай холбоотой шийдвэр кадастрын зураглал Газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлийн 13.2.4, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг зөрчсөн. Эдгээр заалт нь газар эзэмших эрхийг шилжүүлж байгаа тохиолдолд эзэмшигчийн нэр нь солигдоод нэгж, талбар, хэмжээ нь өөрчлөгдөхгүйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн. Б.Т нь 23,6** м.кв буюу 2,3 га газрыг эзэмшиж байхад газар эзэмших эрхийг шилжүүлэх нэрээр 5 га газрыг нэмж олгосон. Энэ нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж талбайн хэмжээг томруулсан байдаг. Хоёрдугаарт байршлыг зөөсөн, маргаж байгаа газар болон иргэн Б.Т-н эзэмшиж байсан 23,***м.кв газрын хооронд 11 км зай байна гэдгийг Мэдээллийн хөтлөх тухай хуулиараа Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр 10 км зайтай байна гэдэг байдлаар тогтоож нотолсон. Энэ байдлаар талбайн хэмжээг нэмээд байршлыг зөөсөн. Талбай нэмэх зайлшгүй шаардлага гарсан бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явагдах ёстой байсан. Гэтэл дуудлага худалдаа явагдаагүй, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг нотлох баримт болон лавлагаа нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас ирсэн. Ингэж олгохдоо иргэдийн ногоо тарьж амьжиргааны эх үүсвэр болгосон газрыг авч хашааг нь буулгаж зурганд оруулж иргэн Д.Э-д эзэмшүүлсэн.
Газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж байна гэдэг нэрийн дор талбайг томруулж байршил болон зориулалтыг өөрчилсөн. Газрын зориулалтыг өөрчлөх ёсгүй. Дээр дурдсан газрын кадастр, кадастрын зураглалын тухай хуульд зааснаар эзэмших эрх шилжүүлэх гэж байгаа бол зөвхөн эзэмшигчийн нэр солигдох ёстой байдаг. Газартай холбоотой газрыг тодорхойлдог гурван зүйлийг зөрчсөн. Үүнд газрын байршлыг өөрчилсөн, талбайн хэмжээг сольсон, зориулалтыг өөрчилсөн. Иймд 2011 оны Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 4** дүгээр захирамжийн хууль бус захирамж байна гэдгийг нотолж байна гэж, харин хариуцагч нь 2011 онд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр Б.Т, Д.Э нар хүсэлт гаргаж 73*** м.кв газрыг Д.Э шилжүүлэн авсан байна. 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дүүргийн Засаг даргын 4** дүгээр захирамж нь дүүргийн Засаг даргын 2006 оны 2** дугаар захирамжийг үндэслэн хуулийн хүрээнд шилжүүлсэн байх тул хууль бус захиргааны акт болох үндэслэл байхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь хууль бус захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан гэтэл дээрх захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Д.Э, Э.*******ын хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** тоот шийдвэрээр Д.Э-д 2011 оны 4** дүгээр захирамжийг үндэслэн Д.Э-д өөрийн 73*** м.кв газраасаа Э.А-д 30*** м.кв газрын эрхийг шилжүүлж 43*** м.кв газар одоо эзэмшиж байна.
Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ямар заалтаар хууль бус байсан болох талаар заагаагүй нэхэмжлэгчийн ямар ашиг сонирхлыг хөндсөн талаар дурдаагүй байгаа нь дээрх захиргааны акт хуулийн хүрээнд үндэслэл бүхий гарсан байна гэж, гуравдагч этгээд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэж тус тус заасныг харвал иргэн Ц.Н нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр үл барам бусдын хуулийн дагуу эрхийн гэрчилгээтэй эзэмшиж байгаа газрыг цуцлуулан авах гэж байгаа уг оролдлого нь шударга бус ... хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Ц.Н нь газар эзэмших хүсэлт гаргахдаа хорооны Засаг даргад хүсэлт гаргасан байна. Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуульд хорооны Засаг даргын эрх хэмжээг тогтоосон байдаг. Үүнд газар олгох эрх хэмжээ нь хорооны Засаг даргад байхгүй. Иймд манай орон нутгийн байгууллага буюу дүүргийн Засаг даргад өргөдөл гаргаж байгаагүй, эрх хэмжээгүй хорооны Засаг даргад өргөдөл гаргаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно, 38.2-т хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана 38.4 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно гэж зааснаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжаар Д.Э-д Б.Т-н газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон нь хуульд нийцсэн бөгөөд тус захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, Газрын тухай хуулийн ******* зүйлийн 32.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана., 32.2 дахь хэсэгт Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана:, 32.2.1 дэх заалтад овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар;, 32.2.2 дахь заалтад эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг;, 32.2.3 дахь заалтад газар эзэмших зориулалт, хугацаа., 32.5 дахь хэсэгт Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна. гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, газар эзэмшихийг хүсэж байгаа иргэн нь газар эзэмших тухай хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу тухайн шатны Засаг даргад гаргаж, хүсэлтдээ холбогдох баримтыг хавсаргахаар байна.
Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я, Ц.Н нар нь маргаан бүхий газрыг эзэмшихээр хуулийн дээрх шаардлагыг хангасан хүсэлтийг дүүргийн Засаг даргад гаргаж байсан нь нотлогдож байна.
Хэрэгт нотлох баримтаар Нийслэлийн газрын албаны 2015 оны ирсэн өргөдлийн бүртгэлийн дэвтэр авагдсан бөгөөд түүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.Н нь /Ц-А-н Н гэдэг нэрээр/ 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гомдол гэх агуулга бүхий өргөдлийг гаргаж байжээ[4].
Нэхэмжлэгч Ц.Нын гаргасан дээрх өргөдлийг маргаан бүхий газрыг эзэмшихээр гаргасан хүсэлт гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын тухайд маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар нь тухайн газрын эзэмших эрхтэй холбоотой асуудлаар маргах эрхгүй бөгөөд маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Т.Б, Ц.Ж, Ц.Я, Ц.Н нар нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, Мал бордохын задгай, Хайрханы 9-1**, 9-1** тоотуудад ажиллаж, амьдарч ирсэн үйл баримт тогтоогддог бөгөөд хэргийн оролцогч нар энэ үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нар нь хэдийгээр тухайн маргаан бүхий газарт 2006 оноос хойш ажиллаж, амьдарч ирсэн гэх боловч тухайн газраа эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй байх тул гуравдагч этгээдийн хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа газар эзэмших эрхийг хүчингүй болгож, уг газрыг нэхэмжлэгч нарт давуу эрхээр эзэмшүүлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч нар нь 2***, 2***, 2*** оноос хойш оршин сууж буй газартаа эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд удаа дараа хандсан боловч хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан тул төлөвлөлт хийсэн газарт газар эзэмших өргөдөл хүлээж авахгүй гэж хэлээд өргөдлийг авдаггүй байсан гэх тайлбарын тухайд:
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүх хуралдаан дээр дээр дурдсан хугацаанд өргөдлөө гаргасан боловч хүлээж авдаггүй байсан тул тухайн үедээ өргөдөл маань устаж үгүй болсон гэж тайлбарлан нэхэмжлэгч нарын гаргаж байсан гэх өргөдлийн хувийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй бөгөөд хариуцагч дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч нар нь тухайн маргаан бүхий газраа эзэмших хүсэлтийг дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж байгаагүй талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Мөн нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцож байсан Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17/** дүгээр албан бичгээр ирүүлсэн ... хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш тухайн байршилд ... өргөдөл, хүсэлт хүлээж авдаггүй байсан[5] гэх тайлбарыг нэхэмжлэгч нар өөрт хамааруулан үзэж байх боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгч нараас гаргаж байсан өргөдөл, хүсэлттэй шууд хамааралтай, шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч болох 4 иргэн нь тус тусдаа эсхүл нэг өргөдөл, хүсэлтээр хамтдаа тухайн маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлтийг хариуцагч дүүргийн Засаг дарга болон дүүргийн газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан, гаргасан хүсэлтийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байсан хариуцагч болон захиргааны байгууллагын үйл баримт тогтоогдохгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч нарын 2***, 2***, 2*** оноос хойш оршин сууж буй газартаа эзэмших эрх авахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд удаа дараа хандсан боловч хотын ерөнхий төлөвлөгөө батлагдсан тул төлөвлөлт хийсэн газарт газар эзэмших өргөдөл хүлээж авахгүй гэж хэлээд өргөдлийг авдаггүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нар нь бид маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны давуу эрхээр эзэмших эрхтэй гэж маргажээ.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна. гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрын эзэмшүүлж болохоор байна.
Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нар нь хуулийн дээрх заалтын дагуу маргаан бүхий газрыг давуу эрхээр эзэмших боломжгүй юм.
Учир нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт давуу эрхээр эзэмшүүлэх талаар багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй бөгөөд нэхэмжлэгч нар газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан үйл баримт мөн тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч нарын бид маргаан бүхий газрыг Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасны давуу эрхээр эзэмших эрхтэй гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Н нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр R L O L ХХК-аар Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Хайрхан 9-*** тоот хаягт байрлах 9***.2 квадрат метр газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хийлгэжээ[6].
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/7** дүгээр албан бичгээр ... Р о* л * ХХК-ийн үйлдсэн иргэн Ц.Н-ын 9669 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан иргэн Д.Э-ы эзэмшлийн 73*** м.кв талбайтай газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 4*** м.кв талбайтайгаар давхцалтай байна.[7] гэжээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч нарын давуу эрхээр эзэмших эрхтэй гэж маргаж газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай 4*** м.кв талбайгаар давхцалтай болох үйл баримт тогтоогдож байна.
Гэхдээ нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээд Д.Эг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмших эрх олж авахаас өмнө тухайн газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ манай газартай давхцуулан эзэмшүүлсэн гэх тайлбар мөн үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших талаарх хүсэлтийг 2004 оноос хойш гаргаж байсан гэж тайлбарладаг боловч 2018 онд R L O LХХК-аар газрын эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг хийлгэснээс үзвэл 2018 оноос өмнө тухайн газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэхээр байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, иргэн Б.Т-с иргэн Д.Э-д 73*** м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
II. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Э-ы гаргасан хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд Д.Э-ы Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжаар эзэмшиж байсан 73*** м.кв талбай бүхий газраас 30*** м.кв талбай бүхий газрыг иргэн Э.А-д шилжүүлэн эзэмшүүлснийг баталгаажуулж, 43*** м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээд Д.Э-д үлдсэнийг баталгаажуулжээ[8].
Гуравдагч этгээдийн дээрх өөрийн эзэмшлийн газраас холбогдох хэсгийг иргэн Э.А-д шилжүүлсэн үйлдэл нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байх бөгөөд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой баримтууд газрын хувийн хэрэгт бүрэн авагдсан байна[9].
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, шүүхээс гуравдагч этгээдийн маргаан бүхий газрыг анх эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн бөгөөд тус захирамжаар эзэмшиж байсан газрынхаа холбогдох хэсгийг бусдад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.Э-д холбогдох хэсэг нь ч мөн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ч мөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
III. Нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч буюу өргөдөл, гомдол гаргагч нь хариуцагч буюу захиргааны байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэх гэж байгаа асуудлаараа өргөдөл, гомдлоо гаргасан байх бөгөөд хариуцагч буюу захиргааны байгууллага, албан тушаалтнаас гомдлыг шийдвэрлээгүй буюу шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан байхыг шаарддаг.
Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг давуу эрхтэйгээр эзэмших талаарх хүсэлтийг хариуцагч буюу дүүргийн Засаг даргад гаргаж байгаагүй байх тул хариуцагчийн зүгээс эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.
Иймд мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч иргэн Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ Засаг даргад өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталсугай.
2. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, ******* зүйлийн 32.1, 32.2, 32.2.1, 32.2.2, 32.2.3, 32.5, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Н, Т.Б, Ц.Ж, Ц.Я нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4** дүгээр захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Д.Э-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4*** м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хэргийн 2 дугаар хавтас, 206-208 дугаар хуудас.
[2] Хэргийн 4 дүгээр хавтас, 73-79 дүгээр хуудас.
[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 167-170 дугаар хуудас.
[4] Хэргийн 2 дугаар хавтас, 102-103 дугаар хуудас
[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 150-151 дүгээр хуудас
[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 22-23 дугаар хуудас
[7] Хэргийн 3 дугаар хавтас, 205-206 дугаар хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 54-55 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 39-49 дүгээр хуудас