| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0938/з |
| Дугаар | 221/МА2025/0375 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0375
“А ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Нэхэмжлэгч: “А ц” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “Н о с к” ХК
Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/911 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0260 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0938/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/911 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0260 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан “А ц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/911 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхээс “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг зөрчиж, шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй” гэж буруу дүгнэсэн.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/62 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр 1584 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн сургууль баригдахаар төлөвлөгдөж нэхэмжлэгч 1 барилгын суурийн ажил, 134 гурван талт гэрээ байгуулахаас 25 гурван талт гэрээ байгуулж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, өмчлөгч иргэдтэй байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өмчлөгч иргэдийн эрх ашгийг 10 жил хохироосон нөхцөл байдлыг тогтоож цаашид иргэдийн эрх ашгийг хамгаалах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын 2024 оны А/911 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, 2024 оны А/1091 дүгээр захирамжаар “Н о с к” ХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.
3.2. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчтэй байгуулсан гурван талт гэрээний 4.2.5-д “төсөл хэрэгжүүлэх байршилд барьж байгуулах инженерийн болон нийгмийн дэд бүтцэд зориулан улс, нийслэлийн төсвөөс олгосон мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, гүйцэтгэж тайлагнах” гэж заасны дагуу нэхэмжлэгч төслийн байршилд баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцэд барих гэрээг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хийсэн байдаг. Шүүх нийслэлийн Засаг даргын 2015 оны А/62 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэгч мөн, бас гурван талт гэрээний дээрх заалтын дагуу төслийн байршилд баригдах инженерийн болон нийгмийн дэд бүтцэд барих ажил гүйцэтгэх үүрэгтэй талаар тодруулаагүй. Нэхэмжлэгч төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор гурван талт гэрээний 4.1.3, 4.1.4, 4.2.2, 4.2.5, 4.2.6-д заасан үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулж, нотлоогүй.
3.3. Нэхэмжлэгч 98 өрхтэй 2 талт гэрээ байгуулсан бөгөөд түүнийг 3 талт гэрээ болгох хүсэлтээ хариуцагчид огт ирүүлээгүй нь нэхэмжлэгч төслийн үйл ажиллагааны тухай үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах, тайлагнах үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулаагүй. Учир нь нэхэмжлэгч шүүх хурал дээр 98 өрхтэй 2 талт гэрээ байгуулсан тухай анх удаа мэдэгдсэн. Шүүх хариуцагч 98 өрхтэй байгуулсан 2 талт гэрээг мэдсээр байж 3 талт гэрээ болгоогүй Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг зөрчсөн гэж, нэхэмжлэгчийг тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д заасан үүргээ биелүүлсэн эсэх талаар үнэн зөв дүгнэлт өгөөгүй.
3.4. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулж нотлоогүй, нотлох баримтыг дутуу үнэлж, төслийн байршил дэх иргэдийн эрх ашийг эрхэмлээгүй шийдвэр нь цаашид энэ мэт 10 жил хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төсөл хэрэгжүүлэгч нарын эрх ашгийг хамгаалсан, төслийн үйл ажиллагаа удаашруулах, иргэдийн эрх ашгийг хөндсөн, хохирлын хэмжээг нэмэгдүүлэх эрсдэлт нөхцөл байдалд хүргэж болзошгүй.
Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан нийтийн эрх ашгийг эрхэмлэн хэргийн нөхцөл байдлыг дутуу тодруулсан, нотлох баримтыг буруу үнэлж шүүх нотлох зарчмыг баримтлаагүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0260 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. “А ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/911 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
3.1. Ингэхдээ, шаардлагын үндэслэлээ ... газар чөлөөлсөн 6 иргэнээс бусад өмчлөгч, эзэмшигчдээс санал аваагүй, барилгажих талбай дахь 134 өмчлөгч, эзэмшигчтэй хоёр талт гэрээ байгуулсан тул “80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулах” нөхцөлийг хангасан хэвээр байсан, нийслэлийн Засаг дарга нь 3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс барилгын ажлыг цааш нь явуулж чадаагүй, эдгээр нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлгүй, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг 2024 онд дахин батлуулсан, энэ хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч солигдсон зэргийг харгалзалгүй шийдвэр гаргасан гэх зэргээр тодорхойлж маргасан.
3.2. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... төсөл хэрэгжүүлэх нэгж талбарт өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай нь тогтоосон хугацаанд 3 талт гэрээ байгуулсан байх шаардлагыг хангаагүй, нийслэлийн төсвөөр тодорхой зураг төслийн ажлууд хийгдсэн, сүүлийн 2 жилийн хугацаанд календарьчилсан төлөвлөгөө батлуулаагүй, төсөл хэрэгжүүлэх эрх авсан хугацаанд гэр хорооллыг барилгажуулах ажил удааширч, иргэдээс санал гомдол ирүүлсээр байсан тул иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалахын тул төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, Н о с кд шилжүүлсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;
4.1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын “А” блок 11.5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А ц” ХХК-ийг шалгаруулж батламжилжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 19/23 дугаар тогтоолоор баталсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтийн төслийн байршлаар баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтөөр 1584 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг баригдахаар төлөвлөгдсөн уг 11.5 га талбайд 134 газрын нэгж талбар хамаарах ба “А ц” ХХК-ийн хувьд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл 7 нэгж талбарын 5000 орчим кв.м газрыг чөлөөлсөн.
Гурван талт гэрээний дагуу газар чөлөөлсөн 7 нэгж талбарын өмчлөгч иргэдэд 2023 оны 9 дүгээр сараас хойш түрээсийн зардал олгоогүй гэж хариуцагч тайлбарлах бол “төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдаж магадгүй болсон учраас 2024 оны 4 сараас түрээсийн зардлыг зогсоосон” гэж нэхэмжлэгч тайлбарлана.
Харин чөлөөлсөн талбайд 6 давхар 96 айлын орон сууцны барилга угсралтын ажлаас зөвхөн суурийн хэсгийг цутгасан, сургуулийн барилгын 2 давхар карказыг угсарсан байгаа нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгээр ч тогтоогдох бөгөөд хэрэгжүүлж буй төсөлд хамаарах барилгын гүйцэтгэлийн талаар хэргийн оролцогчид маргаагүй.
4.2. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас дээрх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх /“А” блок 11.5 га/ инженерийн шугам сүлжээний ажлыг зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад мөн л “А ц” ХХК-ийн түншлэл шалгарч, 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан ба 172,976,000 төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санхүүжүүлсэн болохыг ч нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн ДТ15/119 тоот архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Барилгын хөгжлийн төвөөс олгосон 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ЕД-0527/2016 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтэд дурдсан дулаан, цахилгаан хангамж, гадна холбооны техникийн нөхцөлүүд 2 жил хүртэл хугацаагаар олгогджээ.
4.3. Тус хуулийн этгээдийн хувьд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр /төсөл хэрэгжүүлэх эрх олгохоос өмнө/-өөс 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд 108 иргэн /зарим нэр давхардана/-тэй хоёр талт гэрээ байгуулсан бол 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий 35 иргэнтэй гурван талт гэрээ байгуулсан /үүнээс 3 нь цуцалсан, 7 гэрээг Н о с кд шилжүүлсэн гэх/ талаарх баримт хэрэгт авагдсан.
Төслийн талбайд хамаарах нэгж талбарт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигч буюу газраа чөлөөлсөн Ж.Батмагнай нарын нэр бүхий 7 иргэнээс “гурван талт гэрээний үүрэг биелэгдэхгүй удааширсан, барилгын ажил эхлээгүй, түр суурьших зардлыг цаг хугацаанд нь олгохгүй хохироосон” гэх асуудлаар нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Орон сууцны бодлогын газарт 2023-2024 оны турш удаа дараа өргөдөл, гомдол гаргажээ.
4.4. Улмаар төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээд, өргөдөл гомдол гаргасан иргэдийн төлөөллийг оролцуулан уг төслийн хэрэгжилтийг хэлэлцсэн Хяналтын хорооны 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/06 дугаар шийдвэрээр “А ц” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахыг Орон сууцны бодлогын газарт даалгаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Засаг даргын хувьд, Хяналтын хорооны дээрх шийдвэрийн дагуу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, 49.3.5, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан Гэр хорооллыг дахин барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2, 5.3 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.
4.5. Үүний дараа нийслэлийн Засаг даргаас 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/1091 дүгээр захирамж гаргаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын “А” блок 11.5 га талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр, гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг гуравдагч этгээд “Н о с к” ХК-д даалгасан байна.
5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “... төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах үүрэг нь хариуцагч захиргааны байгууллагад байх бөгөөд 3 талт гэрээ байгуулаагүй, энэ үүргээ биелүүлээгүй атлаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэж үзэж “А ц” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь илт үндэслэлгүй, эдгээр нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоолгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчсөн, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж 3 талт гэрээ байгуулсан атлаа зөвхөн нэхэмжлэгчийг төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь учир дутагдалтай, 2024 онд төслийн барилгажих ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн гүйцэтгүүлж батлуулсан болох нь тогтоогдсон, нийслэлийн Засаг дарга нь гурван талт гэрээний 5.1.3-д заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан төслийн талбайд инженерийн, нийгмийн дэд бүтцийн ажил хийгдээгүйгээс төсөл хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд холбогдох хуулийг буруу тайлбарлажээ.
6. Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;
6.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““төсөл хэрэгжүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг /хэлнэ/”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.1.1. хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхээр иргэн, хуулийн этгээдээс гаргасан саналыг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хүлээн авах, хянан шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд хэрэгжүүлэх эсэх талаар шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ”, 23 дугаар зүйлийн 23.1-д “Төсөл хэрэгжүүлэгч дараах эрх, үүрэгтэй: 23.1.5.төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна” гэж,
6.2. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллыг дахин барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-д “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдаагүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заасан.
Хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд, хуулийн этгээдээс гаргасан саналын дагуу хот суурин газрыг дахин хөгжүүлэх буюу гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засаг дарга гаргах; харин үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, төслийг хэрэгжүүлэгч хуулийн этгээд болон Засаг даргын хооронд гуравласан гэрээ байгуулсан нөхцөлд төслийг хэрэгжүүлэх; ингэхдээ төсөл хэрэгжүүлэгчийн хувьд сонгосон талбайд хамаарах газар эзэмшигч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн 80-аас доошгүй хувьтай нь уг гурван талт гэрээг байгуулсан байх шаардлагатай ба хууль, журмаар тодорхойлсон энэ үүргийг биелүүлээгүй нь төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлах үндэслэл болохоор зохицуулжээ.
Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл нь нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нийгмийн зайлшгүй буюу суурь хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагаа болохын хувьд иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах шаардлагын үүднээс төсөл хэрэгжүүлэх эрх олгосноос хойш өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулах, холбогдох зөвшөөрөл авах, төлөвлөгөө батлуулах, барилгын ажлыг эхлүүлэх хугацаа, төслийн үе шат бүхэнд хамаарах бусад шаардлагатай нөхцөл, арга хэмжээг ч холбогдох журмаар нарийвчлан зохицуулсан ба төсөл хэрэгжүүлэгч нь үүнийг хэрэгжүүлээгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр тусгасан.
7. Дээрх зохицуулалтыг, хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримттай харьцуулан үзэхэд, төсөл хэрэгжүүлэгч нь хууль, журам хийгээд гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж хангаагүй, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах хүртэл 10 жилийн хугацаанд барилгыг ажлыг гүйцэтгээгүй, газар чөлөөлсөн иргэдийн эрхийг хохироосон байх тул хариуцагч түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдал тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Учир нь нэхэмжлэгч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/62 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш маргаан бүхий актыг гарах хүртэл хугацаанд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ГХДТ-2014/2 багцын “А” блок 11.5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар чөлөөлсөн талбайд барилгын ажлыг гүйцэтгээгүй, үүнийхээ шалтгааныг “төслийн талбайд улсаас гүйцэтгэх ёстой дэд бүтцийн асуудал шийдэгдэхийг хүлээж байсан” гэж тайлбарладаг ч “хариуцагч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлд хүрсэн” гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй, иймээс журамд зааснаар “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэлтэй тул нийслэлийн Засаг дарга Хяналтын хорооны саналыг үндэслэн түүний төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь хууль болоод нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэр гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Төслийг хэрэгжүүлэх 9 жилийн хугацаанд орон сууцны зориулалттай нэг барилгын суурь цутгасан, сургуулийн барилгын 2 давхар карказын ажил гүйцэтгэснээс өөрөөр гэр хорооллыг дахин барилгажуулахтай холбоотой хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгасан ажлыг гүйцэтгээгүй тохиолдолд нийгмийн зайлшгүй хэрэгцээг хангахад чиглэсэн уг үйл ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбоотой хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх тул тогтоосон хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй гэх журмын зөрчилд хамаарна.
9. Энэ хэсгийн 6-д заасан хууль, журмын зохицуулалтыг мөн хэсгийн 4.3-т заасан хоёр болон гурван талт гэрээ байгуулсан нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд, “өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гурван талт гэрээ байгуулах нь төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл байх” атал төсөл хэрэгжүүлэх эрх авснаас хойш 2016 оны 4 сар хүртэлх хугацаанд 134 нэгж талбараас ердөө 35 өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулсан энэ тохиолдолд хуульд заасан “80 хувийн босго тогтоосон” урьдчилсан нөхцөлийг хангасан гэж дүгнэх боломжгүй.
Гэтэл анхан шатны шүүх, хэргийн оролцогчдын маргаж буй энэ үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ, гурван талт гэрээ байгуулах үүрэг нь гагцхүү Засаг даргад хадгалагдана гэж Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.2, 23 дугаар зүйлийн 23.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарласан.
10. Хяналтын хорооны 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд “А ц” ХХК-ийн төслийн менежер Г.О “... шугам сүлжээний зургийг шинэчлэх ажлыг “Инж байгууламж” ХХК-иар шинэчлэн гүйцэтгүүлж байна, Хот байгуулалт, хотын стандартын газартай зөвшилцөх ажил 80 хувьтай, дэд бүтцийн төсвийг улсын төсөвт суулгах санал хүргүүлэхээр бэлтгэж байна” гэж тайлбарласны зэрэгцээ тус компани нь энэ хэсгийн 4.2-т заасан нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас санхүүжүүлсэн дээрх төслийн инженерийн шугам сүлжээний ажлыг зураг, төсөв боловсруулах ажлыг ч бүрэн гүйцэтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
11. Нэхэмжлэгчийн хувьд “төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар жил бүр нийслэлийн Орон сууцны бодлогын газар хүсэлтээ хүргүүлж байсан, тодорхой шаардлагын улмаас барилгажих төлөвлөгөөний зураг төслийг дахин боловсруулж баталгаажуулсан” гэж тайлбарлан, Нийслэлийн ерөнхий архитектороор 2024 онд батлуулсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зөвхөн барилгажилтын төслийн зургийг хэрэгт ирүүлэх боловч уг төслийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг нэгэнт хангаагүй; төлөвлөгөө баталж, түүний дагуу төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь илэрхий бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон; хэн аль нь энэ талаар маргаагүй буюу “төслийн хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлаар захиргааны байгууллагад бичгээр хандаж баримтжуулаагүй нь манай алдаа болсон, календарьчилсан төлөвлөгөө гаргаж батлуулаагүй” болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.
Түүнчлэн Барилга, хот байгуулалтын яамнаас 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр олгосон БУ19-1687/14 дугаартай тусгай зөвшөөрөл, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 341/2015 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл болон энэ хэсгийн 4.2-т заасан техникийн нөхцөлүүдийн хүчинтэй хугацаа дууссан, сунгасан буюу дахин олгосон болох, архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн батлуулсан эсэх нь хэрэгт авсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул “А ц” ХХК-ийн хувьд тухайн төслийг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж үгүйсгэгдэх ба энэ талаарх захиргааны байгууллагын шийдвэр үндэслэл бүхий болжээ.
12. Хариуцагч шийдвэр гаргахдаа, төсөл хэрэгжүүлэгч болон газар чөлөөлсөн иргэдийн санал тайлбарыг хэлэлцсэн Хяналтын хорооны шийдвэрийг харгалзан үзсэн учраас “нөхцөл байдлыг тогтоолгүй шийдвэр гаргасан” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт ч бодит байдалд үл нийцнэ. Гурван талт гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн бөгөөд түр суурьших зардлаа бүрэн авч чадахгүй хохирч буй талаараа нэр бүхий 7 иргэн гомдол гаргасныг болон 9 жилийн хугацаанд төсөл хэрэгжихгүй удааширч буй энэ нөхцөлд “иргэдийн нийтлэг эрх ашгийг эрхэмлэх, нийгмийн зайлшгүй хэрэгцээг хангах” зарчмыг хангахын тулд “А ц” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж, “Н о с к” ХК-д шилжүүлж, гэрээ байгуулах эрх олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2025/0260 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, 23 дугаар зүйлийн 23.1.5, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А ц” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/911 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ