Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/141

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           4              04                                                    2023/ШЦТ/141  

 

                         

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

Хохирогч Ц.Отгонням, 

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б, 1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 13-ны едрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ял биелэгдэж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цавхангай" гэх газрын асфальтан замд Тоёота приус маркийн 37-26 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, жолооч Ц.Отгоннямын жолоодож явсан Мазда маркийн 66-87 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Отгоннямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан

 

Хохирогч Ц.Отгонямын өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн 66-87 УАК улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод жолоочийн хажуу талын суудал дээр манай хүүхэд Очирбат, жолоочийн хойд талд манай эгч Дуламдорж, түүний хажууд Дуламдоржийн хүүхэд Гантулга нарын хамт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орох гээд 11 цагт хөдлөөд 18 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын нутагт явж байхад шулуун замд Улаанбаатар хот руу явах чиглэлд замын хөвөөн дээр хоёр тээврийн хэрэгсэл зогсож байсан. Эхлээд урд талд нь байсан машин нь хөдлөөд Улаанбаатар хот чиглэл рүү яваад хойд талын машин нь хөдлөхгүй зогсож байхаар нь хажуугаар нь зөрөх гэж байхад гэнэт нөгөө зогсож байсан машин хөдлөөд манай машины баруун талаас мөргөөд манай машиныг замын хойд тал руу унагаагаад хөдөлсөн машин нь цаашаа зугтаагаад яваад өгсөн. Миний нурууны 4 сэртэн хугарсан. Баруун гарын шуу зулгарсан. Би 5 км/ц хурдтай явж байсан. Эгчийн хүүхэд Гантулгыг машинд хүүхэд тээвэрлэхэд суулгадаг сандал дээр суулгасан байсан. Харин би болон манай эгч, манай хүүхэд бид 3 суудлын бүс хэрэглэсэн байсан. Тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээнд тусгагдсан 18 817 200 төгрөг, эмчилгээний зардал 645 150 төгрөг, тээврийн хэрэгслийн ачилт оношилгоо, үнэлгээний зардал 1 335 500 төгрөг, мэдүүлэг өгөхөөр явсан зардал 129 500 төгрөг, миний 2 сарын цалин 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 493 000 төгрөг, нийт 27 420 000 төгрөгийг нэхэмжилнэ. Одоо хохирлоо хурдан барагдуулмаар байна. М.Б гэх хүн одоогийн байдлаар бид нарт 5 300 000 төгрөгийг өгсөн байгаа. Манай машиныг мөргөсөн жолооч тэр үед хэргийн газрын үзлэг хийж байхад гуйваад амнаас нь архи үнэртээд зогсож чадахгүй согтуу байсан. Манай машиныг мөргөөд зугтсны дараа араас нь очход машинд нь шилтэй архи байсан.”,  

"Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны орой 18 цагийн үед тэр газар зам чөлөөлөн зогсож байсан машиныг гүйцэж түрүүлэхээр хурдаа удаашруулан хажуугаар нь гарах үед уг машин гэнэт дохио өгөлгүй зам дээр эргэхээр хөндлөн манай машиныг мөргөж замын хажуу руу түлхэж замын хажуу руу унагаасан. Уг тээврийн хэрэгсэл нь мөргөснөө буцаж ухраад ертөнцийн зүгээр баруун зүг рүү 200 метр орчим яваад хойд зүг рүү буусан замын гарцаар буугаад хойшоо тариалангийн талбай руу зугтаад явчихсан. Тэгээд би машинаасаа буугаад дээшээ асфальтан замын далан дээр гарахад хойд тариалангийн талбайд машины тоормосны гэрэл харагдаад, машин нь явахгүй зогссон байхаар нь би араас нь ганцаараа гүйгээд очход машин нь уриншсан талбайд суучихсан хөдлөхгүй байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь бууж ирээд "хүмүүс нь амьд уу" гэж асуусан. Магадгүй бид машиндаа үхчихсэн бол өнөөдөр хэрэгтэн олдохгүй зам тээврийн осол болох байсан байх. Тэр хүнээс маш их архи үнэртээд, согтуу гуйваад байсан. Машин дотор жолоочийн эсрэг талын суудал дээр дууссан 0,75 литрийн архины шил байсан. Тэгээд уг хүнийг би дагуулаад машин дээрээ ирээд байж байхад цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 26, 72, 210/,

Гэрч Ц.Дуламдоржийн өгсөн: “...18 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын нутагт явж байхад шулуун замд Улаанбаатар хот руу явах чиглэлд замын хөвөөн дээр зогсож байсан машины хажуугаар гарах гэтэл ямар ч дохио өгөлгүйгээр гэнэт эргээд манай машиныг замын хажуу талын далан хэсэг рүү мөргөхөд манай дүү Ц.Отгонням нь цонхоо буулгаад чи болиочээ гэж орилоод хаалгаа онгойлгох гэж оролдоход мөргөсөн машин хаалгыг хааж маш удаанаар замын хойд тал руу түрж унагаагаад ухраад зугтаад яваад өгсөн.Тухайн үед манай машин 50к/ц-н хурдтай явж байсан. Осол гарах үед зогсож байгаа машины хажуугаар гарахдаа хурдаа хасаж ойролцоогоор 20км/ц-н хурдтай явж байсан. Мөргөж замаас гаргасан машин дотор 2 хүн байсан. Жолооч болон хажууд нь сууж байсан 2 хүн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Биеэ удирдаж явах чадваргүй байсан. Осол гарсны манай дүү Ц.Отгонням нь осол гаргасан гэх машин дээр очиж жолоочийг дагуулаад ирж явахад жолооч гэх залуу нь чанга орилоод гуйваад явж байхаар нь би айгаад засмал зам дээр гараад машин барихад хөргөлтийн том даацын болон приус маркийн автомашин зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагчийг иртэл хамт байсан.”,

"Тухайн өдөр орой 18 цагийн үед тэр газар зам чөлөөлөн зогсож байсан машиныг гүйцэж түрүүлэхээр хурдаа удаашруулан хажуугаар нь гарах үед уг машин гэнэт дохио өгөлгүй хөдлөөд манай машиныг мөргөж замын хажуу руу түлхэж хамт замын хажуу руу орсон. Машин мөргөхөд дүү цонхоо онгойлгоод болиоч чиг хэлж байсан. 2 машин хавиралдаж зам дээр 6, 7 секунд явсан. Тээврийн хэрэгсэл нь буцаж ухраад ертөнцийн зүгээр баруун зүг рүү 200 метр орчим яваад хойд зүг руу буусан замын гарцаар буугаад хойшоо тариалангийн талбай руу ороод асфальтан замаас хойшоо тоос манарган явж байгаад суусан. Отгоннямыг тэнд очоод зогсчихлоо араас нь яваарай гээд явуулаад би машиндаа хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэгээд Отгонням нь нөгөө машины жолооч залууг дагуулаад ирж байхад тэр хүн "өө муу гайнуудаа" гээд орилоод гуйваад ирж байгааг нь хараад би зам руу гарч машин зогсоосон. Цагдаа ирж хэмжилт хийхэд тэр жолооч залуу согтуу, метр барих чадваргүй, машин түшээд зогсоод байсан. Согтуу залууг гэрт нь хүргэж өгөөд бид өөрсдөө замын гуанзнаас машинд сууж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 79-80, 206/,

Гэрч Б.Дашмягмарын өгсөн: “Би Гантулгын аав нь байгаа юм. Манай хүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээж Дуламдоржийн хамт хөдөөнөөс Улаанбаатар хот руу ирж байх замдаа Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам тээврийн осолд орж тархинд нь уйланхай гэмтэлтэй болсон тул би хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд мэдүүлэг өгч байна. Манай хүүхэд ослын улмаас эмчлүүлж үзүүлж харуулсан мөнгийг Отгоннямын хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Материал оруулан нэхэмжилж байгаа.” гэх мэдүүлэг /хх 110/,

Гэрч Б.Сандуйжавын өгсөн: “Би эхнэр Отгоннямтай 2019 онд танилцаж нэг гэрт орон хамтран амьдарч байна. Очирбат бол миний дагавар хүүхэд байгаа юм. Манай хүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ээж Отгоннямын хамт хөдөөнөөс Улаанбаатар руу ирж байх замдаа Төв аймгийн Баянхангай сумын нутагт зам тээврийн осолд орсон тул би хууль ёсны төлөөлөгчийн хувьд мэдүүлэг өгч байна. Очирбат тухайн үед бага зэрэг ил шалбарсан, хөхөрсөн шархнуудтай байсан. Өөр гэмтэл байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 112/,

Шүүгдэгч М.Бийн өгсөн: “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа өөрийн 37-25 УБУ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр гэр рүүгээ харьж яваад засмал замд Улаанбаатар явах чиглэлд шороон замаас нийлж ороод буцаж эргэх үйлдэл хийх гээд толиндоо хартал нэг машины гэрэл хол харагдах шиг болохоор нь аваар дараад зүүн гар тийш жолоогоо дараад буцаж эргэх гээд хөдөлтөл Улаанбаатар чиглэлд явж байсан машинтай мөргөлдөөд тэр машин замын хажуу руу ороод, би бас замын хажуу руу ороод сандраад засмал замын ертөнцийн зүгээр хойд тал руу буугаад чигээрээ хойшоо зугтааж байгаад хагалсан талбайд ороод машин явахаа больсон. Би Отгоннямд одоогоор 5 300 000 төгрөг өгсөн байгаа.”,

"Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор ажилгүй байгаа учраас үлдэгдэл хохирлыг өөрийн боломжоороо хувааж төлнө. Би асфальтан замаас хойшоо буугаад 300 метр орчим метр газар яваад буцаж эргэж байтал машин суугаад хөдлөхгүй болсон. Тэгтэл Отгонням ирээд бид хоёр хамт осол болсон газарт очсон. Осол болсон газар руу явах гэж байхад машин суусан. Би эхэндээ сандраад ослын газраас хойшоо зугтаж байгаад замаас нээх холдолгүй эргээд ослын газар руу явах гэж байгаад суучихсан. Би хэргийн газрыг орхиж сугтаасан гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэргийн газрын хэмжилт хийх үйл ажиллагаанд байлцсан.” гэх мэдүүлэг /хх 100-101, 220/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/25 дугаартай шинжээчийн: “1.Ц.Дуламдоржийн биед эрүү, цээжинд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  4.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 36-37/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/27 дугаартай шинжээчийн: “1.Б.Очирбатын биед духны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл тухайн үед үүссэн байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 38-39/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/26  дугаартай шинжээчийн: “1.Д.Гантулгын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11/28 дугаартай шинжээчийн: 1.Ц.Отгоннямын биед бүсэлхийн 1.2.3.4.-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн үе багатай хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх хэрэг болсон гэх үед үүссэн гэмтэл байна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 47-48/,

Мастер үнэлгээ ХХК-н үнэлгээний: “Mazda CX3 маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний шууд зардал 16 030 000 төгрөг, шууд бус зардал 1 580 000 төгрөг, нийт 18 817 200 төгрөгөөр үнэлсэн.” тайлан /хх 53-54/,

            “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 22/56 дугаартай шинжээчийн: "1.Toyota Prius маркийн 37-26 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." мөн дүрмийн 10.1. "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Mazda CX-3-DK маркийн 66-87 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Отгоннямыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 2.Уг зам тээврийн осол болох үед замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан болно. 4.Нэмж тусгах саналгүй.” гэх дүгнэлт /хх 66-67/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цавхангай" гэх газрын асфальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 37-26 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байгаад хөдлөхдөө үзэгдэх орчноо хараагүйн улмаас зорчих хэсгээр явж байсан жолооч Ц.Отгоннямын жолоодож явсан Мазда маркийн 66-87 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ц.Отгонямын тээврийн хэрэгсэлд 18 817 200 төгрөгийн, эрүүл мэндэд бүсэлхийн 1.2.3.4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн үе багатай хугарал, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, Ц.Отгоннямын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 10 сартай Д.Гантулгын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч М.Бийн дээрх үйлдэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтуудыг зөрчсөнөөс үүдсэн.

 

Мөн шүүгдэгч М.Бийг тухайн үед согтуу байсан талаар хохирогч Ц.Отгонямын өгсөн: “Манай машиныг мөргөсөн жолооч тэр үед хэргийн газрын үзлэг хийж байхад гуйваад амнаас нь архи үнэртээд зогсож чадахгүй согтуу байсан. Тэр хүнээс маш их архи үнэртээд, согтуу гуйваад байсан. Машин дотор жолоочийн эсрэг талын суудал дээр дууссан 0,75 литрийн архины шил байсан.” гэх /хх 26, 72, 210/,

Гэрч Ц.Дуламдоржийн өгсөн: "Мөргөж замаас гаргасан машин дотор 2 хүн байсан. Жолооч болон хажууд нь сууж байсан 2 хүн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн байсан. Биеэ удирдаж явах чадваргүй байсан. Осол гарсны манай дүү Ц.Отгонням нь осол гаргасан гэх машин дээр очиж жолоочийг дагуулаад ирж явахад жолооч гэх залуу нь чанга орилоод гуйваад байсан.” гэх /хх 79-80, 206/ мэдүүлдэг боловч тухайн үед хэргийн газрын үзлэг хийсэн албан тушаалтан Эрүүл мэнд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам"-д заасны дагуу жолоочийн согтуурлыг шалгаж баталгаажуулаагүйн улмаас түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.  

 

Тус журмын 1.6-д гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно гэжээ.

 

Шүүгдэгч М.Бөд улсын ялллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан.

 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-т зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-т заасны дагуу тавьж, тээврийн хэрэсгэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах зэрэг үүргээ биелүүлээгүй осол болсон газраас явсан болох нь;  

Хохирогч Ц.Отгоннямын өгсөн: “...урд талд нь байсан машин нь хөдлөөд Улаанбаатар хот чиглэл рүү яваад хойд талын машин нь хөдлөхгүй зогсож байхаар нь хажуугаар нь зөрөх гэж байхад гэнэт нөгөө зогсож байсан машин хөдлөөд манай машины баруун талаас мөргөөд манай машиныг замын хойд тал руу унагаагаад хөдөлсөн машин нь цаашаа зугтаагаад яваад өгсөн. ...Уг тээврийн хэрэгсэл нь мөргөснөө буцаж ухраад ертөнцийн зүгээр баруун зүг рүү 200 метр орчим яваад хойд зүг рүү буусан замын гарцаар буугаад хойшоо тариалангийн талбай руу зугтаад явчихсан. Тэгээд би машинаасаа буугаад дээшээ асфальтан замын далан дээр гарахад хойд тариалангийн талбайд машины тоормосны гэрэл харагдаад, машин нь явахгүй зогссон байхаар нь би араас нь ганцаараа гүйгээд очход машин нь уриншсан талбайд суучихсан хөдлөхгүй байсан. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь бууж ирээд "хүмүүс нь амьд уу" гэж асуусан. Магадгүй бид машиндаа үхчихсэн бол өнөөдөр хэрэгтэн олдохгүй зам тээврийн осол болох байсан байх." гэх /хх 26, 72, 210/,

Гэрч Ц.Дуламдоржийн өгсөн: “...18 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын нутагт явж байхад шулуун замд Улаанбаатар хот руу явах чиглэлд замын хөвөөн дээр зогсож байсан машины хажуугаар гарах гэтэл ямар ч дохио өгөлгүйгээр гэнэт эргээд манай машиныг замын хажуу талын далан хэсэг рүү мөргөхөд манай дүү Ц.Отгонням нь цонхоо буулгаад чи болиочээ гэж орилоод хаалгаа онгойлгох гэж оролдоход мөргөсөн машин хаалгыг хааж маш удаанаар замын хойд тал руу түрж унагаагаад ухраад зугтаад яваад өгсөн. Осол гарсны манай дүү Ц.Отгонням нь осол гаргасан гэх машин дээр очиж жолоочийг дагуулаад ирж явахад жолооч гэх залуу нь чанга орилоод гуйваад явж байхаар нь би айгаад засмал зам дээр гараад машин барихад хөргөлтийн том даацын болон приус маркийн автомашин зогссон. Тэгээд цагдаагийн алба хаагчийг иртэл хамт байсан.”, "...Тээврийн хэрэгсэл нь буцаж ухраад ертөнцийн зүгээр баруун зүг рүү 200 метр орчим яваад хойд зүг руу буусан замын гарцаар буугаад хойшоо тариалангийн талбай руу ороод асфальтан замаас хойшоо тоос манарган явж байгаад суусан. Отгоннямыг тэнд очоод зогсчихлоо араас нь яваарай гээд явуулаад би машиндаа хүүхдүүдээ хараад үлдсэн. Тэгээд Отгонням нь нөгөө машины жолооч залууг дагуулаад ирж байхад тэр хүн "өө муу гайнуудаа" гээд орилоод гуйваад ирж байгааг нь хараад би зам руу гарч машин зогсоосон.” гэх /хх 79-80, 206/ мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.   

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.Бийг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны Төв аймгийн Баянхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Цавхангай" гэх газрын асфальтан замд Тоёота Приус маркийн 37-26 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 10.1 "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, жолооч Ц.Отгоннямын жолоодож явсан Мазда маркийн 66-87 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Отгоннямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр “Миний үйлчүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7 сая гаруй төгрөгийн хохирол нөхөн төлсөн. Том тэрэгний жолооч хийдэг. Хохирлоо төлөхийн тулд ажил хөдөлмөр хийх шаардлагатай. Гэм буруутайд тооцсон зүйл ангиудын доод хэмжээгээр торгуулын ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргав. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч М.Б нь  1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Номгон" зоогийн газрын хашаанд түр оршин суух хаягтай, урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ял биелэгдэж эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон талаарх тогтоолын хуулбар, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 131-140/ зэрэг баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нь эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэх нөхцөл болохгүй мөн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.  

 

Шүүгдэгч М.Б нь хохирогчид учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөөгүй, өөрт ногдох эд хөрөнгө байхгүй, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог талаар баримт ирүүлээгүй,  түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялын саналуудыг хүлээн авах боломжгүй гэж үзэн;

 Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 640 цагаар тогтоов.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Отгонням нь тээврийн хэрэгслийн хохирол 18 817 200 төгрөг /хх 53/, шинжээчийн хөлс 935 000 төгрөг /хх 55/, тээврийн хэрэгслийн ачилт болон оношилгооны төлбөр 150 500 төгрөг /хх 56/, шинжээчийн дүгнэлт 250 000 төгрөг /хх 65/, эмчилгээний зардал 264 150 /хх 84/+233 000 /хх 85/+200 000 /хх 89/+900 000 төгрөг, мастер плаза 400 500 төгрөг /хх 86/, шатахууны төлбөр 180 000 /хх 106/+50 000 төгрөг, ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 479 720 төгрөг, шүүх хуралдаанд ирэх очих унааны зардал болон эмчилгээний 1 288 000 төгрөг нийт 29 198 070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас;

тээврийн хэрэгслийн хохирол 18 817 200 төгрөг /хх 53/, шинжээчийн хөлс 935 000 төгрөг /хх 55/, тээврийн хэрэгслийн ачилт болон оношилгооны төлбөр 150 500 төгрөг /хх 56/, шинжээчийн дүгнэлт 250 000 төгрөг /хх 65/, эмчилгээний зардал 264 150 /хх 84/+233 000 /хх 85/+200 000 /хх 89/+900 000 төгрөг, мастер плаза 400 500 төгрөг /хх 86/, шатахууны төлбөр 180 000 төгрөг /хх 106/ нийт 22 380 350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үүнээс шүүгдэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 5 300 000 төгрөгийн хасаж шүүгдэгчээс 17 080 350 төгрөгийн гаргуулж хохирогч Ц.Отгоннямд олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 000 000 төгрөг, бариа хийлгэсэн гэх 238 000 төгрөгийг хэрэгт нотлох баримт ирүүлээгүй болон шаардлага хангаагүй гэж үзсэн тул нийт 4 238 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,

өмгөөлөгчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орохгүй тул 2 479 720 төгрөг, шатахууны баримтаас огноо харагдахгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн 100 000 төгрөг нийт 2 579 720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.      

 

Гэмт хэргийн улмаас 10 сартай Д.Гантулгын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул түүний хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг, мөн хохирогч Ц.Отгонням нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн хохирлын нөхөн төлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлага авч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд  1 800 000 төгрөг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 17 080 350 төгрөгөөс 1 800 000 төгрөгийг хасаж 15 280 350 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэсүди Хотог Мунангийн Бийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах,

хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулсугай.   

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нйитэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Төв аймгийн Хот тохижуулах газар эдлүүлсүгэй. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Шүүгдэгч М.Бөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

  

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-Сс 15 280 350 /арван дөрвөн сая хоёр зуун наян мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулж Уужинбуурал Цэрэндагвын Отгонням / /-д олгосугай.

 

8.Хохирогч Ц.Отгоннямын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орохгүй тул 2 479 720 төгрөг, шатахууны баримтаас огноо харагдахгүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн 100 000 төгрөг нийт 2 579 720 /хоёр сая таван зуун далан есөн мянга долоон зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,       

хэлэлцээгүй орхисон ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 000 000 /дөрван сая/ төгрөг, бариа хийлгэсэн гэх 238 000 /хоёр зуун гучин найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Хохирогч Ц.Отгонням нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ