Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

    2023          4             03                                                    2023/ШЦТ/135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

  Насанд хүрээгүй хохирогч О.*******, хууль ёсны төлөөлөгч О.Отгонжаргал,

  Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т-т холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Т, 2002 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд тус төвийн 2 дугаар курст сурдаг насанд хүрээгүй О.*******той маргалдаж, улмаар духаараа О.*******ын хамар хэсэг рүү мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Насанд хүрээгүй хохирогч О.*******ын өгсөн: “Би Төв аймгийн Политехникийн коллежид гагнуурчны мэргэжлээр 2 курст суралцдаг. Би хичээлтэй хугацаандаа сургуулийнхаа дотуур байрны 12-р тасагт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 20-21 цагийн үед өрөөндөө байж байтал намайг өрөөндөө дуудахаар нь би очоогүй. Тэгтэл Т гаднаас *******оо гээд орилоод өрөөнд ороод ирсэн. Тухайн үед би өрөөндөө ор нь дээрээ сууж байсан. Т орж ирээд над руу чи хаана ингэж пээдэлзэж сурсан юм босоод ир гэхээр нь би боссон чинь намайг Т заамдахаар нь би зөрүүлээд заамдалцаад дух духаараа тулсан. Тэгтэл намайг зүүн сугандаа миний толгойг хийгээд хавчуулахаар нь би бэлхүүс хэсгээр нь тэврээд түлхсэн. Тухайн үед намайг Чингүүнээ давсаг хэсэг рүү жийгээд нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэгээд  салцгаасан. Тэгтэл Т над руу савтай ус шидээд босоод ир гэхээр нь би боссон чинь миний хамар хэсэг рүү мөргөтөл хамраас цус гарсан. Тэгтэл Лувсандорж миний гэдэс рүү жийгээд, миний толгойг доош нь дарсан. Тэр үед намайг цохиод байсан. Намайг орон дээр хэвтэж байхад Лувсандорж жийгээд байсан. Лувсандорж өрөөнөөс гарахаасаа өмнө надад "Чамайг явахаасаа өмнө хэвтэрт ортол зодчихоод явнаа, чамайг алаад 10 жил авч чадна шдээ" гэж хэлээд гараад явсан. Манай байрныхан төгсөх болгондоо дээр курсынх нь доод курсийнхнийгээ зоддог юм шиг байна лээ. Түүнээс ямар нэгэн шалтаг шалтгаан байхгүй. Миний хамар хугарсан. Толгой доргилттой гэж байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 5/,

Насанд хүрээгүй гэрч О.Наранбаатарын өгсөн: “Би Төв аймгийн МСҮТ-н 2-р курст сурдаг. Би 12-р тасагт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед Т ганцаараа орж ирээд ардаас нь Лувсандорж, Баасанжаргал нар орж ирсэн. Т орж ирээд *******ыг “Чи хаана хэгжүүрхэж сурсан юм" гэж гэтэл ******* босоод ирсэн. Т *******ыг алгадаад тэр хоёр ноцолдсон. Дараа нь дахиад нэг харахад Т *******ыг хананд шахаад боочихсон байсан. Тэгээд салгаад байж байтал Т *******ын хамар руу 2-3 удаа мөргөсөн. Тэрний дараа Лувсандорж *******ыг цохиод байсан. *******ыг Т мөргөөд, Лувсандорж цээж рүү нь өшиглөөд байсан.” гэх мэдүүлэг /хх 9/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Шинэбаатарын өгсөн: “Би Төв аймгийн МСҮТ-н 2-р курст суралцдаг. Хичээлтэй хугацаандаа би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Би 11-р тасагт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед 12-р тасаг руу орж гар утасны цэнэглэгч авах гээд ороод байж байтал ардаас Т орж ирээд ******* руу “Чи ямар хэгжүүн болчихсон пизда вэ” гээд маргалдаад Т, ******* хоёр бие биенийгээ нэг нэг удаа мөргөсөн. Тэгтэл намайг гар гээд гаргасан. Түүнээс хойш 12-р тасаг руу дахин ороогүй.” гэх мэдүүлэг /хх 12/,

Насанд хүрээгүй гэрч Э.Анхбаярын өгсөн: “Би Төв аймгийн МСҮТ-ийн 2-р курст сурдаг. Хичээлтэй хугацаандаа би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Би 14-р тасагт амьдардаг. 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед 12-р тасагт байж байх үед *******ыг өөр тасгаас хүн дуудаад байх шиг байсан. Тэгтэл Т гаднаас орж ирээд *******ыг чи хаана ингэж томорч сурсан юм босоод ир гэтэл ******* босоод ирсэн. Нэг харсан чинь Т зүүн сугандаа толгойг нь хавчуулаад боочихсон зогсож байсан. Тэр үед Баасанжаргалыг Агьболд 1 удаа шанаа хэсэг рүү нь цохисон. Т *******ыг яаж цохисныг харж чадаагүй. Тэгээд би шууд байрны багшийг дуудах гээд тасгийн хаалгаар гарах гэж байхад гаргахгүй байсан. Би бол тэр зодооныг харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хх 15/,

Насанд хүрээгүй гэрч Б.Агьболдын өгсөн: “...******* босож ирээд духаараа тулаад *******, Тийг тэврээд хана руу түлхсэн чинь Т, *******ын толгойг зүүн сугандаа хавчуулаад хана мөргүүлээд зүүн бөөр хавирга хэсэг рүү нь цохиод байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгасан чинь Т дахиж ******* руу дайраад нүүр рүү нь 1 удаа мөргөх үед хамраас нь цус гарсан. Түүний дараа Лувсандорж *******ын цээж рүү өшиглөөд нуруу руу нь цохиод байсан.  Лувсандорж *******ын цээж рүү 1 удаа өшиглөж байгаа харагдсан. Тэгээд салгаад Т, Лувсандорж, Баасанжаргал гурав гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 18/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Олонбаярын өгсөн: “Би Төв аймгийн МСҮТ-ийн 2-р курст суралдаг юм. Хичээлтэй хугацаандаа би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. Би 12-р тасагт амьдардаг юм. 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цагийн үед би юм  угаагаад байж байтал тасагт хүмүүс дугараад байхаар нь би тасаг руугаа гүйгээд ортол Т *******ын толгойг зүүн сугандаа хавчуулчихсан, баруун гараараа зүүн бөөр хэсэг рүү нь цохиод байхаар нь бид нар салгаад сууж байтал Т *******ыг босоод ир үзчихье гээд босоод ирэхээр нь мөргөчихсөн. Тэр үед хамар, амнаас нь цус гараад баруун талын нүд нь гэмтчихсэн байсан. Дараа нь Лувсандорж *******ыг нуруу, толгой нь цохиод цээж хэсэг рүү нь өшиглөөд байсан. Тэгээд тэд гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

Насанд хүрээгүй гэрч Э.Отгонбаатарын өгсөн: “...намайг тасагтаа байж байх үед *******ыг Т дуудах үед нь очоогүй юм. Тэгтэл Т өрөөнд орж ирээд *******ыг чи хаана ингэж хэрзийж сурсан юм гээд хэлтэл ******* орон дээрээ сууж байгаад босоод ирсэн. Тэгээд *******, Т хоёр зодолдож эхлэх үед манай найзыг дээд курсийн ах дуудаад аваад гарчихаар нь би ардаас нь дагаад гарсан. Би *******, Т хоёрын зодооныг хараагүй. Өрөөндөө 3-4 минут болоод өрөөндөө орох үед *******ын баруун нүднийх нь ойролцоогоос, хамар, амнаас цус гарчихсан хэвтэж байсан. Намайг орохтой зэрэгцээд 3-р курсийнхэн гараад явсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

Насанд хүрээгүй гэрч С.Сайнбуянгийн өгсөн: “Би Төв аймгийн МСҮТ-ийн 2-р курст суралдаг юм. Хичээлтэй хугацаандаа би сургуулийнхаа дотуур байранд амьдардаг. 2022 оны 12 сарын 27-ны орой 21 цагийн үед 00 орчихоод 12-р тасаг руугаа ороход манай тасгийнхан, Т, Лувсандорж, Баасанжаргал нар байсан. Т *******ыг шанаа хэсэг рүү нь 5 удаа цохиод салгасан чинь Т *******ыг ахиад 1 удаа нүүр рүү нь мөргөх үед хамар, амнаас нь цус гарсан. Тэгээд салгаад байж байтал Лувсандорж *******ыг өвдөглөөд, нуруу руу нь цохиод байсан. Намайг салгах үед Т намайг нүүр рүү 2 удаа алгадсан. Миний биед гэмтэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ер нь зодоон болсон шалтгаан нь сургуулийн аврага шалгаруулах сагсны тэмцээн болох үед Тийн ангийг хожчихсон чинь түүнээс болж шаралхсан юм байна л гэж бодсон. ******* Тийн нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. *******, Т хоёр тэврэлдээд зууралдаад л байсан.” гэх мэдүүлэг /хх 25/,

Насанд хүрээгүй гэрч С.Сайнцогийн өгсөн: “2022 оны 12 сарын 27-ны орой 21 цагийн үед өрөөндөө хэвтэж байх үед *******ыг Т тасагтаа 2-3 удаа дуудахаар нь очоогүй. Тэгтэл Т ганцаараа, ардаас нь Лувсандорж, Баасанжаргал нар ороод ирсэн. Т өрөөнд орж ирээд *******ын урд нь зогсчихоод “чи хаана ингэж их зан сурсан юм босоод ир” гэтэл ******* босох үед Т нүүр рүү нь 1 удаа мөргөсөн. Тэгээд тэр хоёр ноцолдоод салгасан чинь буцаж зууралдаад Т *******ыг алгадаад 1 удаа мөргөсөн. Тэр үед *******ын хамраас цус гарсан. Тэгээд Т, ******* хоёрыг салгах үед Лувсандорж *******ын цээж рүү нь өшиглөөд нуруу хэсэг рүү нь цохих үед тэнд байсан хүүхдүүд салгасан. Намайг хэн нэгэн цохиж зодоогүй. ******* Тийн нүүр рүү нь 1 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх  28/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Лувсандоржийн өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 27-ны орой 21 цаг болж байхад 12-р тасаг руу Т, Баасанжаргал бид нар *******той уулзах гэж цувраад орсон. Намайг өрөөнд орох үед ******* утсаа шидээд орон дээрээс босч ирж байсан. Тэгээд *******ыг Тийг мөргөөд тэврээд хана руу шахсан. Хана руу шахаж байхдаа ******* толгойгоороо хана мөргөсөн юм шиг байна лээ. Тэгээд салгах гэтэл тэнд байсан хүүхдүүд салгуулахгүй байсан. Удалгүй тэр хоёр салаад ор нь дээр сууж байгаад би *******ыг чи яагаад байгаа юм гэтэл ******* босож ирээд намайг тэврэхээр нь цээж рүү нь 2 өшиглөөд, нуруу руу нь 2 удаа цохисон. Дараа нь би орон дээр хэвтэж байхад гэдэс рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд бид нар гараад явсан. Т, *******ын биеийн аль хэсэгт хэдэн удаа цохисныг харж чадаагүй. *******, Ттэй муудалцаж байхад л хамраас нь цус гарчихсан байсан. Баруун нүдний булангаас цус гарчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

Шүүгдэгч Б.Тийн өгсөн: “Тухайн үед 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орой 20-21 цагийн үед би *******ын тасаг руу ороод яагаад тороод байгаа юм гэхэд ******* дургүйцэх маягтай утсаа шидээд босож ирсэн. Тэгээд муудалцсан. Би *******ын зүүн талын хавирга хэсэгт баруун гараараа 2 удаа цохисон. Хамар хэсэгт нь 1 удаа мөргөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тухайн үед Наранбаатар, Анхбаяр, Агьболд, Олонбаяр, Отгонбаатар, Сайнбуян, Сайнцог, Лувсандорж нар байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 90/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 44 дугаартай шинжээчийн: “1.О.*******ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохой зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг гэмтэл нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн КТГ-ийн шинжилгээгэр оношлогдсон байна. 3.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4.О.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "хөнгөн” зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 36/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн нутагт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд 2 дугаар курст сурдаг насанд хүрээгүй О.*******ыг дуудахад ирсэнгүй гэх шалтгаанаар тасагт нь орж эрх чөлөөнд нь халдаж О.*******ын нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.  

 

Шүүгдэгч Б.Тийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Т нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болохыг дурдаж түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал оруулсныг,

            Шүүгдэгчээс тусгайлан санал хүсэлт гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн 2 сарын хугацагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал оруулсныг түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

   Насанд хүрээгүй хохирогч О.******* болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гэм хорын хохиролд 806 200 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хавтаст хэргийн 94-р хуудсанд /4 200+14 100+30 000/, 95-р хуудсанд авагдсан /21 000+9 900+14 700+6 200/ төгрөг нийт 81 200 төгрөгийг /хоолонд орсон болон хүнсний өргөн хэрэглээний үнэ/ хэрэгсэхгүй болгож, 94-95-96-р хуудсанд авагдсан бусад эмчилгээний баримтаар 725 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Хохирогч О.******* толгой тархи руу олон удаа цохисны улмаас хүнд юм өргөх, удаан суухаар нуруу өвддөг болсон цаашид уламжлалын эмчилгээ хийлгэх, хамар ясны зөрүү хугаралыг насанд хүрэхээр эмчилнэ гэсэн мөн толгойн эмрайд харуулах, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа гэж 2 сая төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хохирогчийн ирээдүйд гарах эмчилгээний зардлыг хангаж шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүйг дурдаж, хохирогч эмчилгээгээ хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн 725 000 төгрөгийн хохирлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд нөхөн төлсөн тул тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

                                          

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Б.Т-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 81 200 /наян нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Т хохирогчид 725 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөнийг, насанд хүрээгүй хохирогч О.******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ