Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

 

 

 

 

 

 

 

    2023          4             3                                                        2023/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

            Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М. Б, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

           1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,  

           2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 11 232 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадварай, регистрийн дугаартай

 

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Сэрүүн дэнж"-ийн 29 дүгээр байранд иргэн М.*******тай засварын ажил хийсэн цалинг өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохиж, газар унагаан хөлөөрөө өшиглөж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч М.*******ын өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Цэрэндаш, Болдбаатар, Энхтүвшин бид 4 дэлгүүрээс 0.75 литр, 0.5 литрийн "Хараа"  нэртэй 2 шил архи хувааж уусан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цэрэндаш, Болдбаатар, Энхтүвшин бид 4 байж байгаад би Баярсайхан руу залгаад "Архи аваад ир" гээд гаднаас Баярсайхан, Б нар 1 шил 0.75 литрийн "Соёрхол" авч ирээд бөөндөө уугаад дуусгасан. Тэгээд Баярсайхан, Болдбаатар нар дэлгүүрээс архи, тамхи авах гээд гарсан. Тэгээд би өмнө нь "Од" супермаркет дээр Бтай хамт засварын ажил хийгээд мөнгөө авч чадаагүй байтал Б миний ажилласан мөнгийг өг гэх шалтгаанаар бид хоёр маргалдаж Б нь намайг цохиж зодсон. Би их согтсон байсан учраас миний хаашаа хэдэн удаа цохисоныг хэлж мэдэхгүй байна. Намайг Б нь нүүр, толгой руу цохисон. Намайг хаана хэдэн удаа цохисныг санахгүй байна. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 8/,

Гэрч Г.Энхтүвшинийн өгсөн: “...Б нь *******аас өмнө "Од" маркетэд ажилласан цалингаа авъя гэж маргалдаад Б нь *******ын нүүрэн тус газар гараараа 3- 4 удаа цохиод газар унагаад цээжин тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд гаднаас Баярсайхан, Болдбаатар нар орж ирээд цагдаа дуудсан. Б нь *******ын нүүрэн тус газар нь 3-4 удаа цохиж газар унагаад 2 удаа цээжин  тус газар нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 10/,

Гэрч Г.Баярсайханы өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн үед дэлгүүрээс 0.75 литрийн "Соёрхол" аваад Энхтүвшинийн гэр рүү явах замд Бтай таараад бид хэд Энхтүвшинийнд очход Цэрэндаш, Энхтүвшин, *******, Болдбаатар нар байсан. Тэгээд бид нар архиа ууж дуусаад би Болдбаатартай хамт "Шимт" хүнсний дэлгүүрээс дахин архи авах гээд гарсан. Тэгээд Болдбаатар бид хоёр дэлгүүр орох хооронд Цэрэндаш над руу залгаад "Юу ч яриагүй байж байхад, Бы дуу утасны цаанаас цалингаа авъя" гэж орилоод байсан. Тэгээд Болдбаатар бид хоёр Энхтүвшинийнд яваад ортол ******* ах шалан дээр цус нь гоожчихыон хэвтэж байсан.  Тэгээд би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 12/,

Гэрч Ө.Болдбаатарын өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би *******, Цэрэндаш, Энхтүвшин бид 4 дэлгүүрээс 0.75 литр, 0.5 литрийн "Хараа" гэсэн нэртэй 2 шил архи хувааж уусан. Маргааш нь буюу 2022 оны 11 сарын 21-ний өдөр би *******, Цэрэндаш, Энхтүвшин бид 4 байж байгаад ******* нь Баярсайхан руу залгаад "Архи аваад ир" гэж хэлээд гаднаас Баярсайхан, Б нар 1 шил 0.75 литрийн "Соёрхол" авч ирээд бөөндөө уугаад архи дууссан. Тэгээд би Баярсайхан хамт дэлгүүрээс архи, тамхи авхаар гарсан. Тэгээд дэлгүүр дотор ороод байж байтал Цэрэндаш нь Баярсайхан руу залгаж яриад Баярсайхан бид хоёр буцаад Энхтүвшиний гэрт очиход ******* ах доошоо хараад цус нөж болсон байдалтай хэвтэж байсан. Харин Б нь орон дээр сууж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар орж ирсэн.” гэх мэдүүлэг /хх 14/,

Гэрч Г.Цэдэндашийн өгсөн: “...Б нь *******аас өмнө "Од" маркет ажилласан цалингаа авъя гэж маргалдаад Б нь *******ын нүүрэн тус газар баруун гараараа 3-4 удаа цохиод газар унагаад дээрээс нь өшиглөсөн. Тэгээд гаднаас Баярсайхан, Болдбаатар нар орж ирээд цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх 16/,

Шүүгдэгч М.Бы өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүрээс ундаа авхаар явж байгаад найз Баярсайхантай таараад Энхтүвшинийн гэр рүү очсон. Тэгээд Энхтүвшинийнд ороход *******, Цэрэндаш, Болдбаатар нар байсан. Тэгээд Баярсайханы авчирсан "Соёрхол" архийг бөөндөө хувааж уугаад дууссан. Тэгээд Баярсайхан, Болдбаатар хоёр архи дуусчихлаа архинд яваад ирье гээд дэлгүүр гарсан. Дараа нь би *******аас урьд нь "Од" супермаркеттай хамт ажилласан цалингаа нэхэхэд ******* нь би цалингаа аваагүй надад өгөөгүй шүүхээр шийдвэрлэж байгаа гэхээр би *******д хандаж "Чи цалингаа аваад банк бус санхүүгийн байгууллагын өр, эхнэрийнхээ цалингын зээлийг төлсөн" гэсэн биз дээ гэж хэрэлдэж маргалдаад ******* нь босч ирээд намайг заамдаад авахаар нь би нүүрэн тус газар нь 2-3 удаа баруун гараараа цохиж унагаагаад баруун хөлийн гуя хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгээд гаднаас Баярсайхан, Болдбаатар нар орж ирээд Баярсайхан цагдаад дуудлага өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 32/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 647 дугаартай шинжээчийн: “1.М.*******ын биед эрүү ясны зүүн булангын ташуу хугарал, хамарт шарх, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 21/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-5/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Сэрүүн дэнж"-ийн 29 дүгээр байранд иргэн М.*******ыг засварын ажил хийсэн цалинг өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь эрүү ясны зүүн булангын ташуу хугарал, хамарт шарх, хүзүүнд зулгаралт бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч М.Бы дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсээгүй үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байна гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Улсын яллагч шүүгдэгч М.Бы нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй байх тул шүүгдэгчийг дээрх зүйл ангиар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

            Шүүгдэгч урьд нь:

            1.Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх,  

  2.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 11 232 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-56/ зэргээр тогтоогдсон.

 

  Шүүгдэгчийн гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэрэг  нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Хохирогч М.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд ямар нэг санал хүсэлт ирүүлээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй байх тул түүний гэм хорын хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Хохирогч М.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоног, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАТЖАРГАЛ