Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2019/01729

 

 

 

 

         2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2019/01729

     Улаанбаатар хот

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Б.Б ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Т ХХК-д холбогдох 

 

2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Ш.У  нар оролцов.

 

                                                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

Б.Б миний бие 2005 онд З ХХК д Сургалтын менежер, сургалтын ахлах ажилтан зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байгаад З ХХК, Т ХХК-д шилжсэнээс хойш үргэлжлүүлэн 2009 оноос Т ХХК д Хүний нөөцийн газар ахлах ажилтан, Байгууллагын харилцаа сургалтын албаны ажилтан, Тамгын хэлтсийн Хүний нөөц ба сургалт хариуцсан ажилтан, Сургалт хөгжлийн хэлтсийн захирал, Хүний нөөцийн газрын Сургалтын хэлтсийн захирал, Хүний нөөцийн хэлтсийн захирал, Хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн албаны захирал зэрэг ажил албан тушаалд нийтдээ 14 жил тасралтгүй ажиллаж байгаад Т ХХК Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/417 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан болно. Улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2018 оны 09 дүгээр сарын 11 өдрийн 182/ШШ2018/01727 дугаар шүүхийн шийдвэрээр намайг Т ХХКны Сургалтын албаны менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх 5 сар 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч Т ХХКнаас гаргуулж, энэ үеийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Т ХХКинд даалган шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2251 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/00466 дугаар тогтоолоор тус тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болсон хэдий ч харуицагч Т ХХКинаас Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй одоог хүртэл намайг ажилд авахгүй, хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж, миний бие цалин хөлсөөрөө хохирч байгаа болно. Тиймээс шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2019/01727 дугаар шүүхийн шийдвэрээс хойших шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан бүх хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд хариуцагчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Бгийн ажилд эгүүлэн тогтоогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилгүй байх хугацааны буюу 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны 5 cap 17 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 22.841.210 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч Т ХХКны зүгээс 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Б.Бд ажлын байр болох Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газар Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албанд Мэргэжилтэн ажлын байр санал болгосон боловч хүлээж аваагүй бөгөөд одоогоор нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан Сургалт, хөгжлийн албаны Захирлын орон тоо хасагдсан мөн орон тооны хүндрэлтэй асуудал байгаа хэдий ч нэхэмжлэгч Б.Бг ажилтай болгох үүднээс асуудлыг судлаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, татгалзал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь хариу тайлбартаа Б.Бд Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газар Харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн албанд мэргэжилтэны ажлын байр санал болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01727 дугаар шийдвэрээр Б.Бг Т ХХК ХХК-ийн Хүний нөөцийн газрын Сургалтын албаны менежерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх боловч уг шийдвэрийг хариуцагч биелүүлээгүйн учир нэхэмжлэгчийн хүсэлтээр албан биелүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хавтаст хэргийн 4-13, 39-40 дугаар тал/

 

Гэвч шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэрийг тухайн байгууллагын удирдлага одоог хүртэл биелүүлээгүй нь болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 09 сарын сарын 11-ний өдрийн 01727 дугаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгоно.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход Б.Бгийн 2018 оны сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 11.833.398 төгрөгийг 3 сард тооцоод /11.833.398 төгрөг: 3сар/ дундаж цалин 3.944.466 төгрөг, өдрийн дундаж цалин нь сарын дундаж цалин 3.944.466 төгрөгийг ажлын 21.5 хоногт тооцоод /3.944.466 төгрөг:21.5 хоног/ 183.463 төгрөг байна.

 

2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 2019 оны 10 дугаар сарын 09-ыг хүртэлх хугацааны цалин 50.452.325 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Т ХХК-иас 50.452.325 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэв. 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                         

                                                                                ТОГТООХ НЬ:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 50.452.325 /тавин сая дөрвөн зуун тавин хоёр мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж Б.Бд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт тэмдэглэл хийлгэхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 410.211 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.ДАВААСҮРЭН