Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1520

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Г.Э-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: ВР” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бодьхүү, Б.Нармандах, нарийн бичгийн даргаар Н.Алтантуяа нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би хариуцагч компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байрладаг уурхайд уурын зуухны галчаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд орсон бөгөөд гэрээг 2019 оны 2 дугаар сарын 05-ныг хүртэл надтай хийсэн. Энэ хугацаанд би ажлаа ямар нэг асуудалгүй хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш ч ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хоногийн амралтаа авсан. Амраад эргээд ажилдаа очтол намайг ажлаас халсан гэсэн. Ямар үндэслэлээр халсныг нь мэдэхгүй, дараа нь сонсоход гэрээний хугацаа дууссан гэсэн. Уг нь бол гэрээг сунгана, төвөөс хүмүүс ирээд гэрээг шинэчилж сунгана гэж хэлж байсан боловч надаас бусад бүх хүмүүсийн гэрээг сунгаад миний гэрээг сунгаагүй байсан. Би 20 хоног ажиллаад 10 хоног амрах ёстой байдаг. Амралтаа аваад ирэхэд гэрээний хугацаа дууссан гэж хэлсэн. Гэрээ хийхдээ бүх хүмүүстэй 3 сараар л гэрээ хийдэг юм билээ. Хотоос явдаг хүмүүстэй бол 2 сарын гэрээ хийдэг байсан. Би хотоос очсон болохоор мөн 2 сарын гэрээ хийсэн юм.

Зуух халаах ажил зогсохоор намайг үйлдвэрийн засварчин машинистаар авч ажиллуулахаар тохирсон. Энэ тухай тушаал ч байдаг юм билээ. Намайг үйлдвэрийн засварчин механикаар ажилд авна гэж хэлж байсан атлаа миний оронд өөр хүн авчихсан байсан. Намайг болохоор гэр галлаад байж бай гэсэн, би засвар руу орох юм чинь гэж бодоод уг ажлыг хийж байсан боловч сүүлд нь ажлын зохион байгуулалтад орохооргүй хүн бидний хооронд маргаан үүсгэж, намайг ажлаас чөлөөлсөн.

Хамгийн хүнд үед нь би 2-уулахнаа 24х24 цагаар ажиллаж байсан. Намайг ажилтай байлгана гэж хэлчхээд халсанд гомдолтой байна. Би ажиллах хугацаандаа ямар нэг алдаа эндэгдэл гаргаагүй, харин ч ажилдаа хариуцлагатай сайн ажилласаар ирсэн. Ажлаа мэддэг хүмүүсээ ажилд авах ёстой байсан гэж үзэж байна.

Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэмээр байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, намайг ажлын байртай болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Өвлийн улирал учир кемп халаах зорилгоор Г.Этай хөлсөөр ажиллах гэрээг 2 сарын хугацаагаар байгуулсан. Гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригт нийцсэн. Гэрээнд даасан 2 сарын хугацаа дууссан учир түүнээс хойш тодорхойгүй хугацаагаар сунгагдаж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээг цуцалсан. Энэ үйл явдал хуульд нийцсэн бөгөөд  анхнаасаа Г.Эг ажилд авсан тушаал гаргаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй.

Нийгмийн даатгалын дэвтэр дээр ажилд авсан тушаалын тэмдэглэгээ энэ шалтгаанаар хийгдээгүй, харин ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж байсан.

Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар тохирсон зүйл байхгүй. Хэнийг, хаана, ямар ажлын байранд авч ажиллуулах нь хөлсөөр ажиллуулагчийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна.

Цаашид ажил олгогч нэхэмжлэгчийг авч ажиллуулахгүй байсан шалтгаан нь уурхайн гүйцэтгэх захирал, уурхай хариуцсан захирал, уурхайн ня-бо, хүний нөөцийн дарга нарын зүгээс “Г.Эг үүрэгт ажил дээрээ унтдаг, энэ байдлаа хүлээн зөвшөөрдөггүй, мөн ажил гүйцэтгэх явцдаа зурагт үзэх зэргээр ажилдаа хариуцлагагүй ханддаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрийн дураар өөртөө амралт олгодог, уурхайн ажлыг дураараа зохион байгуулдаг, энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийдэггүй, энэ байдлаас нь болж кемпийн галчаар ажиллуулахаар шийдвэрлэхэд ажлыг өөрөө хийхгүй гэх тайлбар гаргасан” гэх гомдол мэдээлэл гарснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувийн байдлаас шалтгаалан цаашид гэрээг сунгаагүй.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 1 сарын хугацааны цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “ВР” ХХК эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Г.Э нь “ВР” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 2 сарын хугацаатай байгуулсан “хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний үндсэн дээр уурын зуухны галчаар ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс хариуцагч гэрээг цуцалснаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх, гэрээ тодорхой бус хугацаагаар сунгагдсан эсэх, уг гэрээний үндсэн дээр Г.Э 2019 оны 3 дугаар сарын 05-ныг дуусталх хугацаанд ажилласан эсэх, сард 700,000 төгрөгийн хөлс авдаг байсан зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Талуудын тайлбараас үзвэл “уурын зуухны галч” гэх энэхүү ажлын байр улирлын чанартай болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байранд хамаарахгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүйн дээр энэхүү харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

Харин зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь 1 талаас тохирсон ажил үйлчилгээг үзүүлж байгаа, нөгөө талаас хөлс олгож байгаа шинжээрээ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байх ба уг гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурснаар мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй.

 

Зохигчдын хооронд 2 сарын хугацаагаар гэрээ байгуулагдсан байх ба гэрээний хугацаа 2019 оны 2 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон боловч талууд гэрээг үргэлжлүүлснээр Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д зааснаар тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцогдох үндэслэлтэй. Үүнд талууд маргаагүй.

 

Харин тодорхой бус хугацаагаар сунгагдсан гэрээг 1 сарын дараа цуцлах үндэслэлтэй эсэх асуудал маргааны гол зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т “Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.” гэж заасан ба хариуцагч энэ үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон гэж тайлбарласан.

 

Хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой бус хугацаагаар сунгагдсан тохиолдолд түүнийг хүндэтгэн үзэх үндэслэл байгаа тохиолдолд, эсхүл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тохиолдолд дээрх хуулийн үндэслэлээр дуусгавар болгох боломжтой.

 

Гэтэл хэргийн баримтаар хөлсөөр ажиллах гэрээг хариуцагчийн санаачилгаар цуцлах хүндэтгэх шалтгаан байсан нь нотлогдоогүй байхад, түүнчлэн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй атлаа хариуцагч 1 сарын дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, дуусгавар болгосон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.

 Хэдийгээр гэрээ сунгахгүй байх нөхцөл нэхэмжлэгчийн хувийн байдалтай холбоотой гэж хариуцагч тайлбарласан боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй тул шүүх хүндэтгэн үзэх үндэслэлгүй гэх дүгнэлтэд хүрсэн болно.

 

Иймд хариуцагч нь хуульд нийцээгүй үндэслэлээр хөлсөөр ажиллах гэрээг цуцалсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь уурын зуухны галч ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчийн ажлын байр улирлын шинж чанартай, одоо дулааны улирал эхэлсэн байх боловч шүүх зөрчигдсөн эрхийг эрх зөрчигдсөн үеэс сэргээн тогтоох үүрэгтэй тул нэхэмжлэгчийг уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгах нь талуудын зарчим болон хуульд харшлахгүй гэж үзэв.

 

Харин манай тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор яригдахгүй, хөлс яригдах боломжтой ч Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д ажил гүйцэтгэсний хөлсийг гэрээгээр тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа шаардах эрх Г.Эд үүсэх тул шүүх ажилгүй буюу ажил гүйцэтгээгүй байсан хугацааны хөлстэй тэнцэх олговор шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Тэрчлэн энэ маргаанд Хөдөлмөрийн тухай хууль бус Иргэний хуулийн зохицуулалт үйлчилж байгаа, ажил гүйцэтгээгүй үеийн хөлсийг хариуцагчаас олгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн тул хариуцагч эрүүл мэндийн даатгалын болон нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөх, дэвтэрт бичилт хийх үүрэггүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр шүүх Г.Эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнийг уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөлсөөр ажиллах гэрээтэй холбоотой энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэгчээс 91,550 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас хангагдсан шаардлагын хэмжээгээр 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг тус тус баримтлан Г.Эг уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг “ВР” ХХК-д даалгаж, Г.Эгийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 91,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй ба эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА