| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/213 |
| Огноо | 2023-03-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/213
2023 03 31 2023/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * овогт *ын *д холбогдох эрүүгийн 23100 0100 0112 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Алтангэрэл, шүүгдэгч******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Д.Баасандорж шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, “Говь Караван” ХХК-д өрмийн мастер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 5 дугаар гудамжны 193 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт************** /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 9 дүгээр гудамж 413В тоотод*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх байдлаар биед нь халдаж тархи доргилт, зүүн чамархай, зүүн зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч*******гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөнхөөгийн гэрийн ханан пийшинг би эвдсэн. Мөнхөө цемент байвал болно гэхээр нь цемент авч өгсөн.*******г таньдаг байсан тул архи өгөөд ажил хийж өг гэж хэлээд хоёр хоногийн дараа ирэхэд ханан пийшинг өрөөгүй байсан. Тухайн үед хохирол төлбөр төлье гэхэд мөнгөний хэрэггүй, яах юм бэ гэсэн. Одоо үлдэгдэл хохирлыг төлнө. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна“ гэсэн мэдүүлэг,
Гурав. Эрүүгийн 23100 0100 0112 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******гийн өгсөн:
“...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний танил Багруу, Мөнхөө, Дамдинбазар, Намсрай, нэг танихгүй эрэгтэйн хамт Мөнхөөгийн гэрт 0,75 литрийн “хараа” архи нэгийг, том пиво нэгийг хувааж ууцгаасан. Тэр үед Багруу хоёр хоногийн өмнө Мөнхөөгийн гэрт ирээд зодолдож ханан пийшинг нь нураасан тул намайг засаарай гэж хэлсэн. Тухайн үед Мөнхөөгийн гэрт өрлөг хийх ямар ч боломжгүй, материал дутуу байсан.
Урд өдөр нь байгаа материалаар нь пийшингийн талыг нь өрсөн. Тэр өдөр пийшингийн өрсөн хэсгийг дахин нураасан байхаар нь одоо өрлөг хийхгүй, галлаагүй хоносон тул шавар хөлдсөн байна гэж хэлсэн. Энэ үед Багруу “наадхаа шаврыг нь цэвэрлээд өр” гэж хэлээд намайг цохиж унагаад том түрийтэй хатуу гутлаараа миний толгой дээр дэвссэн. Намайг ухаангүй байхад манай дүү орж ирээд авч гарсан байсан.
...Багруу намайг зодсон. Түүнээс өөр хүн миний биед халдаагүй. Би Багрууг сайн танихгүй, мэндийн зөрүүтэй л байдаг. Миний толгой өвдөж байгаа. Босохоор толгой өвдөж байгаа тул байнга өвчин намдаах эм ууж байгаа. Би Багрууд гомдолтой байна. ” гэсэн мэдүүлэг ( хэргийн 12-13 дахь тал),
- Мөн хохирогчийн дахин өгсөн:
“...Өмнөх өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг 2022 оны 12 сарын 06-ны өдөр дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамж 413В тоотод Х.Мөнхөө гэх танилын гэрт******* гэх зүс таних эрэгтэй “нураасан зуухыг нь засаагүй байна” шалтгаанаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад агсам тавиад, намайг сандал дээр сууж байхад миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохиж унагаахад миний зүүн нүдэнд цус хуралт үүссэн. Дараа нь унасан байхад дээрээс дэвсэх үед миний толгой доргиж би ухаан алдсан. Тэгээд намайг аваад Мөнхөөгийн гэрээс гарсан. Тухайн үед******* намайг цохиж зодож байхад миний зүүн гар талаас эхлээд*******, Мөнхөө, Дамдинбазар, танихгүй залуу сууж байсан. Өөр хүн байгаагүй. Тэд намайг салгаж босгох талаар ямар нэг үйлдэл хийгээгүй, нэлээн согтсон байсан.
...Тэр өдрийн өмнөх өдөр Мөнхөө гуай надаас ханан пийшинг засаад өгөөч гэж гуйсан байсан. Тэгэхээр нь би очоод засаж байгаад дутуу үлдээгээд маргааш нь засах гэж байтал******* дахин нураачхаад дахиад засаад хийгээд өгөөч өгөөч гэхээр нь засах гэж очсон байсан.
Одоогийн байдлаар надаас эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс******* 1.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид авах шаардлагатай эм тариа, эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа боловч санхүүгийн байдлаас шалтгаалан эмчилгээг хийлгэж чадахгүй байна. Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16 дахь тал),
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Бадамхандын өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10 дугаар гудамжны хамгийн зүүн захын баруун хойд зүг рүү харсан хаалгатай хашаанд Богд Мөөгий гэх эрэгтэйн гэрт миний хүү******* согтуу байхдаа зодуулж, толгойд нь гэмтэл учруулсан байсан. Би тухайн өдөр 13 цагийн үед бага хүү Э.Баатарзоригтой хамт очиж*******г авсан. Маргааш нь эмнэлэгт очсон.
Дараа нь*******гаас асуухад Мөөгий, Багруу, Намсрай, Дамдинбазар нар байсан гэж хэлсэн. Баяржавхланг гэрээс гарч ирэх үед түүний зүүн нүд нь хавдаж, цус гарч хөхөрсөн, зүүн хацар, хамар хэсгээр зулгарч цус гоожсон байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж, рентген зураг авхуулсан. Г.Инжинаш гэх эмч манай хүүгийн гавал ясны зүүн талын чамархай хэсэгт шинэ цуурсан хугаралтай, гайморын хөндийд агааржилт хоёр талд хана дагаж жигд буурсан, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамрын таславч хавагнаж зузаарсан, хамрын хөндийн салст болон самалдгууд хавагнасан, мастойд хөндийн агааржилт жигд бус бага зэрэг буурсан гэж тодорхойлогдож, одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгой гавлын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Маргаан эхлэх болсон шалтгаан нь Багруу агсам тавиад Бод Мөөгийгийн гэрийн пийшинг эвдэж нураасан гэж байсан. Тэгээд Багруу манай хүүг пийшин өрж янзал гээд урт түрийтэй төмөртэй гутлаараа толгой руу нь өшиглөсөн гэсэн. Тэгээд хүү ухаан алдаад юу болсон гэдгээ сайн мэдэхгүй байна гэж надад хэлсэн.
...Тухайн үед манай хүү согтуу байсан. Би гэрт ороогүй тул бусад хүмүүс согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Манай хүү нэг уухаараа хоёроос гурав хоног дараалж уудаг. Богд Мөөгий, Намсрай, Дамдинбазар, Багруу гэх хүмүүстэй нийлж архи уудаг. Гэмтлийн эмнэлгийн амбулаторийн эмч Тэмүүжин “танай хүүд хийх хагалгаа маш хүнд болно. Үүнээс шалтгаалаад цаашдаа уналт, таталт үүсэх эрсдэл маш өндөр” гэж хэлсэн. Ар гэрийн зүгээс их айж байна, маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг ( хэргийн 18 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Баатарзоригийн өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ээж Бадамхандын хамт төрсөн ах*******г хайж яваад үл таних эрэгтэйгээс асуухад дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9 дүгээр гудамж 413В тоотыг зааж өгсөн. Бид хоёр тэр хашаанд очоод ээжийг гадаа үлдээгээд би гэрт орсон. Тэр үед манай ах цонх налаад газар сууж байсан. Түүнтэй хамт 4-5 эрэгтэй байсан. Гэрийн тавилга нь эмх замбараагүй, сандал нь эвдэрсэн, ханан пийшин нурсан байсан тул зодоон болсон гэж бодож байна.
Би ахыгаа аваад гарах гэхэд ахын зүүн талын хөмсөгний төгсгөл хэсгээс цус гарсан, хувцас нь шороо болсон байсан. Би ахыгаа дагуулж гараад ээж тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөөд ажилдаа явсан. Багруу манай ахын хажууд орон дээр сууж байсан. Бусад нь хаана, хаана сууж байсныг нь санахгүй байна. Би хэрэг явдал болохоос 10 хоногийн өмнө ахтайгаа уулзсан. Надтай уулзсанаас хойш манай ах 7 хоногийн архины хордлого тайлах эмчилгээнд явсан. Түүнээс хойш би ахтайгаа уулзаагүй. Тухайн үед манай ахад ямар нэгэн гэмтэл байгаагүй. ...Тухайн үед ахын хөмсөгнөөс цус гараад байсан тул би нойлын цаасаар арчиж өгсөн” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Мөнхөөгийн өгсөн:
“...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд манайд Баяржавхлан байсан. Бид хоёр телевизор үзэж байгаад дэлгүүрээс нэг шил архи авч уусан. 19 цагийн үед бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө 10 цагт Баяржавхлан манайхаас гараад явсан. Тухайн өдөр би согтуу байсан тул юу болсон талаар мэдэхгүй байна. Баяржавхлан манайд ирэхдээ нүүр, царай нь хэвийн байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 дугаартай:
1.*******гийн биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 32-33 дахь тал),
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Г.Ханхүүгийн өгсөн:
“...Б.Баяржавхлангийн биед үзлэг хийж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн толгойн КТГ шинжилгээгээр тархины эдэд голомтот өөрчлөлт илрээгүй буюу унаж, татах, тэнцвэр алдагдах хэмжээний гэмтэл байхгүй байсан.*******гийн биед тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой гэж үзэж хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулсан. Иймд хүндэвтэр зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 37 дахь тал),
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч*******гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд (хэргийн 63-66 дахь тал),
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч*******гээс гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн баримтууд (хэргийн 68-69 дэх тал),
9. Шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
“... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, Ямар нэг санал хүсэлт гомдол алга байна. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Мөнхөө гэдэг танил ахындаа Дамдинбазар, Намсрай, Баяржавхлан нарын хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Баяржавхлангаар ханан пийшин янзлуулахаар авч өгсөн архинаасаа хамт хувааж уусан юм. Тухайн үед би Баяржавхланд 2 хоног хэлээд байхад пийшин янзлаагүй болохоор нь уурлаад цохичихсон юм. Өөр зүйл болоогүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэдгээ амлаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 45 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хэргийн 51 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 59-60 дахь тал),*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 76 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч*******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Бямбасүрэн нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны 9 дүгээр гудамж 413В тоотод*******г “ханан пийшинг янзалж дуусгасангүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар түүний нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодон*******гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, зүүн чамархай, зүүн зовхины цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:
- хохирогч*******гийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр миний танил Багруу, Мөнхөө, Дамдинбазар, Намсрай, нэг танихгүй эрэгтэйн хамт Мөнхөөгийн гэрт 0,75 литрийн “хараа” архи нэгийг, том пиво нэгийг хувааж ууцгаасан. Тэр үед Багруу хоёр хоногийн өмнө Мөнхөөгийн гэрт ирээд зодолдож ханан пийшинг нь нураасан тул намайг засаарай гэж хэлсэн. Тухайн үед Мөнхөөгийн гэрт өрлөг хийх ямар ч боломжгүй, материал дутуу байсан.
Урд өдөр нь байгаа материалаар нь пийшингийн талыг нь өрсөн. Тэр өдөр пийшингийн өрсөн хэсгийг дахин нураасан байхаар нь одоо өрлөг хийхгүй, галлаагүй хоносон тул шавар хөлдсөн байна гэж хэлсэн. Энэ үед Багруу “наадхаа шаврыг нь цэвэрлээд өр” гэж хэлээд намайг цохиж унагаад том түрийтэй хатуу гутлаараа миний толгой дээр дэвссэн. Намайг ухаангүй байхад манай дүү орж ирээд авч гарсан байсан.
...Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 9 дүгээр гудамж 413В тоотод Х.Мөнхөө гэх танилын гэрт******* гэх зүс таних эрэгтэй “нураасан зуухыг нь засаагүй байна” шалтгаанаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ надад агсам тавиад, намайг сандал дээр сууж байхад миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад цохиж унагаахад миний зүүн нүдэнд цус хуралт үүссэн. Дараа нь унасан байхад дээрээс дэвсэх үед миний толгой доргиж би ухаан алдсан.
... Одоогийн байдлаар надаас эмчилгээний зардалд 1.400.000 төгрөгийн зардал гарсан. Үүнээс******* 1.000.000 төгрөгийг төлсөн. Цаашид авах шаардлагатай эм тариа, эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаа боловч санхүүгийн байдлаас шалтгаалан эмчилгээг хийлгэж чадахгүй байна. Миний ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг ( хэргийн 12-13, 16 дахь тал),
- гэрч М.Бадамхандын: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн 10 дугаар хороо Морингийн 10 дугаар гудамжны хамгийн зүүн захын баруун хойд зүг рүү харсан хаалгатай хашаанд Богд Мөөгий гэх эрэгтэйн гэрт миний хүү******* согтуу байхдаа зодуулж, толгойд нь гэмтэл учруулсан байсан. Би тухайн өдөр 13 цагийн үед бага хүү Э.Баатарзоригтой хамт очиж*******г авсан. Маргааш нь эмнэлэгт очсон.
Дараа нь*******гаас асуухад Мөөгий, Багруу, Намсрай, Дамдинбазар нар байсан гэж хэлсэн. Баяржавхланг гэрээс гарч ирэх үед түүний зүүн нүд нь хавдаж, цус гарч хөхөрсөн, зүүн хацар, хамар хэсгээр зулгарч цус гоожсон байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлж, рентген зураг авхуулсан. Г.Инжинаш гэх эмч манай хүүгийн гавал ясны зүүн талын чамархай хэсэгт шинэ цуурсан хугаралтай, гайморын хөндийд агааржилт хоёр талд хана дагаж жигд буурсан, хамрын таславч зүүн тийш мурийсан, хамрын таславч хавагнаж зузаарсан, хамрын хөндийн салст болон самалдгууд хавагнасан, мастойд хөндийн агааржилт жигд бус бага зэрэг буурсан гэж тодорхойлогдож, одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвийн толгой гавлын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
...Тухайн үед манай хүү согтуу байсан. Би гэрт ороогүй тул бусад хүмүүс согтуу байсан эсэхийг мэдэхгүй. Манай хүү нэг уухаараа хоёроос гурав хоног дараалж уудаг. Богд Мөөгий, Намсрай, Дамдинбазар, Багруу гэх хүмүүстэй нийлж архи уудаг. Гэмтлийн эмнэлгийн амбулаторийн эмч Тэмүүжин “танай хүүд хийх хагалгаа маш хүнд болно. Үүнээс шалтгаалаад цаашдаа уналт, таталт үүсэх эрсдэл маш өндөр” гэж хэлсэн. Ар гэрийн зүгээс их айж байна, маш их гомдолтой байна. Эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг ( хэргийн 18 дахь тал),
- гэрч С.Баатарзоригийн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ээж Бадамхандын хамт төрсөн ах*******г хайж яваад үл таних эрэгтэйгээс асуухад дүүргийн 10 дугаар хороо Морингийн 9 дүгээр гудамж 413В тоотыг зааж өгсөн.
Бид хоёр тэр хашаанд очоод ээжийг гадаа үлдээгээд би гэрт орсон. Тэр үед манай ах цонх налаад газар сууж байсан. Түүнтэй хамт 4-5 эрэгтэй байсан. Гэрийн тавилга нь эмх замбараагүй, сандал нь эвдэрсэн, ханан пийшин нурсан байсан тул зодоон болсон гэж бодож байна. Би ахыгаа аваад гарах гэхэд ахын зүүн талын хөмсөгний төгсгөл хэсгээс цус гарсан, хувцас нь шороо болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),
- гэрч Х.Мөнхөөгийн: “...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн үед гэртээ ирэхэд манайд Баяржавхлан байсан. Бид хоёр телевизор үзэж байгаад дэлгүүрээс нэг шил архи авч уусан. 19 цагийн үед бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө 10 цагт Баяржавхлан манайхаас гараад явсан. Тухайн өдөр би согтуу байсан тул юу болсон талаар мэдэхгүй байна. Баяржавхлан манайд ирэхдээ нүүр, царай нь хэвийн байсан” гэсэн мэдүүлэг (хэргийн 24 дэх тал),
- ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 23 дугаартай:
1.*******гийн биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 32-33 дахь тал),
- Шинжээч эмч Г.Ханхүүгийн: “...Б.Баяржавхлангийн биед үзлэг хийж, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн толгойн КТГ шинжилгээгээр тархины эдэд голомтот өөрчлөлт илрээгүй буюу унаж, татах, тэнцвэр алдагдах хэмжээний гэмтэл байхгүй байсан.*******гийн биед тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой гэж үзэж хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулсан. Иймд хүндэвтэр зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 37 дахь тал),
- шүүгдэгч*******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 45 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч******* нь хохирогч*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримтад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгснийг тэмдэглэх нь зүйтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хэргийн хохирогч*******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...тархи доргилт, зүүн чамархай, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч******* түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр цохиж зодсон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч*******гийн хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч*******гийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Энэ хэргийн хохирогч******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний толгой байнга өвдөж байгаа. Би өвчин намдаах эм байнга ууж байгаа, эмчилгээний зардалд 1.569.960 төгрөг зарцуулсан хохирлын баримт гарган өгч, гомдолтой байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэргийн хохирогч*******гаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах эмчилгээ, эм тарианы төлбөр төлсөн орлогын баримт сэлтийг хэргийн 63-66 дугаар талд хавсаргуулсныг шүүх нэг бүрчлэн шинжлэн судлахад баримттай гарсан зардлын дүн 1.569.960 төгрөг болж байх бөгөөд дээрх баримт бүхий нэхэмжлэлээс шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.161.750 төгрөгийг нөхөн төлсөн (хэргийн 68-69 дүгээр тал), хохирлоос үлдсэн 408.210 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ баримттай байна.
Иймд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 1.569.960 /нэг сая таван зуун жаран есөн мянга есөн зуун жаран/ төгрөгийн шаардлагаас шүүгдэгчийн нөхөн төлсөн 1.161.750 төгрөгийг хасаж тооцсон үлдэгдэл 408.210 /дөрвөн зуун найман мянга хоёр зуун арван/ төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч*******гээс гаргуулж хохирогч Б.Баяржаргалд олгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүгдэгч******* нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 51 дэх талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх, шүүгдэгч*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,
- шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт баримтаар нэхэмжилсэн төлбөрийн зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт**************г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан*******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч*******гээс 408.210 /дөрвөн зуун найман мянга хоёр зуун арав/ төгрөг гаргуулж, хохирогч дүүргийн 3 дугаар хороо, 9-8 тоотод оршин суух хаягтай, РД:ЕВ82092611, Бадамхандын Баяржавхланд олгосугай.
5. Энэ хэрэгт******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД