Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1808

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Н.А-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: М.Х-д холбогдох,

 

Зээлийн хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 1,247,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, хариуцагч М.Х, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би М.Хтэй 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар сарын 3%-ийн хүүтэй байгуулсан. Мөнгийг нь тэр өдрөө шилжүүлж өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр надад 500,000 төгрөг хэрэгтэй байсан учир өгөөч гэхэд надад өгсөн. Тэр өдрөөс хойш 4,500,000 төгрөгөөр хүүгээ бодоод явсан. 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 60,000 төгрөг өгөөд цувуулж өгсөөр 330,000 төгрөгийн хүүг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл өгсөн.

2018 ны 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөх талаар асуухад өгөх боломжгүй байна гэсэн. Түүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын  02-ны өдрийг хүртэл 940,000 төгрөгийн зээлийг төлсөн. 2018 оны 9 дүгээр сарын  03-ны өдөр 3,500,000 төгрөг өгсөн. Ингээд зээл дууслаа гэсэн байсан. Хариуцагч Хаан банкны 5028774885, 5027344015, 5027843127 тоот өөрийн болон охиныхоо дансаар надад мөнгө шилжүүлдэг байсан.

Хариуцагч нь хүү, зээлээ төлөөд дууссан гэхэд алданги ер төлөөгүй. Зээл төлж эхэлсэн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс дууссан 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 1,247,800 төгрөг болж байгаа тул М.Хгээс 1,247,800 төгрөгийн алданги гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Алтанчимэгээс 5,000,000 төгрөг зээлсэн. Сарын 3 хувийн хүүтэй авсан. Зээл аваад удаагүй байтал надаас мөнгөө авъя, мөнгө хэрэгтэй бана гэсэн. Би зээлийн хугацаа болоогүйг хэлэхэд надад ядаж 1,000,000 төгрөг өгөөч гэсэн. Би зээлийг хэрэглэсэн тул 500,000 төгрөг олж өгье гээд 500,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 500,000 төгрөгийг надаас нэхэхээр нь цувуулж өгсөн. Ингээд 1,000,000 төгрөг төлөгдсөн.

Үлдэх 4,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаа дуусахаар нэг мөсөн хүүгийн хамт төлье гэсэн. Гэтэл надаас байнга мөнгө хэрэгтэй байна гэж нэхдэг байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд бүх зээлээ төлөөд дуусгасан. Түүнээс өмнө 1 сая гаран төгрөг өгсөн. Би зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үндсэн зээлээс төлж байсан. Бэлэн болон бэлэн бусаар гээд мөнгө өгдөг байсан. Бэлэн мөнгөөр төлсөн 50,000 төгрөгийг тооцоогүй. Дансаар 2018.06 сард 270,000 төгрөг, 2018.07 сард 230,000 төгрөг, 2018.08 сард 390,000 төгрөг, 2018.09 сард 3,600,000 төгрөг төлсөн. Н.Аийн Хаан банкны 5094068361, 5028748051 данс руу нь өөрийн болон охиныхоо данснаас “хандаа, хандаагаас гэж” мөнгө шилжүүлдэг байсан.

Би зээлээ төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч М.Хгээс зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс үүссэн алдангид 1,247,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар сарын 3 хувийн хүүтэй буцаан төлөх нөхцөлөөр зээлсэн зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдүүлэгч Н.А нь зээлийг шилжүүлэх, зээлдэгч М.Х нь зээлийн сарын 3 хувийн хүүгийн хамт зээлийг буцаан өгөх, хэрэв хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээжээ.

 

Талууд гэрээг бичгээр үйлдэж, харилцан гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.

 

Зээлдүүлэгч Н.А нь зээлийн гэрээгээр хүлээсэн 5,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч М.Хд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хариуцагч талын маргаагүй тайлбар болон Хаан банкны 5094068361 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна.

 

Хариуцагч нь 2018.04.12-ны өдөр 500,000 төгрөг, 2018.05.23-ны өдөр 60,000 төгрөг, 2018.06.07-ны өдөр 50,000 төгрөг, 2018.06.12-ны өдөр 10,000 төгрөг, 2018.06.13-ны өдөр 30,000 төгрөг, 2018.06.26-ны өдөр 30,000 төгрөг, 2018.06.29-ний өдөр 100,000 төгрөг, 2018.06.30-ны өдөр 50,000 төгрөг, 2018.07.09-ний өдөр 100,000 төгрөг, 2018.07.13-ны өдөр 40,000 төгрөг, 2018.07.17-ны өдөр 100,000 төгрөг, 2018.07.18-ны өдөр 200,000 төгрөг, 2018.07.20-ны өдөр 50,000 төгрөг, 2018.08.07-ны өдөр 25,000 төгрөг, 2018.08.11-ний өдөр 50,000 төгрөг, 2018.08.13-ны өдөр 75,000 төгрөг, 2018.08.16-ны өдөр 50,000 төгрөг, 2018.08.26-ны өдөр 100,000 төгрөг, 2018.08.31-ний өдөр 50,000 төгрөг, 2018.09.02-ны өдөр 100,000 төгрөг, 2018.09.03-ны өдөр 3,500,000 төгрөг, 2018.09.12-ны өдөр 20,000 төгрөг, 2018.09.13-ны өдөр 40,000 төгрөг буюу нийт 5,330,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт Хаан банкны 5028748051, 5094068361, 5028774885, 5027344015 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар мөн тогтоогдож байна.

 

Талуудын тайлбараар буцаан төлөгдсөн 5,330,000 төгрөгийн 500,000 төгрөг нь 2018 оны 4 дүгээр сарын 12-нд үндсэн зээлээс хасагдсан, харин 330,000 төгрөг нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд төлөгдсөн, үлдэх 4,500,000 төгрөг нь зээл болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч зээлийг гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлэн төлсөн болох нь баримтаар нотлогдов.

 

Зээлдүүлэгч 5,000,000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлсэн атлаа 8 хоногийн дараа зээлээс 500,000 төгрөгийг буцаан шаардаж авсан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4-т нийцээгүй боловч үлдэх 4,500,000 төгрөгийн хэмжээгээр талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээний харилцааг цааш үргэлжлүүлсэн тул шүүх маргааныг зээлийн гэрээнд заасан тохиролцооны дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгч зээл, хүүг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-аар тооцож, зээлдүүлэгчид алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д тус тус нийцсэн, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч зээл, хүү шаардаагүй, харин зээлийг буцаан төлөхдөө хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардсан ба Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6-д хүүгээс анз тооцохгүй гэж зохицуулсан учир шүүх хүүгийн төлбөрийн үлдэгдэлтэй эсэх болоод хүүг хэдийд төлөх байсан талаарх талуудын маргаанд дүгнэлт хийх шаардлагагүй, харин гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш зээлийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацааны алдангийг талуудын тохирсон хувь хэмжээгээр тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн зээлийн хүүд төлсөн 330,000 төгрөг нь гэрээний хугацаан дахь тохирсон хүүгийн хэмжээнээс 79,000 төгрөг /2018.04.04-2018.04.12 хүртэл 8 хоногийн 5,000,000 төгрөгийн 3%-ийн хүү 40,000 төгрөг+2018.04.12-2018.07.04 хүртэл 2 сар 22 хоногийн 4,500,000 төгрөгийн 30%-ийн хүү 369,000 төгрөг/-өөр дутуу тул үндсэн зээлээс хасагдах дүн байхгүй гэж шүүх дүгнэв.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн дүнгийн хоног тутмын 0,5%-тай тэнцэх алдангийн хэмжээг төлбөр хийсэн хугацаатай харьцуулан хасаж, зээл төлөгдөж дууссан гэх 2018.09.03-ны өдрийг дуусталх өдрөөр тооцвол:

2018.07.04-үлдэгдэл 4,500,000 төгрөг, үүнээс 5 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.07.09-ний өдөр 100,000 төгрөг төлсөн тул алданги 112,550 /4,500,000х0,5%х5хон/ төгрөг, үүнээс 4 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.07.13-ны өдөр 40,000 төгрөг төлсөн тул алданги 88,000 /4,400,000х0,5%х4хон/ төгрөг, үүнээс 4 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.07.17-ны өдөр 100,000 төгрөг төлсөн тул алданги 87,200 /4,360,000х0,5%х4хон/ төгрөг, үүнээс 1 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.07.18-ны өдөр 200,000 төгрөг төлсөн тул алданги 21,300 /4,260,000х0,5%х1хон/ төгрөг, үүнээс 2 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.07.20-ны өдөр 50,000 төгрөг төлсөн тул алданги 40,600 /4,060,000х0,5%х2хон/ төгрөг, үүнээс 18 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.07-ны өдөр 25,000 төгрөг төлсөн тул алданги 360,900 /4,010,000х0,5%х18хон/ төгрөг, үүнээс 4 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.11-ний өдөр 50,000 төгрөг төлсөн тул алданги 79,700 /3,985,000х0,5%х4хон/ төгрөг, үүнээс 2 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.13-ны өдөр 75,000 төгрөг төлсөн тул алданги 39,350 /3,935,000х0,5%х2хон/ төгрөг, үүнээс 3 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.16-ны өдөр 50,000 төгрөг төлсөн тул алданги 57,900 /3,860,000х0,5%х3хон/ төгрөг, үүнээс 10 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.26-ны өдөр 100,000 төгрөг төлсөн тул алданги 190,500 /3,810,000х0,5%х10хон/ төгрөг, үүнээс 5 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.08.31-ний өдөр 50,000 төгрөг төлсөн тул алданги 92,750 /3,710,000х0,5%х5хон/ төгрөг,  үүнээс 2 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.09.02-ны өдөр 100,000 төгрөг төлсөн тул алданги 36,600 /3,660,000х0,5%х2хон/ төгрөг, үүнээс 1 хоногийн хугацаа хэтрүүлж 2018.09.03-ны өдөр 3,500,000 төгрөг төгрөг төлсөн тул алданги 17,800 /3,560,000х0,5%х1хон/ төгрөг буюу нийт 1,225,150 төгрөгийн алдангийн тооцоо гарч байна.

 

Нийт 1,225,150 төгрөгийн алданги бодогдсоноос зээл төлж дууссан гэж нэхэмжлэлд дурдагдсан 2018.09.03-ны өдрөөс хойш хариуцагчийн 2018.09.12-ны өдөр төлсөн 10,000 төгрөг, 2018.09.13-ны өдөр төлсөн 40,000 төгрөг буюу нийт 50,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй тул хариуцагч М.Хгээс одоо 1,175,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ат олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М.Хгээс 1,175,150 төгрөг гаргуулж Н.Ат олгож, Н.Аийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 72,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,754 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ө.УЯНГА