Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/01377

 

  

Т.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэр,

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалтай,

 

Т.Оюунтүлхүүрийн нэхэмжлэлтэй,

С.Ганцэцэгт холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 38,443,550 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

2019.07.01-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч С.Ганцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019.07.01-ний өдөр 36 сая төгрөгийг сарын 15%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан С.Ганцэцэгийн Хаан банкны данс руу өөрийн данснаас бөөнд нь шилжүүлсэн. Гэтэл С.Ганцэцэг 2019.07.30-ны өдөр бараа татах гэсэн юм ахиад 12 сая төгрөг зээлээч гэхээр нь 5 сая төгрөгийг 2019.07.30-ны өдөр, маргааш нь буюу 2019.07.31-ний өдөр 7 сая төгрөгийг нийт 12 сая төгрөгийг С.Ганцэцэгийн данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг өгөхгүй байж байгаад 2019.09.27-ны өдөр 35,590,000 төгрөгийг миний Ариг банкны дансанд хийсэн. Мөн түүнээс хойш 145,000 төгрөг, 150,000 төгрөг, 100,000 төгрөгийг цувуулж надад өгсөн, түүнээс өөр мөнгө өгөөгүй учраас үлдэгдэл мөнгөө түүнтэй байгуулсан 2 гэрээний дагуу үндсэн зээл хүүгийн хамт гаргуулж авахаар шүүхэд хандсан. Анх 2019.07.01-ний өдөр 36 сая төгрөг 15%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн, хугацаа хэтэрвэл 0.5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ахиад 2019.07.30-ны өдөр 5 сая төгрөг, дараа өдөр нь 7 сая төгрөг нийт 12 сая төгрөгийг дээрх нөхцөлтэй адил нөхцөлөөр зээлдүүлсэн, ингээд зээл төлөгдөхгүй байсаар 2019.09.27-ны өдөр 35,590,000 төгрөг төлөгдсөн байгаа, эхний 36 сая төгрөгөөс хүү 15%, алданги 0.5% гэж бодож байгаа, одоо үлдэгдэл 33,830,000 төгрөг байгаа, энэ мөнгийг 2019.10.03-ны өдөр хүртэл бодсон, түүнээс хойш ахин алданги 5,760,000 төгрөг болсныг нэмээд нийт 39,590,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Хаан банкнаас зээл авах гэж байсан учраас зээлээ чөлөөлүүлэхээр 2019.07.01-ний өдөр Т.Оюунтүлхүүр эгчээс 36 сая төгрөг авсан нь үнэн, би Хаан банкнаас 60 сая төгрөгийн зээл хүссэн, гэтэл Хаан банк 35-40 сая төгрөг гарах боломжтой гэсэн, тэгэхэд Т.Оюунтүлхүүр эгч нэмээд 60 сая төгрөг гаргаад өгөөч тэгвэл тодорхой хэмжээний хувь өгнө гэж эдийн засагчтай нь утсаар ярьж байсан. Хэсэг хугацааны дараа Хаан банк шалтгаангүйгээр надад зээл өгөхөөс татгалзсан. Би Т.Оюунтүлхүүр эгчээс 2019.07.01-ний өдөр 36 сая төгрөг, 2019.07.30-ны өдөр 5 сая төгрөгийг өдрийн зээлээр тооцож авсан. Өдрийн зээлээ сарын 10% гэхээр үндсэн мөнгөтэйгөө сарын 5,500,000 төгрөг үүнийгээ сарын хоногтоо хуваагаад өгдөг байсан, 183,400 төгрөгийг өдөр бүр төлдөг, тэгээд 2019.07.31-ний өдөр барааны мөнгө дутаад 7 сая төгрөгийг мөн 10%-ийн хүүтэй авсан, ингэж удаа дараа мөнгө зээлэхдээ хүү, алданги тооцно гэж хэлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Миний Голомт банкны виза карт Т.Оюунтүлхүүр эгчид байдаг. Зээл гарахгүй байсан учраас Т.Оюунтүлхүүр эгч миний BOXI 20-97 дугаартай машиныг барьцаалж авч яваад 18 хоног хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд манай нөхөр уурлаад Цагдаад хандсан, тэгээд машинаа батлионд айлын хашаанаас очиж авсан. Түүний дараа Т.Оюунтүлхүүр эгч сүүлд зээлийн гэрээ гээд 2 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад авсан, тэгээд нэг хувийг нь надад өг гэхэд Цагдаагаасаа ав гээд шүүрээд аваад явсан. Зээлийн гэрээ нэг ч удаа байгуулаагүй, амаар ярьж тохиролцсон. Төрийн банкнаас зээл авсан. Т.Оюунтүлхүүр эгчид 2019.09.27-ны өдөр Төрийн банкнаас 35,590,000 төгрөг, Хаан банкаар 2019.07.13-ны өдөр 400,000 төгрөг, 2019.07.30-ны өдөр 1,015,000 төгрөг, 2019.07.07-ны өдөр Голомт банкнаас 800,000 төгрөгөөр 3 удаа буюу 2,400,000 төгрөг өгсөн, мөн тэр өдрөө 600,000 төгрөг, 598,000 төгрөгийг 1 удаа, 2019.07.19-ны өдөр 335,000 төгрөг, 2019.07.20-ны өдөр 80,000 төгрөг, 2019.07.23-ны өдөр 370,000 төгрөг, 2019.07.27-ны өдөр 120,000 төгрөг, 2019.08.02-ны өдөр 145,000 төгрөг Хаан банкаар, 2019.08.03-ны өдөр 150,000 төгрөг, 2019.09.12-ны өдөр 100,000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 100,000 төгрөг, 2019.08.03-ны өдөр Голомт банкнаас 170,000 төгрөг, 2019.08.07-ний өдөр 40,000 төгрөг, 2019.08.09-ны өдөр 100,000 төгрөг, 2019.08.15-ны өдөр 140,000 төгрөг, 2019.08.16-ны өдөр 46,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг, 140,000 төгрөг, 80,000 төгрөг, 110,000 төгрөг эдгээрийн он сарыг санахгүй байна, мөн 1,470,000 төгрөгийн архи авсан, би цагаан хаалганы дэлгүүрийг ажиллуулж байгаад больчихоод бараагаа сүүлд Т.Оюунтүлхүүр эгчийн машинаар авсан юм. Тэгээд Хабитатад байдаг Миний хэрэглээ гэдэг дэлгүүрт архиа аваачиж тавьсан, тэр мөнгийг худалдагчаас нь Т.Оюунтүлхүүр эгч авсан. Эдгээр нь нийлээд нийт 41,508,000 төгрөг болж байгаа, одоо үлдэгдэл 5,508,000 төгрөг л өгнө өөр төлбөр байхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 36 сая төгрөгийн зээлийн гэрээг 2019.07.01-ний өдөр анхнаасаа байгуулаагүй, би удахгүй бизнесийн зээл аваад төлнө гэж тохироод зээлж авсан. Зээл төлөх хугацаанд Т.Оюунтүлхүүр байнга намайг дарамталдаг байсан. 2019.09.10-ны өдөр надтай уулзаад машины чинь түлхүүр хаана байна гэхээр нь машинд байгаа гэтэл нөхөр нь болох Анхбаяр миний машиныг шууд унаад явсан. Ингээд машиныг маань 18 хоног өгөхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь аргагүй эрхэнд Цагдаагийн газарт өргөдөл өгсөн, тэгээд машинаа авахад Т.Оюунтүлхүүр машин хүлээж авсан гэж гарын үсгээ зур Цагдаагаас энэ бичгийг явуулсан гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, гэтэл энэ нь сүүлдээ зээлийн гэрээ болоод гарч ирсэн. Зээл авсан гэдэг бичиг миний бичиг биш, үүнийг банкны дансны хуулгууд нотлох тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Яагаад ингэж гүтгээд байгааг ойлгохгүй байна. Энэ гэрээ 7-р сарын 01-ний өдөр болон 7-р сарын 30-ны өдөр хийгдсэн гэрээ байгаа, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Ганцэцэгээс 38,021,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421,850 төгрөг гаргуулах, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,210 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганцэцэгээс 348,058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 267,750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч С.Ганцэцэгээс 38,021,700 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421,850 төгрөг гаргуулах, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч С.Ганцэцэгээс 24,823,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14,766,160 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хариуцагч С.Ганцэцэгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,210 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганцэцэгээс 348,058 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, 267,750 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434,210 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ганцэцэгээс 282.069 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүрт олгож, 267,750 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.25-ны өдрийн 09 тоот шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 09 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэн С.Ганцэцэг би Т.Оюунтүлхүүрээс нийт 48,000,000 сая төгрөгийг 3 удаа цувуулан авсан ба энэ асуулалд ямар нэг байдлаар маргаагүй бөгөөд тухай үед эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгч хөлслөн авсан боловч өмгөөлөгч анхан шатны шүүхэд шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх, хүсэлт гаргах, нотолгоо гаргуулах, дансны хуулга гаргуулах болон миний виза картаар Т.Оюунтүлхүүр нь миний данснаас бэлнээр мөнгө авсан талаарх камерын бичлэг зэргийг гаргуулан хэрэгт хавсаргаагүй, надад ашигтай шийдвэр гаргуулах талаар ямар ч ажиллагаа хийгээгүй учир надаар их хэмжээний мөнгө төлүүлэх шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Нэгэнт өмгөөлөгч авсан учир тэр хүн хуульд заасан журмаар нотлох баримтыг цуглуулан, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлнэ гэж итгэж найдсан боловч дээрх ажиллагааг буюу өөрийн үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүйгээс болж намайг хэзээ ч төлж бархааргүй их хэмжээний өрөнд оруулж, цаашид үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулах, хооллож ундлах, хэзээ мөдгүй төрөх гэж байгаа хүүхдээ ч давхар өрөнд унагаж, цаашид хэвийн амьдрахад туйлын хүндрэлтэй, сэтгэлийн маш их шаналгаа, үргэлжийн түгшүүртэй амьдрахад хүргэж байна. Би 2 шатны шүүхэд албан ёсоор, Зээлийн гэрээг хууль ёсны дагуу байгуулаагүй, амаар ярьж тохирон мөнгө авсан ба эхний зээлсэн мөнгөө төлөх гэж банкнаас өчнөөн чирэгдэл, хүнд суртал, саад бэрхшээлийг даван байж, сар гарангийн дараа 35,590,000 төгрөгийн зээл авч төлсөн, мөн Т.Оюунтүлхүүр нь намайг нөхрийн хамт байнга дарамтлан миний виза картыг авч, Голомт банкнаас удаа дараа бэлнээр цувуулж авч нийт 45,100,000 төгрөг Т.Оюунтүлхүүрт төлсөн талаар удаа дараа хэлж ярьж байхад шүүх зөвхөн нэг талыг барьж Т.Оюунтүлхүүрт хэтэрхий ашигтай шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Одоо би Т.Оюунтүлхүүрт үлдэгдэл 2,900,000 төгрөгийг төлөх ёстой бөгөөд энэ мөнгийг ямар нэг байдлаар төлж барагдуулна. Гэтэл шүүх хүү торгуулийг багасгаж нийт 24,823,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, хааяа хүний оронд дэлгүүрт сууж сардаа 400,000-500,000 төгрөгийн цалин авдаг ба цаашид дээрх мөнгийг яаж төлж барагдуулах, үр хүүхдээ ямар журмаар хооллож, хувцаслах, амьдрах нь маш бүрхэг байна. Нийт 48,000,000 төгрөгөөс 45,100,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад дахин Т.Оюунтүлхүүрээс авсан мөнгөний тал дүнтэй тэнцүү шахуу мөнгө хүү торгуульд төлөх нь шударга ёсонд нийцэхгүй, хэтэрхий намайг хохироосон үйлдэл болж байна. Т.Оюунтүлхүүр нь надаар 2 ширхэг хоосон цаасан дээр Цагдаагийн байгууллагаас машин авах талаар бичнэ, гарын үсгээ зур гэж хэлээд дээрх 2 хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан мөртлөө дараа нь хоосон цаасыг нөхөж зээлийн гэрээ байгуулсан мэтээр зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр зээлийн гэрээ байгуулсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, намайг хохироож байгаа талаар шүүхэд байнга тайлбарлаж яриад байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж асуудлыг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Т.Оюунтүлхүүр нь хуурамч зээлийн гэрээг өөрөө бичиж, маш өндөр хүү тавьж, намайг илт доромжилж, дээрэлхэж, мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ нь татварын албанд бүртгэлгүй, татвар төлдөггүй, намайг хэтэрхий шулж мөлжсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Иймд энэ байдлуудыг харгалзан үзэж хэргийн бодит үнэнийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, миний зүгээс шаардлагатай нотлох баримтыг гарган өөрийн эрхээ хамгаалж нотлох баримтуудыг нөхөж гарган хэрэгт хавсаргах, бодит үнэнийг тогтоолгох, Т.Оюунтүлхүүрээс бэлэн мөнгөний виза картаа гаргуулж авах зэрэг үйл ажиллагаа явуулах эрхээр хангах боломжийг ханган хэргийг анхан шатны шүүхэд буцаан, намайг болон үр хүүхдүүдийн хойч ирээдүйн амьдралыг бодон хүсэлтийг минь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Оюунтүлхүүр нь С.Ганцэцэгт холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 38,443,550 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, 2019.07.01-ний өдрийн Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 38,021,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 421,850 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчаас 24,823,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол гэрээг бичгээр хийнэ.

 

Түүнчлэн анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд алданги нь анзын нэг төрөл, хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1., 232 дугаар зүйлийн 232.3.-т тус тус зохицуулжээ.

 

2.   Хэрэгт 2019.07.01-ний өдрийн Зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээнд Т.Оюунтүлхүүр нь 36,000,000 төгрөгийг сарын 1.5%-ийн хүүтэй, 2 сарын хугацаатай С.Ганцэцэгт зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хүүгийн хамт зээлийг хугацаанд нь буцаан төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон, 2019.07.30-ны өдөр гэрээнд нэмэлт сунгалт хийж, 12,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 15%-ийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, гэрээ болон гэрээний нэмэлт сунгалтад талууд гарын үсгээ зурж, хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй, гагцхүү зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлнө гэж тохиролцоогүй гэж маргажээ.

 

Гэрээний дагуу зээлдүүлэгч Т.Оюунтүлхүүр 48,000,000 төгрөгийг зээлдэгч С.Ганцэцэгийн Хаан банкинд эзэмшдэг дансанд шилжүүлсэн, зээлдэгч зээлийн төлбөрийг буцаан төлж байсан нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон байна.

 

3.   Зохигчийн хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа нотлоогүй үндэслэлээр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, зээлийн үлдэгдэл төлбөр, гэрээнд заасан хүү, алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 281 дүгээр зүйлийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.2., 232 дугаар үйлийн 232.6. дахь заалтад нийцжээ.

 

Хариуцагч нь зээлийн төлбөрт мөнгө болон эд зүйлээр нийт 41,508,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,508,000 төгрөгийг төлнө, өөр төлбөр байхгүй гэж маргасан боловч хэрэгт цугларсан баримтаар үндсэн зээлд 35,590,000 төгрөгийг, хүүд 1,410,000 төгрөгийг төлсөн нь нотлогдсон үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээл, гэрээгээр тохирсон хүү, алдангийг тооцож нийт 38,021,700 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг харгалзан зохигчийн зээлийн гэрээгээр тохирсон анзын хэмжээг багасгаж, алдангийг 0.1%-иар тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 24,823,840 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, магадлалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

4.   Хариуцагч С.Ганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон, ...Т.Оюунтүлхүүр цагдаагийн байгууллагад машин авах талаар бичнэ, гарын үсгээ зур гэж хэлээд 2 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан мөртлөө дараа нь хоосон цаасыг нөхөж зээлийн гэрээ байгуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж хохироож байна гэж шүүхэд байнга тайлбарлаж байхад шүүх зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаад гомдолтой байна... гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019.07.01-ний өдрийн Зээлийн гэрээг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбараа нотлоогүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй үндэслэлээр гэрээний үүргийг хариуцуулахаар шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч С.Ганцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч С.Ганцэцэгээс 2020.03.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.ЭРДЭНЭСУВД